A

A

A

Бүлэг: 1979
                                                            Засгийн газрын 2005 оны 101 дүгээр
                                                                        тогтоолын хавсралт
 
                        Д.ЦЭВЭГМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
 
                                                Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Д.Цэвэгмидийн нэрэмжит шагнал олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
 
            1.2. Д.Цэвэгмидийн нэрэмжит шагналыг дор дурдсан хүмүүст олгоно:
 
            1.2.1. Сурган хүмүүжүүлэх ажилд өндөр амжилт гаргаж монголын боловсролын салбарын хөгжил, өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх, гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан, мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан бага ангийн болон монгол хэл, уран зохиол, биологийн багшид;
 
            1.2.2. Багш бэлтгэх сургуулийн багш, боловсролын удирдах ажилтанд;
 
            1.2.3. Монгол Улсын бага ангийн багш болон монгол хэл, уран зохиол, биологийн багш бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд;
 
            1.3. Д.Цэвэгмидийн нэрэмжит шагнал нь түүний дүр бүхий тэмдэг, диплом, дагалдах мөнгөн шагналаас бүрдэнэ. Д.Цэвэгмидийн дүр бүхий тэмдэг, дипломын загвар, тодорхойлолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар батална.
 
                                                Хоёр. Комиссын үйл ажиллагаа
 
            2.1. Д.Цэвэгмидийн нэрэмжит шагналд нэр дэвшигдсэн хүний тодорхойлолт, материалд үнэлгээ өгөх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисс /цаашид "комисс" гэх/-ын бүрэлдэхүүнийг боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 4 жилийн хугацаагаар батална.
 
            2.2. Комиссыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн толгойлно. Комисс нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монгол Улсын Их Сургууль, Боловсролын Их Сургууль, Багшийн сургуулийн төлөөлөл бүхий долоогоос доошгүй гишүүнтэй байна.
 
            2.3. Комиссын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.
 
            2.4. Комиссын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцож хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргана.
 
            2.5. Комиссын дүгнэлт нь хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурснаар баталгаажна.
 
 
                                                Гурав. Шагналд  нэр  дэвшигдсэн  хүний
                                                тодорхойлолтыг хэлэлцэх, шагнал олгох
 
            3.1. Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Д.Цэвэгмидийн нэрэмжит шагналыг жил тутам болзол хангасан      3 хүртэл хүнд олгоно.
 
            3.2. Уг шагналд дэвшүүлэх хүний материалыг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газар жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор комисст ирүүлнэ.
 
            3.3. Комиссын дүгнэлтийг үндэслэн шагнал олгох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
 
            3.4. Д.Цэвэгмидийн нэрэмжит шагналын тэмдэг, дипломыг хийлгэх болон дагалдах мөнгөн шагнал олгохтой холбогдсон зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган зарцуулж байна.
 
            3.5. Д.Цэвэгмидийн нэрэмжит шагналын хэмжээг бусад нэрэмжит шагналын хэмжээтэй адил байлгах зарчмыг баримтална.
 
            3.6. Д.Цэвэгмидийн нэрэмжит шагнал хүртэгчдийн бүртгэл, мэдээллийн сан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдана.
 
 
 
 
 
                                                              ------оОо------