- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “НОГООН ХЭРЭМ” САНГИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2005 оны 104 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1. "Ногоон хэрэм" сан (цаашид "Сан" гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
2. Сан нь "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх болон тэдгээрт дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байна.
3. Сан нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж, сангийн орлого, зарлага нь жил бүрийн төсвийн төсөл, төлөвлөгөө болон гүйцэтгэлийн тайланд тусгагдана.
4. Сан нь тогтоосон журмаар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, түүнийг
төлөвлөх, сангийн дансны байршил
5. Сангийн хөрөнгө дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1. "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгө;
5.2. улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээний хөрөнгийн зохих хэсэг;
5.3. хандивлагч орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хандивын хөрөнгө;
5.4. байгууллага, аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;
5.5. олон нийтийн байгууллага, гадаад, дотоодын иргэдийн хандивын хөрөнгө;
5.6. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
6. Энэ дүрмийн 5.3, 5.4, 5.5-д заасан хандив, тусламж нь ямар ч хэлбэртэй байж болно. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандивласан эд материал, бусад зүйлсийг сангийн үйл ажиллагааны зориулалтаар шууд ашиглах бололцоогүй тохиолдолд тэдгээрийг үнэлэн бүртгэж, тухайн үеийн зах зээлийн үнээр холбогдох хууль тогтоомжийн дагуу борлуулан орлогыг санд төвлөрүүлнэ.
7. Тухайн жилд санд хуримтлагдах орлогын эх үүсвэр, сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ болон хөрөнгийн зарцуулалтын хуваарийг Байгаль орчны сайд батална.
8. Санд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж үзүүлэх ажлыг Байгаль орчны яам, түүний удирдлага, Сангийн удирдах зөвлөл төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
9. Сангийн хөрөнгийг төрийн сангийн тусгай дансанд байршуулах бөгөөд гүйцэтгэлийг төсвийн хууль тогтоомжийн дагуу тайлагнана.
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулах зориулалт
10. Сангийн хөрөнгийг дор дурдсан зориулалтаар зарцуулна:
10.1. "Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ойн санг нэмэгдүүлэх, ойг нөхөн сэргээх, хамгаалах, цөлжилт, элсний нүүдэлтэй тэмцэх;
10.2. говь, хээрийн бүсэд тарих мод, модлог ургамлын үр, тарьц, суулгац ургуулах зориулалт бүхий мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, шинээр байгуулах;
10.3. мод, модлог ургамлын үр, суулгац худалдан авах;
10.4. хөтөлбөрийн хүрээнд байгуулах ногоон байгууламжийн зураг төсөв хийх, хөрс, ус, ургамлын суурин болон явуулын судалгаа хийх;
10.5. хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хийх болон худалдан авах;
10.6. таримал ойг хамгаалах хамгаалалтын хашаа барих, худаг гаргах, таримал ойд усалгаа, арчилгаа хийх;
10.7. мэргэжилтэн, мэргэшлийн ажилчинг гадаад, дотоодод туршлага судлуулах, олон нийтийн дунд сургалт, сурталчилгаа явуулах, гарын авлага бэлтгэх, хэвлэх, семинар, зөвлөлгөөн зохион байгуулах;
10.8. гадаад орон, олон улсын байгууллагаас өгсөн хандив, тусламжийг гэрээ, хэлэлцээрт тусгагдсан төсөл, арга хэмжээнд нь зарцуулна.
11. Санд зохих журмын дагуу хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг Сангийн удирдах зөвлөл эрхэлнэ.
12. Сангийн удирдах зөвлөл 7-9 гишүүнтэй байх бөгөөд Сангийн яамнаас төлөөлөл оролцсон байна. Сангийн удирдах зөвлөлийг Байгаль орчны сайд батлах бөгөөд удирдах зөвлөлийн дарга нь Байгаль орчны дэд сайд байна.
13. Сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд 1-ээс доошгүй хуралдана. Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
14. Сангийн удирдах зөвлөл асуудлыг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Сангийн удирдах зөвлөлийн тогтоолд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Сангийн удирдах зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлж, зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурна.
15. Сангийн удирдах зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхтэй байна:
15.1. "Ногоон хэрэм" сангийн төсөв, санхүүгийн төлөвлөгөөг төлөвлөх, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
15.2. "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөр болон сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийг өсгөх талаар гаргасан санал, санаачилгыг дэмжих;
15.3. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер зарлах, сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах арга хэмжээ авах;
15.4. Сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний биелэлтэд хяналт тавих, энэ талаар Байгаль орчны сайдад танилцуулах;
15.5. Сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн жил, улирлын тайланг хэлэлцэж холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнах.
16. Санд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив, тусламжаар өгсөн болон сангийн хөрөнгөөр бүрдүүлсэн өмч хөрөнгийг сангийн удирдах Зөвлөл зориулалтын дагуу зарцуулах, хамгаалах үүрэг хүлээнэ.
17. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан орон тооны ажилтантай байж болно.
18. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын хандив, тусламжаар бий болсон сангийн хөрөнгөөр худалдан авах бараа, үйлчилгээг нийтэд ил тод байдлаар холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулна.
19. Сангийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг удирдлага болгоно.
20. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан журмын дагуу олгоно.
21. Сангийн хөрөнгийн бүрдэлт, зарцуулалтын бүртгэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан заавар, журмаар хийгдэнэ.
22. Сангийн зарцуулалтын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаргаж Байгаль орчны сайдад хүргүүлж, Сангийн яаманд тайлагнана.
23. Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын дүгнэлт гаргуулсан байна.
24. Сан нь төсвийн хөрөнгөөс гадна бусад эх үүсвэрээс бүрдэж байгаа бол жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж нийтэд мэдээлнэ.
Тав. Хариуцлага
25. Сангийн хөрөнгийг бусдад хандивлах, барьцаалах, зээлээр ашиглуулах буюу дүрэмд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
26. Сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, энэ журмыг зөрчсөн буруутай албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
-------оОо------
Текст томруулах
A
A
A