A

A

A

Бүлэг: 1979
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
   Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалахад энэ журмыг баримтална.
  Хоёр.Гадаадад зорчих баримт бичиг
2.Монгол Улсын иргэн хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаар гадаадад зорчино..
З.Үндэсний гадаад паспорт нь төрийн өмч байна..
4.Үндэсний гадаад паспорт нь дипломат, албан, энгийн гэсэн төрөлтэй байна..   
5.Үндэсний гадаад паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байна. Шаардлагатай тохиолдолд үндэсний гадаад паспортын хүчинтэй байх хугацааг сунгаж болно..   
6.Гадаадад зорчиж яваа Монгол Улсын иргэнд үндэсний гадаад паспорт нөхөн олгох үндэслэлгүй бол түүнд Монгол Улсад буцах үнэмлэх олгоно.. 
7.Насанд хүрээгүй хүүхэд гадаадад зорчиход нь үндэсний гадаад паспорт тусгайлан олгоогүй бол түүнд эцгийн (эхийн) буюу асран хамгаалагчийн үндэсний гадаад паспортад хавсаргах үнэмлэх олгоно..            8.Үндэсний гадаад паспорт болон Монгол Улсад буцах үнэмлэх, хүүхдэд олгох үнэмлэхийн загварыг Гадаад харилцааны сайд батална..      
9.Гадаадад зорчих баримт бичгийн талаар Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан байвал түүнийг баримтална..
  Гурав.Үндэсний гадаад паспорт олгох байгууллага            
10.Гадаад харилцааны яам дипломат, албан паспорт олгох, тэдгээрийн хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.
11.Дипломат паспортад гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.   
12.Албан паспорт болон түүнд хавсаргах хүүхдийн үнэмлэхэд Гадаад харилцааны яамны Тамгын хэлтсийн дарга буюу тус хэлтсийн виз, паспортын тасгийн дарга гарын үсэг зурна.   
13.Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв энгийн гадаад паспорт болон түүнд хавсаргах хүүхдийн үнэмлэх олгох, хугацааг нь сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх, ерөнхий хяналт тавих ажлыг эрхэлнэ. Эдгээр баримт бичигт нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, хэлтсийн дарга; аймагт иргэний бүртгэл, мэдээллийн албаны дарга, түүний эзгүйд тухайн аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, хууль зүйн хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сум, нийслэлийн Багахангай, Налайх, Багануур дүүрэгт сум, дүүргийн засаг дарга, тамгын газрын дарга; хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар нэвтрэх үнэмлэхэд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газартай байгуулсан холбогдох хэлэлцээрт заагдсан хил орчмын сумдын засаг дарга нар тус тус гарын үсэг зурна /Энэ заалтын 2 дахь өгүүлбэрийг Засгийн газрын 2005 оны 130 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/.
14.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх, хүүхдийн үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй. Эдгээр баримт бичигт дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн гарын үсэг зурна.
  Дөрөв.Үндэсний гадаад паспорт эзэмших       
15.Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ:                
а/Улсын Их Хурлын 1995 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад заасан албан тушаалтан;
б/Улсын Их Хурлын 1995 оны 42 дугаар тогтоолын хавсралтад заасан удирдах албан тушаалын  АА-1 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
в/Засгийн газрын 1995 оны 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан төрийн захиргааны албан тушаалын ТЗ-13, ТЗ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
г/энэ зүйлийн "в"-д зааснаас гадна Засгийн газрын 1995 оны 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад  заасан  төрийн   захиргааны албан тушаалын ТЗ-11, ТЗ-10, ТЗ-9, ТЗ-8, ТЗ-7, ТЗ-6 зэрэглэлд хамаарах Гадаад харилцааны яамны албан тушаалтан, дипломат элч;
д/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс төрийн хамгаалалтад байх хугацаандаа;
е/Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын дипломат ажилтан, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад дипломат албан тушаалд ажиллах иргэн;
ж/аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;
з/Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин цолтой хүмүүс;
и/төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан;
к/Улсын Их Хуралд суудалтай намын дарга нар;
л/Сонгуулийн ерөнхий хорооны дарга;
м/энэ зүйлийн "а", "д", "е"-д заасан албан тушаалтан албан ажлаар гадаадад зорчиход нь хамт явах түүний эхнэр буюу нөхөр, насанд хүрээгүй хүүхэд (Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний түүнтэй хамт амьдарч буй нөхөрт гараагүй охин);          
     16.Албан паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ:    
     а/Засгийн газрын 1995 оны 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан төрийн захиргааны албан тушаалын ТЗ-11-ээс ТЗ-1 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
     б/Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын мэргэжилтэн, үйлчилгээ, техникийн ажилтан, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад үйлчилгээ, техникийн албан тушаалд ажиллах иргэн, тэдний гэр бүлийн гишүүд (эхнэр буюу нөхөр, насанд хүрээгүй хүүхэд);
                       в/Улсын Их Хуралд суудалтай намын удирдах зөвлөлийн гишүүд.
17.Энэ журмын 15, 16 дугаар зүйлд зааснаас бусад Монгол Улсын иргэн гадаадад зорчихдоо энгийн гадаад паспорт эзэмшинэ.
18.Гадаадад төрийн албаны шугамаар тусгай томилолтоор явж ажил үүрэг гүйцэтгэх Монгол Улсын иргэнд төр, засгийн төв болон орон нутгийн байгууллагын шийдвэрийг үндэслэн Гадаад харилцааны яам албан паспорт олгож болно.
Үндэсний гадаад паспорт эзэмшихэд төрөл, тоонд хязгаар тогтоохгүй.
 
Тав.Үндэсний гадаад паспорт олгох үндэслэл      
19.Дипломат буюу албан паспортыг тухайн иргэнийг гадаадад ажил үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон төр, засгийн төв болон орон нутгийн байгууллагын шийдвэрийг үндэслэн олгоно.  
20.Дипломат болон албан паспорт шинээр авахад дор дурдсан материал бүрдүүлнэ:               
-Төр, засгийн төв байгууллагын шийдвэр;  
-Иргэний үнэмлэх;       
-Ажлын газрын үнэмлэх;
-Хоёр хувь (4х6) зураг;
-Паспортын хураамж төлсөн баримт;
-Паспорт захиалах хуудас.
            21.Энгийн гадаад паспорт авахад дор дурдсан материал бүрдүүлнэ:   
-Паспорт авах тухай Монгол Улсын иргэний гаргасан хүсэлт;
-Иргэний үнэмлэх;    
-Хоёр хувь (4х6) зураг;
-Паспортын хураамж төлсөн баримт;
-Паспорт захиалах хуудас.
22.Үндэсний гадаад паспортад хавсаргах хүүхдийн үнэмлэхийг төрсний гэрчилгээ, эцгийн (эхийн) өргөдлийг үндэслэн олгох бөгөөд хүүхдийн нэг хувь зураг, эцгийн (эхийн) буюу асран хамгаалагчийн үндэсний гадаад паспорт, хураамж төлсөн баримтыг бүрдүүлнэ.
23.Дипломат төлөөлөгчийн болон консулын газар гадаадад зорчиж яваад паспортаа үрэгдүүлсэн Монгол Улсын иргэнд тухайн улсын цагдаагийн байгууллагын тодорхойлолт, өөрийн нь гаргасан хүсэлтийг үндэслэн үндэсний гадаад паспорт болон буцах үнэмлэх, хүүхдийн үнэмлэхийн аль шаардлагатайг олгоно.
  Зургаа.Үндэсний гадаад паспортыг хадгалах
24.Энэхүү журмын 15, 16 дугаар зүйлд заасан албан тушаалтанд олгосон дипломат болон албан паспортыг шийдвэр гаргасан байгууллагын Тамгын газар  буюу хэлтэс хадгална.
Дипломат болон албан паспорт эзэмшигч албан тушаалтан гадаадад явахдаа паспортаа өөрийн байгууллагын Тамгын газар буюу хэлтсээс авч гадаадаас буцаж ирмэгц эгүүлэн өгнө.
Дипломат буюу албан паспорт эзэмшиж буй албан тушаалтан ажлаасаа халагдах, эсхүл чөлөөлөгдөхөд тухайн байгууллагын Тамгын газар буюу хэлтэс паспортыг нь Гадаад харилцааны яаманд шилжүүлнэ.
Монгол Улсаас Гадаад  улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар тухайн улс буюу консулын тойрогт удаан хугацаагаар оршин суугаа иргэдийн дипломат болон албан паспортыг хадгална.
25.Гадаад харилцааны яам дипломат болон албан паспорт олгож, хадгалж буй байдалд хяналт тавина.
Хүчингүй болсон дипломат болон албан паспортыг бүртгэлээс хасч устгах, эсхүл эзэмшигчид нь дурсгал болгон хадгалуулах асуудлыг Гадаад харилцааны яам шийдвэрлэнэ.
26.Энгийн гадаад паспортыг эзэмшигч өөрөө хадгална.
27.Үндэсний гадаад паспортыг гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
28.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар гадаадад зорчиж яваа Монгол Улсын иргэний үрэгдүүлсэн, гэмтээсэн болон түүний оронд шинээр олгосон үндэсний гадаад паспорт, тэдгээрийн хугацааг сунгасан тухай мэдээ болон холбогдох материалыг тухай бүр Гадаад харилцааны яам, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд ирүүлж байна.
29.Хүчин төгөлдөр бус, эсхүл зөрчилтэй үндэсний гадаад паспортыг Хилийн цэргийг удирдах газар хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч Гадаад харилцааны яам, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд шилжүүлнэ.      
 
   Долоо.Харьяалалгүй хүний гадаадад зорчих үнэмлэх
30.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа харьяалалгүй хүнийг гадаадад зорчиход түүнд зорчих үнэмлэх олгоно.
31.Харьяалалгүй хүнд олгох зорчих үнэмлэхийн загварыг Хууль зүйн сайд батална.
32.Харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох,  нэгдсэн  бүртгэл хөтлөх, хяналт тавих ажлыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв хариуцна.
33.Харьяалалгүй  хүний зорчих үнэмлэх болон түүнд хавсаргах хүүхдийн үнэмлэхэд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, хэлтсийн дарга гарын үсэг зурна.     
      Найм.Бусад асуудал                                            
34.Монгол Улсын иргэн дипломат, албан, энгийн паспортаар гадаадад албан хэргээр зорчиход паспорт, визийн хураамжийг илгээгч байгууллага нь хариуцна. Бусад тохиолдолд паспорт болон түүнд холбогдох хавсралт баримт виз авахад шаардагдах зардлыг иргэн өөрөө хариуцна.
35.Дипломат, албан, энгийн паспортаар гадаадад зорчих хүнд очих улсын болон дамжин өнгөрөх улсын виз авах асуудлыг захиалгын дагуу Гадаад харилцааны яам болон түүний системийн байгууллага тогтоосон хугацаанд нь шуурхай шийдвэрлэж өгөх үүрэгтэй.
З6.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газраас урьдчилан төлбөр хийж ирүүлсэн захиалгын дагуу Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв энгийн гадаад паспортаар хангалт хийж,  түүний зарцуулалтад хяналт тавина.
37.Гадаад харилцааны яам, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв үндэсний гадаад паспортад гарын үсэг зурах албан тушаалтны гарын үсгийн загвар болон түүнийг хүчингүй болгосон тухайгаа Хилийн цэргийг удирдах газарт урьдчилан өгч байна.
38.Монгол Улсад зорчиж яваад паспортаа үрэгдүүлсэн гадаадын иргэнд цагдаагийн байгууллагын тодорхойлолт, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Гадаад  харилцааны яамнаас түүнд Монгол Улсын хилийг нэвтрэн гарах үнэмлэх олгоно.
Нэвтрэн гарах үнэмлэхийн загварыг Гадаад харилцааны сайд батална.        
 
------оОо-----