- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ СОЁЛ, УРЛАГИЙН ИХ НААДАМ, УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭН, НОМЫН ЯАРМАГТ ОРОЛЦОЖ ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН СОЁЛЫН АЖИЛТАН, УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2005 оны 165 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ СОЁЛ, УРЛАГИЙН ИХ НААДАМ, УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭН, НОМЫН ЯАРМАГТ ОРОЛЦОЖ ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН СОЁЛЫН АЖИЛТАН, УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь соёл, урлагийн бүтээл, соёлын ажилтан, уран бүтээлчдийн оюуны болон ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж, соёл, урлагийн салбарт өндөр амжилт гаргах идэвхи сонирхлыг өрнүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд өөрийн орны урлагийн нэр хүнд, байр суурийг дээшлүүлэх, соёлын ажилтан, уран бүтээлчдийн нийгмийн баталгааг сайжруулахад оршино.
1.2 Олон улсын хэмжээнд болдог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг /цаашид их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг гэх/-т тэргүүн байр /гран при/, нэгдүгээр байр /алтан медаль/, хоёрдугаар байр /мөнгөн медаль/, гуравдугаар байр /хүрэл медаль/-нд шалгарсан уран бүтээлчдийг шагнахад энэхүү журмыг баримтална.
Хоёр. Шагнал олгох зарчим
2.1. Их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохдоо их наадам, уралдаан, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагийн албан ёсны урилга, тэмдэглэл, байр эзэлсэн тухай батламж (цом, гэрчилгээ, медаль, диплом, үнэмлэх), мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн шагнал олгох шийдвэрийг Засгийн газар гаргана.
Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.2. Их наадам, уралдаан, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт үзүүлсэн соёлын ажилтан, уран бүтээлчид холбогдох материал болон байр эзэлсэн тухай батламж /цом, гэрчилгээ, медаль, диплом, үнэмлэх/-ийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад их наадам, уралдаан, тэмцээн дууссанаас хойш 90 хоногийн дотор ирүүлнэ.
2.3. Их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан өсвөрийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохдоо амжилт үзүүлсэн тухайн төрлийн "Б" ангиллын мөнгөн шагналыг 35 хувиар тооцож олгоно.
2.4. Их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт 2-4 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон тохиолдолд гишүүн тус бүрт энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналын 25 хувьтай тэнцэх мөнгөн шагнал, 5 болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцсон тохиолдолд 2 дугаар хавсралтын дагуу мөнгөн шагналыг олгоно.
2.5. Уран бүтээлч жилд нэг уран бүтээлээр хэд хэдэн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож амжилт гаргасан тохиолдолд уран бүтээлчийн үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар мөнгөн шагналыг нэг удаа олгоно.
2.6. Мөнгөн шагналд зориулах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгуулан, Соёл, урлагийн сангаар дамжуулан санхүүжүүлнэ.
2.7. Мөнгөн шагнал олгоход зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
---------о0о--------
Текст томруулах
A
A
A