A

A

A

Бүлэг: 1979
                                                        Засгийн газрын 2005 оны 215 дугаар
                             тогтоолын хавсралт
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Нисэхийн аюулгүй байдлын дүрэм, журмыг хэрэгжүүлэх замаар иргэний нисэхийн үйл ажиллагааг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр (цаашид Хөтөлбөр гэнэ)-ийн зорилго оршино.
 
1.2. Хөтөлбөр нь дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгч, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нисэх буудлын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
 
1.3. Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зорилго нь зорчигч, агаарын хөлгийн багийн гишүүн, газрын үйлчилгээ болон хилийн хяналтын байгууллагын ажилтнууд, иргэд, түүнчлэн агаарын хөлөг, нисэх буудлын байгууламж, тоног төхөөрөмжийг газарт болон агаарт тохиолдож болох хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад оршино.
 
1.4. Энэ хөтөлбөрт хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
 
1.4.1. "хөндлөнгийн хууль бус үйлдэл" гэж иргэний нисэхийн болон агаарын тээврийн аюулгүй байдалд нөлөөлөх дараахь үйлдэл, эсхүл оролдлогыг:
 
-нислэг үйлдэж буй болон газарт байгаа агаарын хөлгийг булаан эзлэх;
 
-агаарын хөлөг болон нисэх буудалд хүн барьцаалах;
агаарын хөлөг, нисэх буудлын хамгаалагдсан бүс болон агаарын навигацийн тоног төхөөрөмжид зөвшөөрөлгүйгээр хүч түрэмгийлэн нэвтрэх;
 
-гэмт хэрэг үйлдэх зорилгоор агаарын хөлөг, нисэх буудалд зэвсэг, аюултай бодис болон эд зүйлсийг нэвтрүүлэх;
 
-нислэг үйлдэж буй болон газарт байгаа агаарын хөлөг, зорчигч, агаарын хөлгийн нисэх багийн гишүүд, нисэх буудлын газрын үйлчилгээний ажилтан, иргэдийн аюулгүй байдал, иргэний нисэхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээ, мэдээллийг тараах.
 
                                    1.4.2. "аюулгүй байдлын үзлэг" гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйл, аюултай ачааг илрүүлэх зорилгоор хүний бие, гар тээш, тээш, ачаанд хийх үзлэгийг;
                       
                        1.4.3. "агаарын хөлгийн аюулгүй байдлын үзлэг" гэж зэвсэг, тэсрэх бодис болон агаараар тээвэрлэхэд аюултай бусад зүйлийг илрүүлэх зорилгоор нислэгийн өмнө агаарын хөлөгт хийх үзлэгийг;
 
                    1.4.4. "хилийн бүс" гэж агаарын харилцааны олон улсын боомтод хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулах зорилгоор тусгай журам тогтоосон нисэх буудлын барилга байгууламжийн хэсгийг;
 
                   1.4.5. "хамгаалагдсан бүс" гэж тухайн нисэх  буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт хамгаалагдсан бүс гэж тодорхойлсон нисэх буудал, аэродромын хэсгийг;
 
                  1.4.6. "нийтийн эзэмшлийн бүс" гэж ямар нэг зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй орж гарч болох нисэх буудлын барилга байгууламж, түүний орчны хэсгийг;
 
                  1.4.7. "үзлэгийн дараахь бүс" гэж аюулгүй байдлын үзлэгт орсон зорчигчдыг агаарын хөлөгт суулгахаас өмнө хүлээлгэх зориулалт бүхий нисэх буудлын хэсгийг;
 
                  1.4.8. "тусгай арга хэмжээ" гэж иргэний нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагааны стандартад тусгагдаагүй, нисэхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, эрх бүхий байгууллагуудын оролцоотой хэрэгжүүлэх арга хэмжээ, ажиллагааг;
 
                  1.4.9. "агаарын хөлгийн зогсоол" гэж агаарын хөлгийг байрлуулахад зориулагдсан перроны хэсэг, талбайг;
 
                  1.4.10. "ачаа" гэж агаарын хөлгөөр тээвэрлэж байгаа тээш, шуудангаас  бусад  эд зүйлсийг;
 
                  1.4.11. "тээш" гэж агаарын хөлгийн зорчигчийн хувийн эд зүйлсийг;
 
                  1.4.12. "бүртгэгдсэн тээш" гэж агаарын хөлгийн зорчигчийн агаарын тээвэрлэгчийн хариуцлагад хүлээлгэн өгч тээшний тасалбар буюу зүүлт олгосон эд зүйлсийг;
 
                  1.4.13. "гар тээш" гэж зорчигч өөрөө хариуцан биедээ авч явахыг зөвшөөрсөн эд зүйлсийг;
 
                  1.4.14. "эзэнгүй тээш" гэж тээшний зүүлттэй буюу зүүлтгүй, эзэн нь тогтоогдоогүй тээшийг;
 
                  1.4.15. "дамжин өнгөрөх зорчигч" гэж тухайн аяллын завсрын нисэх буудалд ирсэн агаарын хөлгөөрөө нислэгээ цааш үргэлжлүүлж байгаа зорчигчийг;
 
                  1.4.16. "шилжин суух зорчигч" гэж тээвэрлэлтийн гэрээний дагуу нислэгээ үргэлжлүүлэхийн тулд нэг агаарын хөлгөөс нөгөө агаарын хөлөгт шилжин сууж байгаа зорчигчийг;
 
                  1.4.17. "метал илрүүлэгч" гэж хүний биедээ авч яваа металл эдлэлийг илрүүлэхэд ашиглах төхөөрөмжийг;
 
                  1.4.18. "сэжигтэй зүйл" гэж агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон, эсхүл хязгаарласан биет зүйл болон бодис агуулсан байж болох магадлал ихтэй гэж тодорхойлсон зүйлийг.
 
     1.5. Энэ хөтөлбөрт хамаарах Монгол Улсын олон улсын гэрээ, конвенц:
 
            -"Олон улсын иргэний нисэхийн тухай" 1944 оны Чикагогийн конвенц;
 
            -"Агаарын хөлөгт гарсан гэмт халдлага болон зарим онцгой  хэргийн тухай" 1963 оны Токиогийн конвенц;
 
            -"Агаарын хөлгийг хууль бусаар булаан авахтай тэмцэх тухай" 1970 оны Гаагийн конвенц;
 
            -"Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдэл гаргуулахгүй байх тухай" 1971 оны Монреалийн конвенц;
 
            -"Хуванцар тэсрэх бодис илрүүлэх зорилгоор тэмдэглэл хийх тухай" 1999 оны Монреалийн конвенц;
           
            -"Олон улсын иргэний нисэхэд үйлчилж буй нисэх буудалд хүчирхийллийн хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай" 1999 оны Монреалийн протокол.
 
Энэ хөтөлбөрт хамаарах үндэсний эрх зүйн баримт бичиг:
 
-    Монгол Улсын Үндсэн хууль;
-    Иргэний нисэхийн тухай хууль;
-    Галт зэвсгийн тухай хууль;
-    Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль;
-    Захиргааны хариуцлагын тухай хууль;
-    Терроризмтэй тэмцэх тухай хууль;
-    Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль;
-    Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль;
-    Хилийн тухай хууль;
-    Эрүүгийн хууль;
-    Иргэний нисэхийн багц дүрэм (цаашид ИНД гэх), тэдгээрийн зөвлөмжийн цувралууд;
-    бусад.
         
Хоёр. Иргэний  нисэхийн  аюулгүй  байдлын
      талаар иргэний нисэхийн болон бусад
     байгууллагын хүлээх үүрэг
 
                  2.1. Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, түүнийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулна. Зөвлөл нь дараахь бүрэн эрхтэй:
 
                                    2.1.1. агаарын хөлгийг булаан авах, авч зугтаах болон иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдсон хөндлөнгийн аливаа хууль бус үйлдлийн үед бий болсон онцгой нөхцөл байдлыг зохицуулах, шийдвэр гаргах;
 
                                    2.1.2. барьцаалах замаар агаарын хөлгийг булаан авах, авч зугтаах тохиолдолд нисэх буудлын аюулгүй байдлын хорооны үйл ажиллагааг удирдах;
 
                                    2.1.3. иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газарт зөвлөлгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
 
                                    2.1.4. иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
 
                                    2.1.5. иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах тогтолцооны үзэл баримтлалыг боловсруулах;
 
                                    2.1.6. иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;
 
                                    2.1.7. иргэний нисэхийн үйл ажиллагаанд гарч болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгахад иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгжийн хүч, хэрэгслийг татан оролцуулах, иргэний нисэхийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны уялдааг хангах;
 
                                    2.1.8. иргэний нисэхийн эсрэг заналхийллийн түвшинг жил бүр тогтоож, энэхүү заналхийллийн түвшинд нийцсэн нисэхийн аюулгүй байдлын арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих.
 
                                    2.1.9. үйл ажиллагааны тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах.
 
                  2.2. Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид Ерөнхий газар гэх) нь үйл ажиллагаагаа Иргэний нисэхийн тухай хуулийн 8.2-т заасны дагуу иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлнэ. Ерөнхий газар нь дараахь үүрэгтэй:
 
                                    2.2.1. иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, оролцогч байгууллагуудын үүргийг хуваарилан уялдуулан зохицуулах;
 
                                    2.2.2. нисэх буудлын хамгаалагдсан бүсэд нэвтрэх журмыг баталж хэрэгжилтэд хяналт тавих;
 
                                    2.2.3. нисэх буудал, агаарын тээвэрлэгч, ачаа, шуудан тээвэр, нислэгийн хоол хүнс бэлтгэх байгууллагуудын аюулгүй байдлын хөтөлбөр, түүнд оруулсан өөрчлөлтийг хянаж баталгаажуулах;
 
                                    2.2.4. гадаад улсаас Монгол Улсад нислэг үйлдэж байгаа агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр, түүнд оруулсан өөрчлөлтийг хянаж, хүлээн зөвшөөрөх;
 
                                    2.2.5. иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт, дүрэм, журмыг боловсруулах, дагаж мөрдүүлэх;
 
                                    2.2.6. иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллагад гэрчилгээ олгох;
 
                    2.2.7. иргэний нисэхийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, аюулгүй байдлын сургалт явуулах байгууллагад гэрчилгээ олгох;
 
                                    2.2.8. нисэх буудлын хилийн бүсэд нэвтрэх журмыг хил хамгаалах байгууллагатай хамтран тогтоох;
 
                                    2.2.9. хөндлөнгийн хууль бус үйлдлийн дараа авсан арга хэмжээ болон үйл ажиллагаанд үнэлэлт өгч, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх.
 
            2.3. Нисэх буудал нь агаарын тээврээр зорчигчдын аюулгүй байдлыг хангасан орчинг бүрдүүлнэ. Нисэх буудал нь дараахь үүрэгтэй:
 
                    2.3.1. нисэх буудлын удирдлага нь нисэх буудлыг хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, ИНД-139-д заасан стандарт, шаардлагын дагуу авч хэрэгжүүлэх;
 
                                        2.3.2. Хөтөлбөр болон хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан стандарт, дүрэм, журам, заавар болон тухайн нисэх буудлын үйл ажиллагааны онцлогт нийцсэн нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
 
                                    2.3.3. өргөтгөлийн ажил хийх, тоног төхөөрөмж шинээр байрлуулах, суурилуулах ажлыг аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр зөвхөн Ерөнхий газрын шийдвэрээр гүйцэтгэх;
 
                                        2.3.4. хөндлөнгийн хууль бус үйлдлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний зааварчилгааг багтаасан онцгой байдлын үед ажиллах журам боловсруулан хэрэгжүүлэх. Онцгой байдлын үед ажиллах журамд дараахь үйл ажиллагааны зааварчилгааг тусгана:
 
а/ агаарын хөлгийг булаах, авч зугтаах, хүн барьцаалах, нисэх буудалд болон нисэх буудлын бүсэд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар заналхийлэх;
 
б/ нисэх буудалд болон түүний орчимд эмх замбараагүй байдал үүсэх;
 
в/ агаарын хөлгөөс зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх, агаарын хөлөгт үзлэг хийх;
 
г/ нисэхийн аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед болон заналхийллийн түвшин өндөртэй нислэгт аюулгүй байдлын тусгай арга хэмжээ авах.
 
2.4. Олон улсын нисэх буудал нь дараахь үүрэгтэй:
 
                                    2.4.1. нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан аюулгүй байдлын албан тушаалтныг томилох;
 
                                    2.4.2. нисэх буудлын аюулгүй байдлын хороо байгуулах.
 
2.5. Агаарын тээвэрлэгч нь өөрийн үйл ажиллагааг нисэхийн аюулгүй байдлыг хангасан нөхцөлд явуулна. Агаарын тээвэрлэгч нь дараахь үүрэгтэй:
 
2.5.1. зорчигч, агаарын хөлөг болон тээш, ачаа, шуудан хадгалах талбайн аюулгүй байдлыг хангах, эсхүл энэхүү үүргийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
 
2.5.2. энэхүү хөтөлбөрийн шаардлагад нийцсэн, хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах зааварчилгааг багтаасан аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
2.5.3. агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөрт хөтөлбөрийн зорилго, хэрэгжилтийг хариуцах албан тушаалтан, нэгж, тэдгээрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дараахь арга хэмжээг тусгана:
 
а/ нислэгийн өмнө агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийх;
 
б/ зорчигч болон түүний гар тээш, тээш, ачаанд аюулгүй байдлын үзлэг хийх;
 
в/ нислэгийн үед агаарын хөлгийн нисэгчийн бүхээгт зөвшөөрөлгүй этгээд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх;
 
г/ дамжин өнгөрөх нисэх буудалд агаарын хөлгөөс зорчигчдыг буулгасны дараа агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийх;
 
д/ зөвхөн тухайн агаарын хөлгөөр зорчих зорчигчийн бүртгүүлсэн тээшийг тээвэрлэх;
 
е/ бүртгэгдсэн тээш, ачаа, шуудан болон нислэгийн хоол хүнс, агаарын хөлгийн хангамжийн эд зүйлийн аюулгүй байдлыг хангах;
 
ж/ хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа этгээдийг тээвэрлэх;
 
з/ агаарын хөлөгт зэвсэг тээвэрлэх;
 
и/ зогсоолд байгаа агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтад авах, нэвтрэх.
 
2.6. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллага нь ИНД-140-ийн дагуу гэрчилгээ авсан байна. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллага нь дараахь үүрэгтэй:
 
2.6.1. ажилтнуудаа иргэний нисэхийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр, стандартын дагуу сургаж, дадлагажуулах;
 
                                        2.6.2. аюулгүй байдлын үзлэгийг зөвхөн эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлэх;
 
                                        2.6.3. нисэхийн аюулгүй байдлын дүрэм, журамд нийцсэн үйлчилгээ үзүүлэх.
 
2.7. Цагдаагийн байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэний нисэхийн байгууллагатай хамтран зохион байгуулна. Цагдаагийн байгууллага нь дараахь үүрэгтэй:
 
2.7.1. иргэний нисэхийн байгууламжид гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах;
 
2.7.2. хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, агаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, тэсрэх бодис хэрэглэхээр сүрдүүлэх, нисэх буудал болон түүний байгууламжид халдах, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед авах арга хэмжээ, ажиллагааг нисэх буудлын онцгой байдлын үед ажиллах журамд тусган хэрэгжүүлэх;
 
2.7.3. цагдаагийн алба хаагчдыг нисэхийн аюулгүй байдлын сургалтад хамруулах.
 
                        2.8. Нислэгийн хоол хүнс бэлтгэх байгууллага нь хоол хүнс болон агаарын хөлгийн хангалтад хэрэглэх эд зүйлд зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис болон бусад аюултай зүйлийг нуун нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар аюулгүй байдлын хөтөлбөртөө тусган хэрэгжүүлнэ.
 
            2.9. Хил хамгаалах болон хилийн хяналтын байгууллага, нисэх буудалд түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага нь ажилтнаа нисэхийн аюулгүй байдлын холбогдох сургалтад хамруулах, хамгаалагдсан болон үзлэгийн дараахь бүсэд нэвтрэх журмыг биелүүлэх үүрэгтэй.
 
            2.10. Хил хамгаалах болон хилийн хяналтын байгууллага, нисэх буудалд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нисэхийн аюулгүй байдлыг хангах хариуцлага хүлээсэн байгууллагын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.
 
Гурав. Нисэхийн аюулгүй байдлын үйл
         ажиллагааны зохицуулалт
 
3.1. Монгол Улсын болон гадаад улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрт иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах талаар холбогдох заалтыг тусгасан байна.
 
3.2. Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Зөвлөлийн дарга нь зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилно.
 
3.3. Зөвлөл нь иргэний нисэхийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын талаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэнэ.
 
3.4. Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан зөвлөлийн шийдвэрийг төв, орон нутгийн төрийн захиргааны бүх шатны болон аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ.
 
3.5. Хэвлэл, мэдээллийн байгууллага нь хөндлөнгийн хууль бус үйлдэлтэй холбоотой болон нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аливаа мэдээллийг Ерөнхий газраас томилогдсон төлөөлөгчөөр дамжуулан авна.
 
3.6. Энэхүү хөтөлбөрийг аль нэг улсын хүсэлтийн дагуу тухайн улсад танилцуулж болох бөгөөд олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх зорилгоор бусад улстай туршлага солилцож, хамтран ажиллана.
 
3.7. Ерөнхий газар нь аль нэг улсын хүсэлтээр тухайн улсын агаарын тээвэрлэгчийн гүйцэтгэж байгаа тодорхой чиглэлийн нислэгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон арга хэмжээ авч болно.
 
3.8. Ерөнхий газар нь аль нэг улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд аюул заналхийлж байгаа талаар олж авсан мэдээллийг зөвлөлд болон тухайн улсын эрх бүхий  байгууллагад мэдэгдэнэ.
 
3.9. Ерөнхий газар болон холбогдох сургалтын байгууллага нь аюулгүй байдлын ажилтныг иргэний нисэхийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийн дагуу сургаж, дадлагажуулах, ур чадварыг нь дээшлүүлэх, энэ чиглэлээр гадаад оронтой хамтран ажиллана.
 
            3.10. Нууцын зэрэглэлтэй мэдээ мэдээллийг хамгаалах, хадгалах талаар тагнуулын болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.
 
3.11. Зөвлөл нь агаарын хөлгийн зорчигчийн бүхээгт аюулгүй байдлын ажилтан ажиллуулах талаар гадаад дотоодын агаарын тээвэрлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.
 
Дөрөв. Нисэх буудал, агаарын хөлөг,
      агаарын  навигацийн  тоног
      төхөөрөмжийн хамгаалалт
 
4.1. Ерөнхий газар нь нисэх буудлын захиргаа болон холбогдох бусад байгууллагатай хамтарч тухайн нисэх буудлын хамгаалагдсан бүсийг тогтоож, бүдүүвч зургийг батална. 
 
4.2. Нисэх буудлын гадна орших хамгаалагдсан бүсэд дараахь тоног төхөөрөмжийг байрлуулсан талбай багтана:
 
                                            4.2.1. радиолокатор;
 
4.2.2. агаарын навигацийн хэрэгслүүд (ILS–хэрэглэлийн суултын систем, VOR-DME, NDB-чиглүүлэх   станц);
 
4.2.3. VHF- хэт богино давтамжийн холбооны станц, антен;
 
4.2.4. УКВ-алсын удирдлагатай хэт богино давтамжийн станц;
 
4.2.5. бусад шаардлагатай тоног төхөөрөмж, объект.
 
4.3. Нисэх буудлын гадна орших хамгаалагдсан бүсэд байгаа агаарын навигацийн тоног төхөөрөмж болон барилга байгууламжийн хамгаалалтыг нисэх буудлын захиргаа хариуцна.
 
4.4. Хамгаалагдсан бүсийн аюулгүй байдлыг хашаа хамгаалалт байгуулах, дохиолол, гэрэлтүүлэг болон камерын хяналтын систем суурилуулах, харуул хамгаалалтын ажилтан томилох замаар хангана.
 
4.5. Хамгаалагдсан бүс нь нийтийн эзэмшлийн бүсээс тусгаарлагдсан байх бөгөөд түүний аюулгүй байдал зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ.
 
4.6. Хамгаалагдсан бүсэд тээврийн хэрэгсэл, хүмүүсийг нэвтрүүлэхдээ аюулгүй байдлын үзлэг хийнэ.
 
4.7. Ерөнхий газар нь хамгаалагдсан бүсэд нэвтрэх үнэмлэх олгох эрх бүхий байгууллагыг тогтооно.
 
4.8. Хамгаалагдсан бүсэд нэвтрүүлэхэд агаарын хөлгийн зорчигч иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, нислэгийн тийз болон суугчийн тасалбар, бусад хүмүүс нэвтрэх үнэмлэх үзүүлнэ.
 
4.9. Хамгаалагдсан бүсэд нэвтрэх үнэмлэхийг холбогдох байгууллагаас бичгээр ирүүлсэн хүсэлт болон цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн олгоно. Нэвтрэх үнэмлэхэд дор дурдсан зүйлийг тусгана:
 
4.9.1. үнэмлэх эзэмшигчийн зураг, овог нэр, эрхэлж байгаа ажил, албан тушаал;
 
4.9.2. үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа;
 
4.9.3. үнэмлэхийн хүчин төгөлдөр үйлчлэх бүс;
 
4.9.4. үнэмлэхийг ашиглахтай холбогдсон зааварчилга.  
 
4.10. Хамгаалагдсан бүсэд нэвтрэх тээврийн хэрэгсэлд үнэмлэх олгохдоо холбогдох байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэнэ. Тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэхэд дор дурдсан зүйлийг тусгана:
 
4.10.1. тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаар;
 
4.10.2. тээврийн хэрэгслийг эзэмшигч /ашиглагч/-ийн нэр, таних тэмдэг;
 
4.10.3. нэвтрэх үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа;
 
4.10.4. үнэмлэхийн хүчин төгөлдөр үйлчлэх бүс.
 
4.11. Хамгаалагдсан бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоож болно.
 
4.12. Агаарын тээвэрлэгч нь хамгаалагдсан бүсэд байгаа агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах талаар дараахь арга хэмжээ авна: 
           
4.12.1. үйлчилгээ хийгдээгүй үед агаарын хөлгийн бүх хаалгыг хааж түгжих;
 
4.12.2. зорчигч болон ачаа тээш ачих, буулгах төхөөрөмжийг холдуулах;
 
4.12.3. нислэгийн өмнө агаарын хөлгийн аюулгүй байдлын үзлэг хийх.
 
Тав. Аюулгүй байдлын үзлэг
 
5.1. Аюулгүй байдлын үзлэг хийхдээ дараахь тоног төхөөрөмжийг ашиглах бөгөөд цахилгааны саатал болон гэмтэл гарах шалтгаанаар тоног төхөөрөмж ашиглах боломжгүй үед зорчигчийн бие, гар тээшинд биечлэн үзлэг хийнэ:
 
            -металл илрүүлэгч гар багаж болон хаалга;
            -рентген туяаны аппарат;
            -тэсрэх бодис илрүүлэгч;
            -бусад.
 
 
5.2. Аюулгүй байдлын үзлэгт орсон зорчигчдыг тусгайлан бэлтгэсэн үзлэгийн дараахь бүсэд нэвтрүүлэн тусгаарлана.
 
5.3. Заналхийллийн түвшин өндөр үед зорчигч, тэдгээрийн гар тээшинд хийх үзлэгийг сонголтын журмаар гүйцэтгэж болно. Нэг нислэгт сонголтын журмаар хийгдэх  үзлэгийн доод хэмжээг Ерөнхий газраас тогтооно.
 
5.4. Аюулгүй байдлын үзлэгээр зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйл, аюултай ачаа илэрсэн тохиолдолд хураан авч тагнуулын болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
 
5.5. Эрх бүхий байгууллагаас тээвэрлэхийг зөвшөөрсөн зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйл, аюултай ачааг зорчигчдоос тусгаарлан агаарын хөлгийн ачааны хэсэгт тээвэрлэнэ.
 
5.6. Аюулгүй байдлын үзлэгээс татгалзсан болон зайлсхийсэн зорчигчийг үзлэгийн дараахь бүсэд нэвтрүүлэхгүй бөгөөд агаарын хөлгөөр тээвэрлэхгүй.
 
5.7. Аюулгүй байдлын үзлэгээр ороогүй зорчигч үзлэгийн дараахь бүс болон агаарын хөлөгт нэвтэрсэн тохиолдолд дараахь арга хэмжээ авна:
 
5.7.1 үзлэгийн дараахь бүсийг бүрэн чөлөөлж, дахин шалгана;
 
5.7.2 зорчигч, тэдгээрийн гар тээшийг үзлэгт дахин оруулна;
 
5.7.3 агаарын хөлөгт үзлэгт хамрагдаагүй зорчигч байгааг илрүүлсэн тохиолдолд агаарын хөлгийг дахин шалгана.
 
5.8. Хамгаалагдсан болон үзлэгийн дараахь бүсэд нэвтэрч байгаа агаарын хөлгийн багийн гишүүд, хилийн болон хил хяналтын байгууллагын ажилтан, төрийн хамгаалалтын ажилтан, үйлчилгээний бусад ажилтнууд аюулгүй байдлын үзлэгт хамрагдана.
 
5.9. Дипломат эрх бүхий ажилтан аюулгүй байдлын үзлэгт хамрагдана. Дипломат эрх бүхий ажилтныг гар тээш, тээшинд үзлэг хийхдээ өөрийг нь, эсхүл түүнийг төлөөлөх бүрэн эрхт төлөөлөгчийг байлцуулна.
 
5.10. Зохиох журмын дагуу лацадсан дипломат шуудангийн илгээмжид аюулгүй байдлын үзлэг хийхгүй. Төрийн нууцын зэрэглэлтэй ачаа, шуудангийн илгээмжид зөвхөн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аюулгүй байдлын үзлэг хийнэ.
 
5.11. Төрийн тусгай хамгаалалтад байгаа албан тушаалтан, иргэнийг аюулгүй байдлын үзлэгээс чөлөөлнө.
 
5.12. Их хэмжээний үнэт зүйл авч яваа зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй болон зүрхний аппараттай зорчигчдод аюулгүй байдлын үзлэгийг тусад нь хийнэ.
 
5.13. Ажил үүргээ гүйцэтгэж яваа хууль хяналтын байгууллагын болон төрийн тусгай хамгаалалтын ажилтан нь зорчигчийн бүхээгт зэвсэг, хэрэгслийг биедээ авч явж болно. Биедээ зэвсэг авч яваа зорчигчийг дараахь шаардлагыг хангасан нөхцөлд тээвэрлэнэ:
 
5.13.1. зэвсэг авч явахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй байх;
 
5.13.2. зэвсэг авч яваа зорчигчид согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй байх;
 
5.13.3. зэвсэг авч яваа зорчигчийн тоо болон тэдгээрийн суудлын байршлыг нислэг эхлэхээс өмнө агаарын хөлгийн даргад мэдэгдэх.
 
5.14. Агаарын тээвэрлэгч нь хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа зорчигчийг харгалзагчийн хамт, бие даан зорчих чадваргүй сэтгэцийн өвчтэй зорчигчийг асран хамгаалагчийн хамт тус тус тээвэрлэнэ.
 
5.15. Агаарын тээвэрлэгч нь аюулгүй байдлын үзлэг хийгдсэн, бүртгэгдсэн тээшийг зөвхөн тийз бүхий зорчигчоос, шилжин ачигдах тээшийг агаарын тээвэрлэгчийн эрх бүхий төлөөлөгчөөс хүлээн авч тээвэрлэнэ.
 
5.16. Агаарын тээвэрлэгч нь зорчигчийг агаарын хөлөгт суулгахаас өмнө түүний  бичиг баримт, суугчийн тасалбарыг зорчигчийн нэрсийн жагсаалттай тулган шалгаж, тээшээ тээвэрлүүлэхээр бүртгүүлсэн зорчигч мөн болохыг давхар хянана.
 
5.17. Бүртгэгдсэн тээш нь тээвэрлэлтэд хүлээн авснаас хойш аяллын төгсгөлд зорчигчид эргүүлж олгох хүртэл, шилжин суух зорчигчийн тээшийг өөр агаарын тээвэрлэгчийн мэдэлд шилжүүлэх хүртэл хугацаанд тухайн агаарын тээвэрлэгчийн хамгаалалтад байлгана.
 
5.18. Шилжин суух зорчигчийн бүртгэгдсэн тээшинд аюулгүй байдлын үзлэг хийнэ. Нисэх буудлын захиргаа болон агаарын тээвэрлэгч нь дамжин өнгөрөх, шилжин суух зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис, зүйлийг агаарын хөлөгт авч орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
 
5.19. Аяллаас хоцорсон, эсхүл тээвэрлэлтийн гэрээ нь цуцлагдсан тохиолдолд зорчигчийн бүртгэгдсэн тээшийг агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглоно.
 
5.20. Ачаа болон шуудангийн илгээмжийг агаарын хөлөгт ачихаас өмнө аюулгүй байдлын үзлэг хийнэ. Тээвэрлэлтэд хүлээн авсан ачаа, шуудангийн илгээмжийн хадгалалт, хамгаалалтыг  агаарын хөлөгт ачих хүртэл нисэх буудлын захиргаа хариуцна.
 
5.21. Алдагдсан, эсхүл эзэнгүй тээшийг аюулгүй байдлын үзлэгт оруулсны дараа тээш хадгалах газарт хадгална.
 
Зургаа. Аюулгүй байдлын тоног төхөөрөмж
 
6.1. Аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн хангалт, шинэчлэлтийн асуудлыг Ерөнхий газар хариуцна.
 
6.2. Нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг худалдан авах, шинэчлэхдээ Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийг удирдлага болгоно.
 
6.3. Аюулгүй байдлын тоног төхөөрөмжид тохируулга хийхдээ тухайн төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс ирүүлсэн тест материалыг ашиглана.
 
            6.4. Аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн тохируулгыг жилд нэг удаа хийж, Ерөнхий газраар баталгаажуулна.
 
            6.5. Заналхийллийн түвшингээс хамаарч тоног төхөөрөмжийн мэдрэх чадварыг бууруулах буюу нэмэх асуудлыг Ерөнхий газрын зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ.
 
Долоо. Аюулгүй байдлын ажилтан
 
7.1. Аюулгүй байдлын ажилтан нь иргэний нисэхийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх авснаар нисэхийн аюулгүй байдлын үзлэг хийх эрхтэй болно.
 
7.2. Аюулгүй байдлын ажилтныг уг ажилд томилохын өмнө гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож байсан эсэхийг нь судалж тогтоосон байна.
 
Найм. Нисэхийн аюулгүй байдлын сургалт
 
8.1. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд хүний хүчин зүйлийн нөлөөллийг сайжруулах, хүний гүйцэтгэх үүрэг, хариуцлага, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулах бөгөөд сургалтад тавигдах шаардлагыг иргэний нисэхийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрт тодорхой тусгасан байна.
 
8.2. Иргэний нисэхийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг Ерөнхий газраас боловсруулж иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулан хэрэгжүүлнэ.
  Ес. Хөндлөнгийн хууль бус үйлдлийн эсрэг    авах арга хэмжээ
 
9.1. Агаарын тээвэрлэгч, нисэх буудлын захиргаа нь хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд хууль хяналт, цэрэг, цагдаа, онцгой байдлын болон холбогдох бусад байгууллагатай хамтран нисэх буудлын онцгой байдлын үед ажиллах журмын дагуу ажиллана.
 
9.2. Онцгой байдлын үед ажиллах байгууллагууд нь хамтарсан сургуулилтыг тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулна.
 
9.3. Нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь нислэгийн маршрутын дагуу байгаа болон дайран өнгөрч болзошгүй нислэгийн хөдөлгөөний удирдлагын байгууллагад энэ талаар нэн даруй мэдэгдэнэ.
 
9.4. Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөгт агаарын навигацийн болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ.
 
9.5. Хууль бусаар эзлэгдсэн агаарын хөлгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газардахыг зөвшөөрөх бөгөөд хяналтаас гараагүй үед уг агаарын хөлгийг хөөргөхгүй байх бүх талын арга хэмжээ авна.
 
9.6. Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газардсан тохиолдолд тухайн агаарын хөлгийг бүртгэсэн болон  ашиглагч улсад;  хөндлөнгийн хууль бус ажиллагаанд өртсөн болон түүний улмаас нас барсан, гэмтэж бэртсэн, эсхүл барьцаалагдсан хүмүүсийн талаархи мэдээллийг тэдгээрийн харъяалах улсад тус тус мэдэгдэнэ.
 
9.7. Хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан талаархи мэдээллийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад англи хэл дээр, энэхүү үйлдлийн тухай урьдчилсан мэдээллийг тухайн үйл явдал болсноос хойш 30 хоногийн дотор,  эцсийн мэдээллийг тухайн үйл явдал болсноос хойш 60 хоногийн дотор хүргүүлнэ.
 
Арав. Чанарын хяналт
 
10.1. Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь олон улсын гэрээ, хэлэлцээ, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа, тухайн үеийн заналхийллийн түвшинд тохирч байгаа эсэхийг хянан шалгах ажиллагааг иргэний нисэхийн аюулгүй байдлын чанарын хяналтын  хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.
 
10.2. Иргэний нисэхийн аюулгүй байдлын чанарын хяналтын хөтөлбөрийг Ерөнхий газраас боловсруулан, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулна.  
 
10.3. Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний болон нислэгийн хоол хүнс бэлтгэх байгууллагын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа үзлэг шалгалт хийж, илэрсэн дутагдлыг засаж залруулах арга хэмжээ авна. 
 
Арван нэг. Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн
        түвшинг тогтоох
 
11.1. Ерөнхий газар, тагнуулын болон цагдаагийн байгууллага нь иргэний нисэхийн эсрэг заналхийллийн түвшинг хамтран тодорхойлно.
 
11.2. Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн түвшинг тодорхойлох, тогтоох, тухайн түвшинд тохирох арга хэмжээг хэрэгжүүлэх, заналхийллийн талаархи мэдээлэлтэй харьцах, нууцлахтай холбогдсон асуудлыг Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн түвшин тогтоох журамд тусган хэрэгжүүлнэ.
 
Арван хоёр. Нисэхийн аюулгүй байдлын үйл
            ажиллагааны санхүүжилт
           
12.1. Энэхүү хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллагууд нь хариуцсан үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвтөө тусган санхүүжүүлнэ.
 
 
 
 
-----оОо-----