- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ ТООЦОХ ЖУРАМ
Засгийн газрын 2005 оны 233 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 40.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1-ийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаа, элэгдлийг тооцоход энэхүү журмыг баримтална.
1.2. Төсөвт байгууллага нь үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо "Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 17"-г дагаж мөрдөнө.
Хоёр. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох
2.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 2.2-т зааснаас бусад бүх үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцож, тайлангийн хугацааны үйл ажиллагааны болон холбогдох зардалд шингээнэ.
2.2. Дор дурдсан үндсэн хөрөнгөд элэгдэл тооцохгүй:
а/ газар;
б/ худалдахад зориулсан үндсэн хөрөнгө, дуусаагүй барилга;
в/ түр ашиглаагүй буюу нөөцөд байгаа үндсэн хөрөнгө;
г/ номын сангийн нөөц, музей үзмэр, урлагийн цуглуулга.
2.3. Төсөвт байгууллага нь энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацааг дагаж мөрдөн, шулуун шугамын аргаар элэгдлийг тооцно.
2.4. Шулуун шугамын аргаар жилд байгуулах элэгдлийн хэмжээг тодорхойлохдоо дансны үнээс үлдэх өртгийг хассан дүнг ашиглах жилийн тоонд хуваана.
2.5. Энэхүү журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь үндсэн хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаа, элэгдэл тооцохдоо "Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 16"-г дагаж мөрдөн байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгасан байна.
2.6. Энэ журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааг тогтоохдоо машин, тоног төхөөрөмжийн техникийн паспорт, адил төстэй хөрөнгийн үзүүлэлтийг үндэслэн техникийн болон санхүүгийн ажилтнууд оролцсон комиссоос гаргасан дүгнэлт, тооцоог үндэслэнэ.
2.7. Хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаанд өөрчлөлт орвол элэгдлийн хувь хэмжээг дахин тооцоолно.
2.8. Энэ журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь хөрөнгийнхөө ашиглагдах хугацааг тодорхойлох боломжгүй тохиолдолд энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацааг ашиглаж болно.
2.9. Хөрөнгийн зах зээлийн үнэ нь дансны үнээс их хэмжээгээр зөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийнэ.
2.10. Тодорхой бүлэгт ороогүй эсхүл шинэ нэр төрлийн үндсэн хөрөнгийн ашиглагдах хугацаа, элэгдлийн хувийг тогтоохдоо адил төстэй үндсэн хөрөнгийг жишиг болгох байдлаар тодорхойлно.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A