A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2005 оны 245 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
"ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Орчны эрүүл мэндийн асуудал нь нэг улс, бүс нутаг, тивийн  хүрээнээс хальж, дэлхий нийтийг хамарсан орчин үеийн тулгамдсан асуудлын нэг болсон бөгөөд тэдгээрийг оновчтой шийдвэрлэх нь  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мянганы хөгжлийн зорилтод хүрэх тулгуур нөхцөл болох юм. 
 
Хүний эрүүл мэнд, амьдралын чанар нь хүрээлэн байгаа орчны физик, хими, биологи, нийгэм болон сэтгэл зүйн хүчин зүйлээр тодорхойлогддог бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "орчны эрүүл мэнд гэдэгт өнөөгийн болон хойч үеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох орчны хүчин зүйлийг тодорхойлох, үнэлэх, хянах, тандах болон урьдчилан сэргийлэх онол практикийн цогц үйл ажиллагаа орно" гэж тодорхойлсон байна. 
 
 Дэлхийн олон улс оронд сүүлийн жилүүдэд хүрээлэн байгаа орчны хими, физик, биологийн бохирдолт ихсэж энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Буурай хөгжилтэй улс орнуудад аюулгүй ундны усны хангамжийн дутагдал, эрүүл ахуй ариун цэврийн хангалтгүй нөхцөл, гэр сууцны галлагаанаас шалтгаалсан агаарын бохирдол зэрэг орчны эрсдэлт хүчин зүйлүүд хүн амын эрүүл мэндэд ихээр нөлөөлж байхад эдийн засгийн өндөр хурдтай хөгжиж байгаа улс орнуудад хотжилт болон үйлдвэржилтээс шалтгаалсан агаар, ус, хөрсний бохирдол, үйлдвэрлэлийн осол ихээр нэмэгдэж байна. Номхон далайн бүсийн улс орнуудад ариун цэврийн тааламжгүй нөхцөл, ундны усны чанар, хангамж, гэрийн доторхи агаарын бохирдол зэргээс шалтгаалсан өвчнөөр жилд дунджаар 580 мянган хүн нас барж байгаагаас гадна хот, суурин газрын агаарын бохирдол болон химийн бодисын хордлогоор жил бүр 405 мянган хүн нас барж байна.
 
Орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20.0-30.0 хувиар нэмэгдүүлж байна. Тухайлбал, агаарын бохирдолт нь хорт хавдар, амьсгалын замын эмгэг, зүрх судасны өвчин, эмгэг үүсэхэд зонхилох хүчин зүйл болж байна. Мөн хүүхдийн дархлалын түвшинг бууруулан бие бялдрын өсөлт хөгжилтийн зохистой харьцааг алдагдуулах, хүүхэд дутуу болон төрөлхийн гажигтай төрөхөд нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ.  Хүрээлэн байгаа орчны бохирдолт нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй шууд болон шууд бусаар улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд асар их хохирол саад учруулж байна. Хүн амын эрүүл мэндэд орчны бохирдолтоос шалтгаалж учруулсан хохирол нь зөвхөн Европын холбооны улсуудад жилд 20 сая ам. доллараар тооцогдож байгааг судлаачид тооцоолон гаргасан байна.
 
Монгол орны хувьд хөдөөгийн болон нийслэл хотын захын хорооллын хүн ам баталгаатай цэвэр ундны усаар бүрэн хангагдаж чадаагүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчин бүрдээгүйн зэрэгцээ төв суурин газрын орчны бохирдол жилээс жилд нэмэгдэж байна.
 
Улсын хэмжээнд ашиглаж байгаа бохир ус цэвэрлэх байгууламжийн 46 нь буюу 60.8 хувь нь бохир усыг бүрэн цэвэрлэхгүй, эсвэл огт ажиллахгүй байна. Зөвхөн Улаанбаатар хотод хоногт үйлдвэр, ахуйн хэрэглээнээс гарч байгаа 180.0 орчим мянган шоометр бохир ус бүрэн цэвэрлэгдэхгүйгээр Туул голд нийлж байна. Гэр хорооллын 70.0 гаруй мянган бие засах энгийн жорлон, бохир усны цооног нь хөрсний биологийн бохирдолтын гол эх үүсвэр болж байна.
 
Томоохон хотуудын агаарын бохирдолтын байдалд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2003-2004 онуудад хийсэн судалгааны дүнгээс үзэхэд хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх химийн хортой бодис болох азотын давхар исэл 1.5 дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл 4.2 дахин, тоосны агууламж нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.8 дахин хэтэрсэн байна.
 
Улаанбаатар хотын цахилгаан станц, их, бага оврын уурын зууханд жилдээ 4.0 сая тонн нүүрс, айл өрхүүд ердийн халаалттай орон сууцны галлагаанд 400 гаруй мянган тонн нүүрс, 300.0 гаруй мянган шоометр мод тус тус хэрэглэж байгаагаас гадна 70 гаруй мянган автомашины хаягдал утаа, тортог, үнсээр агаар, хөрс, орчныг бохирдуулж байна. Агаарын бохирдолт ихтэй Улаанбаатар хотод амьдарч байгаа бага насны хүүхдүүд хөдөө орон нутгийн хүүхдүүдээс бронхит өвчнөөр  1.4-2.7 дахин, гуурсан хоолойн багтраа өвчнөөр 5.5-7.9 дахин илүү өвчилж байна.
 
Монгол Улсын хэмжээнд 2002 онд явуулсан химийн бодисын үзлэг тооллогын дүнгээс үзэхэд ургамал хамгаалах, ахуйн шавьж, мэрэгч амьтныг устгах, халдваргүйжүүлэх зорилгоор жилд "онцгой хортой" 14.4 тонн, "хортой" 735.4 тонн  химийн бодис хэрэглэгдэж байгаагийн 20.3 тонн нь озоны давхаргыг задлах бодис байна.
 
Сүүлийн жилүүдэд орчны бохирдолтыг багасгах талаар зарим арга хэмжээг авч байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.  Орчны эрүүл мэндийн  хяналтын тогтолцоо шаардлагын хэмжээнд хүрээгүй, хууль, эрх зүйн орчин боловсронгуй бус, мэргэжлийн боловсон хүчний хангамж, чадавхи хангалтгүй, лабораторийн тоног төхөөрөмжийн шинжилгээний түвшин зохих хэмжээнд хүрээгүй, орчны эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажлын тоо хэмжээ, нэр төрөл, цар хүрээ бага, санхүүжилт нь хангалтгүй байна.
 
            Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж өвчин, эмгэгт хүргэж байгаа орчны хүчин зүйлийг судлах, түүний шалтгаан, үр дагаврыг арилгах, орчны нөлөөллөөс сэргийлэх цэгцтэй арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх зорилгоор орчны эрүүл мэндийн талаар Засгийн газраас хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.
 
Орчны эрүүл мэнд Үндэсний хөтөлбөрийг боловсруулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмж болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн заалтыг мөрдлөгө болголоо.
 
Энэхүү хөтөлбөр нь ойрын 10  жилийн  хугацаанд  орчны эрүүл мэндийн талаар Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлж, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын 7, 11, 12, 13, 14 дүгээр заалт, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх стратегийн баримт бичиг болно.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зарчим
 
Хөтөлбөрийн зорилго нь хүрээлэн буй орчныг бохирдуулж байгаа хүчин зүйлийг багасгах, орчны эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг сайжруулах замаар хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
 
-          НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилт, ДЭМБ-ын болон олон улсын бусад байгууллагын зорилттой уялдуулах;
 
-          Орчныг бохирдолтоос хамгаалах, бохирдолтыг багасгах, хүн амын өвчлөл, осол гэмтлийг бууруулах арга хэмжээг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд үндэслэн нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлэх;
 
-          Орчны бохирдолтыг бууруулах үйл ажиллагаанд төрийн болон  төрийн бус  байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, хувь хүний оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх;
 
-          Орчны бохирдолтыг бууруулах үйл ажиллагаанд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;
 
-          Орчны эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийн үйл ажиллагааг уялдуулж, нөөцийг оновчтой хуваарилж, хандивлагч, олон улсын байгууллагуудын туслалцаа, дэмжлэг, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
        
Гурав. Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн,
     үйл ажиллагааны чиглэл
 
Зорилт 1. Орчны эрүүл мэндэд тавих хяналт, тандалт, үнэлгээний тогтолцоо,  эрх зүйн орчинг  боловсронгуй болгоно.
 
Үйл ажиллагааны чиглэл:
 
1.1. Орчны эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж, дүрэм, зааврыг шинэчлэх;
 
1.2. Орчны эрүүл мэндэд хяналт тавих, тандалт, судалгаа хийх эрдэм шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
 
1.3. Орчны эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагаа, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд  хяналт тавих, үнэлгээ өгөх;
 
1.4. Орчны эрүүл мэндийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах.
 
Хүрэх үр дүн:
 
-          Орчны эрүүл мэндийн талаархи хууль эрх зүйн актууд шинэчлэгдэнэ;
 
-          Орчны эрүүл мэндийн тандалт, судалгааны үр дүн сайжирна;
 
-          Орчны эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр салбар дундын хамтын ажиллагаа нэгдсэн удирдлага зохицуулалттай болж нөөцийн хуваарилалт оновчтой болно.
 
Зорилт 2. Орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд дүн шинжилгээ хийх, үнэлэх, хянах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.1. Орчны бохирдолтын талаархи эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг боловсронгуй болгон мэдээллийн сантай болох;
 
2.2. Орчны бохирдлын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, Шинжлэх ухаан, технологийн сан болон бусад эх үүсвэрээс судалгаа шинжилгээний ажилд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх;
 
2.3. Төв, суурин газрын орчныг бохирдуулж байгаа эх үүсвэр, бохирдлын шалтгаан, хүчин зүйлд төрөлжсөн судалгаа хийж үнэлгээ өгөх;
 
2.4. Хүн амын эрүүл мэндийн байдлыг орчны хүчин зүйлтэй холбон судалж, үнэлгээ өгөх;
 
2.5. Орчны эрүүл мэндийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах;
 
2.6. Орчны эрүүл мэндийн чиглэлээр боловсон хүчин  бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох.
 
Хүрэх үр дүн:
 
-          Орчны бохирдолтын түвшин болон орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийн талаар судалгаа шинжилгээ хийгдсэн байна;
 
-          Орчны эрүүл мэндийн талаархи мэдээллийн тогтолцоо бий болсон байна; 
 
-          Орчны эрүүл мэндийн чиглэлээр үндэсний боловсон хүчний чадавхи сайжирсан байна;
 
-          Орчны эрүүл мэндийн чиглэлээр хяналт, судалгаа шинжилгээ хийх лабораторийн хүчин чадал сайжирсан байна.
 
 
Зорилт 3. Орчны бохирдолтыг бууруулан экологийн тэнцвэртэй байдлыг хангах, орчны сөрөг хүчин зүйлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
 
3.1. Хот, суурин газрын төлөвлөлт, хот байгуулалтын экологийн менежмeнтийг боловсронгуй болгох;
 
3.2. Орчны бохирдолтыг багасгах, түүний шалтгаан, үр дагаврыг арилгахад чиглэсэн дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх;
 
3.3. Хот, суурин  газрын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гэр, орон сууцны агаарыг цэвэршүүлэх дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх;
 
3.4. Хөдөөгийн болон хотын захын хорооллын хүн амын цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх;
 
3.5. Суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэх байгууламжийн төлөвлөлт, ашиглалтыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулах;
 
3.6. Орчныг химийн бодисоор бохирдуулж байгаа эх үүсвэрийг тогтоох, хортой, хаягдал химийн бодисыг байгаль орчин, хүн ам, ургамал, амьтанд халгүйгээр устгах, цэвэршүүлэх цогц арга хэмжээ авах.
 
Хүрэх үр дүн:
 
-          Хот, суурин газарт агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байна;
 
-          Хөдөөгийн болон хотын захын хорооллын хүн амын цэвэр усны хангамж нэмэгдэж, чанар нь сайжирсан байна;
 
-          Хот, суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн тоо нэмэгдсэн байна;
 
-          Аюултай хортой бодис, пестицитийн хяналтын менежмент сайжирсан байна.  
 
Зорилт 4. Хүн амд орчны эрүүл мэндийн талаархи зохистой мэдлэг, дадал, хандлага, зан үйл хэвшүүлэх замаар орчны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
 
4.1. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг, боловсрол олгох асуудлыг тусгах;
 
4.2. Хүн амын дунд явуулах экологи, орчны болон нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглах, албан ба албан бус сургалтыг явуулах;
 
4.3. Эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн хамт олны санаачилгыг дэмжин эрүүл хот, дүүрэг, сум, ажлын байр, сургууль болох хөдөлгөөнийг хөгжүүлэх.
Хүрэх үр дүн:
 
-          Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тусгагдсан нийгмийн болон орчны эрүүл мэндийн сургалтын агуулга өргөжиж сургалтын цаг нэмэгдэнэ;
 
-          Орчны эрүүл мэндийг дэмжсэн хөтөлбөр, үйл ажиллагаанд хамт олны оролцоо дээшилнэ;
 
-          Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоо нэмэгдэнэ;
 
-          Орчны эрүүл мэндийн талаархи мэдлэгийн түвшин дээшилнэ.
 
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
Үндэсний хэмжээнд
 
Хөтөлбөрийн хэрэгжилтийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулж бусад хөтөлбөр төсөлд оролцогч гадаад, дотоодын талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт тайлагнах үүрэг гүйцэтгэнэ.
 
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Эрүүл мэндийн яам гүйцэтгэх бөгөөд холбогдох яамдын асуудал хариуцсан мэргэжилтнийг оролцуулан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус ажлын бүлэг байгуулж ажиллуулна.
 
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг төсвийн тооцооны хамт гарган Засгийн газраар батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. 
 
Орон нутгийн түвшинд
 
Аймаг, нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл нь орон нутгийн түвшинд хөтөлбөрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,  хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, биелэлтийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлд тайлагнах үүрэг гүйцэтгэнэ.
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, уялдаа холбоо
 
Орчны эрүүл мэнд хөтөлбөр нь Усны үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах үндэсний хөтөлбөр, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө болон  орчны эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа бусад төсөл, хөтөлбөртэй уялдаж хэрэгжинэ.
 
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
 
Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 
а/улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
 
б/хандивлагч орон, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагын хандив, тусламж;
 
в/гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл;
 
г/төрийн болон төрийн бус байгууллага,  аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;
 
д/бусад эх үүсвэр.
 
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
 
Хөтөлбөрийг 2015 он хүртэл дараахь 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ: 
 
Нэгдүгээр үе шат  2006 - 2010 он;
 
Хоёрдугаар үе шат 2010 - 2015 он.
 
Долоо. Хөтөлбөрийн хяналт, үнэлгээ
 
Хөтөлбөрийн хяналт, үнэлгээг Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газар гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох яамдыг оролцуулж болно. Үнэлгээний тайланг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлд жил бүрийн  4 дүгээр улиралд багтаан танилцуулна.
 
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хөтөлбөрийн зорилт тус бүрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлт болон үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлтээр гаргана.
 
Хөтөлбөрийн эцсийн үр дүнг дараахь үзүүлэлтээр гаргана:
 
-          Орчны эрүүл мэндийн талаархи хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж, хяналт, танадалт, үнэлгээний тогтолцоо боловсронгуй болсон байна;
 
-          Орчныг бохирдуулагч эх үүсвэр, шалтгаан, хүчин зүйл тогтоогдож, орчны бохирдол, эрүүл мэндийн хамаарлын үнэлгээ гарсан байна;
 
-          Орчны эрүүл мэндийн салбарын хүний нөөц, лабораторийн чадавхи сайжирсан байна;
 
-          Хүн амын орчны болон нийгмийн эрүүл мэндийн боловсролын түвшин дээшилж, орчны эрүүл мэндийг дэмжсэн хөтөлбөр, үйл ажиллагаанд хамт олны оролцоо нэмэгдсэн байна;
 
-          Хот, суурин газрын орчны бохирдолтыг илтгэх суурь үзүүлэлт одоогийн түвшингээс сайжирсан байна (Хүснэгт1);
 
-          Орчны бохирдлоос шууд шалтгаалах хүн амын өвчлөлийн түвшин буурсан байна (Хүснэгт 2).
 
-           
Хүснэгт 1
 
Хот суурин газрын орчны бохирдолтын суурь үзүүлэлт
 
Агаарын бохирдолтын үзүүлэлт
                                                                                               /2004 оны байдлаар/
 

Үзүүлэлт 
Жилийн дундаж  мг/м3
Хүхрийн давхар исэл(SO2)
0.012
Азотын давхар исэл (NO2)
0.026

 
Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн 2004 оны шинжилгээний дүн
 
Ус түгээх байрны ундны усны бохирдолтын үзүүлэлт
                                                                                                 /2004 оны байдлаар/
 

Үзүүлэлт
Дундаж агууламж
1 мл усанд агуулагдах нянгийн ерөнхий тоо
100-с их
Гэдэсний савханцрын таньц
300 мл усанд 3-с их
Нитрит  (мг/л) 
0.006-0.004
Аммиак (мг/л)
0.02-0.137
Ерөнхий хатуулаг (мг/экв/л)   
1.28-2.1
РН
6.6-7.1

 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн 2004 оны шинжилгээний дүн
 
Улаанбаатар хотын хөрсний бохирдлын үзүүлэлт
                                                                                             /2004 оны байдлаар/
 

Үзүүлэлт
Дундаж агууламж
1 гр хөрсөнд агуулагдах нянгийн ерөнхий тоо
1 127 000
Гэдэсний савханцрын таньц
0.26
Перфрингенсийн таньц
0.11
Аммиакийн агууламж  (%)
0.55
Нитритийн агууламж (%)
0.0027
Нитратын агууламж (%)
0.2
Хар тугалгын агууламж (мг/кг)
49.92

 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн 2004 оны шинжилгээний дүн
 
 
Хүснэгт 2
 
Орчны бохирдлоос шалтгаалах өвчлөлийн үзүүлэлт
                                                                                                                                        /2004 оны байдлаар/
 

Өвчний нэр
10000 хүн амд ногдох үзүүлэлт
Гэдэсний халдварт өвчин
Балнад
0.06
Сальманолёз
0.79
Цусан суулга
8.79
Гепатит А
20.79
Амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин
Цочмог төвөнхтөс, мөгөөрсөн хоолойтос
265.9
Гуурсан хоолойн багтраа
2.9

 
Эрүүл мэндийн яам, "Эрүүл мэндийн үзүүлэлт" товхимол  2004 он
 
 
 
 
 
-----оОо-----