A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2005 оны 246 дугаар
 тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
  Нэг. Нийтлэг үндэслэл
 
Дэлхий дахинд  хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж соёл иргэншил, амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин (цаашид "ХБӨ" гэх)-өөр өвчлөгсдийн тоо  асар хурдацтай нэмэгдэж  нийгэм, эдийн засгийн хөгжил болоод сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд давхар дарамт учруулж байгаа нь  нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (цаашид "ДЭМБ" гэх)-ын тооцоолсноор 2005 онд 35 сая хүн буюу дэлхийн хэмжээний нийт нас баралтын 60 хувийг ХБӨ (зүрхний өвчин, тархины цус харвалт, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин) эзлэж байгаа бөгөөд энэ нь халдварт өвчин (ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг) жирэмслэлт, төрөлт болон хоол, тэжээлийн дутагдлын улмаас шалтгаалсан нас баралтаас 2 дахин их байна.  
 
Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд  эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, саахар (глюкоз)-ын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч  улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байгааг ДЭМБ тогтоогоод байна.
 
Эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлсэн энгийн бөгөөд үр дүнтэй арга, хувь хүний анхаарал, хүчин чармайлт нь ХБӨ-ий улмаас тахир дутуу болох, нас барах явдлыг 50 хүртэл хувиар бууруулж чаддаг байна. Тухайлбал зан үйлийн буруу дадлаа өөрчлөх буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, архи, тамхины хэрэглээг багасгавал зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3-ээр багасгаж болно гэж ДЭМБ үзэж байна.
 
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 1990 онд манай хүн амын нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин, хавдар нь 2 ба 3 дугаарт ордог байсан бол 1993 оноос эхлэн нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин эрс нэмэгдэн  тэргүүлж,  хавдар, осол гэмтэл удаах байрыг эзлэх болсны дээр сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчний тархалт хурдацтай нэмэгдэх хандлагатай байгааг манай судлаачид тогтоогоод байна. 
 
Хүн амын нас баралтын шалтгааны дотор халдварт бус өвчин  давамгайлж байгаагаараа монгол хүний дундаж наслалтад ч нөлөөлж байна. Тухайлбал 1990 онд монгол хүний дундаж наслалт 63.7 байснаа 1992 онд 62.8 болж бууран 2003 онд 63.6, 2004 онд 64.5 болж нэмэгдсэн хэдий ч 1990 онтой харьцуулахад дундаж наслалтад тодорхой өөрчлөлт гараагүй байна.
 
ХБӨ манай оронд жил тутам нэмэгдэж байгааг харгалзан хэд хэдэн  хөтөлбөр  хэрэгжүүлсэн хэдий ч үйл ажиллагаа нь уялдаа холбоо муутай, нөөц, чадавхи хангалтгүй зэрэг сөрөг тал ажиглагдаж байна.
 
Ганц нэг эрсдэлт хүчин зүйлд чиглэсэн салангид олон судалгаа хийдэг боловч эрсдэлт хүчин зүйлийг байнга хянаж, шаардлагатай арга хэмжээ авч байхад чиглэгдсэн ХБӨ-ий хяналт,  тандалтын тогтолцоо бүрдээгүй байна.
 
Иймээс ДЭМБ-ын зөвлөмж, дэлхий нийтийн жишгээр нэг өвчин, нэг эрсдэлт хүчин зүйлд илүүтэй анхаарч байсан хуучин арга, хандлагыг өөрчлөн нийтлэг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлд иж бүрэн хандаж тэдгээрийг бууруулснаар хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа хэд хэдэн өвчнийг нэгэн зэрэг бууруулах өртөг зардал багатай, үр ашиг сайтай шинэ хандлага, үйл ажиллагаанд шилжих явдал чухал байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго,  хугацаа,
     зарчим, санхүүжилт
  2.1. Халдварт бус өвчин тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн хяналт, тандалтыг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих замаар хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
 
2.2. Хөтөлбөрийг 2013 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 1 дүгээр  үе шат  2006-2009 он,  2 дугаар  үе шат  2010-2013 он байна.
 
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
 
а/иргэд, хамт олны дунд эрүүл аж төрөх зан үйл төлөвшихөд дэмжлэг үзүүлэхүйц "эрүүл мэндийг дэмжигч" орчин бүрдүүлэх, ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн салбар дундын хамтын ажиллагаанд тулгуурлана;
 
б/зонхилон тохиолдох ХБӨ-д нөлөөлөгч нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах талаар бодлого боловсруулж чадавхи бүрдүүлэх, түншлэх, мэдээллээр хангах болон хэрэгжүүлэх бүх түвшинд иж бүрнээр хандана;
 
в/иргэд, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж,  байгууллага, иргэний нийгмийн оролцоог хангана;
 
г/нийт хүн ам, өвчлөх эрсдэлтэй бүлэг болон өвчилсөн хувь хүн аль алинд нь чиглэсэн иж бүрэн хандлага, баримт нотолгоонд түшиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;
 
д/одоогийн байгаа дэд бүтэц болон нөөцөд тулгуурлан эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, анхдагч шатлалын болон эмнэл зүйн тусламжийн тасралтгүй байдлыг хангана;
 
е/нийгмийн эрүүл мэндийн бусад хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулан үр ашгийг дээшлүүлнэ.
 
2.4. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 
а/улс,  орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
 
б/Шинжлэх ухаан, технологийн,  Архидан согтуурахтай тэмцэх,  Эрүүл мэндийг дэмжих зэрэг Засгийн газрын тусгай зориулалтын сангаас олгох хөрөнгө;
 
в/гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж  ахуйн нэгж,  иргэдийн хандив, тусламж;
 
г/олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив;
 
д/бусад эх үүсвэр.
 
 
Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны
    чиглэл, хүрэх үр дүн
 
3.1. Зорилт. 1. Зүрх судас, хавдар, чихрийн шижин зэрэг зонхилон тохиолдох ХБӨ-өөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг удирдан зохицуулах тогтвортой механизмыг бүрдүүлнэ. 
3.1.1. ХБӨ-нөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг мэргэжил, арга зүйн хувьд удирдан зохицуулах тогтвортой механизмыг бий болгох;
 
3.1.2. зонхилон тохиолдох ХБӨ-ий өвчлөл, нас баралт, тэдгээрийн өртөг зардлыг хянах, мэдээлэх ажлыг тогтмол явуулах чиглэлээр эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох;
 
3.1.3. ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын байдлыг тогтмол судлан  тандах тогтолцоо бүрдүүлэх.
 
Хүрэх үр дүн: Зонхилон тохиолдох ХБӨ-өөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг удирдан зохицуулах механизмтай болж өвчлөл, нас баралт, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийг хянан тандах тогтолцоо бүрдэнэ.
 
3.2. Зорилт 2. Эрүүл амьдралын хэв маяг, ээлтэй орчныг дэмжсэнээр зонхилон тохиолдох ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн түвшинг  бууруулна. 
 
3.2.1. хүн амын дунд малын гаралтай өөх, тос болон давс, саахарын хэрэглээг багасгах, жимс, ногооны хэрэглээг нэмэгдүүлэх замаар зохистой хооллолтыг төлөвшүүлэх чиглэлээр олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааг идэвхжүүлэх; 
 
3.2.2. хүн амын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор зориулалтын зам, талбай, тоног төхөөрөмж, хэрэгслийн хүртээмж, чанар, гудамж талбайн гэрэлтүүлэг, аюулгүй байдлыг сайжруулах замаар хүн амын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
 
3.2.3. тамхины хэрэглээг бууруулах зорилгоор татварыг тасралтгүй нэмэгдүүлэх, бүх төрлийн зар сурталчилгаа болон урлаг, нийтийн биеийн тамир, спорт зэрэг олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, арга хэмжээг тамхи үйлдвэрлэгчийн зүгээс ивээн тэтгэх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа болон  тамхины худалдаанд тавих хяналтыг сайжруулан тамхигүй орчин бүрдүүлэх;
 
3.2.4.  согтууруулах ундааны хатуулаг, чанарыг нь харгалзан татварыг ялгавартай, дэс дараатай нэмэгдүүлэх, архи тамхины бүх төрлийн зар сурталчилгаа болон урлаг, нийтийн биеийн тамир, спорт зэрэг олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, арга хэмжээг согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн зүгээс ивээн тэтгэх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа болон согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулан архигүй орчин бүрдүүлэх замаар зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
 
3.2.5. эрүүл мэндийг дэмжих талаар байгууллага, хамт олны чадавхийг дээшлүүлэн  "Эрүүл мэндийг дэмжигч" хот, хороо, сум, баг, сургууль, ажлын байр, эмнэлэг, хамт олон, гэр бүлийн тоог нэмэгдүүлэх замаар иргэдэд эрүүл зан үйл төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх;
 
3.2.6. иргэдэд эрүүл аж төрөх, хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх дадал эзэмшүүлэх талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
1/хоол, хүнсний зүйлийн илчлэгийг хянан нас, ажлын онцлогт тохируулан хэрэглэж занших.
 
2/дараахь хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах:
 
          а/малын өөх-тос;
 
б/давс;
 
в/элсэн чихэр, чихэр.
 
3/дараахь хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх:
 
а/жимс, ногоо;
 
б/ширхэглэг, үр тарианы хүнсний бүтээгдэхүүн.
 
4/нэг удаагийн хэрэглээний хэмжээг тохируулах:
 
а/хэт их идэхгүй байх;
 
б/илчлэг ихтэй /өөх тос, чихэр ихтэй/ хоол, хүнсний бүтээгдэхүүн байнга хэрэглэхээс зайлсхийх.
 
5/зөв технологиор бэлтгэх, хэрэглэх:
 
а/хуурсан, шарсан, нөөшилсөн хоол, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах;
 
б/хоол, цайг хэт халуун хэрэглэхгүй байх. 
 
3.2.7. Хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
1/хүн бүр өдөр тутам наад зах нь 30 минут шаламгай алхах, дугуйгаар явах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх;
 
2/хүүхэд, залуучууд нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэх дасгалыг долоо хоногт 3 удаа 20 минутаас доошгүй хугацаагаар  хийх;
 
3/биеийн жингээ тогтмол хэмжээнд барихын тулд өдөрт наад зах нь 1 цаг хүч тэнхээ шаардсан биеийн тамирын дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх;
                     
4/цэцэрлэг, сургууль, хамт олны дунд өдрийн завсарлагаар идэвхитэй хөдөлгөөн, дасгал хийж хэвшүүлэх.
 
3.2.8. Тамхины хэрэглээг бууруулах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
                       
1/эрүүл мэндэд хор хөнөөлтэй тул тамхин бүтээгдэхүүний аливаа хэлбэрийг хэрэглэхийг цээрлэх;
 
2/тамхинд донтуулах үйлчилгээтэй никотин агуулагддаг тул сонирхож үзэхгүй байх;
 
3/дам тамхидалтаас сэргийлэх;
 
4/бусдын дэргэд тамхи татахгүй байх;
 
5/эрүүл мэндээ сайжруулахын тулд тамхинаас гарах.
 
3.2.9. Согтууруулах ундааны хэрэглээг бууруулах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
1/хүүхэд, залуучууд архи уухгүй байх;
 
2/насанд хүрэгсдэд зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
 
3/эрүүл мэндээ сайжруулахын тулд архинаас гарах.
 
Хүрэх үр дүн: Эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх талаар чадавхи дээшлэн "эрүүл мэндийг дэмжигч" байгууллага, хамт олон, үйлдвэрлэл, үйлчилгээний тоо нэмэгдэж хүн амын дунд эрүүл зан үйл төлөвшин эрсдэлт хүчин зүйлийн тархалтын түвшин буурна.
 
Зорилт 3.  Зонхилон тохиолдох ХБӨ-ий үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсронгуй (олон нийтийн оролцоог хангасан, тохиромжтой, хүртээмжтэй, үр дүнтэй) болгоно.
 
3.3.1. зонхилон тохиолдох ХБӨ-ийг эрт илрүүлэх скрининг, хянах үр дүн сайтай аргыг нэвтрүүлэх, үнэлгээ хийх;
 
3.3.2. эрүүл мэндийн анхдагч шатлалын тусламж (ЭМАШТ)-д суурилсан, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын нотолгоонд тулгуурласан эмнэл зүйн удирдамж, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эрүүл мэндийн хоёрдогч болон гуравдагч шатлалын түвшинд үндэсний чадамж бүрдүүлэх;
 
3.3.3. зонхилон тохиолдох ХБӨ-ийг бүртгэх, хянах, эмнэл зүйн үйлчилгээнд аудит хийх тогтолцоог өргөжүүлэх;  
 
3.3.4. тамхинаас гаргах, цусны даралт, илүүдэл жинг бууруулах, таргалалтын хам шалтгааныг тодорхойлон эмчлэх зэрэг эрсдэлтэй бүлгийн хүн амд зориулсан эмчилгээ-сургалтын хөтөлбөр, удирдамж боловсруулан хэрэгжүүлэх;   
 
3.3.5. ХБӨ-ий төгсгөлийн шатанд өвдөлт, бусад шинж тэмдгийг хөнгөвчлөн зовиур шаналгаагүй байлгахад чиглэсэн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх.  
 
Хүрэх үр дүн: Зонхилон тохиолдох ХБӨ-өөс сэргийлэх, хянах нийгэм, хамт олонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бий болж тасралтгүй байдал, чанар, хүртээмж нь  дээшилнэ.
 
Дөрөв.  Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
4.1. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог идэвхжүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүргийг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл хариуцна.
 
4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангах, хяналт тавих ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн бусад байгууллага /Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, Биеийн тамир, спортын улсын хороо, Хавдар судлалын төв зэрэг/-тай  хамтран гүйцэтгэнэ. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий салбар дундын ажлын бүлэг, түүний өдөр тутмын ажлыг гүйцэтгэх нэгж  ажиллана.
 
4.3. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг бүх шатны Засаг даргаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл  мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулж ажиллуулна. Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл нь орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн I улиралд багтаан тайлагнана.
 
4.4. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг нэгтгэн дүгнэж  Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл, Засгийн газарт жил бүрийн П улиралд тайлагнаж байна.
 
4.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хүлээх үүрэг:
 
4.5.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/зонхилон тохиолдох ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг судлан байнгын хяналт, тандалт хийж бодлого, стратегид шаардлагатай өөрчлөлт хийж байх, энэ чиглэлээр чадавхи бүрдүүлэх;
 
2/ХБӨ-өөс сэргийлэх, хянах үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг  судалж шийдвэрлүүлэх;
 
3/зонхилон тохиолдох ХБӨ, нас баралт болон эрсдэлт хүчин зүйлийн мэдээллийн сан байгуулах, мэдээллийн үзүүлэлтийг хянан боловсронгуй болгох;
 
4/ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нөөцийг дайчлах;
 
5/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжин удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах;
 
6/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг бусад хөтөлбөр, төсөлтэй уялдуулан хамтран ажиллах замаар хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэх;
 
7/хүн амд зохистой хооллолт, хөдөлгөөний идэвх, архи, тамхигүй аж төрөхийн ач холбогдлын талаар мэдлэг, дадал төлөвшүүлэхэд чиглэгдсэн албан бус болон зайны сургалтын хөтөлбөр, гарын авлага, аргачлал, зөвлөмжийг холбогдох яам, газартай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
 
8/зонхилон тохиолдох ХБӨ-ий үед үзүүлж байгаа эмнэл зүйн тусламж, үйлчилгээний дотор урьдчилан сэргийлэх арга хэмжээний эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд санхүүгийн болон бусад урамшуулал олгох эрх зүйн орчныг бий болгох;
 
9/ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих,  оношилгоо, эмчилгээний арга зүйн чиглэлээр ажиллах боловсон хүчнийг гадаад, дотоодод сургах, мэргэжлийг дээшлүүлэх;
 
10/зонхилон тохиолдох ХБӨ-ий оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг хянан шатлал бүрээр боловсруулж  мөрдүүлэх;
 
11/зонхилон тохиолдох ХБӨ-өөс сэргийлэх, хянах нэгдсэн үйл ажиллагааг сум, өрхийн эмнэлгээр үзүүлэх анхдагч шатлалын тусламж, үйлчилгээтэй уялдуулах, үр дүнг тооцох механизмыг боловсруулж мөрдүүлэх;
 
12/цусны даралт, цусан дахь холестрол, глюкозын хэмжээ, биеийн жин зэрэг үзүүлэлтийг өөрсдөө хянах дадал хэвшилд иргэдийг сургах, иргэд өөрсдөө хянах боломжтой, баталгаатай багаж, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, эрсдэл бүхий хүмүүсийн зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөрт гэр бүлийнх нь гишүүдийг оролцуулах зэргээр ХБӨ-ий хүндрэлээс сэргийлэх арга хэмжээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
 
13/зонхилон тохиолдох ХБӨ-өөс сэргийлэх, хянах талаар баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн үр дүн, хүн амын зан үйл, орчны өөрчлөлтийн байдалд судалгаа, үнэлгээ хийх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх;
 
14/эрсдэлт хүчин зүйлийг бууруулахын ач холбогдлын талаар баримт нотолгоонд тулгуурласан ухуулга сурталчилгаа явуулах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг мэдээллээр хангах;
 
15/ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн дэд хөтөлбөр  боловсруулж эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд сургалт явуулах;
 
16/хүн амын нас, ажил мэргэжлийн онцлогт тохирсон идэвхтэй хөдөлгөөний удирдамж, стандарт гарган нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн  зөвлөгөө, удирдлагаар хангаж ажиллах;
 
17/эмчилгээний тураах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж,  төвүүдэд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг судлах.
 
4.5.2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
           
1/хөтөлбөр хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагчидтай идэвхтэй хамтран ажиллах; 
 
2/зонхилон тохиолдох ХБӨ-өөс сэргийлэх, хянах чиглэлээр үндэсний хэмжээнд баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт тусгаж хэрэгжилтэд хяналт тавих.  
 
4.5.3. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
                1/хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх;
 
    2/архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний  хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх.
 
4.5.4. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/зохистой, эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих, архи, тамхины хэрэглээ бууруулахад чиглэсэн татварын бодлого, зах зээлийн урамшууллын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
 
2/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төрийн захиргааны төв байгууллагын захиалга, тооцоог үндэслэн хянан шийдвэрлэж жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган санхүүжүүлж байх;
 
3/ХБӨ-өөс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
 
4/гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хөтөлбөрийн тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
 
4.5.5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/эрүүл, зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөний ач холбогдол, архи, тамхины хор хөнөөлийн талаар суурь мэдлэг олгох чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт нэмэлт оруулах;
 
2/бүх шатны боловсролын байгууллагад суралцагсдыг "эрүүл", халуун хоолоор үйлчлэх, буцалсан цэвэр ус уух боломжийг бүрдүүлэх, энэ чиглэлээр нийтийн хоолны газар, хүнсний үйлдвэртэй гэрээ байгуулж ажиллах;
 
3/ерөнхий боловсролын сургуулийн өдрийн хоол хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх;
 
4/ерөнхий боловсролын сургуулийн болон дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүүхдийн хоолны хоногийн хэрэгцээ, илчлэгийн талаархи тогооч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах;
 
5/суралцагсдыг хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх,  идэвхитэй хөдөлгөөн хийх, биеэ чийрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх;
 
6/сургуулийг архи, тамхигүй орчин болгох талаар арга хэмжээ авах;
 
7/зонхилон тохиолдох ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр боловсон хүчнийг мэргэшүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
 
8/зонхилон тохиолдох ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр анагаах ухаан, сувилахуйн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг хянан үзэж  боловсронгуй болгох;
 
9/зонхилон тохиолдох ХБӨ-өөс сэргийлэх, хянах талаар баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн, хүн амын зан үйл, орчны өөрчлөлтийн байдалд хийх судалгааны ажлын төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх.
4.5.6. Хүнс,  хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/хүнсний найрлагыг бүрэн дүүрэн харуулах, хүн амд эрүүл сонголт хийх боломж олгох чиглэлээр хүнсний бүтээгдэхүүний шошгоны стандартыг "Хүнсний хууль эрх зүйн хорооны зөвлөмж", "Хүнсний бүтээгдэхүүний шошгоны Удирдамж Хууль"-ийн дагуу хянан шинэчилж мөрдүүлэх;
 
2/хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь давс, чихэр, тослогийн хэмжээг бууруулах чиглэлээр стандартыг хянаж шинэчлэн  мөрдүүлэх замаар эрүүл зохистой хооллолтыг дэмжсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
 
3/олон улсын болон үндэсний хоол тэжээлийн гарын авлагыг түгээх, эрүүл, зохистой хооллолтыг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүний шинэ төрлийг үйлдвэрлэх, сурталчлах ажилд зах зээлийн урамшуулал үзүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
 
4/үр тариа, төмс, хүнсний ногоо болон хүнсний бусад бүтээгдэхүүнийг хадгалах технологийн горимыг чанд сахиулах, хүнсний бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэгч хор /афлатоксин/ ялгаруулдаг мөөгөнцрөөр бохирдохоос хамгаалах;   
 
5/"Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх.
 
4.5.7. Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/давс, саахар, тослог багатай хүнсний бүтээгдэхүүн, жимс, ногооны хэрэглээг дэмжсэн импорт, экспортын бодлогын зохицуулалт хийж хэрэгжилтэд хяналт тавих 
 
2/идэвхитэй хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөтөлбөрт дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах;
 
3/хүн амын ахуйн хэрэглээний стандартад нийцсэн давсны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авах.
 
4.5.8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/ажилтныг жилд 1-ээс доошгүй удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч үр дүнг тооцож байх талаар ажил олгогч, ажилтны хүлээх үүрэг, хариуцлагын талаар хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжид тусгах;
 
2/ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, ажилтны аюул осолгүй, эрүүл орчинд ажиллах талаархи сургалт, сурталчилгааны ажлыг холбогдох байгууллага, иргэний нийгмийн оролцоотой зохион байгуулах;
 
3/хөтөлбөрийн үйл ажиллагааг хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний болон салбар хорооны үйл ажиллагаатай уялдуулах, жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангах;
 
 
4/эмзэг бүлгийн хүн амын дунд ХБӨ-ий эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, хүн амын бүлгийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг татан оролцуулах.     
 
4.5.9. Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/алхах, дугуйгаар явах болон бусад төрлийн хөдөлгөөн хийх боломжтой зам, талбайг нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэх;
 
2/шинээр барих барилга, орон сууц, зам талбайг төлөвлөхдөө алхах, дугуйгаар явах болон бусад төрлийн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх.
   
4.5.10. Зам, тээвэр, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, ач холбогдлыг нь сурталчлах;
 
2/хүн амын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулах, боломж нөхцөл бүрдүүлэх.   
 
4.5.11. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
 
1/зэвсэгт хүчин, онцгой байдлын алба бусад цэргийн бие бүрэлдэхүүн болон цэргийн албан хаагчдын дунд ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйл /зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи/-ээс сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх.
 
4.5.12. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага:
 
1/ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох арга хэмжээг авч байх;
 
2/импортын хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтыг олон улсын түвшинд хүргэж, хүнсний чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан нь бүрэн тогтоогдсон бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх;
 
3/хүний биед хортой, хорт хавдар үүсгэгч /канцероген/ бодис ялгаруулдаг үйл ажиллагааны онцлогтой болон цацраг идэвхит бодистой ажилладаг байгууллагын ажил, үйлдвэрлэлийн орчинд тавих хяналтыг тогтмолжуулах;  
 
4/зонхилон тохиолдох ХБӨ-ий оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийн хэрэгжилтэд хяналт тавих.
 
4.5.13. Стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага:
 
1/хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь давс, чихэр, тослогийн хэмжээг бууруулах чиглэлээр стандартыг шинэчлэн баталж мөрдүүлэх.   
 
4.5.14. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга:
 
1/хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
 
2/хөтөлбөрт нийцүүлэн өөрийн орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурлан ХБӨ-өөс сэргийлэх, хяналт тавих дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
 
3/эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлж ХБӨ-өөс сэргийлэх талаар  байгууллага, хамт олны дотор хөдөлгөөн өрнүүлэх, дэмжлэг үзүүлэх, тэднийг сурталчлах, урамшуулах арга хэмжээ авах;
 
4/харьяа байгууллагын үйл ажиллагааг дүгнэхдээ ХБӨ-өөс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх талаар хийсэн ажлыг нэг үзүүлэлт болгон үнэлэх;
 
5/хавдар, чихрийн шижин өвчний үед үнэ төлбөргүй олгодог эмийн зардлын тооцоог нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагаар гаргуулан жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлэх, зарцуулалтад хяналт тавьж ажиллах.
 
4.5.15.  Хэвлэл мэдээллийн байгууллага:
 
1/эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлж эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх замаар ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, өвчтэй хүмүүс өөртөө хэрхэн хяналт тавих асуудлыг нийтлэл, нэвтрүүлгийн бодлогодоо тусган хэрэгжүүлэх;
 
2/зохистой, эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, архи, тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн энгийн, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд өгөх, энэ чиглэлээр бусад байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах.
 
4.5.16.  Аж ахуйн нэгж, байгууллага:
 
1/ХБӨ-өөс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг тооцож жил бүрийн төсөвтөө тусган эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашгийг тооцож хэвших;
 
2/ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх талаар ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт явуулах, тэднийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа зохион байгуулалттайгаар хамруулж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
 
3/ажиллагсдад халуун хоолоор үйлчлэх,  буцалсан,  цэвэр ус уух боломж бүрдүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, биеэ чийрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж архи, тамхигүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, энэ талаар амжилт олж  байгаа нэгж, ажилтанг дэмжих, сурталчлах, тодорхой урамшуулал бий болгох;
 
4/үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ бодлогыг хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаанд нийцүүлэн ажиллах;
 
5/хүний биед хортой, хорт хавдар үүсгэгч /канцероген/ бодис агуулдаг үйл ажиллагааны онцлогтой ажил, үйлдвэрлэлийн орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг чанд баримталж ажиллах;  
 
6/цацраг идэвхит бодистой ажилладаг байгууллага орчны бохирдолтын түвшинд байнга хяналт тавьж ажиллагсдын хувийн болон хамт олны хамгаалалтын хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, хөдөлмөр хамгааллын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
 
4.5.17. Хүнсний үйлдвэр, зах, бүх төрлийн нийтийн хоолны газар:
 
1/ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйл болох мал, амьтны гаралтай өөх, тос, аахар болон давс, тамхи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр үйлчлүүлэгчдэд ээлтэй үйлдвэрлэл,  үйлчилгээ явуулах;
 
2/үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүн болон түүний тэжээллэг чанарын талаархи мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр өгч эрүүл, тэжээллэг хүнс сонгох боломж бүрдүүлэх.
 
4.5.18. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон бусад төрийн бус байгууллага:
 
1/хүнсний зүйлийн хэрэглээний талаар буруу мэдээлэл /чихэрлэг, давсалсан, нөөшилсөн, тослог ихтэй, хийжүүлсэн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжсэн/-д хяналт тавьж зохих мэдээлэл, эсрэг сурталчилгааг олон нийтэд хийж шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран явуулж байх;
 
2/хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд оролцох.
 
4.5.19.  Иргэд, олон нийтийн оролцоо:
 
1/эрүүл, зохистой хооллох, идэвхитэй хөдөлгөөн хийх, тамхи татахгүй байх, архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, архи, тамхинаас гарах талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан удирдамж, гарын авлага, зөвлөмжийг мөрдөж, амьдрал ахуйдаа дадал хэвшил болгохын төлөө ажиллах, бусдад мэдээлэл өгөх чадварт суралцах;
 
2/биеийн жингээ зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөнөөр зохицуулах, цусны даралт, цусан дахь саахарын хэмжээгээ өөрөө хянах арга барилд суралцах, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээлэл, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр зохиогдох арга хэмжээнд оролцох;
 
3/хүнсний зарим бүтээгдэхүүний талаар явуулж байгаа буруу мэдээлэл /чихэрлэг, давсалсан, нөөшилсөн, тослог ихтэй, хийжүүлсэн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжсэн/-ийн талаар  холбогдох байгууллагад мэдэгдэх.
Тав . Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ,
 үр дүн, шалгуур үзүүлэлт
 
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан бусад төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран улсын хэмжээнд, орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
 
5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
 
 
 
¹
Шалгуур үзүүлэлт
Эх үүсвэр
Одоогийн
түвшин
2005
Хүрэх үзүүлэлт
2009
2013
I.                    Анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн үзүүлэлт
 
1
Хүн амын тамхины хэрэглээний түвшин (хувиар)
*
25.9
23.4
20.4
2
Согтууруулах ундаа хэрэглэдэг хүний эзлэх хувийн жин (сүүлийн нэг сард)
*
30.5
29.0
27.0
3
Давсны хэрэглээ (гр/өдөр)
*
10.1
9.6
9.1
4
Жимс хэрэглэж байгаа өдрийн тоо(долоо хоногт)
*
 
1.6
2.0
2.5
5
 
Хүнсний ногоог өдөрт 2-оос дээш нэгж хэрэглэж байгаа хүний тоо (хувиар)
*
 
44.4
9.4
55.0
6
Долоо хоногийн ихэнх өдөр, хоногт 30 минутаас доошгүй хугацаагаар дунд зэргийн болон нэмэлтээр тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүний эзлэх хувийн жин 
*
15.4
18.4
23.4
П. Хоёрдогч эрсдэлт хүчин зүйлсийн үзүүлэлт
 
7
Илүүдэл жинтэй  хүний эзлэх хувийн жин (Биеийн жингийн индекс-БЖИ≥  25кг/м2)
*
39.3
38.3
37.0
8
Цусны (артерийн)  даралтын дундаж хэмжээ  (мм/муб)
а/ систол
б/ диастол
*
 
а/128.5
б/79.4
 
а/128.0
б/78.9
 
а/127.5
б/78.4
9
Цусан дахь холестерины  хэмжээ ихэссэн (>200 буюу 5.2 ммоль/л) тохиолдлын тархалтын түвшин (хувиар)
*
12.4
12.2
11.7
 
10
Цусан дахь глюкозын хэмжээ ихэссэн эрсдэлтэй  (≥5.6-<6.1 ммоль/л) тохиолдлын тархалтын түвшин (хувиар)
*
10.2
10.0
9.8
               Ш.Хавдрын эрт илрүүлэлтийн үзүүлэлт
 
11
Умайн хүзүүний хорт хавдар нь оношлогдсоноос хойш 5-аас дээш жил амьдарсан хүний эзлэх хувь
Хавдар судлалын төвийн статистик
2004
33.1
34.0
35.0
12
Хөхний хорт хавдар нь оношлогдсоноос хойш 5-аас дээш жил амьдарсан хүний эзлэх хувь 
-
29.1
30.0
31.0
IҮ. Нас баралтын үзүүлэлт
 
13
Зүрхний шигдээсийн улмаас   шалтгаалсан нас баралт
(10 000 хүн амд)
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт 2004
2.7
3.5
3.0-3.4
14
Тархины цус харвалтаас  шалтгаалсан нас баралт
(10 000 хүн амд)
 
-
9.7
15.1
12.5-14.0
15
Хорт хавдраас шалтгаалсан нас баралт
(10 000 хүн амд)
-
12.1
11.8
11.5-  11.7
 
Тайлбар: (*) Үндэсний хэмжээнд хийгдсэн ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн түвшин тогтоох суурь судалгаа. 2005 он
 
·                Хүнсний ногооны нэг нэгж :  а/ нэг аяга түүхий ногоо
                                    б/ хагас  аяга чанасан ногоо 
 
·                Зүрхний шигдээсийн улмаас шалтгаалсан нас баралт жил тутам 0.3 пунктээр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэн  нэмэгдэлтийн эрчмийг бууруулан  0.1 болгосноор 2009 онд нас баралт 3.5 болж нэмэгдэх боловч цаашдаа 0.3 пунктээр  буурна гэж тооцоолов.
 
·                Тархины цус харвалтаас шалтгаалсан нас баралт жил тутам 1.5 пунктээр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэн нэмэгдэлтийн эрчмийг бууруулан 0.8 болгосноор 2009 онд нас баралт 15.1 болж нэмэгдэх боловч цаашдаа  буурна гэж тооцоолов. 
 
 
 
-----оОо-----