A

A

A

Бүлэг: 1979
    Засгийн газрын 2006 оны 238 дугаар
                тогтоолын хавсралт
 
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ПАСПОРТЖУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Аюултай хог хаягдлыг паспортжуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
 
1.2. Аюултай хог хаягдлын паспорт нь /цаашид "паспорт" гэх/ тухайн хог хаягдлын бүтцийн талаархи мэдээллийг агуулсан, ямар төрөл аюулын зэрэглэлтэй хог хаягдалд хамаарахыг тогтоосон, тэдгээрийг ашиглах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, булах, устгах технологийг тусгасан баримт бичиг мөн.
 
1.3. Паспорт нь эх үүсвэрээс гарах аюул, эрсдэлийн талаархи мэдээллийг ил тод болгох, аюултай хог хаягдлын хор хөнөөлөөс сэргийлж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үүргийг тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хариуцуулахад оршино.
 
1.4. Аюултай хог хаягдал гаргадаг, түүнтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн заавал паспорт авна.
 
1.5. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийн 3.3-т заасан аюултай хог хаягдлын ангилалд тодорхойлогдсон хог хаягдлаас гарч болох осол, эрсдэлийн тухай мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг тухайн аюултай хог хаягдал гаргагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хариуцна.
 
Хоёр. Аюултай хог хаягдлын паспорт авах
 
2.1. Аюултай хог хаягдал гаргадаг, түүнтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө паспорт олгохыг хүссэн хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Уг хүсэлтэд  дараахь мэдээллийг хавсаргасан байна:
 
2.1.1. эх үүсвэр болон хог хаягдал гаргагч, аж ахуйн нэгж,
байгууллага, иргэний нэр, хаяг;
 
2.1.2. тухайн төрлийн хог хаягдалд агуулагдаж байгаа хортой, аюултай бодисын агууламжийн хэмжээ, хоруу чанар, аюул эрсдэлийн тухай мэдээлэл;
 
2.1.3. хог хаягдлын биологийн болон физик-химийн шинж чанар;
 
            2.1.4. аюултай хог хаягдал гаргах, ашиглах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, булах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл;
 
            2.1.5. энэ журмын 2.1.4-т зааснаас үүдэлтэй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвар бүхий мэргэжилтэй боловсон хүчин, энэ ажилд зориулагдсан тоноглол хэрэгслийн нөөц хангамж;
 
2.1.6. аюултай хог хаягдлыг ашиглах,  цуглуулах, хадгалах, тээвэрлэх, булах, устгах үед аюул, осол гарсан тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламж, хор уршгийг арилгахад шаардагдах бэлтгэл нөөцийн бүрдэл, хангалт.
 
2.2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн аюултай хог хаягдлынхаа тухай мэдээллийг үнэн зөвөөр гаргах үүрэгтэй.
 
Гурав. Аюултай хог хаягдлын паспорт олгох
 
3.1. Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага паспорт олгоно. Паспортын загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд батална. Паспорт нь нууцлалтай байна.
 
3.2. Аюултай хог хаягдлын бүтцийн талаархи мэдээллийг бүрэн эзэмшсэн, тэдгээрийг тээвэрлэх, хадгалах, булах, устгах технологийн шаардлага хангасан, мэргэжлийн боловсон хүчин бүхий аж ахуйн нэгж, байгууллага болон энэ чиглэлийн боловсрол, мэргэшилтэй иргэнд паспортыг олгоно.
 
3.3. Аюултай хог хаягдлын паспортгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн хог хаягдлыг ашиглах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
 
3.4. Аюултай хог хаягдлын паспорт нь олгосон өдрөөсөө эхлэн гурван жил хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд түүнийг зөвхөн нэг удаа хоёр хүртэл жилээр сунгана.
 
3.5. Аюултай хог хаягдалтай харьцах технологийн шаардлагыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний паспорт эзэмших эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр цуцална.
 
----оОо---