A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 239 дүгээр
                                                                                тогтоолын 1 дүгээр хавсралт
  "СҮҮ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Сүү, цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай шим тэжээл болох уураг, амин хүчил, тос, нүүрс ус болон амин дэм, эрдэс бодисыг хамгийн зохистой харьцаагаар агуулдаг онцгой бүтээгдэхүүн тул түүний хангамж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад төрөөс анхаарал тавьж, тус үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болно.
 
2. Сүү, сүүн бүтээгдэхүүний өнөөгийн байдал. Хүн амын хоол тэжээлийн бодисуудын талаархи зөвлөмжид зааснаар монгол хүн жилд 124.1 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой бөгөөд 2005 оны байдлаар энэ үзүүлэлт хотод 66.0 кг, хөдөөд 244.8 кг байна.
 
2005 онд 335.1 сая литр сүү, цагаан идээг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс зах зээлд нийлүүлж, үйлдвэрийн аргаар 7.2 сая литр сүү боловсруулж, 20.9 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн импортлосноор хүн амын сүү, цагаан идээний нийт хэрэгцээний 91.7 хувийг хангасан дүнтэй байна. Гэвч 1990 онтой харьцуулахад малын тэжээл үйлдвэрлэл 3 дахин, сүүний чиглэлийн цэвэр болон эрлийз үнээний тоо 4 дахин, сүүний үйлдвэрлэл  25.8 хувиар буурч, нийт үйлдвэрлэсэн сүүний дөнгөж 2.2 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна. 2004 онд хийсэн хоол тэжээлийн үндэсний судалгаа болон статистик мэдээнээс үзэхэд хот, суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс 4 дахин бага, хангамж жигд бус байна.
 
3. 1999-2004 онд хэрэгжүүлсэн "Цагаан хувьсгал² үндэсний хөтөлбөрийн үр дүн: Хүн амын сүү, цагаан идээний хангамж, чанарын баталгааг сайжруулах, малчид, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр шинээр бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Цагаан хувьсгал" Үндэсний хөтөлбөрийг батлан, 1999-2004 онд хэрэгжүүлсэн бөгөөд дээрх хугацаанд сүүний чиглэлийн фермерийн аж ахуй олноор байгуулагдан, сүү боловсруулах үйлдвэр, цехийн тоо 80 гаруйд хүрч, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад 4.7 дахин нэмэгдсэн зэрэг нааштай үр дүн гарсан байна.
 
4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын сүүний салбарыг сэргээн хөгжүүлэх зорилгоор    1.9 сая ам.долларын санхүүжилт бүхий "Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх" төслийг 2004 оноос 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төсөл нь сүүний үйлдвэрлэл, зах зээлийг нэмэгдүүлэх, сургалт гэсэн 3 дэд хүрээнд сүүний чиглэлийн үхрийн үржлийн ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах, сүү цуглуулах, хөргөх, хадгалах, тээвэрлэх сүлжээ бий болгох, салбарын ажиллагсдыг мэргэшүүлэх сургалтын загвар төв, байгууламжуудыг төвийн бүсийн 3 томоохон хотын ойролцоо байгуулж, тодорхой үр дүнд хүрч байгаа хэдий ч хамрах хүрээ, санхүүжилт хязгаарлагдмал тул хүн амын хэрэгцээг бүрэн хангах боломжгүй юм.
 
5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл, шаардлага:
 
            5.1. төв, суурин газрын хүн амыг жилийн турш үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад малын тэжээлийн үйлдвэрлэлийг өнөөгийн хүрсэн түвшингээс 3 дахин, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн болон эрлийз үнээний тоог   2.5 дахин, сүү боловсруулах жижиг үйлдвэр, цехийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
  
5.2. сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь ажлын байр бий болгох, өрх, аж ахуйн орлогыг нэмэгдүүлэх, хүн амыг чанартай, аюулгүй хүнсээр хангах зэрэг чухал асуудлыг шийдвэрлэх бөгөөд Монгол орны ядуурал, хоол хүнсний хомсдлыг 2015 он гэхэд 2 дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
 
5.3. Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын 7.1-ийн а-д "уламжлалт цагаан идээ хийхийн зэрэгцээ орон нутагт сүү хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, хадгалах байгууламжийг бий болгож, хот, суурин газарт боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх" гэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, чанарыг сайжруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ", "сүү, цагаан идээг орон нутагт үйлдвэрийн аргаар боловсруулах жижиг үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан цагаан идээний хангамжийг сайжруулна" гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд "Сүү" үндэсний хөтөлбөр чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
 
6. Хөтөлбөрийн зорилго. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, нэр төрлийг нэмэгдүүлэх, түүний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн түвшинг дээшлүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах, экспортлох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
 
7. Хөтөлбөрийн энэхүү зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
 
7.1. Нэгдүгээр зорилт. Сүү, цагаан идээний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн тааламжтай орчинг бүрдүүлэх;
 
7.2. Хоёрдугаар зорилт. Төв, суурин газрын ойролцоо сүүний чиглэлийн мал бүхий эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, малчин өрх, фермер, үйлдвэрийн хоршин ажиллах санаачилгыг дэмжих;
 
7.3. Гуравдугаар зорилт. Сүү боловсруулах, савлах бага хүчин чадалтай тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийг дэмжин, сум, багийн түвшинд нэвтрүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн түвшинг сайжруулах;
 
7.4. Дөрөвдүгээр зорилт. Зохицуулах үйлчилгээтэй сүү, сүүн бүтээгдэхүүн, сувиллын болон хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх;
 
7.5. Тавдугаар зорилт. Сүү, цагаан идээний ач холбогдлын талаар хийх сургалт, сурталчилгааг өрнүүлэн, хүүхэд залуучуудын дунд сүү, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх замаар импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих.
           
Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
8. Нэгдүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.1. төвлөрсөн газрын худалдаа, үйлчилгээнд боловсруулж ариутгасан, чанарын баталгаатай сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлж байхаар холбогдох хууль тогтоомжид тусгах асуудлыг судалж шийдвэрлэх;
8.2. сүү боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгох, импортоор авах тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж санал боловсруулж батлуулан мөрдөх;
8.3. өндөр ашиг шимтэй сүүний үхрийн үр, хөврөл үр, хээлтэгч, хээлтүүлэгчийг импортоор авахад гааль, татварын болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;
8.4. малчид, фермерүүдэд бэлчээрийг урт хугацаагаар эзэмшүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
8.5. сүү, саам, айрагны сувиллын газар ажиллуулах стандартыг боловсруулан батлуулж мөрдөх;
8.6. сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах "Цэвэр өсгөврийн хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх" журам, сүүний үйлдвэрлэлийн үе шат, дамжлага, технологи, ариун цэврийн холбогдолтой стандарт, журмыг шинэчлэх болон шинээр боловсруулан батлуулж мөрдүүлэх.
9. Хоёрдугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
9.1. сүүний чиглэлийн фермерийн аж ахуй байгуулах, тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэх санаачилгыг дэмжих;
9.2. сүүний чиглэлийн үхрийн тоог нэмэгдүүлэх, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор үржлийн үндэсний схем, бүртгэлийг нэвтрүүлэх;
 
9.3. аймаг, нийслэл, томоохон төв, суурин газрын орчимд өндөр ашиг шимтэй сүүний эрчимжсэн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйд технологи болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
 
9.4. сүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа фермерүүдийг түшиглэн сүү цуглуулах, хөргөх төвүүдийг байгуулах, технологи эзэмшүүлэх сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
 
9.5. малчид, фермер хоорондоо хоршин ажиллах, мал эмнэлэг, үржил, тэжээлийн мэргэжилтэнтэй болох, сүү боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллах хэлбэрийг бодлого, үйл ажиллагааны чиглэлээр дэмжих.
 
10. Гуравдугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
10.1. малыг саалинд бүрэн хамруулах талаар малчид, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, хоршоодын үйл ажиллагааг чиглүүлэх, малчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх;
 
10.2. худалдаанд нийлүүлэх сүү, сүүн бүтээгдэхүүнд чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн хурдавчилсан шинжилгээ хийх хөдөлгөөнт болон суурин цэг, лаборатори байгуулахад төсвийн болон гадаад, дотоод санхүүжилтийг зохистой ашиглах;
 
10.3. өрх, хоршоо, малчдын бүлгийн түвшинд сүүнд анхан шатны боловсруулалт хийх, сүү боловсруулах бага хүчин чадалтай тоног төхөөрөмжийг импортоор оруулахыг урамшуулах, ашиглах чиглэлээр холбогдох сургалт зохион байгуулах;
 
10.4. саалинд ашиглаж байгаа малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эрүүлжүүлэх чиглэлээр улсын төсөв болон гадаадын төсөл, хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлэх;
 
10.5. байгалийн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг түшиглэн сүү, цагаан идээний сувилал байгуулж ажиллуулах төсөл шалгаруулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
 
10.6. орон нутагт үйлдвэрлэсэн сүү, цагаан идээг төвлөрсөн зах зээлд нийлүүлэх тогтолцоо бий болгох.
 
11. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
11.1. сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах технологийг боловсронгуй болгох, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгохтой холбогдсон шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
 
11.2. хүүхдийн болон сувиллын хоол тэжээл, зохицуулах үйлчилгээтэй сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
 
11.3. сүүний үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулж, үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
 
12. Тавдугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
            12.1. сүү, цагаан идээний ач холбогдлын талаархи сурталчилгааг өргөн хүрээнд зохион байгуулах;
           
12.2. бага насны хүүхдийн сүү, цагаан идээ дэд хөтөлбөрийг холбогдох яам, байгууллагатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
 
12.3. сүү, цагаан идээ, саам сэдэвт аян, өдөрлөгийг орон даяар нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулах;
 
12.4. сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн байгууллага, хамт олныг шалгаруулж, олон нийтэд сурталчлах.
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,
зохион байгуулалт
 
13. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яам хариуцна. Хөтөлбөрийн удирдлага нь Хүнсний салбарын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороо байна. Аймаг орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг, нийслэлийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал хоол тэжээл" хөтөлбөрийн салбар зөвлөлүүд хариуцна. 
 
14. Хүнс, хөдөө аж ахуйн яам нь тодорхой арга хэмжээний хэрэгжилтийг холбогдох төрийн бус байгууллага, нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж болно.
 
15.            Орон нутгийн салбар зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн 1 дүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ирүүлэх бөгөөд яам тайланг нэгтгэн Хүнсний салбарын үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороонд танилцуулж, улмаар Засгийн газарт тайлагнана.
 
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
 
            16. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
 
16.1. улсын болон орон нутгийн төсөв;
 
16.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
 
16.3. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө;
 
16.4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа "Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх" төслийн "Сүүний салбарыг хөгжүүлэх сан";
 
16.5. Бусад эх үүсвэр.
 
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
 
17. Энэхүү хөтөлбөрийг 2007-2016 оныг дуустал 10 жилийн хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
 
17.1. Нэгдүгээр үе шат 2007-2012 он. Сүүний эрчимжсэн аж ахуй, сүү боловсруулах үйлдвэрүүд байгуулагдан, анхан шатны боловсруулалтад оруулсан сүү болон түүний чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаатай сүүн бүтээгдэхүүнийг хот, суурин газарт нийлүүлэх сүлжээ бий болно.
 
17.2. Хоёрдугаар үе шат 2013-2016 он. Импорт орлох сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ тогтвортой нэмэгдэж, хүн амын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж экспортод гаргах эхлэл тавигдана.
 
Долоо. Хөтөлбөрөөс гарах үр дүн, шалгуур үзүүлэлт
 
18. Хүлээгдэж буй үр дүн:
 
18.1. хот, суурин газрын ойролцоо сүүний чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй олноор байгуулагдаж, малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжинө;
 
18.2. саалинд хамрагдах малын тоо өсч, сүүний үйлдвэрлэлийн улирлын хамаарал багассанаар сүүний нөөц ашиглалт сайжирна;
 
18.3. саалинд хамрагдаж байгаа малд эрүүл мэндийн үзлэг хийж, гэрчилгээ олгодог болно;
 
18.4. хот, суурин газар борлуулах сүүнд чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн хурдавчилсан шинжилгээ хийх орчин, нөхцөл бүрдэнэ;
 
18.5. сүү цуглуулах, хөргөх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах тогтвортой бүтэц бий болно;
 
18.6. сүү, цагаан идээний боловсруулалтын түвшин дээшилнэ;
 
18.7. сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цех, сувиллын болон цагаан хоолны газрын тоо нэмэгдэнэ;
 
18.8. бага насны хүүхдийн сүү, цагаан идээ дэд хөтөлбөр хэрэгжин, хэрэглээг дэмжсэн тогтвортой үйлдвэрлэл бий болно;
 
18.9. сүү, цагаан идээний хэрэглээ нэмэгдэн, хангамж сайжирснаар хүн амын эрүүл мэндийн байдалд нааштай өөрчлөлт гарна.
 
19. Шалгуур үзүүлэлт:
 
19.1. малын тэжээлийн үйлдвэрлэл, тэжээлийн нэр төрлийн өсөлт;
 
19.2. сүүний чиглэлийн фермерийн аж ахуй болон үнээний тооны өсөлт;
 
19.3. саалинд хамрагдсан малын тооны өсөлт;
 
19.4. үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 2012 онд 2005 онтой харьцуулснаар 5 дахин нэмэгдэж, 2016 онд хөдөө аж ахуйд бэлтгэсэн нийт сүүний 20 хувьд хүрнэ;
 
19.5. нийт сүүнд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан сүүний эзлэх хувийн өсөлт;
 
19.6. сүүнд хурдавчилсан аргаар шинжилгээ хийх суурин болон явуулын цэг, лабораторийн тоо;
 
19.7. сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээний өсөлт;
 
19.8. хот, хөдөөгийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний түвшинд гарсан өөрчлөлт;
 
19.9. шинээр байгуулагдсан сувиллын болон цагаан хоолны газар, үйлдвэр, цехийн тоо болон үйлчилгээнд хамрагдсан хүний тооны өсөлт;
 
19.10. сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ;
           
19.11. импортоор авсан сүүний хэмжээ;
 
19.12. шинээр бий болсон ажлын байрны тоо;
 
19.13. сургалтад хамрагдсан ажиллагсдын тоо;
           
19.14. сурталчилгааны үр дүн.
 
            20. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жил бүрийн шалгуур үзүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуйн яам тогтоон Хүнсний салбарын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороогоор батлуулж мөрдөнө.
 
 
 
-----оОо-----