- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР (CAREC)-ИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛС БУСАД ГИШҮҮН ОРОН БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2006 оны 249 дүгээр
тогтоолын хавсралт
ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР (CAREC)-ИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛС БУСАД ГИШҮҮН ОРОН БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Нэг. Хөтөлбөрийн гишүүн орнууд ба газар зүйн хамрах
хүрээний асуудлууд:
1. Оросын Холбооны Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" гэх)-т гишүүнээр нэгдэн орох нь гишүүн орнуудыг Европ болон Зүүн Азийн хөгжингүй орнуудын зах зээлтэй холбоход чухал ач холбогдолтой бөгөөд Төв Азийн бүс нутгийн зам, тээвэр, худалдаа, эрчим хүчний салбарын хөгжилд ихээхэн нөлөөтэй тул ОХУ-ын гишүүнчлэлийн асуудлыг дэмжих. Хөгжингүй улс орнуудын зах зээлтэй холбох асуудалтай холбогдуулан Хөтөлбөрийн гишүүн орнуудын зүгээс хөгжиж байгаа эдийн засаг бүхий орнуудыг АНУ, Япон Улс, БНСУ-тай холбох, улмаар далайд гарцтай болох асуудлыг хөтөлбөрийн хүрээнд судлах.
2. БНХАУ-ын зөвхөн Шинжан-Уйгурын Өөртөө засах орон Хөтөлбөрт хамрагдаж байгаа нь Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс зэрэг орнуудад олон улсын гарцтай болох нөхцөлийг хязгаарлаж байгаа тул БНХАУ-ын бусад муж, тухайлбал БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон хамрагдах боломжийн талаар хөтөлбөрийн хүрээнд судлах.
Хоёр. Зам, тээврийн салбарын асуудлууд:
1. Авто зам
1/ Азийн хөгжлийн банк (цаашид АХБ гэх) болон Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа "Монгол Улсын баруун бүсийн авто замыг хөгжүүлэх" төслийн хүрээнд Ярантай–Ховд–Өлгий–Цагааннуур (АН-4) чиглэлийн авто замыг барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд Хөтөлбөрийн гишүүн олон улсын байгууллагуудаас дэмжлэг авах;
2/ Ховд – Улаангом – Боршоо чиглэлийн зам барих;
3/ АН-4 замыг Улаанбаатар хот буюу Азийн замын сүлжээний АН-3 дугаар замтай АН-32 замаар холбох талаар судалгаа хийх;
4/ Монгол Улс Азийн авто замын сүлжээнд нэгдэн орсон АН-4 замын Ярантайн боомтод БНХАУ-аас олон улсын гарц өгөөгүй байгаа тул АН-4 чиглэлийн дагуу БНХАУ-ын нутаг дэвсгэрээр Төв Азийн орнуудад тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
5/ Хойд чиглэл /Алтанбулаг/-ийн авто замын ачаа тээвэрлэлтийн хэмжээ, хөдөлгөөний эрчим төлөвлөж байснаас нэлээн их байгаагийн зэрэгцээ уг зам нь олон улсын зэрэглэлтэй замын хувьд хамгийн доод стандарт буюу 6 метрийн өргөнтэй тул тус чиглэлийн замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор түүнийг өргөтгөх.
2. Агаарын зам
1/ Манай улсад хил орчмын агаарын тээврийг хөгжүүлэх зорилгоор баруун аймгуудын нисэх буудлын дэд бүтцийг бий болгож, зам харилцааг сайжруулснаар баруун бүсэд аялал, жуулчлалыг бусад гишүүн орон болон Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хөгжүүлэх.
3. Төмөр зам
1/ Тээвэрлэлтийн чанарыг сайжруулж, түргэн шуурхай болгох зорилгоор төмөр замыг цахилгаанжуулах асуудлыг хөтөлбөрийн хүрээнд судлах;
2/ Монгол Улсын төмөр замын сүлжээг хөгжүүлэх судалгаа хийх. Тээвэрлэх, дамжин өнгөрөх барааны урсгалын судалгаа хийх;
3/ Монгол Улсын баруун бүсийг БНХАУ-ын Шинжан-Уйгурын Өөртөө засах орон, дундад Азийн орнуудтай төмөр замаар холбох боломжийг судлах.
Гурав. Эрчим хүчний салбарын асуудлууд:
1. ОХУ-аас БНХАУ-ын баруун бүс рүү татаж байгаа нефть болон хийн хоолой, авто замыг Монгол Улсын баруун бүсээр дамжуулан өнгөрүүлэх талаар хамтран ажиллах асуудлыг Хөтөлбөрийн хүрээнд судлах.
2. Монгол Улсын Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийг бэхжүүлэх, шинэ эх үүсвэр барихад хөрөнгө оруулалт хийх төсөл хэрэгжүүлэх.
3. Эрчим хүчний салбарын үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх зохицуулалтын орчинг боловсронгуй болгох талаар судалгаа хийх.
4. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын баруун бүсийн хөрш зэргэлдээ орнууд болох Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, БНХАУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах бодлогыг тодорхойлох, энэ чиглэлээр судалгаа хийх.
5. Монгол Улсын баруун бүсээс хөрш зэргэлдээ орнуудад нүүрс экспортлох, нүүрсийг хийжүүлэх, нүүрсний гүн боловсруулалт хийх, баруун бүсийн нүүрсний орд дээр түшиглэн цахилгаан станц барьж байгуулах, эрчим хүчийг экспортлох чиглэлээр цогц судалгаа хийх.
6. Монгол Улсын баруун бүсэд салхи, усны эрчим хүчийг ашиглах, томоохон салхин парк, усан цахилгаан станц барьж байгуулах талаар судалгаа хийх, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх.
7. Киотогийн протоколын хүрээнд байгаль орчны сангуудаас эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, цэвэр хөгжлийн механизмыг ашиглах боломж, энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллах.
Дөрөв. Худалдааны салбарын асуудлууд:
Баруун бүсийн тулгуур төв болох Ховд, Улиастай хотуудын эдийн засгийн чадавхи, дэд бүтцийг сайжруулж, чөлөөт худалдаа болон бизнесийг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх шаардлагын дагуу:
1. Баян-Өлгий аймагт Цагааннуурын дамжлага баазыг түшиглэн "Цагааннуур" худалдааны чөлөөт бүс байгуулж улмаар ОХУ-ын Сибирийн тойргоор дамжин Төв Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Булганы боомтоор БНХАУ-ын Шинжан-Уйгурын Өөртөө засах оронтой холбогдсон дэд бүтэц, худалдааны сүлжээ бий болгох. Энэ зорилгоор Төв Азийн орнуудад худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байгуулан ажиллаж байгаа туршлагыг судлах, мэдээлэл солилцох, чөлөөт бүсийн асуудлаар мэргэжилтэн бэлтгэх, сургалтад хамруулах, Цагаан нуур худалдааны чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг авах чиглэлээр хамтран ажиллах, техникийн туслалцаа авах.
2. Баруун бүсэд геологи, уул уурхайн хайгуул хийх, олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах, техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа хийх.
3. Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд зэрэг аймагт өргөн хэрэглээний бараа болон хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, техникийн зориулалттай барааны бөөний худалдааны төв, түүхий эдийн бирж байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх асуудлыг судлах.
4. Баян-Өлгий аймаг, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулах үйлдвэр, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах болон мод, модон материалын хамтарсан жижиг, дунд үйлдвэрийг Казахстаны талын хөрөнгө оруулалтаар байгуулан ажиллах.
5. ОХУ, БНХАУ-тай байгуулах дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийн хавсралт, холбогдох судалгаа хийх, уулзалт хэлэлцээг үргэлжлүүлэх, эцэслэн тохиролцох, хэлэлцээр байгуулахад Хөтөлбөрийн зүгээс дэмжлэг авах.
Tав. Гаалийн салбарын асуудлууд:
1. Гаалийн лабораторийг бэхжүүлж, Монгол Улсын худалдааны боомтуудын тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх.
2. Хилийн боомтууд дээр явуулын лаборатори, рентген тоног төхөөрөмжийг суурилуулах.
3. Автоматжуулсан системийг боловсронгуй болгох замаар гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээний хүрээг өргөтгөн, улмаар гадаад худалдаанд оролцогч бусад байгууллагуудтай холбогдож цахим гадаад худалдааны нэг цонхны үйлчилгээнд нэвтрэх бэлтгэл ажлыг хангах.
4. Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт заасан асуудлыг хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулах, "Гааль-Бизнесийн секторын зөвлөлдөх хороо"-ны хурлыг тогтмолжуулах.
5. Гаалийн хамтын ажиллагааны хорооны худалдааг хөнгөвчлөх Хөтөлбөрийн хүрээнд "Хилийн хамтарсан хяналт шалгалт"-ын туршилтын бэлтгэл ажлыг хангах асуудлаар БНХАУ-ын гаалийн байгууллагатай байгуулсан "Санамж бичиг"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах. Энэ зорилгоор эхний шатанд хоёр талын мэргэжилтний багийг байгуулан анхны хуралдааныг хийж улмаар хоёр талын Ажлын хэсгийг томилж, үүрэг чиглэл өгч ажиллуулах.
6. Гаалийн салбар тэргүүлэх чиглэлтэй оролцож байгаа Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийг ложистикийг хөгжүүлэх асуудалтай уялдуулах зорилгоор АХБ-ны дэмжлэгтэйгээр хийгдсэн судалгааны ажлыг хэрэгжүүлэх. Уг асуудлыг Хөтөлбөрийн Худалдааны бодлогын салбараас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй уялдуулах.
Зургаа. Шинэ салбарт хамтран ажиллах асуудлууд:
1. Аялал, жуулчлалын салбар:
1/ Бусад гишүүн орнуудтай хамтран Монгол Улсын баруун бүсэд аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл, боломжийг судалж, аялал, жуулчлалын салбарын хүний нөөц болон дэд бүтцийг бий болгох, бэхжүүлэх саналыг төлөвлөгөөнд тусгах.
2/ Казахстан-Улаанбаатар-Казахстан, Казахстан-Өлгий-Казахстан, Казахстан-Өлгий-Улаанбаатар-Өлгий-Казахстан гэсэн ерөнхий маршрутын дагуу улс дамнасан, хамтарсан аялал, жуулчлалын маршрут бий болгон хэрэгжүүлэх. Европын авиакомпаниудын нислэгийг Монгол руу сунгах.
3/ Турк, Энэтхэгийн жуулчдыг Бүгд Найрамдах Казахстан Улсаар дамжуулан Монголд аялуулах.
4/ Урт хугацаагаар, 14 хоногоос 1 сарын хугацаанд аялах, баруун Европын жуулчдыг Узбек-Казахстан-Монгол-Казахстан-Узбек гэсэн маршрутаар улс хамруулсан хамтарсан аялал, жуулчлалын шинэ маршрут бий болгож хэрэгжүүлэх.
5/ Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Узбек Улсуудын аялал, жуулчлал, агаарын тээврийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай танилцах аялал, уулзалт зохион байгуулж, санал солилцох.
2. Хүнс, хөдөө аж ахуйн салбар:
1/ Монгол Улс нь мал аж ахуйн салбар дахь харьцангуй давуу талаа ашиглан энэ салбарын бүтээгдэхүүнийг боловсруулах, экспортлох чиглэлээр ажиллах асуудлыг судлах.
2/ Хүн амын хүнсний аюулгүй байдал, хоол, тэжээлийн дутагдлыг бууруулах, хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
3/ Усалгаатай тариалангийн орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх ажлыг судлан боловсруулж гурил, гурилан бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангах.
4/ Малын чанар, удмын санг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх чиглэлээр ажиллах.
3. Байгаль орчны салбар:
1/ Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд багагүй хохирол учруулж байгаа агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төв, суурин газрын хүн амын ахуйн хэрэглээнд хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хий дамжуулах хоолой тавих, хийг савлаж импортлох боломжийг судлах.
2/ Монгол орны гадаргын усны нөөцийн ашиглалтыг сайжруулах, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Туул голууд дээр усан сан байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтыг өргөжүүлж, Эгийн гол, Орхон, Ховд голуудад усан цахилгаан станц байгуулах, Майхан толгойд усан цахилгаан станц барих үндэслэлийг нарийвчлан судлах.
------оОо-----
Текст томруулах
A
A
A