A

A

A

Бүлэг: 1979
                                                       Засгийн газрын 2006 оны 166 дугаар
                                   тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
      ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ НӨХӨН ТӨЛӨХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл  
1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10.1.2, 10.3-т заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 
1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /цаашид "Сан" гэх/-гаас олгож байгаа зээл нь үйлдвэрлэл, үйлчилгээ эхлэх болон шинээр ажлын байр бий болгох, өргөтгөхөд боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
 
1.3. Зээлийг Засгийн газрын тусгай зориулалтын сангийн мөнгөн хөрөнгөөс олгоно.
 
1.4. Сангаас зээл олгох, зээлийн хүүг нөхөн төлөхөд зарцуулах хөрөнгийн хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
1.5. Ажлын байр шинээр бий болгох, өргөтгөхөд нь зориулан Сангаас зээл олгох, зээлийн хүүг нөхөн төлөх үйл ажиллагааг банк, банк бус санхүүгийн байгууллага эрхэлнэ.
      
          Хоёр. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх банк,
              банк бус санхүүгийн байгууллага
 
2.1. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх банк, банк бус санхүүгийн байгууллага нь дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
 
-Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн нэг жилийн турш хангасан тухай хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;
 
-зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг Сангийн өмнө бүрэн хариуцахаа илэрхийлсэн баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулсан байх;
 
-зээлийн үйл ажиллагааг орон нутагт явуулах боломжтой байх.
 
2.2. Сангаас зээл олгох үйл ажиллагааг эрхлэх банк, банк бус санхүүгийн байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зарлан явуулж энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан банк, банк бус санхүүгийн байгууллагыг шалгаруулна.
 
2.3. Тендерт шалгарсан банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулах гэрээний загварыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
2.4. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг Сангийн өмнө бүрэн хариуцна.
 
2.5. Зээлийн хүүгийн хэмжээ нь Сангаас мөнгөн хөрөнгийг байршуулсан банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн доод хэмжээтэй тэнцүү байна. 
 
                          Гурав.   Банк, банк бус санхүүгийн
                      байгууллагатай байгуулах гэрээ
 
            3.1. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалтаар шалгарсан банк, банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн үйл ажиллагаа эрхлэх талаар гэрээ байгуулна.
 
3.2. Гэрээнд дараахь асуудлыг тусгасан байна:
 
3.2.1. талуудын эрх, үүрэг, хариуцах албан тушаалтан;
 
3.2.2. эцсийн зээлдэгчид олгох зээлийн хэмжээ, хүү, хугацаа;
 
3.2.3. зээлийн санд тавих хяналт;
 
3.2.4. зээлийн хөрөнгийг эгүүлэн татах нөхцөл;
 
3.2.5. хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн       захиргааны байгууллагатай хамтран ажиллах нөхцөл;
 
3.2.6. гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа;
 
3.2.7. гэрээг цуцлах нөхцөл. 
              Дөрөв. Зээл олгох үйл ажиллагаа
 
4.1. Зээл авахыг хүссэн хувиараа, эсхүл өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсч байгаа ажилгүй иргэн болон малчин, албан бус хөдөлмөр эрхлэгч нь аймаг, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албанаас сургалт, түүнчлэн мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамрагдсан тухай тодорхойлолт авч банк, банк бус санхүүгийн байгууллагад хандана. Энэхүү тодорхойлолт нь зээл олгоход  шаардагдах баримт бичгийн бүрдэл хэсэг болно. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь аймаг, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны тодорхойлолтгүйгээр зээл олгохгүй.
 
4.2. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь зээл олгох эсэх асуудлыг дангаараа шийдвэрлэнэ.
 
4.3. Эцсийн зээлдэгчид зээлийг нэг жил хүртэл хугацаагаар олгох бөгөөд түүний дээд хэмжээ нь 10.0 /арван/ сая төгрөг хүртэл байна.   
 
4.4. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шинээр бий болгох, өргөтгөх ажлын байрны талаар зээлдэгчидтэй байгуулсан гэрээг үндэслэн ажлын байрны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. 
 
           Тав. Зээлийн хүүгийн нөхөн төлөлт
 
5.1. Аж ахуй эрхлэх болон тодорхой мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамрагдан хувиараа хөдөлмөр эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаагаа өргөтгөх хүсэлтэй ажилгүй иргэн болон малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг харгалзан материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног  төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авахад нь зориулж нэг хүртэл жилийн хугацаатай олгосон 1.0 /нэг/ сая хүртэлх төгрөгийн зээлийн хүүг нэг удаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгож болно.
 
5.2. Нөхөн төлөх зээлийн хүүг банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр дамжуулан олгох бөгөөд түүний хэмжээ нь тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагаас сонгон шалгаруулалтад оролцохдоо зарласан хүүгийн доод хэмжээнээс хэтрэхгүй байна.
 
5.3. Ажлын байр бий болгох, зээлийг эргэн төлөх талаар Хыөдөлмөр эрхлэлтийн алба болон зээл олгогч байгууллага, зээлдэгч гурвалсан гэрээ байгуулна.
 
5.4. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 5.3-т заасан гэрээний биелэлтийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээлийн хүүг нөхөн олгож болно.  
 
5.5. Тухайн жилд зээлийн хүүг нөхөн төлөхөд зарцуулах хөрөнгийн хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10.3-т заасан зориулалтаар олгохоор  банк, банк бус санхүүгийн байгууллагад байршуулах нийт хөрөнгийн гуравны нэгээс хэтрэхгүй байна.
 
Зургаа. Гэрээний биелэлтэд тавих хяналт, тайлан
 
6.1. Ажлын байр бий болгох талаар зээлдэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд аймаг, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн алба  хяналт тавина.
 
6.2. Аймаг, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн алба нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн болон зээлийн хүүгийн нөхөн төлөлтийн мэдээг дараа сарын 10-ны дотор авч нэгтгэн мөн сарын 15-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
 
                                   
 
 
 
-------оОо-------