A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 166 дугаар
                                тогтоолын 2 дугаар хавсралт
 
       ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС БИЗНЕС ИНКУБАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ Ж У Р А М
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10.1.3–т заасны дагуу бизнес инкубацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
 
1.2. Бизнес инкубацийн үйлчилгээ нь жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон эрхлэхийг хүссэн иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээний байр, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр дэмжлэг үзүүлж аж ахуй эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
 
1.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бизнес инкубацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
1.4. Бизнес инкубацийн үйлчилгээг мэргэшсэн сургагч багш бүхий зөвлөгөө өгөх төв болон бизнес инкубаторын төвүүд зохион байгуулна.
Хоёр. Бизнес инкубацийн үйлчилгээнд
            дэмжлэг үзүүлэх
 
2.1. Дор дурдсан бизнес инкубацийн үйлчилгээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ:
 
            2.1.1. үйлдвэрлэл, үйлчилгээ эхлэх болон өргөтгөхийг хүссэн бөгөөд бизнесийн шинэ санаа гаргасан иргэнд бизнес инкубацийн орчинд ажлын байр болон оффисийн үйлчилгээгээр тодорхой хугацаагаар хангах, үе шаттайгаар ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх;
 
            2.1.2. бизнес инкубацийн орчинд ажиллаж байгаа иргэнд аж ахуй эрхлэх болон нарийн мэргэжлийн дэвшилтэт технологийн ур чадвар эзэмшүүлэхэд шаардлагатай сургалтад хамруулах, мэргэжлийн чиглэлийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх  замаар бие даан аж ахуй эрхлэх чадвар бий болгох;
 
            2.1.3. бизнес инкубацийн орчинд ажиллаж байгаа иргэнд аж ахуй шинээр эхлэх, өргөтгөхөд нь зориулан санхүүгийн түрээсийн /лизингийн/ үйлчилгээнд хамрагдахад чиглэсэн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
 
            2.1.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10.3-т заасан зориулалт, нөхцөлөөр олгосон зээлийн хүүг нөхөн төлөх;  
 
2.1.5. бизнесийн орчин бүрдүүлэхтэй холбогдсон мэдээлэл түгээх, сурталчилгаа хийх, тухайн чиглэлээр хамтран ажиллагчдын талаархи мэдээллийн сүлжээг бүрдүүлэх үйлчилгээ үзүүлэх; 
 
2.1.6. бизнес инкубацийн орчинд ажиллаж байгаа иргэнд мэдээллийн технологийн сүлжээгээр дамжуулан хамтран ажиллагч болон  хэрэглэгчээ сонгох, холбоо тогтоох нөхцөлөөр хангах. 
 
2.2. Бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдсан иргэнд тухайн жилд үзүүлэх дэмжлэгийн дээд хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн орон нутгийн онцлог, мэргэжлээр нь ялгавартайгаар тогтоож мөрдүүлнэ.
 
Гурав. Бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулах,
      сонгон шалгаруулах үйл ажиллагаа
 
3.1. Бизнес инкубаторын төв болон зөвлөгөө өгөх төвийг сонгон шалгаруулж, тэдгээртэй хамтран ажиллах гэрээ байгуулах, бизнес инкубацийн үйлчилгээний явцад хяналт тавих, үнэлгээ өгөх ажлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.
 
3.2. Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан байгууллагад хандаж бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдах  хүсэлт гаргасан иргэнийг сонгох үйл ажиллагаа нь үнэлгээ хийх, сонгох 2 үе шаттай байна. Бизнесийн шинэ санаа бүхий иргэний боловсруулсан төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулахдаа:
 
-сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл төсөл, хөтөлбөрт үнэлэлт өгч мэргэжлийн багт санал болгох;
 
-хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилсон тухайн чиглэлийн бизнесийн зөвлөх буюу мэргэжлийн баг дүгнэлт өгч эцсийн сонголт хийх. 
 
3.3. Иргэнийг бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулахаар сонгон шалгаруулахад дараахь шалгуур үзүүлэлтийг харгалзана:
 
3.3.1. бизнесийн шинэ санаа байх;
 
3.3.2. аж ахуй эрхлэх боломж, чадвар;
 
      3.3.3. ажлын байр нэмэгдүүлсэн байх;
 
3.3.4. орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр;
 
3.3.5. хүрэх үр дүн, амжилт.
 
3.4. Бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдахаар шалгарсан иргэнтэй /бойжигч/ бизнес инкубацийн төв нь хамтран ажиллах гэрээ байгуулна. Хамтран ажиллах гэрээний загварыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батална.
 
 
3.5. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бизнес инкубацийн үйлчилгээний хүрээнд шинээр бий болсон ажлын байр, явуулсан сургалт болон мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээний талаар нэгдсэн тайлан мэдээг жил бүр гаргаж нийтэд мэдээлнэ. 
 
---------оОо--------