A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ Ж У Р А М
Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 166 дугаар
                                тогтоолын 3 дугаар хавсралт
 
 
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ  ДЭМЖИХ САНГААС  АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ Ж У Р А М
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10.1.1, 10.1.4–т заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 
1.2. Аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах, төсөл, хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ нь жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон эрхлэхийг хүссэн иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээний байр, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр дэмжлэг үзүүлж аж ахуй эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
 
1.3. Аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах; төсөл, хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөгөө  өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг мэргэшсэн сургагч багш, зөвлөгч  болон  Сургалт явуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан зохион байгуулна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэхүү үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
 
Хоёр. Аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах
 
2.1. Аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад ажилгүй иргэн, түүнчлэн малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.
 
 2.2. Аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалт нь бизнесийн анхан шатны ур чадвар, мэдлэг олгоход чиглэгдэх бөгөөд эчнээ, зайны, оройн ээлжийн байна. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь захиалга, гэрээний үндсэн дээр мэргэшсэн сургагч багш болон Сургалт явуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх төвтэй гэрээ байгуулан энэхүү сургалтыг зохион байгуулна.
 
2.3. Аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах мэргэшсэн сургагч багш болон Сургалт явуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх төвийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгож шалгаруулсан байгууллагын талаархи мэдээллийг нийтэд зарлана.
2.4. Аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамрагдах суралцагчийн сургалтын зардлын нэг өдрийн хэмжээ нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг өдөрт ногдох зардлаас хэтрэхгүй байх бөгөөд сургалтын зардлын зөрүүг суралцагч өөрөө хариуцна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тухайн суралцагчид зарцуулах сургалтын нийт зардал нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй  байна.
 
2.5. Аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтын явц болон үр дүнд аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас үнэлгээ өгч, сургалтын үр дүнд бий болсон  жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрны талаархи мэдээллийн санг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээнд оруулна. 
 
Гурав. Төсөл, хөтөлбөр боловсруулах арга зүйн  зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах
 
3.1. Төсөл, хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ нь хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн ажилгүй иргэн, түүнчлэн малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд дор дурдсан чиглэлээр аж ахуй эрхлэхтэй нь холбогдсон арга зүйн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн  байгууллага, зөвлөгч нарын оролцоотойгоор өгөхөд  чиглэгдэнэ:
 
   -шинээр эхлэх болон эрхэлж байгаа үйл ажиллагаандаа  шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт гаргуулах;
 
   -үйл ажиллагааныхаа хөтөлбөр, зорилтыг тодорхойлох;
 
   -бизнес төлөвлөгөө боловсруулах;
 
   -зах зээлийн судалгаа гаргуулах;
 
                -төсөл боловсруулах;
 
                -зээл авахад туслалцаа авах. 
 
3.2. Төсөл, хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, зөвлөгч нарыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгож, шалгарсан байгууллагын талаархи мэдээллийг нийтэд зарлана.
 
3.3. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас төсөл, хөтөлбөр боловсруулахад  арга зүйн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлт, захиалга ирүүлсэн ажилгүй иргэн, түүнчлэн малчин, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчийг шалгаруулалтаар сонгогдсон байгууллага, зөвлөгч нартай байгуулсан  хамтран  ажиллах  гэрээний дагуу зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд хамруулна. 
 
3.4. Төсөл, хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээнд зориулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас үзүүлэх зардлын дээд хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ. 
 
3.5. Төсөл, хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах үйлчилгээний үр дүн нь зээл олгож шинээр бий болгосон ажлын байрны тоогоор илэрхийлэгдэнэ. Ажлын байрны талаархи мэдээллийг аймаг, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн алба нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ.
 
 
 
--------оОо-------