A

A

A

Бүлэг: 1979
                                                  Засгийн газрын 2006 оны 185 дугаар                             тогтоолын хавсралт
 
ГАДААДЫН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ ДОТООДОД ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ  ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
            1.1. Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн дагуу олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар авсан гадаадын зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх болзол, нөхцөлийг тодорхойлох, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
            1.2. Дамжуулан зээлдүүлэх зээл нь тодорхой болзолтой, эрсдэлийг зээлдэгч хариуцах нөхцөлтэй, хугацаатай, хүүтэй, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах баталгаатай байна.
Хоёр. Дамжуулан зээлдүүлэх урьдчилсан
нөхцөлийг хангах
 
2.1. Гадаадын зээлийн хөрөнгөөр санхүүжих төсөл хэрэгжүүлэгч гэж Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3.1.5-д заасан байгууллагыг хэлнэ.
 
            2.2. Гадаадын зээлийн хөрөнгөөр санхүүжих төслийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх байгууллагатай дамжуулан зээлдүүлэх нөхцөлийг урьдчилан тохирч, төслийн техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийн тооцоонд тусгуулах бөгөөд төсөл нь Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн  дагуу Монгол Улсын хөгжлийн стратеги, хэтийн чиглэл, улсын төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдсан, нийгэм, эдийн засгийн үр ашигтай, улс орны нийтлэг ашиг сонирхлыг харгалзсан, зөвлөх үйлчилгээний нийт зардал бага байхын зэрэгцээ хэрэв дотоодын санхүүжилт шаардлагатай бол энэ талаар Зээлийн хэлэлцээрт заавал тусгагдсан байна.
            2.3. Гадаадын зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх нөхцөлийг олон улсын байгууллага, хандивлагч оронд санал болгох, Зээлийн хэлэлцээр байгуулах бүх шатанд тусгана.
            2.4. Дамжуулан зээлдүүлэх гэрээг Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль болон энэхүү журамд заасан нөхцөлийн дагуу энэ журмын 2.1-д заасан төсөл хэрэгжүүлэгч /цаашид "Зээлдэгч" гэх/-тэй байгуулна.
                             Гурав. Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулах
            3.1. Сангийн яам нь Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан Зээлийн хэлэлцээр, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль болон энэхүү журамд заасан болзол, нөхцөлийн дагуу зээлийн хөрөнгийг тодорхой хугацаа, хүүтэйгээр улсын төсөвт эргэж төлөгдөх үндсэн нөхцөлтэйгээр тухайн төслийг хэрэгжүүлэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан зээлдүүлнэ.
            3.2. Дамжуулан зээлдүүлэх гэрээг Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчтэй байгуулж, Сангийн сайд гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулна.
            3.3. Зээлдэгч нь тухайн Зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар соёрхон батлагдсаны дараа энэхүү журмын  хавсралтад заасан загварын дагуу урьдчилан тохиролцсон нөхцөл болзлыг тусгасан Дамжуулан зээлдүүлэх гэрээний төслийг         2 хувь боловсруулан гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулж, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх хуваарийн хамт Сангийн яаманд албан ёсоор ирүүлнэ.
            3.4. Сангийн яам нь шаардлага хангасан Дамжуулан зээлдүүлэх гэрээний төслийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан хэлэлцэж, ажлын 15 хоногт багтаан зээлдэгчтэй Дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
            3.5. Дамжуулан зээлдүүлэх зээлийг тухайн гадаадын зээлийг анх авсан валютаар тооцох бөгөөд зээлдэгч нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг энэ журам болон гэрээнд өөрөөр заагаагүй бол анх авсан валютаар тооцож шилжүүлнэ.
            3.6. Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх үед гарах валютын ханшны зөрүүг зээлдэгч  бүрэн хариуцна. 
            3.7. Сангийн яам нь зээлдэгчид дамжуулан зээлдүүлэх зээлийг тухайн гадаадын зээлийг анх авсан валютаас бусад валютаар тооцож болно.
                       Дөрөв. Дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн
                                         гүйцэтгэлийг хангуулах хэлбэр
 
4.1. Сангийн яам нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг дараахь хэлбэрээр хангуулна. Үүнд:
          4.1.1. барьцаа;
4.1.2. батлан даалт;
4.1.3. анз;
4.1.4. дэнчин;
4.1.5. баталгаа;
           4.1.6. үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/;
          4.1.7. Монгол Улсын Иргэний хуульд заасан бусад арга.
4.2. Зээлдэгч  нь  зээлийг эргүүлэн төлөх баталгаа болгож өөрийн хууль ёсны өмчлөлд байгаа бусдын өмчлөлд шилжүүлж болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн барьцаа болгож зээлийн барьцааны гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид заасан шаардлага, хэлбэрээр Сангийн яамтай байгуулах бөгөөд уг гэрээ нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний салшгүй хэсэг болно.
4.3. Барьцааны зүйл нь гуравдагч этгээдэд давхар барьцаалагдаагүй байна. Хэрэв барьцааны зүйл нь дундын өмч бөгөөд түүнийг дундаа хамтран өмчилж байвал түүнийг хамтран эзэмшигч иргэд, хуулийн этгээдүүд нь уг эд хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээл, зээлийн хүүгийн төлбөрт барьцаалахыг хүлээн зөвшөөрч, энэ тухай нотолгоог бичгээр өгсөн байна.
4.4. Барьцааны зүйл нь дамжуулан зээлдүүлэх зээлийн үнийн дүнгийн 150-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээгээр үнэлэгдсэн байна.           
4.5. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд Сангийн яам дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
а)      барьцаалсан хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар хураан авах;
                б)            барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Сангийн яамны өмчлөлд шилжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах.
4.6. Зээлдэгч барьцааны зүйлийг эвдэж гэмтээсэн, чанар байдлыг алдагдуулсан, дутаасан нөхцөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, гарах хохирлыг бүрэн хариуцуулна.
4.7. Зээлдэгч барьцааны зүйлийн чанар байдал, үнэ ханшийг өөрийн буруугаас бууруулсан тохиолдолд Сангийн яамны нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэлийн дутуу хэсгийг өөрийн бусад хөрөнгөөр нөхөн төлнө.
4.8. Барьцааны зүйлийн үнэлгээ нь тухайн үеийн зах зээлийн үнэ, ханшид тулгуурласан, ирээдүйн мөнгөний ханшны өөрчлөлтийг тооцсон, үнэн бодитой тогтоогдсон байна.
4.9. Хэрэв зээлдэгчийн барьцааны зүйл, бусад эх үүсвэр нь зээл, түүний хүүг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч нь гуравдагч этгээдээр зээлийн төлбөрийн батлан даалт гаргуулж болно.
4.10. Батлан даалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид заасан шаардлага, хэлбэрээр байгуулах бөгөөд уг гэрээ нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний салшгүй хэсэг болно.
4.11. Батлан даагч нь санхүүгийн хувьд уг зээлийн төлбөрийг хариуцах чадвартай, харилцах дансандаа зээлдэгчийн зээл, түүний хүүг төлөхөд хүрэлцэхүйц хөрөнгийн үлдэгдэлтэй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой (тавиас дээш хувийн төрийн өмчит) төсвийн бус байгууллага байна.
4.12. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой (50-иас дээш хувийн төрийн өмчит) хуулийн этгээдийн зээлийн хөрөнгөөр авсан эд хөрөнгө нь төрийн өмчид хамаарах бөгөөд Дамжуулан зээлдүүлэх гэрээ дуусгавар болох хүртэл тайлан тэнцэлдээ өглөг хэлбэрээр бүртгэнэ.
4.13. Зээлдэгч нь зээлийн хөрөнгөөр олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглоно.
4.14. Хэрэв зээлдэгч Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд Сангийн яам нь үл маргалдах журмаар зээлдэгчийн данснаас төлбөрийг гаргуулах бөгөөд энэ тохиолдолд Сангийн яам нь зээлдэгч, зээлдэгчийн харилцах дансыг байршуулагч банктай зайлшгүй гурван талт гэрээг байгуулна.
          Тав. Дамжуулан зээлдүүлэх зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах,  зээлийг төлж дуусгах хугацаа, хүүгийн хувь хэмжээ
 
5.1. Дамжуулан зээлдүүлэх зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах хугацааг Зээлийн хэлэлцээрийн хуваарьт хугацаанаас 2-оос доошгүй жилээр богино байхаар тогтооно. 
5.2. Дамжуулан зээлдүүлэх зээлийг төлж дуусгах хугацааг Зээлийн хэлэлцээрийн төлж дуусгах хугацаанаас 5-аас доошгүй жилээр богино байхаар тогтооно.
5.3. Дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүгийн жилийн хувь хэмжээг Зээлийн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол:
1. өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд гадаад зээлийн хүүгийн хувь хэмжээн дээр 1,75-аас 3,0 хувь хүртэлх шимтгэлийг нэмж.
          2. хувийн өмчит хуулийн этгээдэд Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулах үеийн Лондонгийн банк хоорондын жилийн хугацаатай валютын (зээл авсан тухайн валют) хүүгийн хувь (LIBOR) дээр 4.5 хувиас дээш хувийн шимтгэлийг нэмсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцон тогтооно.
5.4. Зээлдэгчийн зээлийг ашиглаж эхэлсэн болон зээлдүүлсэнд тооцох хугацааг Дамжуулан зээлдүүлэх гэрээнд тодорхой заах бөгөөд зээлийг ашиглаж эхэлсэн өдрөөс хүүг тооцон Сангийн яаманд төлнө.
5.5. Зээлдэгч нь Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг Зээлийн хэлэлцээрт заасан төслийн зориулалтаар ашиглана.
5.6. Зээлийн хүүг тооцох нэгж хугацаа нь сар (30 хоног), жил (360 хоног) байна.
5.7. Зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиолдолд хүүгийн хувь хэмжээг өөрчлөхгүй.
                Зургаа. Дамжуулан зээлдүүлэх зээлийн мэдээллийн сан
6.1. Гадаадын зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зээлийн ашиглалт, төслийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлтийг хангах зорилгоор Сангийн яам зээлийн мэдээллийн сан хөтөлнө.
6.2. Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулснаас хойш ажлын 4 өдрийн дотор дамжуулан зээлдүүлэх тухайн зээлийн гэрээтэй холбоотой мэдээллийг Сангийн яамны мэдээллийн санд оруулна.
6.3. Дамжуулан зээлдүүлсэн зээл бүрт хувийн хэрэг нээж, уг зээлтэй холбоотой бүх материалыг хувийн хэрэгт бүрдүүлнэ.
6.4. Зээлдэгч зээлээ бүрэн төлсөн бол зээлийн хувийн хэргийг хааж, архивт шилжүүлж хадгална.
6.5. Дамжуулан зээлдүүлэх зээл болон эргэн төлөлтийн явц байдлыг тодорхойлох зорилгоор Сангийн яамны мэдээллийн санд байгаа мэдээллээр хагас, бүтэн жилээр судалгаа гаргаж, тухайн салбарын яам, агентлагт танилцуулна.
              Долоо. Дамжуулан зээлдүүлэх зээлийн ашиглалтад тавих хяналт
            7.1. Гадаадын зээлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд дамжуулан зээлдүүлсэн зээлийн ашиглалтын явц байдалтай газар дээр нь танилцаж болно.
            7.2. Зээлдэгч дамжуулан зээлдүүлсэн зээлийн ашиглалтын явцын талаархи тайлан, танилцуулгыг хагас, бүтэн жилээр гаргаж,  зээлийн шугамаар нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материалын нийлүүлэлт, үлдэгдлийн мэдээ, тайланг тухай бүр Сангийн яаманд ирүүлнэ.
            7.3. Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн дагуу тухайн салбарын яам, агентлаг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн хариуцсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангуулж, дотоод хяналт тавьж, төслийн нэгдсэн мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүргийг хүлээнэ.
               Найм. Дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлбөрийг төвлөрүүлэх,
                                                 хариуцлага ногдуулах
 
8.1. Зээлдэгч  Дамжуулан зээлдүүлэх гэрээнд заасан хуваарийн дагуу дамжуулан зээлдүүлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Сангийн яамны Төрийн сан, эсхүл Монгол банкин дахь Сангийн яамны дансанд төлбөр хийх өдрийн Монгол банкны албан ханшаар тооцон хугацаанд нь төлөх үүргийг хүлээнэ.
8.2. Зээлдэгч нь үндсэн болон хүүгийн төлбөр хийсэн тухай бүр Сангийн яаманд албан бичгээр мэдэгдэж улирал бүр  тооцоо нийлж баталгаажуулж байх үүрэгтэй.
8.3. Өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой хуулийн  этгээдийн хувьд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно.
8.4. Хувийн өмчит хуулийн этгээдийн хувьд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 40 хүртэлх хувиар торгууль ногдуулна.
8.5. Хэрэв зээлийг өөр зориулалтаар ашигласан, зээлийн төлбөрийг Дамжуулан зээлдүүлэх гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй болон энэхүү журам, Зээлийн хэлэлцээр, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Сангийн яам зээлийг хэсэгчлэн, эсхүл бүрэн хэмжээгээр зогсоох, төсөл хэрэгжүүлэх эрхийг түдгэлзүүлэх, холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах  зэрэг шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
8.6. Зээлдэгч нь Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Сангийн яамны зөвшөөрлөөр гуравдагч этгээдтэй давхар гэрээг байгуулж болно.
8.7. Зээлдэгч гуравдагч этгээдтэй давхар зээлийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран дамжуулан зээлдүүлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг гагцхүү зээлдэгч төлнө. 
8.8. Зээлдэгч нь хугацаанаасаа өмнө зээлийн төлбөрийг  эргүүлэн төлж болох бөгөөд энэ тохиолдолд Сангийн яам нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний эргүүлэн төлөх төлбөрийн хуваарийн дагуу тооцсон нийт үндсэн болон хүүгийн төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр тооцож, төлбөрийг төвлөрүүлнэ. Өнөөгийн үнэ цэнийг Сангийн сайдын баталсан журмын дагуу тооцно.
                      Ес. Дамжуулан зээлдүүлэх ажиллагааг дуусгавар болгох
 
          9.1. Зээлдэгч дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бол хяналт шалгалтын эрх бүхий албан тушаалтныг байлцуулан Сангийн яамтай тооцоо нийлсэн актыг хийхийн зэрэгцээ Зээлийн хэлэлцээр, Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл, зээлийг хэрхэн ашигласан тухай тайланг Сангийн яаманд албан ёсоор ирүүлнэ.
         9.2. Сангийн яам тухайн салбарын яам, агентлагтай хамтран гэрээг дүгнэж, зээлдэгч уг зээлтэй холбогдох ямар нэг өр төлбөргүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргаж, зээлийг хаасан тухай Сангийн яамны мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлснээр уг Дамжуулан зээлдүүлэх гэрээ дуусгавар болсонд тооцно.
         9.3. Зээлийн хэлэлцээрийн дагуу төсөлд зориулж хөрөнгө шилжүүлж авах Монгол Улсын эрх бүхлээр буюу хэсэгчлэн зогсох, цуцлагдах, эсхүл дуусгавар болох тохиолдолд зээлдэгчийн зээлийн хөрөнгө хүлээн авах эрх нэгэн адил цуцлагдах буюу дуусгавар болно.
         9.4. Хэрэв зээлдэгч үүсгэн байгуулсан зорилтот үйл ажиллагаагаа зогсоох, татан буугдах зэрэг тохиолдолд дамжуулан зээлдүүлсэн зээлийн үндсэн өрийн төлөгдөөгүй үлдэгдэл, тухайн үед хуримтлагдсан бүх хүүг нэн даруй Сангийн яаманд төлөх үүрэгтэй.
                                                Арав. Бусад
            10.1. Зээлдэгч нь өөрчлөн байгуулагдах тохиолдолд зээлдэгчийн Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн эрх үүрэг нь ийнхүү өөрчлөн байгуулагдсаны дүнд шинээр үүссэн хуулийн этгээдэд шилжинэ.
            10.2. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дамжуулан зээлдүүлсэн зээлийн өр төлбөрийг тайлан балансад зайлшгүй тусгана.
            10.3. Сангийн яам, зээлдэгчийн хооронд гарсан аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд хэрэв ийнхүү харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй бол маргааныг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.
            10.4. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
                                       -----------оОо----------
            Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмын хавсралт
 
Батлав. Сангийн сайд   Н.БАЯРТСАЙХАН
 
            Энэхүү гэрээг нэг талаас Сангийн яам, нөгөө талаас . . .  /цаашид "Зээлдэгч" гэх/ харилцан тохиролцож, Монгол Улсын иргэний хууль, . . . . . . . . оны . . . сарын . . . өдөр Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан . . . . зээлийн хэлэлцээр болон засгийн газрын 2006 оны . . . .тогтоолоор батлагдсан "Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам"-ыг үндэслэн . . . оны . . .  сарын . . .-ны өдөр байгуулав.
 
Ерөнхий зүйл
 
(А) Монгол Улс ба . . . /цаашид " . . . " гэх/-ны хооронд  . . . оны  . . сарын . . –ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээрийн  дагуу . . . нь Монгол Улсад Зээлийн хэлэлцээрт тусгагдсан нөхцөл, болзолын дагуу /үсгээр/ . . . -тай тэнцэх зээл олгохыг зөвшөөрсөн.
 
(Б)  Засгийн газрын шугамаар авсан гадаадын зээлийг эргүүлэн төлөх дотоод эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Сангийн яам . . . . . Зээлийн хэлэлцээрт тодорхойлсон төсөл /цаашид "Төсөл" гэнэ/-ийг хэрэгжүүлэх . . . . . байгууллагад энэхүү гэрээнд заасан нөхцөл болзолын дагуу зээлийн хөрөнгөнөөс дамжуулан зээлдүүлэнэ.
 
(В) Зээлийн хэлэлцээр ба "Гадаадын зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам"-д тодорхойлсон нэр томъёоны утга агуулга нь уг баримт бчигүүдэд тодорхойлсон тэрхүү утга агуулгаа энэхүү Дамжуулан зээлдүүлэх гэрээнд нэгэн адил хадгална.
Энэхүү гэрээний хавсралт нь түүний салшгүй хэсэг мөн.
 
Нэгдүгээр зүйл
Дамжуулан зээлдүүлэх урьдчилсан нөхцөл
 
2.3               Сангийн яам нь энэхүү гэрээнд тусгагдсан нөхцөл болзолын дагуу зээлдэгчид . . . /зээлийн хэмжээ/ . . . /валютын нэр/-ийн зээлийг дамжуулан зээлдүүлнэ.
2.3                   Сангийн яам нь Дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулахын зэрэгцээ зээлдэгчийн Төсөл хэрэгжүүлэх зорилгоор дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд Сангийн яамнаас хамаарах бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
2.3               Зээлийн ашиглалтын хугацааг зээлийн данснаас анхны гүйлгээ гаргасан өдрөөр тооцох бөгөөд зээлийн ашиглалтыг хаах эцсийн хугацаа нь . . . оны . . . сарын . . .-ны өдөр байна.
2.3               Зээлдэгчийн нэр, байнгын хаяг:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Хоёрдугаар зүйл
Төлөөлөх эрх
 
2.1               Сангийн яам нь Зээлийн хэлэлцээрийн дагуу . . . –тай харьцаж, Зээлийн хэлэлцээрийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс аливаа гэрээ байгуулах, хэлцэл хийх эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр зээлдэгчийг томилно.
2.2               Зээлдэгч нь энэхүүү гэрээний 3.1-д заасан эрхийн хүрээнд аливаа үйл ажиллагааг явуулахдаа Сангийн яаманд урьдчилан мэдэгдэж, . . . болон зээлдэгчийн хооронд солилцсон аливаа баримт бичгийн хувийг тухай бүр нь Сангийн яаманд хүргүүлж байна.
2.3               Зээлдэгчийн . . . дахь Зээлийн данснаас татан авсан бүхий л хөрөнгийг тухайн өдөр энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр Сангийн яамнаас зээлдэгчид зээлдүүлсэнд тооцно.
  Гуравдугаар зүйл
Хүүгийн хувь болон үндсэн төлбөрийг эргүүлж төлөх нөхцөл
 
3.1               Зээлдэгч нь ашигласан зээлийн өрийн үлдэгдэлд жилийн . . . –тай тэнцэх . . . . валютаар тухай бүр Сангийн яаманд төлнө.
3.2               Хүүгийн төлбөрийг хагас жил тутам буюу жил бүрийн . . . сарын . . . ба . . .  сарын . . . –нд төлөх бөгөөд хүүг жилийн 360 хоногоор, сарын 30 хоногоор тооцож бодно.
3.3               Зээлдэгч нь дамжуулан зээлдүүлсэн зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах . . . жилийг оролцуулан . . . жилийн хугацаанд төлөх бөгөөд анхны төлбөрийг . . . оноос эхлэн жил бүрийн . . . оны . . .  сарын . . . ба . . . оны . . . сарын . . . өдөр энэхүү гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу Сангийн яаманд төлнө.
3.4               Зээлийн хэлэлцээрт энэхүү төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа хураамж төлөх үүргийг Монгол Улс хүлээсэн бол зээлдэгч нь төлбөрийг тухайн үеийн ханшаар Сангийн яаманд төлөх болно.
3.5               Зээлдэгч нь үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг . . . дахь . . . нэртэй . . . тоот дансанд шилжүүлэхдээ Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханшаар тооцох бөгөөд нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу дансны хуулгыг үндэслэн бүртгэл тооцоог хөтөлнө. Төлбөрийн даалгаврын зориулалт гэсэн хэсэгт . . . төслийн зээлийн "Yндсэн өрийн төлбөр" эсвэл "Хүүгийн төлбөр" гэж тодорхой бичсэн байна.
3.6               Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх үед гарах валютын ханшны зөрүүг зээлдэгч  бүрэн хариуцна.
 
Дөрөвдүгээр зүйл Сангийн яамны эрх, үүрэг
 
4.1               Энэхүү гэрээний аливаа заалтыг харгалзахгүйгээр Зээлийн хэлэлцээрийн дагуу төсөлд зориулж хөрөнгө шилжүүлж авах Сангийн яамны эрх бүхлээр буюу хэсэгчлэн зогсох, цуцлагдах эсхүл дуусгавар болох тохиолдолд зээлдэгчийн зээлийн хөрөнгө хүлээн авах эрх нэгэн адил зогсох, цуцлагдах эсхүл дуусгавар болно.
4.2               Зээлдэгч Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд Сангийн яам нь үл маргалдах журмаар зээлдэгчийн данснаас төлбөрийг гаргуулах эрхтэй.
4.3               Хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг дор дурдсан дарааллаар хасалт хийж тооцно. Yүнд:
1. . . .
2. . . .
3. . . .
4.4               Зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн төлбөрийг Дамжуулан зээлдүүлэх гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй болон "Гадаадын зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам", Зээлийн хэлэлцээр, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зээлийг хэсэгчлэн эсвэл бүрэн хэмжээгээр зогсоох, төсөл хэрэгжүүлэх эрхийг түдгэлзүүлэх, холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах  зэрэг шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
4.5               Зээлдэгч гуравдагч этгээдтэй дамжуулан зээлдэх давхар гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлбөрийг гагцхүү зээлдэгчээр төлүүлнэ. 
  Тавдугаар зүйл Зээлдэгчийн эрх, үүрэг
 
5.1               Зээлдэгч нь хариуцсан төслийг удирдлага, зохион байгуулалт, санхүү, инженер техник, байгаль орчин болон олон улсын стандартын хэм хэмжээний хүрээнд үр ашигтай хэрэгжүүлэх үүрэгтэй.
5.2               Зээлдэгч нь Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг зөвхөн Зээлийн хэлэлцээрт заасан төслийн зориулалтаар ашиглана.
5.3               Зээлийн данснаас шилжүүлсэн төлбөрийг хүлээн авах тухай бүрт жинхэнэ гарсан зардлын үндсэн баримтыг үндэслэн бүртгэл тайланд тусгана.
5.4               Зээлдэгч  нь  зээлийг эргүүлэн төлөх баталгаа болгож өөрийн хууль ёсны өмчлөлд байгаа . . . . . . эд хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн барьцаа болгож байна. Барьцааны гэрээ нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний салшгүй хэсэг болно. /Зээлдэгч нь хувийн өмчит, 50-иас доош хувийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх тохиолдолд энэ заалтыг оруулна/
5.5               Хэрэв зээлдэгч нь гуравдагч этгээдээр зээлийн төлбөрийн батлан даалт гаргуулах бол батлан даалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид заасан шаардлага, хэлбэрээр Сангийн яамтай байгуулах бөгөөд уг гэрээ нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний салшгүй хэсэг болно.
5.6               Зээлдэгчийн зээлийн хөрөнгөөр авсан эд хөрөнгө нь төрийн өмчид хамаарах бөгөөд Дамжуулан зээлдүүлэх гэрээ дуусгавар болох хүртэл тайлан тэнцэлдээ өглөг хэлбэрээр бүртгэнэ.
5.7               Зээлдэгч нь зээлийн хөрөнгөөр олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглоно.
5.8               Зээлдэгч нь үндсэн болон хүүгийн төлбөр хийсэн тухай бүр Сангийн яаманд албан бичгээр мэдэгдэж улирал бүр тооцоо нийлж баталгаажуулах үүрэгтэй.
5.9               Хэрэв зээлдэгч үүсгэн байгуулсан зорилтот үйл ажиллагаагаа зогсоох, татан буугдах зэрэг тохиолдолд дамжуулан зээлдүүлсэн зээлийн үндсэн өрийн төлөгдөөгүй үлдэгдэл, тухайн үед хуримтлагдсан бүх хүүг нэн даруй Сангийн яаманд төлнө.
5.10            Зээлдэгч дамжуулан зээлдүүлсэн зээлийн ашиглалтын явцын талаарх тайлан танилцуулгыг хагас, бүтэн жилээр гаргаж, зээлийн шугамаар нийлүүлэгдэх тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материалыг хүлээн авсан нийлүүлэлт, үлдэгдлийн мэдээ, тайланг тухай бүр Сангийн яаманд ирүүлнэ.
 
Зургадугаар зүйл Маргааныг шийдвэрлэх
 
6.1               Сангийн яам, зээлдэгчийн хооронд гарсан аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд хэрэв ийм шугамаар шийдвэрлэх боломжгүй бол маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
 
Долдугаар зүйл
Хүчин төгөлдөр, дуусгавар болох
7.1               Энэхүү гэрээ нь оролцогч талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулснаар   хүчин төгөлдөр  болно.
7.2               Сангийн яам холбогдох яам, газартай хамтран энэхүү гэрээг дүгнэж, зээлдэгч уг зээлтэй холбогдох ямар нэг өр төлбөргүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргаж, зээлийг хаасан тухай Сангийн яамны мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлснээр уг Дамжуулан зээлдүүлэх гэрээ дуусгавар болсонд тооцно.
7.3               Зээлдэгч нь өөрчлөн байгуулагдах тохиолдолд зээлдэгчийн Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн эрх үүрэг нь ийнхүү өөрчлөн байгуулагдсаны дүнд шинээр үүссэн хуулийн этгээдэд шилжинэ.
7.4               Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дамжуулан зээлдүүлсэн зээлийн өр төлбөрийг тайлан балансад зайлшгүй тусгана. /Төрийн өмчит хуулийн этгээд, 50-иас дээш хувийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд зээлдэгч байх тохиолдолд энэ заалтыг оруулна/
 
САНГИЙН ЯАМЫГ ТӨЛӨӨЛЖ:                                   
 
 
ТӨРИЙН САНГИЙН
ГАЗРЫН ДАРГА
 
ӨРИЙН УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА
 
ӨРИЙН УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН
 
ЗЭЭЛДЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: