- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2006 оны 246 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал
Монгол Улсад хот, суурин газар бий болж төвлөрсөн ус хангамж, цэвэрлэх байгууламжийг хөгжүүлж эхэлснээр нийтийн аж ахуйн салбар бүрэлдэн тогтож, түүний үйл ажиллагаа нь хүмүүсийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, хүрээлэн байгаа орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Гэвч хүн ам өсч төв, суурин газрын нягтрал ихсэн, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсэнтэй холбогдуулан цэвэрлэх байгууламж нь бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж чадахгүй хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл бүрдээд байна.
Манай улсын хүн амын 1.4 сая орчим нь төв, суурин газарт амьдарч байгаагийн зөвхөн 22.0 хувь нь ариутгах татуургын сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байна. Хүн амын дийлэнх хувь нь оршин суудаг гэр хороолол болон зуслан, суурин газрын эмнэлэг, сургууль, хот, суурин газраас алслагдсан амралт, сувиллын газар, жуулчны баазад бохир ус татан зайлуулах систем байхгүйгээс нүхэн жорлон ашиглаж хөрс, ус болон байгаль орчныг ихээхэн бохирдуулж байна.
Цэвэрлэх байгууламжийн ашиглалт, тоног төхөөрөмжийн байдалд хийсэн үзлэгийн дүнгээс үзэхэд улсын хэмжээнд нийт 103 цэвэрлэх байгууламж байгаагаас цэвэрлэгээний түвшин нь стандартын шаардлагад хүрсэн хэвийн ажиллагаатай 41 (39.8 хувь), хэвийн бус ажиллагаатай 27 (26.2 хувь), ажиллагаагүй 35 (34.0 хувь) байгууламж тус тус байна.
Хөрөнгө хүрэлцээгүйгээс шалтгаалан цэвэрлэх байгууламжид цаг тухайд нь засвар үйлчилгээ, техник, технологийн шинэчлэлт хийгдээгүй байна. Мөн аймгийн төв, суурин газрын үйлдвэр, аж ахуйн байгууллагын үйлдвэрлэлийн хэмжээ багассанаас цэвэрлэх байгууламжид цугларах бохир усны хэмжээ эрс багасч, технологийн горим алдагдан цэвэрлэгээний түвшин буурч, улмаар бохир усыг голд шууд хаяж байна. Үүнээс гадна орон нутагт цэвэрлэх байгууламжийг хариуцан ажиллуулах мэргэжлийн байгууллага, боловсон хүчингүй, тэдгээрийн үйл ажиллагаа бүрэн зогссон байна.
Цэвэрлэгээний түвшинг лабораторийн шинжилгээгээр тогтоосны үндсэн дээр технологийн горим мөрдүүлэх шаардлагатай байдаг боловч, өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Багануур, Дархан-Уул, Орхон, Зүүнхараа, Хөтөлийн цэвэрлэх байгууламжаас бусдад нь цэвэрлэгээний түвшинд хяналт тавих лаборатори байхгүй байна.
Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэсэн усанд умбуур бодис, аммиак, нитрит, хром, нефтийн бүтээгдэхүүн, өөх тос зэрэг бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байх тохиолдол байнга гарч байна.
Арьс, ширний үйлдвэрээс гарч байгаа бохир усанд хийсэн шинжилгээний дүнгээс харахад төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж байгаа бохир усны хүчилтөрөгч, умбуур бодисын хэмжээ нь зөвшөөрөгдөх агууламжаас 5-20 дахин их байгаа бөгөөд сульфат, сульфитын агууламжтай байна. Энэ нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн технологийн горимд доголдол үүсэх үндсэн нөхцөл болж байна.
Дээрх байдал цаашид үргэлжилбэл Туул, Хараа, Хангал, Ерөө, Орхон голууд бохирдож, экологийн цэвэр тунгалаг шинжээ алдахад хүрэх юм. Иймд байгаль орчныг бохирдлоос хамгаалах, хүн амын эрүүл амьдрах орчинг бий болгох зорилгоор ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.
1.2. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан.
Улсын Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт"-д 2015 он гэхэд баталгаат ундны ус хэрэглэх боломжгүй хүн амын эзлэх хувийг 2 дахин бууруулах зорилтыг дэвшүүлсэн байна.
2002 онд болсон Тогтвортой Хөгжлийн Дэлхийн Чуулга уулзалтаас гаргасан Йоханнесбургийн Үйл ажиллагааны төлөвлөгөөнд ус хангамж, ариун цэврийн шаардлага хангаагүй байгууламжтай хүн амын тоог 2 дахин бууруулах нь хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх нэг гол арга зам гэж тодорхойлсон байдаг.
Иймд ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийг дэлхий нийтийн чиг хандлага, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсрууллаа.
1.3 Энэ хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.3.1. "ариун цэврийн байгууламж" гэж нийтийн бохирын шугам, цооног, агааржуулагчтай болон энгийн нүхэн жорлон, бохир усны төрөл бүрийн цэвэрлэх байгууламжийг;
1.3.2. "урьдчилсан цэвэрлэх байгууламж" гэж бохир усыг төвийн шугамд хаяхаас өмнө анхан шатны цэвэрлэгээ хийх зориулалттай байгууламж, барилга, тоног төхөөрөмжийг;
1.3.3. "бохирдуулагч" гэж цэвэр усыг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглаж бохирдуулсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, үндсэн зарчим
2.1. Ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн зорилго нь цэвэрлэх байгууламжийн ашиглалт үйлчилгээний технологийг сайжруулах, амины орон сууц, гэр хорооллыг цэвэр, бохир усны системд холбон хүн амын ая тухтай амьдрах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх таатай нөхцөлийг хангах, хот, сурингаас алслагдсан газарт нүхэн жорлонгийн сайжруулсан хувилбар, бага оврын цэвэрлэх байгууламж ашиглах нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:
2.2.1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Усны үндэсний хөтөлбөр болон бусад хөтөлбөрийн зорилттой уялдуулан хэрэгжүүлэх;
2.2.2. салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, холбогдох норм стандартыг шинэчлэн мөрдүүлэх;
2.2.3. мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах;
2.2.4. ариун цэврийн байгууламжийн өнөөгийн түвшинг дээшлүүлэхэд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулах, гэр хорооллыг бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбох, алслагдсан газарт нүхэн жорлонгийн сайжруулсан хувилбар, бага оврын цэвэрлэх байгууламж нэвтрүүлэх, үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах;
2.2.5. ариун цэврийн байгууламжийг сайжруулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх;
2.2.6. ариун цэврийн байгууламжийн чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагааг уялдуулан нөөцийг оновчтой хуваарилж, хандивлагч орон, олон улсын байгууллагаас үзүүлж байгаа дэмжлэг болон хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2.2.7. хяналтын тогтолцоог боловсронгуй болгох.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
3.1. Хөтөлбөрийг 2015 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааг дараахь үе шатаар төлөвлөнө:
3.1.1. нэгдүгээр үе шат: 2006-2010 он. Энэ хугацаанд ариун цэврийн байгууламжийн талаархи эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлага-зохион байгуулалт, хяналтын тогтолцоог оновчтой болгох, ариун цэврийн байгууламжид шинэ техник, технологи нэвтрүүлэх, үйл ажиллагааг сайжруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3.1.2. хоёрдугаар үе шат: 2010-2015 он. Энэ хугацаанд хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны хэрэгжилтийн үр дүнг бататгаж ариун цэврийн байгууламжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх.
3.2. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
3.2.1. улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
3.2.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, хандив;
3.2.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
3.2.4. төрийн болон төрийн бус байгууллагын санаачилгаар хуримталсан хөрөнгө;
3.2.5. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж;
3.2.6. бусад эх үүсвэр.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт, үйл
ажиллагааны үндсэн чиглэл, үр дүн
4.1. Зорилт 1: Ариун цэврийн байгууламжийн талаархи эрх зүйн орчин, удирдлага-зохион байгуулалт, хяналт, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоно.
4.2. Үйл ажиллагааны чиглэл:
4.2.1. ариун цэврийн байгууламжийн талаархи хууль тогтоомж, стандартыг шинэчлэх, боловсронгуй болгох /Бохирдуулагч нь төлөх зарчимд үндэслэсэн Бохир усны төлбөрийн тухай хуулийг боловсруулж, мөрдүүлэх/;
4.2.2. ариун цэврийн байгууламжийг сайжруулах үйл ажиллагаанд хувийн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих асуудлыг судалж хэрэгжүүлэх;
4.2.3. ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг хянах тогтолцоог бий болгох;
4.2.4. ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах, бохир усны цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх чиглэлээр шинэ техник, технологи нэвтрүүлэх;
4.3. Хүрэх үр дүн:
4.3.1. ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчин бүрдэнэ. Бохирдуулагчаас гарч байгаа бохир усны зэрэглэлээр бохирдуулагч нь төлөх зарчим хэрэгжиж, ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг дээшлүүлэх эдийн засгийн таатай нөхцөл бүрдэнэ;
4.3.2. дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татан оролцуулах таатай нөхцөл бүрдэнэ;
4.3.3. амины орон сууц, гэр хорооллын бохир усыг татан зайлуулах шугам сүлжээг хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж байгуулах замаар салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
4.3.4. бохир ус цэвэрлэгээний түвшин дээшилснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар багасч, усны нөөцийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ;
4.3.5. ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагаа сайжирснаар хүн амын халдварт өвчлөл багасч, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд амьдрах боломжтой болно.
4.4. Зорилт 2: Ариун цэврийн байгууламжид дэвшилтэт техник, технологи дэвшүүлж үйл ажиллагааг сайжруулан, хэвийн найдвартай ажиллагааг хангана.
4.5.1. төв, суурин газрын ариутгах татуургын нэгдсэн сүлжээг өргөтгөн тэлэх;
4.5.2. ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг сэргээн засварлаж шинэчлэх, техник, технологийг сайжруулах;
4.5.3. суурин газрын ариутгах татуургыг бага оврын цэвэрлэх байгууламжийн технологиор холбох замаар бохир усыг зайлуулан орчны ариун цэврийн нөхцөлийг сайжруулах асуудлыг шийдэх;
4.5.4. бага оврын, хэсгийн цэвэрлэх байгууламжийн техник, технологи нэвтрүүлэх:
-хорт бодис ихээр гаргадаг үйлдвэр, аж ахуйн газрыг бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох;
-төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй эмнэлэг, сургууль, зуслан, амралт сувиллын болон, аялал жуулчлалын газар, гэр хороолол, амины орон сууцанд агааржуулалттай сайжруулсан нүхэн жорлон, хуурай жорлон, ашиглах, суурилуулахад зардал багатай бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулах.
4.5.5. бохир усны цэвэрлэгээнээс гарсан лагийг боловсруулах технологи нэвтрүүлэх;
4.5.6. цэвэрлэгдсэн бохир усыг /саарал усыг/ дахин ашиглах технологи судалж нэвтрүүлэх.
4.6. Хүрэх үр дүн:
4.6.1. энэ талаар дэвшүүлсэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт биелэгдэнэ;
4.6.2. 2015 он гэхэд нийт хүн амын 36.6 хувь нь төвлөрсөн ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдоно;
4.6.3. цэвэрлэгээний түвшин нь стандартын шаардлагад хүрсэн цэвэрлэх байгууламжийн тоог 71-д хүргэх;
4.6.4 цэвэрлэгээний түвшин өндөр, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй, шинэ технологи бүхий бага оврын цэвэрлэх байгууламж нэвтрүүлэх;
4.6.5. арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрүүд урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болж ахуйн бохир ус цэвэрлэх төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасган, цэвэрлэгээний түвшин өндөрсөнө;
4.6.6. төв, суурин газрын оршин суугчид ажиллаж амьдрах таатай орчин бүрдэнэ.
4.7. Зорилт 3: Сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлж салбарын хүний нөөцийг бэхжүүлнэ.
4.8. Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
4.8.1. салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох;
4.8.2. ариун цэврийн байгууламжийн талаархи албан болон албан бус сургалт явуулах;
4.8.3. хүн, малын ялгадас, бохир уснаас үүдэлтэй байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй сөрөг нөлөөлөл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа явуулах.
4.9. Хүрэх үр дүн:
4.9.1. салбарын хүний нөөцийн чадавхи нэмэгдэнэ;
4.9.2. Ариун цэврийн байгууламжийн талаархи мэдлэгийн түвшин дээшилж, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ.
Тав. Хөтөлбөрийн удирдлага-зохион байгуулалт,
хяналт-шинжилгээ, үнэлгээ
5.1. Удирдлага-зохион байгуулалт
5.1.1. нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийг эдийн засаг, нийгмийн бусад холбогдох хөтөлбөртэй уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх ажлыг удирдлага-зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийтийн аж ахуйн байгууллагууд хэрэгжүүлэх ажлыг хариуцна.
5.2. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ:
Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах үйл ажиллагааны удирдлага-зохион байгуулалт, туршлага, анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг холбогдох байгууллагад тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ;
5.2.1. хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг нийтийн аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ;
5.2.2. хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хөтөлбөрийн зорилт тус бүрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлт болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтээр гаргана.
5.3. Хөтөлбөрийн үр дүнг дараахь үзүүлэлтээр гаргана:
5.3.1. ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлэх;
5.3.2. цэвэрлэгээний түвшин нь стандартын шаардлагад хүрсэн цэвэрлэх байгууламжийн тоо 71-д хүрсэн байх;
5.3.3. сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглах бодлого боловсруулах, зах зээлийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах чадвартай, өндөр мэргэшлийн боловсон хүчинг системтэй бэлтгэдэг болох;
5.3.4. ариун цэврийн байгууламжийг ашиглах үйл ажиллагаанд нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд түлхүү оролцох боломжтой болох;
5.3.5. бохирдуулагч нь төлбөр төлөх зарчим нэвтэрч, хүн амын төлбөрийн чадвартай уялдсан үнэ тарифын механизм нэвтрэх;
5.3.6. гэр хорооллын 8-10 хувь нь бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох.
-----оОо----
Текст томруулах
A
A
A