- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 258 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.19-д заасан Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан /цаашид "Сан" гэх/-г бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Сангийн зорилго нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд төсвөөс болон гадаад улс, олон улсын байгууллагаас олгож байгаа хөрөнгийн үр ашгийг сайжруулж оновчтой хуваарилах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршино.
1.3. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
1.4. Сангийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удирдлага болгоно.
1.5. Сангийн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансад байршуулна.
1.6. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Сангийн ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.
1.7. Энэхүү журмын хэрэгжилтэд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
Хоёр. Сангийн эх үүсвэр
2.1. Сан нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1) улсын төсвийн хөрөнгө;
2) гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
3) гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл;
4) сангийн үйл ажиллагаанаас олсон орлого.
Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт
3.1. Сангийн удирдлага нь орон тооны бус Сангийн Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ байна.
3.2. Зөвлөлийн дарга нь санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
3.3. Зөвлөлийн дэд дарга нь Үйлдвэр, худалдааны дэд сайд байх бөгөөд бусад гишүүд нь төрийн захиргааны албан тушаалтан байна.
3.4. Зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Зөвлөлийн даргын санал болгосноор Засгийн газар батална.
3.5. Зөвлөлийн дарга нь дор дурдсан бүрэн эрхтэй байна:
1) Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу сангийн хөрөнгөөс төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, зээл олгох, зээлийн баталгаа гаргах, сургалт зохион байгуулах;
2) Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Санг төлөөлөн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах;
3) Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Сангийн хөрөнгийг захиран зарцуулах;
4) Сангийн хөрөнгийн бүрдүүлэлтийг зохион байгуулах;
5) Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Засгийн газарт тайлагнах.
3.6. Сан нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын албатай байна.
3.7. Сангийн ажлын албаны дүрэм, ажиллах журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.8. Сан нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Дөрөв. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах нөхцөл
4.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
4.2. Сангийн хөрөнгөөс улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудад зээл олгож, зээлийн баталгаа гаргана. Үүнд:
1) хөдөө аж ахуйн зориулалттай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, экспортын чиглэлийн үр ашигтай, дотоодын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрлэл шинээр бий болгох, шинэ технологи нэвтрүүлэх;
2) мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, таримал ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах, оёмол, сүлжмэл зэрэг хөнгөн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуй зэрэг импортыг орлох чиглэлийн үр ашигтай, дотоодын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрлэл шинээр байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх;
3) мэдээлэл, холбооны технологи, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын дотоодын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн технологийг шинэчлэх.
4.3. Сангаас гаргах зээлийн баталгааны нийт хэмжээ нь сангийн нийт хөрөнгийн тавны нэгээс хэтрэхгүй байна.
4.4. Сангийн хөрөнгөөр зээлийн баталгаа гаргах тухай шийдвэрийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр гаргана.
4.5. Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахтай холбоотой дараахь арга хэмжээг санхүүжүүлнэ:
1) үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг дэмжих;
2) гадаад зах зээлд үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах.
4.6. Цэвэр болон өндөр технологи нутагшуулах, дамжуулахтай холбоотой дараахь үйл ажиллагааг санхүүжүүлнэ:
1) олон улсын стандартад нийцэхүйц хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторийг байгуулах;
2) экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд хор нөлөөгүй технологийг дэмжих;
3) сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
4) мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх;
5) хүнсний ногоо боловсруулах, хадгалах чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх;
6) ноос, ноолуур, арьс, шир зэрэг түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлийн шинэ технологи нэвтрүүлэх;
7) эрдэс түүхий эд, зам барилга, барилгын материалын болон химийн чиглэлийн үйлдвэрийн шинэ болон дэвшилтэт технологийг нутагшуулах.
4.7. Үр ашигтай, ирээдүйтэй салбарын чиглэлээр бизнес инкубатор байгуулах үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлнэ.
4.8. Зөвлөлийн дарга нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан чиглэлээр улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий салбар, арга хэмжээний жагсаалтыг холбогдох тооцоо, судалгаа, танилцуулгын хамт гаргаж Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.
4.9. Энэ журмын 4.2, 4.6-д заасан төсөл, арга хэмжээг Монгол банкны шалгуур үзүүлэлтийг хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгож санхүүжүүлнэ.
4.10. Зөвлөлийн дарга нь журмын 4.2, 4.6-д заасан чиглэлээр тухайн жилд санхүүжүүлэх салбар, арга хэмжээний жагсаалтыг Сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээний тооцоо, үндэслэл, зээл олгох нөхцөл, зээл болон зээлийн хүүгийн тооцооны хамт гаргаж Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.
4.11. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хөрөнгө гаргана.
4.12. Зээл олгох, зээлийн баталгаа гаргах үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд зохицуулна.
4.13. Тухайн санхүүгийн жилд зарцуулагдаагүй Сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараа жилийн төсөв дээр нэмж батлуулна.
Тав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих
5.1. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1, 30.5-д заасан болон энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу хагас, бүтэн жилээр гаргана.
5.2. Төрийн аудитын байгууллага сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
5.3. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
-----оОо-----
Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн
хөрөнгийг захиран зарцуулах журмын
хавсралт
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН
САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр .......................
Төсөл, арга хэмжээний зориулалт............................
Шийдвэрийн дугаар..................... ....................
Авсан санхүүжилтийн дүн....................................
|
Төсөл арга хэмжээний
зардлын үзүүлэлт
|
Төсөв
|
Гүйцэтгэл
|
Зөрүү
|
1
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
3
|
|
|
|
|
4
|
|
|
|
|
5
|
|
|
|
|
6
|
|
|
|
|
7
|
|
|
|
|
8
|
|
|
|
|
9
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
Хянан баталгаажуулсан:
|
.................../төсөл хэрэгжүүлэгч
байгууллагын дарга/
|
Гүйцэтгэл гаргасан:
|
................. /байгууллагын ня-бо/
|
Хянан хүлээн авсан:
|
.................... /Сангийн ажилтан/
|
Хүлээн авсан ..... он .... сар....өдөр
|
Текст томруулах
A
A
A