A

A

A

Бүлэг: 1979
                           Засгийн газрын 2007 оны 20 дугаар 
тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ ТОГТООХ АРГАЧЛАЛ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу аюултайгаас бусад ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын норматив тогтоохдоо энэхүү аргачлалыг дагаж мөрдөнө.
 
            1.2. Тухайн нутаг дэвсгэрт хог хаягдлын төлбөр тооцоход мөрдөх нормативыг Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 9.1.2-т зааснаар олгосон бүрэн эрхийн дагуу тогтооно.
 
            1.3. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэд, байгууллага болон сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн хог хаягдлын батлагдсан нормативыг өөрчлөх, хүчингүй болгох эрх эдэлнэ.
 
Хоёр. Хог хаягдлын норматив тогтоох үндэслэл
 
            2.1. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хог хаягдлын норматив тогтоох санал боловсруулах ажлын хэсгийг сум, дүүргийн Засаг дарга, иргэд, үйлдвэр, худалдаа, мэргэжлийн хяналт, стандартчилал, хэмжил зүй, эрүүл мэнд, санхүү төсөв, байгаль орчны асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл бүхий 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулна.
 
            2.2. Ажлын хэсэг санал боловсруулахдаа дараахь үйл ажиллагаанд зураг авалт, хэмжилт хийж, судалгаа явуулан дүгнэлт гаргана:
 
2.2.1. гэр хорооллын айл өрхөөс гарах хог хаягдлыг түлшний хэрэглээг нь харгалзан улирлаар өрхийн нэг гишүүнд ногдох хэмжээгээр тооцсноор;
 
2.2.2. төв, суурин газар дахь мал бүхий иргэдийн мал аж ахуйгаас гарах ялгадсын хэмжээг малын төрлөөр, нэгж толгойд тооцсноор;
 
2.2.3. иргэдийн ахуйн хэрэглээнээс гарсан хаягдал цаас, мод, шилэн болон хуванцар сав, баглаа боодлын чанартай эд зүйлийн хэмжээг хүндийн жингээр;
 
2.2.4. нийтийн орон сууцанд амьдардаг айл өрхөөс гарах хог хаягдлыг өрхийн нэг гишүүнд ногдох хэмжээгээр тооцсноор;
 
2.2.5. үйлдвэрийн газрын хог хаягдлыг тогтоосон хүчин чадлынх нь ашиглалтаар тооцож нэгж бүтээгдэхүүнд ногдох үндсэн болон туслах материал, түүхий эдийн орцтой уялдуулсан хэмжээгээр;
 
 2.2.6. энэ журмын 2.2.5-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн хог хаягдлыг нэгж бүтээгдэхүүнд нь ногдох хэмжээгээр тооцсноор;
 
2.2.7. худалдааны газар, эмийн сан, дэлгүүрийн хог хаягдлыг түүний ашигтай талбайн нэгж тутамд ногдох хэмжээгээр тооцсон хэмжээ, үйлчилгээний төрөл ангиллаар;
 
2.2.8. сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, амралт сувиллын байгууллын хог хаягдлыг нэг сурагч, хүүхэд болон үйлчилгээний ор тутамд тооцсоноор;
 
2.2.9. нийтийн хоол, гуанз, рестораны хог хаягдлыг суудлын тоог ажлын цагаар үржүүлснээр буюу суудал/цагт ногдуулан тооцсон хэмжээгээр;
 
2.2.10. нийтийн үзвэр, үйлчилгээний газар, урлагийн байгууллагын хог хаягдлыг ажиллах цагийг суудлын тоогоор үржүүлснээр буюу суудал/цагт ногдуулан тооцсон хэмжээгээр;
 
2.2.11. авто гарааж, засвар үйлчилгээ, машин угаалгын газрын хог хаягдлыг хүчин чадлын нэгжид ногдох хэмжээгээр тооцсоноор;
 
2.2.12. барилга угсралтын ажлын хог хаягдлыг тухайн барилгыг барихад зориулсан ашигтай талбайн нэгжид ногдох хэмжээгээр тооцсоноор;
 
2.2.13. албан байгууллагын хог хаягдлыг нэгж орон тоонд ногдох хэмжээгээр тооцсоноор;
 
2.2.14. шатахуун түгээх станцын хог хаягдлыг үйлчилгээний талбайн нэгжид ногдох хэмжээгээр тооцсоноор;
 
2.2.15. гудамж замын хог хаягдлыг нэг хавтгай дөрвөлжин метр талбайд ногдох хэмжээгээр тооцсоноор.
 
    2.3. Энэ журмын 2.2-т хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын хэмжээг түүний үйл ажиллагааг нь илэрхийлэх боломжтой үндсэн нэгжтэй дүйцүүлэн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно.
 
Гурав. Хог хаягдлын норматив тогтоох
 
3.1. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ажлын хэсгээс боловсруулсан хог хаягдлын норматив тогтоох тухай саналыг баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын удирдлагад танилцуулан санал авч, бусад төв, суурин газар, аймаг, нийслэлд мөрдөж байгаа нормативтай жишиж үзэх ажлыг зохион байгуулна. 
 
3.2. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ зүйлийн 3.1-д заасан арга хэмжээ авч, төслийг эцэслэн боловсруулсны үндсэн дээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулна.
 
3.3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хог хаягдлын норматив батлах тухай асуудал хэлэлцэхдээ иргэд болон хог хаягдал зайлуулах, түүнчлэн хог хаягдал ихээр гаргадаг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийг оролцуулан саналыг нь сонсож болно.
 
3.4. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын нормативыг эх үүсвэрээр, хоног, сараар тооцон хүндийн жингийн нэгжээр тогтоож, гурван жилийн хугацаагаар мөрдөхөөр батална.
 
3.5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэрт шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн онцлогтой уялдуулан хог хаягдлын нормативыг тухай бүр шинэчлэн баталж болно.
 
3.6. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 3.4-т заасан хугацаа нь дууссан хог хаягдлын нормативыг цаашид мөрдөх эсэх асуудлыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж байна.
 
 
 
-------о0о------