- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 288 дугаар
тогтоолын хавсралт
(2006-288 дугаар тогтоолыг 2009-05-20-ны 151 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )
БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь төрийн бодлогын хүрээнд зайлшгүй шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх үүргийг хэрэгжүүлүүлэхээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан /цаашид "сан" гэх/-д хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Мэдээлэл харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэх судалгааг үндэслэн тухайн жилд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зардлын төсвийг Харилцаа холбооны зохицуулах хорооны санал болгосноор Ерөнхий сайд батална.
1.3. Алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг улсын эдийн засгийн байдал, техник технологийн дэвшлийг харгалзан Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр шинэчлэн тогтоож байна.
1.4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг хуваарилах үйл ажиллагаанд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээ эрхлэгчдийг ялгаварлахгүй, тэгш эрхтэйгээр оролцуулах, ил тод байх зарчмыг баримтална.
1.5. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Харилцаа, холбооны зохицуулах хороо хариуцна.
2.2. Харилцаа холбооны зохицуулах хороо нь сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар жилд 2 удаа Ерөнхий сайдад мэдээлж байна.
2.3. Мэдээллийн технологи, цахилгаан холбоо, шуудан болон радио телевизийн чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Хяналтын зөвлөл сангийн үйл ажиллагаанд хяналт тавина.
2.4. Хяналтын зөвлөлийн ажиллах дүрэм, журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо батална.
Гурав. Харилцаа холбооны зохицуулах хорооны
эрх, үүрэг
3.1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь холбогдох хууль болон энэхүү журмын хүрээнд дараахь эрх, үүрэгтэй байна:
3.1.1. Батлагдсан төлөвлөгөөний дагуу сангийн хөрөнгийг хуваарилах;
3.1.2. Сангийн үйл ажиллагааны зардлын төсвийг боловсруулах;
3.1.3. Бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн дүнг хянаж шийдвэрлэх;
3.1.4. Сангийн санхүүгийн тайланг гаргаж, түүнд аудит
хийлгэх, улирал бүрийн тайланг авч хэлэлцэх;
3.1.5. Сангаас хуваарилсан хөрөнгийн зарцуулалт, бүх
нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгчийн сүлжээний найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарыг эрх бүхий байгууллагаар шалгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл хуваарилсан хөрөнгийг буцаан авах;
3.1.6. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын
биелэлтийг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулах;
3.1.7. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын
талаархи мэдээллийг нийтэд мэдээлэх.
Дөрөв. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах
4.1 Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2, 22.1, 22.2-т заасны дагуу бүрдүүлнэ.
4.2. Шуудангийн хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс энэхүү журмын 4.1-д зааснаас гадна Шуудангийн тухай хуулийн 9.1.2-т заасны дагуу хөрөнгө төвлөрүүлнэ.
4.3. Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд санд хөрөнгө төвлөрүүлэхдээ албан татвар ногдуулах орлогоо үнэн зөв тодорхойлж энэ журмын 4.1-д заасан хэмжээний хөрөнгийг сангийн дансанд төвлөрүүлнэ.
4.4. Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд нь албан татвар ногдуулах орлогоос төвлөрүүлсэн хөрөнгийн тайлангаа хууль тогтоомж, дүрэм, журамд заасан хугацаанд гаргаж Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ.
4.5. Энэхүү журмын 4.4-т заасан тайлангийн маягтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга батална.
4.6. Сангийн хөрөнгөөр алслагдсан бүс нутагт сүлжээ барьж байгуулах болон өргөтгөх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтална.
Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг
тайлагнах, хяналт тавих
5.1. Харилцаа холбооны зохицуулах хороо сангийн санхүүгийн тайланг Нэгдсэн төсвийн тухай хуульд заасан хугацаанд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, сангийн зарцуулалтыг Засгийн газарт тайлагнана.
5.2. Санд төвлөрүүлсэн хөрөнгийн талаархи мэдээллийг үнэн зөв тодорхойлж, тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор холбогдох татварын албанд хүргүүлнэ.
Зургаа. Хариуцлага
6.1. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлсэн, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглаж, зарцуулсан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-------оОо------
Текст томруулах
A
A
A