- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ (ТЕНДЕР)-ЫН ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 313 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ (ТЕНДЕР)-ЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс (цаашид "Замын-Үүд" ЭЗЧБ гэх)-ийн амралт, цэнгээний цогцолбор (казиног оролцуулан)-ыг хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн дээр байгуулж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрхээр хангагдахын зэрэгцээ чөлөөт бүсийн үндсэн дэд бүтэц (эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээ, олон улсын нисэх онгоцны буудал)-ийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахад энэхүү уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам (цаашид "журам" гэх)-ыг мөрдөнө.
2. Холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон Үнэлгээний хороо энэхүү олон улсын, нээлттэй, тендер шалгаруулалтыг явуулна. Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн захирагч байна.
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
Энэхүү журамд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1. "Эдийн засгийн чөлөөт бүс" гэж гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох, үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал-үйлчилгээний цогцолбор бүхий хэлбэрийг хосолсон хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ.
2.2. "Амралт, цэнгээний цогцолбор" гэж зочид буудал, ресторан, кафе, түргэн хоолны газар, мини гольфийн талбай, морин уралдааны талбай, тэмээн поло, шоу бизнес, казино бүхий үйлчилгээний салбарын цогцолборыг хэлнэ.
2.3. "Стратегийн хөрөнгө оруулагч" гэж тендерийн ялагчаар шалгарсан бөгөөд чөлөөт бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 100-гаас доошгүй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, аялал-жуулчлал, үйлчилгээ, зочид буудал (казино), зугаа цэнгэл, шоу бизнесийн менежментийн арга барил эзэмшсэн, тухайн бизнесийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 5-аас доошгүй жил казиногийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байсан, 500 сая ам.доллараас доошгүй өөрийн хөрөнгөтэй, санхүүгийн тогтвортой байдалтай, үйл ажиллагааны туршлагатай (үүнийг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцлээр нотолно) хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн оролцоотой гэрээний үндсэн дээр хамтран оролцож байгаа консорциумыг хэлнэ.
2.4. "Ерөнхий мэдээлэл" гэж тендерт оролцогч бүрт хүргэх Монгол Улс болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс, түүний бизнесийн орчны тухай мэдээлэл, баримт бичгийг хэлнэ.
2.5. "Дэнчин" гэж хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж хэрэгжүүлэх амлалт, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон тендерт оролцогчоос Монгол Улсын Монгол банк дахь "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн валютын дансанд тодорхой хугацаагаар байршуулах 500.000 (таван зуун мянган) ам.долларын хүүгүй мөнгөн хөрөнгийг хэлнэ.
2.6. "Нууцыг хадгалах тухай гэрээ" гэж Монгол Улсын Засгийн газар болон холбогдох эрх бүхий байгууллагаас өгөх мэдээллийг ямар нэгэн байдлаар тараах болон мэдээлэхийг хориглосон гэрээг хэлнэ.
2.7. "Өргөдөл" гэдэгт тендерт оролцох сонирхлоо илэрхийлж ирүүлсэн өргөдөл, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ болон тендерийн хураамж төлснийг нотлох баримтын иж бүрдлийг ойлгоно.
2.8. "Тендерийн баримт бичиг" гэж дараахь баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ:
1) Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам;
2) Ерөнхий мэдээлэл;
3) Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, түүнтэй холбоотой бичиг баримт.
2.9. "Тендерт оролцогч" гэж тендерт оролцох сонирхлоо илэрхийлж өргөдлөө ирүүлсэн бөгөөд Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг хангаж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн оролцоотой гэрээний үндсэн дээр хамтран оролцож байгаа консорциумыг хэлнэ.
2.10. "Тендерийн санал" гэж тендерт оролцогчоос тендерт оролцохоор ирүүлсэн саналыг хэлнэ. Тендерийн саналд үр ашигтай, бодит хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой тусгагдсан байна.
2.11. "Тендерийн хураамж" гэж тендерийн баримт бичгээр хангах үйлчилгээний хураамж болгон тендерт оролцогчоос төлөх 1.000 (нэг мянган) ам.долларын буцааж төлөгдөхгүй төлбөрийг хэлнэ.
2.12. "Уралдаант шалгаруулалт" (цаашид "тендер" гэх) гэж тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналуудыг хянан үзэж, ялагчийг тодруулан, түүнтэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл ажиллагааг хэлнэ.
2.13. "Хөрөнгө оруулалтын гэрээний эхний төсөл" гэж Засгийн газраас тавьж байгаа шаардлага нөхцөлийг тусгасан тендерт оролцогчдоос санал авахаар хүргүүлж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлнэ.
2.14. "Хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн төсөл" гэж Хөрөнгө оруулалтын гэрээний эхний төсөлд тендерт оролцогчдын өгсөн саналаас хүлээн авч болохуйц саналыг тусгасан хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлнэ.
2.15. "Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл" гэж Хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн төсөлд тендерт оролцогчдоос ирүүлсэн саналаас хүлээн авч болохуйц саналуудыг тусгаж эцэслэн бэлтгэсэн төслийг хэлнэ.
2.16. "Хөрөнгө оруулалтын хэмжээ" гэж "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн амралт, цэнгээний цогцолбор болон дэд бүтэц (эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээ, олон улсын нисэх онгоцны буудал)-ийг бүрдүүлэхэд зориулан тендерт оролцогчоос санал болгож байгаа хамгийн оновчтой, бодит хөрөнгө оруулалтын хэмжээ (үнийн дүн)-г хэлнэ.
2.17. "Дэд бүтэц" гэж чөлөөт бүсийн эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээ, олон улсын онгоцны буудал зэргийг хэлнэ.
2.18. "Казиногийн үйл ажиллагаа явуулах онцгой эрх" гэж тухайн бүсэд дангаараа казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрхээр хангагдахыг хэлнэ.
2.19. "Үнэлгээний хороо" гэж тендер шалгаруулалтыг явуулах үнэлгээ хийх зорилгоор холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг хэлнэ.
3.1. Тендерийг энэхүү журамд хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна.
Дөрөв. Тендерт оролцогч
4.1. Тендерт оролцогчийн эрх зүйн байдал
4.1.1. тендерт оролцогч нь Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг хангаж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээд, эсхүл тэдгээр нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тендерийн нэг санал ирүүлэх консорциум байна;
4.1.2. тендерт оролцогч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөх эрхийг тодорхой зааж, зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна;
4.1.3. тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд зөвхөн нэг (1) итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
4.2. Тендерт оролцогчид тавих хязгаарлалт
4.2.1. тендерийг албан ёсоор зарласнаас эхлэн тендерийн үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд тендерт оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тендерт оролцогч бусад этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй энэхүү тендертэй холбоотой асуудлаар аливаа хэлцэл хийх, харилцаа холбоо тогтоохыг хориглоно;
4.2.2. тендерт оролцогч нь нууцыг хадгалах тухай гэрээний дагуу холбогдох мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
4.3. Тендерт оролцогчийн эрх
4.3.1. тендерт оролцогч нь дараахь эрх эдэлнэ:
1) Өгөгдсөн мэдээллийг ашиглах;
2) Үнэлгээний хорооноос баталсан хуваарийн дагуу "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүстэй танилцах, дүн шинжилгээ болон уулзалт хийх, чөлөөт бүсийн удирдлагатай уулзах;
3) Үнэлгээний хорооны холбогдох албан тушаалтантай уулзах, мэдээлэл авах;
4) Тендерт ялаагүй бол дэнчингээ буцаан авах;
5) Энэхүү журам болон тендерийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн талаар тайлбар, тодруулга авах зорилгоор Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах /Тендерийн санал авах хугацаа дуусахаас ажлын 5 (тав)-аас доош өдөрт ирүүлсэн тайлбар, тодруулга авах хүсэлтийг Үнэлгээний хороо хүлээж авахгүй байж болно/.
Тайлбар авах хүсэлтийг англи, эсхүл монгол хэл дээр үйлдэж "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн Захирагчийн ажлын албанд дараахь хаягаар ирүүлнэ:
Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч,
"Замын-Үүд" ЭЗЧБ-ийн захирагч Я. Гантөмөр танаа
Засгийн газрын 11 байр, 1101 тоот өрөө
Улаанбаатар-211238, Монгол Улс
Утас: +976-11-330294
Факс: +976-11-318168
4.4. Тендерт оролцогчийн үүрэг
4.4.1. өөрийн бизнес, эрх зүйн болон санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх;
4.4.2. тендерт оролцох явцад өөрийн бизнес, эрх зүйн болон санхүүгийн байдалд гарсан тендерт оролцоход нь нөлөөлж болзошгүй аливаа материаллаг өөрчлөлтийн талаар Үнэлгээний хороонд нэн даруй мэдээлэх;
4.4.3. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулах асуудлаар байгуулсан, эсхүл байгуулахаар төлөвлөж байгаа аливаа гэрээ, хэлэлцээрийн талаар Үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэх;
4.4.4. тендерт оролцох эсхүл оролцохтой холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцах;
4.4.5. тендерийн саналыг битүүмжилж Үнэлгээний хороонд өөрөө өгөх, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол баталгаат шуудангаар илгээж, зар мэдээнд заасан хугацаанд ирүүлэх;
4.4.6. хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон тендерт ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцах;
4.4.7. өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;
4.4.8. Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг сахин биелүүлэх;
4.4.9. тендерт оролцогчийн зүгээс энэхүү тендерт оролцох аливаа асуудлаар дотоод зөрчилдөөнтэй бол тэр тухайгаа мэдэгдэх.
4.5. Тендерийн санал боловсруулах, түүнийг ирүүлэхтэй холбогдуулан тендерт оролцогчид тавигдах шаардлага:
4.5.1. эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;
4.5.2. мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй байх;
4.5.3. тендерийн саналыг зарласан нөхцөлийн хэмжээнд, мэргэжлийн түвшинд хийсэн байх;
4.5.4. тендерийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн байх;
4.5.5. дэнчингээ хугацаанд нь байршуулсан байх.
Тав. Тендерийн баримт бичиг
5.1. Тендерт оролцогч тус бүрт тендерийн журам, ерөнхий мэдээлэл, Хөрөнгө оруулалтын гэрээний эхний төсөл, түүнтэй холбоотой бичиг баримтаас бүрдсэн тендерийн баримт бичгийн нэг иж бүрдлийг олгоно.
5.2. Үнэлгээний хорооноос олгох тендерийн баримт бичигт Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэг дарсан байна.
5.3. Үнэлгээний хороо тендертэй холбоотой мэдээллийг тендерийн баримт бичигт оруулна. Энэхүү мэдээллийг ашиглахтай холбоотойгоор үүсч болох аливаа үүрэг, хариуцлагыг Үнэлгээний хороо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль аль нь хүлээхгүй.
Зургаа. Дүн шинжилгээ хийх
6.1. Тендерт оролцогчдыг тэдгээрийн хүсэлтийн дагуу Үнэлгээний хорооны гишүүн болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана.
6.2. Тендерт оролцогчдыг тендерийн саналаа ирүүлэхээс нь өмнө "Замын-Үүд" ЭЗЧБ-д очиж дэд бүтэц, хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх, Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтын талаар Үнэлгээний хорооны гишүүнтэй санал солилцох бололцоогоор хангана. Үнэлгээний хороо нь тендерт оролцогчид чөлөөт бүсэд очиж нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд зориулж 20 хүртэлх хоногийн хугацаа олгоно. Тендерт оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд Үнэлгээний хороо өөрийн үзэмжээр нэмэлт хугацаа олгож болно. Дүн шинжилгээ хийх хугацаанд тендерт оролцогчид чөлөөт бүсийн удирдлагатай уулзах боломжоор хангагдана.
6.3. Үнэлгээний хороо нь чөлөөт бүсэд очиж дүн шинжилгээ хийх хуваарийг хүсэлт хүлээж авсан дарааллаар гаргаж, тендерт оролцогчдод энэ тухай факс эсвэл электрон шуудангаар мэдэгдэнэ.
6.4. Тендерт оролцогч нь тендерийн саналаа ирүүлснээр чөлөөт бүсийн нөхцөл байдлыг судлан зөвшөөрч, эдгээр нөхцөл байдал болон Үнэлгээний хорооноос гаргаж өгсөн бүх мэдээллийн үнэн зөв болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Байгаа мэдээлэл, бодит байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах үүргээс чөлөөлөгдөхгүй. Үнэлгээний хороо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн тендерт оролцогчийн гаргасан дүгнэлт, тайлбарын талаар Засгийн газар, Үнэлгээний хороо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль аль нь хариуцлага хүлээхгүй.
6.5. Тендерт оролцогч дүн шинжилгээ хийхгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн санал өгөх эрхтэй хэвээр байна.
Долоо. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг
эцэслэн боловсруулах
7.1. Тендерт оролцогчдоос 2007 оны 3 дугаар сарын 30-ны дотор Үнэлгээний хороонд ирүүлсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн нэмэлт, өөрчлөлтийн саналыг Үнэлгээний хороо харгалзан үзэж Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, уг гэрээний шинэчилсэн төслийг боловсруулна.
7.2. Үнэлгээний хороо Хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж, энэ тухай тендерт оролцогч тус бүрт мэдэгдэж, шинэчилсэн төслийн хувийг 2007 оны 4 дүгээр сарын 10-ны дотор хүргүүлнэ.
7.3. Хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа 2007 оны 4 дүгээр сарын 20-ны дотор ирүүлэхийг тендерт оролцогчдод санал болгоно. Энэ өдрөөс хойш ирүүлсэн санал, тайлбарыг хүлээж авахгүй.
7.4. Хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн төсөлд оруулахаар тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Үнэлгээний хороо Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, тендерт оролцогч тус бүрт 2007 оны 4 дүгээр сарын 30-ны дотор хүргүүлнэ.
Найм. Тендерийн санал бэлтгэх, санал ирүүлэхэд
тавигдах ерөнхий шаардлага
8.1. Бүх мөнгөн дүнг Америкийн Нэгдсэн Улсын доллараар илэрхийлнэ.
8.2. Тендерт оролцогчид тендерийн саналыг монгол хэл дээр бэлтгэж ирүүлнэ. Гадаад хэл дээр бэлтгэж ирүүлэх бол монгол орчуулгыг заавал хавсаргана. Харин Хөрөнгө оруулалтын гэрээний эцсийн хувилбарыг англи, монгол хэл дээр тус бүр 2 хувь ирүүлнэ.
8.3. Тендерт оролцогчид тендерийн саналын нэг эх хувь болон долоон хуулбарыг ирүүлнэ.
8.4. Саналын эх хувь болон хуулбаруудын хооронд аливаа зөрүү гарах тохиолдолд эх хувийг баримтална.
8.5. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн саналд гарын үсэг зурж, хуудас бүрт хар эсвэл хөх өнгийн бэхээр нэрийнхээ эхний үсгийг тавьж баталгаажуулна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрхийг бичгээр гаргаж, тендерийн саналд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна.
8.6. Тендерийн саналд оруулсан бүх засварт тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурж баталгаажуулна.
8.7. Тендерийн саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авсан өдрийг тендерийн санал ирүүлсэн өдөр гэж тооцно.
8.8. Тендерийн саналыг шуудангаар илгээсэн тохиолдолд Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээж авсан огноо, цагийг тэмдэглэсэн баримтыг тендерт оролцогчид илгээж хүлээн авснаа батална. Шуудангаар ирүүлсэн тендерийн саналд хариу илгээх факсын дугаарыг заагаагүй тохиолдолд хүлээн авсан тухай баримтыг ирүүлсэн саналын дугтуйн дээрх хаягаар, эсхүл тендерт оролцогчийн Үнэлгээний хорооны бүртгэлд тусгагдсан хаягаар илгээнэ.
8.9. Тендерт оролцогч нь тендерийн санал хүлээн авах хугацаа дуусахаас өмнө Үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэж, тендерийн саналаа өөрчлөх, эсхүл татан авах эрхтэй.
Ес. Дэнчин
9.1. Тендерийн саналаа ирүүлэх хүсэлтэй тендерт оролцогчид Үнэлгээний хорооны дор дурдсан валютын харилцах дансанд 500.000 (таван зуун мянган) америк долларын дэнчинг байршуулсан байна:
Банкны нэр: Монгол Улсын "Монгол банк"
SWIFT код: BOMUMNUB
Дансны нэр: "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба
Дансны дугаар: 4101400005
Харилцагч банк: Federal Reserve Bank of New York,
NY, USA
SWIFT код: FRNYUS33
Дансны нэр: Монгол банк
Дансны дугаар: 021088506
9.2. Дэнчин төлснийг нотолсон банкны баримтын эх хувийг тендерийн саналд хавсаргана.
9.3. Тендерт оролцогч нь дэнчин тавиагүй тохиолдолд тендерийн саналыг үнэлэхгүй болно.
9.4. Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг чөлөөт бүсийн дэд бүтцийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээнд оруулж тооцно.
9.5. Тендерийн үйл ажиллагааны үр дүнд тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын 7 (долоон) өдөрт багтаан буцаан олгох бөгөөд хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банкны нэр, дансны дугаар, хүлээн авагчийн нэр, хаягийг тодорхой заана.
9.6. Дэнчинг дараахь тохиолдолд буцааж олгохгүй:
1) Ялагч нь тендерийн саналтайгаа хамт англи, монгол хэл дээр тус бүр хоёр хувь үйлдэж, хувь тус бүр дээр гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээний эцсийн хувилбарыг ирүүлээгүй, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн үр дүнгийн тухай мэдэгдэл (тэмдэглэл)-д гарын үсэг зурахаас татгалзсан;
2) Ялагч нь Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл, болзлыг болон гэрээнд заасан өөрийнхөө аливаа мэдэгдэл, баталгаа, тохиролцоогоо зөрчсөн.
9.7. Дэнчинд хүү төлөхгүй.
9.8. Дэнчин төлөх болон буцааж төлөхтэй холбогдсон банкны бүх зардлыг тендерт оролцогч хариуцна.
Арав. Тендерийн санал бэлтгэн ирүүлэх
10.1. Тендерт оролцож байгаа стратегийн хөрөнгө оруулагчид дараахь нөхцөлийг хангасан байх шаардлагатай:
10.1.1. Засгийн газраас дэвшүүлсэн дор дурдсан зорилтыг тусгасан бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлнэ:
1) аялал-жуулчлалыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг бий болгох;
2) гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр оруулах таатай орчинг бүрдүүлэх;
3) Азийн болон бусад орнуудтай аялал жуулчлалын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх;
4) бүс нутгийн хөгжлийг дэмжих;
5) "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн үндсэн дэд бүтэц (эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээ, олон улсын нисэх онгоцны буудал)-ийг бүрдүүлэхэд зориулж 100-гаас доошгүй сая ам.долларын хөрөнгө оруулах;
6)дээрх зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг түргэтгэхэд дорвитой хувь нэмэр оруулах.
10.1.2. бизнесийн төлөвлөгөө болон үйл ажиллагааны стратегийн хүрээнд ажиллах хүчний асуудлыг шийдэх, хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж ирүүлэх.
10.2. Тендерийн саналд бизнес төлөвлөгөөний үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг тодорхой тусгасан байна.
10.3. Тендерийн саналын эх хувь болон хуулбаруудыг "ТЕНДЕРИЙН САНАЛ-ЭХ ХУВЬ", "ТЕНДЕРИЙН САНАЛ-ХУУЛБАР" гэж хаяглан тус тусад нь битүүмжлэн дугтуйлна. Эдгээр дугтуйг өөр дугтуйд давхар хийж битүүмжилнэ. Гаднахь дугтуй дээр Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаяг, тендерт оролцогчийн албан ёсны нэр, хаягийг бичиж:
"ЗАМЫН-ҮҮД" ЧӨЛӨӨТ БҮСИЙН УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ (ТЕНДЕР)-Д ОРОЛЦОХ "НУУЦ САНАЛ-ТЕНДЕРИЙН САНАЛ"
"ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООГ БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР НЭЭХИЙГ ХОРИГЛОНО" гэсэн тэмдэглэл хийнэ.
Тендерийн саналыг Үнэлгээний хорооны дараахь хаягаар 2007 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 13 цаг (Улаанбаатарын цагаар)-аас өмнө Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.
Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч,
"Замын-Үүд" ЭЗЧБ-ийн захирагч Я. Гантөмөр танаа
Засгийн газрын 11 байр, 1101 тоот өрөө,
211238 Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: +976-11-330294
Факс: +976-11-318168
10.4. Тендерийн санал
Тендерийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
А. Тендерт оролцогчийн талаархи мэдээлэл. Үүнд:
(1) Тендерт оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны чиглэл, хуулийн этгээдийн бүтэц, үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга (консорциумын хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компани тус бүрээр гаргаж өгнө);
(2) Сүүлийн гурван жилийн байдлаар гаргаж аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл (нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан сүүлийн 3 жилийн тайлан) (консорциумын хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн этгээд тус бүрээр гаргаж өгнө);
(3) Тендерт оролцогчийн нийт гаргасан, эсхүл бусад хэлбэрээр өмчилж байгаа хувьцааны 5 (тав)-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн жагсаалт (консорциумын хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд хамтарч байгаа компани тус бүрийн нийт гаргасан, эсхүл бусад хэлбэрээр өмчилж байгаа хувьцааны 5 (тав)-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийг энэхүү жагсаалтад оруулна);
(4) Тендерт оролцогчоос санал болгож байгаа тендерт холбогдолтой байж болох бусад нэмэлт мэдээлэл.
Бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөнд "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн аялал жуулчлал-үйлчилгээний хэсгийг цаашид хөгжүүлэх бизнесийн стратегийг тодорхойлно. Үйл ажиллагааны төлөвлөгөө нь 5 хүртэл, стратеги төлөвлөгөө нь 20 хүртэлх жилийг хамарсан байна. Энэхүү төлөвлөгөөнүүдэд дор дурдсан арга хэмжээг тусгасан байвал зохино. Үүнд:
(1) чөлөөт бүсийн амралт, цэнгээний цогцолборыг олон улсын жишигт нийцүүлэн барьж байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын талаархи санал болгож байгаа ерөнхий стратегийн зорилго;
(2) амралт, цэнгээний цогцолборт бий болгож хөгжүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааны хөгжил;
(3) төлөвлөж байгаа санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, таван жилийн санхүүгийн прогноз;
(4) чөлөөт бүсийн амралт, цэнгээний цогцолборыг барьж байгуулах, хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, өртөг зардлын бүтэц;
(5) чөлөөт бүсийн амралт, цэнгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөө;
(6) аялал жуулчлал-үйлчилгээний хэсгийн ажиллах хүч, хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө;
(7) хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх, байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах, түүнийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын практикийг хэрэгжүүлэх амлалт.
Дэнчин төлөгдсөн эсэхийг тендерийн санал задлахын өмнө шалгаж үзэх бөгөөд энэ журамд заасан дансанд орж ирээгүй тохиолдолд тендерийн саналд үнэлгээ хийхгүй.
Г. Тендерийн энэхүү журмын сүүлчийн хуудсанд гарын үсэг
зурсан хуулбар.
Тендерт оролцогч нь Тендерийн журамд гарын үсэг зурснаар энэхүү журмын заалтыг сахин мөрдөж, түүнд тусгасан бүх нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ.
Д. Тендерт оролцохыг зөвшөөрч тухайн хуулийн этгээдийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр (консорциумын хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас тендерт оролцохыг зөвшөөрч гаргасан шийдвэр).
Е. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ
1) Амралт, цэнгээний цогцолборт оруулах хөрөнгө оруулалтын санал /үнийн дүн/;
2) Чөлөөт бүсийн дэд бүтцийг барьж байгуулахад зориулж 100 сая ам. доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийх санал /үнийн дүн/;
Ж. Баталгаа. Тогтвортой үйл ажиллагаатай, олон улсын нэр хүнд бүхий даатгалын компани, эсвэл гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагаас тендерт ялагчаас шалтгаалан хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт 5.000.000 (таван сая) ам.доллар төлөх баталгаа.
10.5. Хөрөнгө оруулалтын гэрээ
А. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зохих журмын дагуу гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн англи болон монгол хэл дээр хоёр эх хувийг тендерийн саналын эх хувьд хавсаргасан байх шаардлагатай. Тендерт оролцогчоор бөглүүлэхээр зориуд хоосон үлдээсэн хэсгийг бөглөхөөс өөрөөр Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд өөрчлөлт оруулахыг үл зөвшөөрнө.
Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд дараахь зүйлийг хавсаргана:
(1) Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн хуулийн этгээдийн удирдах байгууллагын шийдвэр (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч байгаа хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас гарсан шийдвэр);
(2) Итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараахь эрх олгосныг нотлох итгэмжлэл:
- Гэрээнд гарын үсэг зурах;
- Тендерийн саналыг нээх ажиллагаанд тендерт оролцогчийг төлөөлөх.
Тендерт оролцогчийн өргөдөлд хавсаргасан итгэмжлэлд эдгээр эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон тохиолдолд итгэмжлэлийн хувийг хавсаргана.
Арван нэг. Тендерийн саналыг хүлээн авах
11.1. Тендерийн саналыг тендерийн хуваарьт заасны дагуу Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авна.
11.2. Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тендерийн саналыг хүлээн авсан тухай актыг 2 хувь үйлдэн, гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан нэг хувийг тендерт оролцогчид өгөх бөгөөд үлдэх хувийг тендерийн саналтай нь хамт хадгална.
11.3. Тендерийн хуваарьт заасан хугацаанаас хойш тендерт оролцогчид тендерийн саналаа татан авах, саналд өөрчлөлт оруулахыг хориглох бөгөөд нэмж ирүүлсэн аливаа саналыг хүлээн авахгүй.
Арван хоёр. Тендерийн саналын үнэлгээ
12.1. Үнэлгээний хороо нь тендерийн саналыг шалгаруулахдаа дор дурдсан үзүүлэлтүүдийг үндэслэн онооны системээр үнэлнэ:
1) Хөрөнгө оруулалтын санал (0-45 оноо), үүнээс:
А. Амралт, цэнгээний цогцолборт оруулах хөрөнгө оруулалт (0-25 оноо);
Б. Чөлөөт бүсийн дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт (0-20 оноо);
2) Аялал-жуулчлал, зугаа цэнгээн, шоу бизнес, зочид буудлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа туршлага, санхүүгийн чадавхи, нэр хүнд, бизнесийн ур чадвар (0-20);
3) Санал болгож байгаа бизнесийн стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, түүнд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хүлээн авч тусгасан байдал (0-20);
4) Амралт, цэнгээний цогцолборын архитектурын дизайн, инженерийн шийдэл (0-15);
Нийлбэр дүнгээр хамгийн өндөр, гэхдээ 80-аас доошгүй оноо авсан тендерийн санал ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
12.2. Тендерийн хуваарьт заасан тендерийн санал нээх өдөр Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирсэн тендерийн бүх санал, холбогдох актыг Үнэлгээний хороонд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэнэ. Энэ үед хэрэв хүсвэл тендерт оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид байлцаж болно.
12.3. Үнэлгээний хороо тендерийн санал тус бүрийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай актад гарын үсэг зурна.
12.4. Тендерийн саналыг Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан нийтийн өмнө тендерийн хуваарьт заасны дагуу 2007 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн (Улаанбаатарын цагаар) 15 цагт Үнэлгээний хороо задална.
12.5. Үнэлгээний хороо тендерийн саналуудыг задалж, түүнд байгаа баримт бичиг нь энэхүү тендерийн журамд заасны дагуу бүрэн байгаа эсэхийг шалгана.
12.6. Хэрэв баримт бичиг дутуу байвал Үнэлгээний хороо энэ тухай тендерт оролцогчид мэдэгдэж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсвэл бууруулах, тендерийн саналыг шалгаруулалтаас хасаж буцаах шийдвэрийн аль нэгийг гаргана.
12.7. Тендерт оролцогчийн нэр, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсэд оруулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээг чангаар уншиж, бүртгэнэ. Үнэлгээний хороо тендерийн санал болгонд Хөрөнгө оруулалтын гэрээний эцсийн төслийг хавсаргаж, зохих журмын дагуу гарын үсэг зурсан эсэхийг шалгах бөгөөд тендерийн саналуудыг нийтийн өмнө задлах ажиллагааны тэмдэглэл хөтөлнө.
12.8. Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагааг дуусгасны дараа Үнэлгээний хороо нь тендерийн саналын үнэлгээний тайлан гаргана.
12.9. Үнэлгээний хороо тендерийн саналын үнэлгээний тайланг гаргасан өдрөө тендерийн үр дүнг Засгийн газарт танилцуулахаар хүргүүлнэ.
12.10. Хоёр, эсхүл түүнээс дээш тендерт оролцогч ижил оноо авсан тохиолдолд тэдгээрийг энэхүү журмын 12.1-ийн 1 дэх хэсгийн үзүүлэлтийн саналын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлнэ. Хэрэв энэ саналын үнэлгээгээр авсан оноо нь мөн тэнцэж байвал амралт, цэнгээний цогцолборт оруулах хөрөнгө оруулалтын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлнэ. Хэрэв энэ саналын үнэлгээгээр авсан оноо нь мөн тэнцэж байвал чөлөөт бүсийн дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлнэ. Хэрэв энэ саналын үнэлгээгээр авсан оноо нь мөн тэнцэж байвал шинэ саналыг нэг цагийн дотор бичгээр өгөх боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд энэ ажиллагааг аль нэг тендерт оролцогч бусдаасаа илүү оновчтой хөрөнгө оруулалтын санал ирүүлэх хүртэл үргэлжлүүлэн явуулна.
12.11. Үнэлгээний хороо тендерт ялагчаар шалгараагүй оролцогчдод энэ тухай болон дэнчинг буцаан олгох тухай мэдэгдэнэ. Мэдэгдлийг буухиа шуудан, факс, эсхүл электрон шуудангаар явуулж болно.
12.12. Үнэлгээний хороо мөн өдөр нээлттэй хуралдаан хийж, Үнэлгээний хорооны гишүүдийн гарын үсэг зурсан тендерийн нэгдсэн мэдэгдэл (тэмдэглэл)-ийг уншиж тендерийн үр дүнг зарлан, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулуулахаар Чөлөөт бүсийн захирагчид хүргүүлнэ.
12.13. Ялагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тендерийн үр дүнгийн мэдэгдэл (тэмдэглэл)-д гарын үсэг зурахыг урих бөгөөд түүнд уг мэдэгдлийн гарын үсэг зурсан хувийг "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч хуудас бүр дээр гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээний эх хувьтай хамт олгоно.
Арван гурав. Тендерийг явагдаагүйд болон хүчингүйд
тооцох, өргөдөл, санал ирүүлэх
хугацааг сунгах
13.1. Үнэлгээний хороо өргөдөл, санал ирүүлэх хугацааг өөрийн санаачилгаар, эсхүл тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах, эсхүл тендерийн хугацааг хэдийд ч ямар ч байдлаар өөрчилж болно.
13.2. Үнэлгээний хороо нь аль ч үед урьдчилан мэдэгдэлгүйгээр уралдаант шалгаруулалт (тендер)-ын журмын аль ч заалтыг хасах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Тендерийн журамд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар Үнэлгээний хороо бүх оролцогчдод бичгээр мэдэгдэнэ.
13.3. Тендерт оролцогчдоос нэг нь ч тендерийн санал ирүүлээгүй тохиолдолд тендерийг явагдаагүйд тооцох бөгөөд энэ тухай шийдвэрийг Үнэлгээний хороо гаргана.
13.4. Тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн бүх саналууд 80-аас доош оноо авсан, эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр тендерийг хүчингүйд тооцох бөгөөд энэ тухай шийдвэрийг Үнэлгээний хороо гаргана.
Арван дөрөв. Маргаан шийдвэрлэх
14.1. Тендертэй холбоотой гарсан аливаа гомдол, маргааныг Үнэлгээний хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
14.2. Гомдол, маргаан гаргагч нь Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Монгол Улсын зохих шатны шүүхэд хандаж болно.
Тендерт оролцогчийн гарын үсэг ___________________
Он, сар, өдөр ___________________
----- оОо -----
Тендерийн журмын хавсралт
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ (ТЕНДЕР)-ЫН
Х У В А А Р Ь
Үйл ажиллагаа
|
Огноо/эцсийн хугацаа
|
Тендерийн зар мэдээг олон нийтэд түгээх
|
2007.01.15.
|
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх өргөдлийг хүлээн авах
|
2007.03.02.
|
Тендерт оролцох өргөдөл гаргагчид урьдчилсан шалгаруулалт хийх, Тендерийн баримт бичгийг хүргүүлэх
|
2007.03.02-2007.03.16.
|
Оролцогчид газар дээр нь танилцах, судалгаа хийх санал, дүгнэлт гаргах хугацаа
|
2007.03.16-
2007.04.06
|
Хөрөнгө оруулалтын гэрээний эхний төсөлд санал авах
|
2007.03.30
|
Хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж, хүргүүлэх
|
2007.04.10.
|
Хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн төсөлд тендерт оролцогчдоос санал авах
|
2007.04.20
|
Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг эцэслэн боловсруулж тендерт оролцогчдод хүргүүлэх
|
2007.04.30
|
Тендерийн санал хүлээн авах (эцсийн хугацаа)
|
2007.05.04-ний
13 цагаас өмнө
|
Тендерийн саналын үнэлгээ
|
2007.05.04-
2007.05.09
|
Тендерийн үр дүн, ялагчийг зарлах
|
2007.05.09
|
Тендерийн үр дүн, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газарт танилцуулах
|
2007.05.16
|
Гэрээнд гарын үсэг зурах
|
2007.05.18
|
Текст томруулах
A
A
A