- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2006 оны 314 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зоихцуулалтын асуудлаар Үндэсний зөвлөл нь /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/ химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
1.2. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих тухай Базелийн конвенци /1996/, Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенци /2000/, Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенци /2003/, бусад хууль тогтоомж болон мөн энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
1.3. Үндэсний зөвлөл нь ажлаа Ерөнхий сайдад тайлагнана.
Хоёр.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөлийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
2.2. Үндэсний зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байна.
2.3. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээ болон мэргэжлийн байгууллагын зохих албан тушаалтан орох бөгөөд бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
2.4. Үндэсний зөвлөл нь холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээ болон мэргэжлийн байгууллага болон химийн мэргэжилтний төлөөлөл бүхий шинжээчдийн багтай байна.
2.5. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг холбогдох яам, агентлагаас санал авсны үндсэн дээр Үндэсний зөвлөлийн дарга батална.
2.6. Үндэсний зөвлөл нь төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд орон тооны бус салбар зөвлөлтэй байна.
2.7. Салбар зөвлөлийн дарга нь тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга байна. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга батална.
2.8. Үндэсний зөвлөл 15-аас, салбар зөвлөл нь 7-гоос доошгүй гишүүнтэй байна. Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг нь 9-өөс доошгүй гишүүнтэй байна.
2.9. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, салбар зөвлөлийн зардлыг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцах бөгөөд тухайн жилийн төсөвтөө тусгаж санхүүжүүлнэ.
2.10. Үндэсний зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна. Салбар зөвлөл нь төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэнэ.
2.11. Шаардлагатай гэж үзвэл үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн гишүүд, салбар зөвлөлийн дарга нарт Үндэсний зөвлөлийн даргын гарын үсэгтэй үнэмлэх олгож болно.
Гурав. Үндэсний зөвлөлийн ажиллах журам
3.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.
3.2. Үндэсний зөвлөлийн хурлыг хагас жилд нэгээс доошгүй удаа хийх. Ээлжит бус хурлыг Үндэсний зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно.
3.3. Үндэсний зөвлөлийн хурлыг Үндэсний зөвлөлийн дарга, түүний эзгүйд Үндэсний зөвлөлийн даргын үүрэг болгосноор Зөвлөлийн аль нэг гишүүн даргална.
3.4. Шинжээчдийн багийн болон салбар зөвлөлийн хурлыг шинжээчдийн багийн ахлагч, салбар зөвлөлийн дарга удирдана.
3.5. Үндэсний болон салбар зөвлөлийн хурлаар асуудал хэлэлцүүлэх байгууллага холбогдох материалаа зөвлөлийн нарийн бичгийн даргад хурал болохоос 7 хоногийн өмнө хүргүүлнэ. Хурлын материалыг хурал болохоос 5 хоногийн өмнө гишүүдэд тараана.
3.6. Үндэсний болон салбар зөвлөлийн хурлыг гишүүдийн олонхи ирсэн тохиолдолд хуралдуулна.
3.7. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолд үндэсний зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
3.8. Шинжээчдийн багийн болон салбар зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
3.9. Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, дарга гарын үсэг зурна.
3.10. Шаардлагатай тохиолдолд үндэсний болон салбар зөвлөл, шинжээчдийн багийн хуралдаанд мэргэжлийн хүмүүсийг оролцуулна.
3.11. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга болон Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг гүйцэтгэнэ.
Дөрөв. Үндэсний зөвлөл, шинжээчдийн багийн бүрэн эрх
4.1. Үндэсний зөвлөл дараахь үүрэгтэй байна:
4.1.1. химийн хорт болон аюултай бодисын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бодлого тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал гаргах;
4.1.2. Монгол Улсын нэгдэн орсон химийн бодисын талаархи олон улсын гэрээ болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад санал, зөвлөмж өгөх;
4.1.3. химийн хорт болон аюултай бодистой холбогдож үүссэн аюул, осол, онцгой тохиолдлын үед мэргэжлийн арга зүйгээр хангаж, дүгнэлт, зөвлөмж гаргах;
4.1.4. химийн хорт болон аюултай бодисоос хамгаалах, түүнийг ашиглах үйл ажиллагааг зохицуулах асуудлаар салбар зөвлөлийн ажилд арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;
4.1.5. шинжээчдийн багийн болон салбар зөвлөлийн тайланг хэлэлцэх.
4.2. Үндэсний зөвлөл дараахь эрхтэй байна:
4.2.1. химийн хорт болон аюултай бодисын асуудлаар зөвлөмж, дүгнэлт гаргах, хяналт тавих ажлын хэсэгт холбогдох байгууллага, мэргэжилтэн, шинжээч, улсын байцаагч нарыг татан оролцуулах;
4.2.2. химийн хорт болон аюултай бодисын чиглэлээр аливаа байгууллагаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль тогтоомж, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй байдлыг хангах бодлогод нийцэхгүй байна гэж үзвэл хүчингүй болгох, зогсоох санал, дүгнэлтээ зохих байгууллагад гаргах;
4.2.3. химийн хорт болон аюултай бодистой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас шаардлагатай мэдээлэл, тайлан, судалгаа, баримт материалыг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах.
4.3. Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг дараахь үүрэгтэй байна:
4.3.1. химийн хорт болон аюултай бодисоос хамгаалах, түүнийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, санал, дүгнэлт гаргах;
4.3.2. химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон дүрэм, журам, зааврын төслийг хэлэлцэж санал, зөвлөмж гаргах;
4.3.3. Монгол Улсад хэрэглэхийг хориглосон болон хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг шинэчлэх санал боловсруулах;
4.3.4. химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллагсдын мэдлэг, дадлага, иргэдийн химийн хорт болон аюултай бодисын талаархи мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт, суртчилгаа зохион байгуулах.
4.4. Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг дараахь эрхтэй байна:
4.4.1. химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дүгнэлт гаргаж өгөх;
4.4.2. химийн хорт болон аюултай бодисын ашиглалта д шалгалт, тооллого хийх, ажлын зураг авах, шинжилгээнд сорьц, дээж авах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад чөлөөтэй нэвтрэх;
4.4.3. санал, дүгнэлт гаргахад шаардлагатай лабораторийн шинжилгээг дотоод, гадаадын лабораторид хийлгэх.
Тав. Төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон
аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн бүрэн эрх
5.1. Төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон аймаг, нийслэлийн салбар зөвлөл дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. тухайн салбар, орон нутгийн хэмжээнд энэ журмын 4.1.1-д заасан үүргийг хэрэгжүүлэх;
5.1.2. Монгол Улсын нэгдэн орсон химийн бодисын талаархи олон улсын гэрээ болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тухайн салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, биелэлтэд хяналт тавих;
5.1.3. химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн зөрчил, маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөмж, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлд мэдэгдэх.
5.2. Төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон аймаг, нийслэлийн салбар зөвлөл энэ дүрмийн 4.2, 4.4.2, 4.4.3 дахь заалтад заасан эрхийг хэрэгжүүлнэ.
------ oOo -------
Текст томруулах
A
A
A