A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 263 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

(Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл

 
1. Эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхэд   цахилгаан эрчим хүч дамжуулах, түгээх, хангах тусгай  зөвшөөрөл эзэмшигч (цаашид "дамжуулагч", "түгээгч",  "хангагч" гэх) болон хэрэглэгчийн харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
 
2. Энэ  дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор  дурдсан  утгаар  ойлгоно:                              
                                                        
1/ <<эзэмшлийн  зааг>>  гэж  дамжуулагч, түгээгч,  хангагч болон хэрэглэгчийн  цахилгаан  дамжуулах,  түгээх  сүлжээг  өмчлөлийн  буюу  эзэмшлийн харьяаллаар  нь  хуваан  зааглаж  байгаа  цэгийг;
 
2/ <<хэрэглээг  тооцох  цэг>>  гэж   хэрэглэгчид   түгээсэн  цахилгаан эрчим  хүчний  хэмжээг тодорхойлох зорилгоор  цахилгаан  дамжуулах, түгээх  сүлжээнд  тооцооны  хэмжих   хэрэгслийг  холбосон  цэгийг;
 
3/ <<тооцооны  хэмжих  хэрэгсэл>> гэж  хэрэглээг  тооцох цэг дээр төлбөрийг тооцох зорилгоор тавьсан цахилгааны тоолуур,  чадлын хэмжүүр, тэдгээрт холбогдсон хэмжүүрийн  трансформатор  болон  холболтын  хэрэгслийг;
 
4/ <<хяналтын хэмжих хэрэгсэл>>  гэж   тухайн  сонгосон  цэг  дээр  хянах  зориулалтаар тавьсан цахилгааны  тоолуур,  чадлын хэмжүүр, тэдгээрт холбогдсон хэмжүүрийн  трансформатор  болон  холболтын  хэрэгслийг;
 
5/ <<шууд хохирол>> гэж цахилгаан хангамж  тасалдсанаас болон чанарын үзүүлэлт хэлбэлзсэнээс хэрэглэгчид  учирсан  бүтээгдэхүүний чанарын гологдол, цахилгаан хэрэгслийн  гэмтлийг;
 
6/ <<цахилгаан  тоног  төхөөрөмж>>  гэж цахилгаан  эрчим  хүчийг  үйлдвэрлэх, хувирган өөрчлөх, дамжуулах, хуваарилах, хэрэглэх төхөөрөмжийг;
 
7/ <<хэрэглэгчийн  холбогдсон  чадал>>  гэж  цахилгаан  шугам  сүлжээнд  холбогдсон  хэрэглэгчийн  нийт  трансформатор  болон  1000 В (Вольт)-оос  дээш  хүчдэлийн  цахилгаан  хөдөлгүүрийн  нийлбэр  чадлыг буюу 1000 В хүртэл  хүчдэлийн  сүлжээнээс  авах  зөвшөөрөгдсөн чадлыг;
8/ <<захиалсан  дээд  чадал>>  гэж нэгдсэн сүлжээний  оргил  ачааллын  үеэр  хангагчаас  хэрэглэгч авахаар тохирсон  чадлын  дээд  хэмжээг;
 
9/ <<цахилгааны  бие  даасан  үүсгүүр>>  гэж  цахилгаан  эрчим  хүчний  суурин (хангагчийн)  үүсгүүрээс  хамааралгүйгээр  хэрэглэгчийг  цахилгаан  эрчим  хүчээр  тэжээх  боломжтой  үүсгүүрийг.
 

Хоёр. Хэрэглэгчийг  цахилгаан  сүлжээнд          холбох зөвшөөрөл олгох

 
3. Дамжуулах,  түгээх  шугам  сүлжээнд  шинээр холболт  хийх,  хэрэглэгчийн  холбогдсон  чадлыг  нэмэгдүүлэх  шаардлага гарсан тухай бүрт хэрэглэгч  техникийн  нөхцөл  авна.
 
4. Хэрэглэгч  техникийн  нөхцөл  авах  хүсэлтээ  харилцагч түгээгчид эсхүл дамжуулагчид гаргана. Уг  хүсэлтэд техникийн нөхцөл авах болсон шаардлага, эзэмших, ашиглах газрын байршил болон зөвшөөрөл, цахилгаан  хэрэглээний хүчин чадал,  цахилгаан  хангамжийн зэрэглэлийг  тусгана.   
 
     5. Дамжуулагч,  түгээгч нь  хэрэглэгчид техникийн нөхцөл олгохдоо Эрчим хүчний зохицуулах газраас баталсан  холболтын   зааврыг  баримтлан тухайн  нутаг дэвсгэрийн  хөгжлийн хэтийн төлөв, цахилгаан шугам сүлжээний техникийн  боломжийг  харгалзана.
 
6. Техникийн нөхцөл олгоход цахилгаан тоног  төхөөрөмжийн угсралтын дүрэм болон дараахь, шаардлагыг  баримтална:
 
1/ дундын өмчлөлийн орон сууцанд үйлдвэрлэл явуулах зөвшөөрөлтэй бол 1.3 кВт (киловатт) хүртэл чадалтай   3 фазын  цахилгаан  тоног төхөөрөмжийг давхарын  щитнээс  холбох;  Хэрэв  чадал  нь  1.3–10.0 кВт байвал энэ  дүрмийн 6.2–т  заасны дагуу  шийдвэрлэнэ.
 
          2/ орон  сууцны  тэжээлийн  кабель  хэт  ачаалагдахааргүй  байвал дундын  өмчлөлийн  орон  сууцны  зоорийн болон нэгдүгээр давхарт 10.0 кВт хүртэл  суурилагдсан  нийлбэр  хүчин  чадалтай  3 фазын  цахилгаан тоног төхөөрөмжийг  тухайн орон сууцны  ерөнхий  щитний  өрөөнд  суурилуулана; 
 
Хэрэв  суурилагдсан  нийлбэр  хүчин  чадал нь 10.0 кВт –аас дээш эсхүл 10.0 кВт -аас бага боловч тэжээлийн  кабель  хэт  ачаалагдахаар  байвал  ойролцоох  трансформаторын  дэд  өртөөнөөс  шугам  татаж  холбоно.
 
3/ хэрэглэгчийг 0.4 кВ (киловольт) хүчдэлийн шугамнаас холбоход уг шугамын   буюу   дэд  өртөөний  трансформаторын  чадал  нь  хүрэлцэхгүй  тохиолдолд тухайн  шугам, трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд  шаардлагатай зардал (үнийн  зөрүү,  холбогдох үйлчилгээний  төлбөр)-ыг  хэрэглэгч  хариуцах  бөгөөд түгээгчийн  өмчлөлд  хэвээр  үлдээх (Хот, тосгоны ерөнхий  төлөвлөлтийн  дагуу  байрласан  гэр  хорооллын  газар  эзэмших  эрх  бүхий  иргэдэд энэ заалт хамаарахгүй.);
 
4/ суурилагдсан нийлбэр хүчин чадал нь 40.0 кВА–аас дээш байх хэрэглэгч өөрийн трансформаторын дэд өртөө  барьж байгуулж болно.
 
Хэрэв  нутаг  дэвсгэрийг  цахилгаанаар  хангаж  байгаа  6 (10) кВ  хүчдэлийн  гол  шугам,  35, 110 кВ  хүчдэлийн   трансформаторын чадал нь  хүрэлцэхгүй  бол аймаг,  нийслэл,  сум, дүүргийн  хэтийн  төлөвтэй  уялдуулан  шийдвэрлэж  техникийн  нөхцөл  олгоно:
 
5/ хэрэглэгчийн өмчлөлд  байгаа цахилгаан  тоног  төхөөрөмжөөр  дамжуулан  өөр  хэрэглэгчийг  сүлжээнд  холбох  шаардлагатай  бол  энэ дүрмийн 16.3."е"-д  заасны  дагуу  хангагч нь  өмчлөгчийн цахилгаан тоног төхөөрөмжөөр эрчим хүч дамжуулсан үйлчилгээний  хөлсийг  урьдчилан  тохиролцоно;
 
6/ гэр хорооллын айл өрхийн 10.0 кВт хүртэл  суурилагдсан нийлбэр хүчин чадалтай 0.4 кВ хүчдэлийн       3 фазын цахилгаан тоног төхөөрөмжийг холбох түгээх сүлжээний  асуудлыг  түгээгч  хариуцах.
    
7. Техникийн  нөхцөл  авахаар  ирүүлсэн хэрэглэгчийн хүсэлтийг дамжуулагч, түгээгч хүлээн авснаас хойш         14 хоногийн  дотор шийдвэрлэнэ. Техникийн  нөхцөлд  дараахь  асуудлыг  тусгана:
 
1/ холбох  цэг  (цахилгаан  станц,  дэд  өртөө,  цахилгаан  дамжуулах  түгээх  шугам),   түүний   хүчдэлийн  түвшин,  шугамын  төрөл;
 
2/ хэрэглэгчийг  шинээр  холбох  болон  хэрэглээ  нь  нэмэгдсэнтэй  холбогдуулан  цахилгаан  шугам сүлжээг  өргөтгөх (утасны хөндлөн огтлолыг ихэсгэх,  трансформаторын  чадлыг  нэмэгдүүлэх,  нэмэлт  самбар  суурилуулах  гэх мэт)  шаардлага;
 
3/ богино  залгааны  гүйдлийн  хэмжээ, реле  хамгаалалт, автоматик, холбоо, хөндийрүүлэг, хэт  хүчдэлийн  хамгаалалтад  тавих  шаардлага;
 
4/ реактив  чадлын  зохицуулалт;
5/ цахилгаан  эрчим  хүчний  тооцоо;
 
6/ цахилгаан  эрчим  хүчний  чанарыг  хянах  хэрэгсэл, чанарын  үзүүлэлтийг  тогтворжуулах  төхөөрөмжийн  хэрэгцээ;
 
7/ цахилгаан  тоног  төхөөрөмжийн  нэг  маягийн  зураг  төсөл  хэрэглэх  зөвлөмж;
 
8/ хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжид  тавих  тусгай шаардлага (оруулга дахь хамгаалалт, чухал хэрэглээг  автоматаар шилжүүлэх бэлтгэл тэжээл, аваарийн үед  хэрэглэх  цахилгааны  бие  даасан  үүсгүүр  гэх мэт);
 
9/ хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн  ашиглалт, аюулгүй ажиллагааны байдал;
 
10/ хэрэглэгчийн сүлжээнд холбох бусад  хэрэглэгчийн жагсаалт, тэдгээрийн хэтийн ачаалал,  цахилгаан  хэрэглээ.
    
8. Дамжуулагч,  түгээгчээс  олгосон холболтын техникийн нөхцөлийг зураг төслийн  байгууллага  болон  хэрэглэгч  заавал  биелүүлэх  үүрэгтэй.
    
9. Техникийн нөхцөлийн хүчин төгөлдөр байх хугацааг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулан 1-3  жилээр тогтооно. 
 
     10. Хэрэглэгч (захиалагч)  нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн зураг  төслийг  барилга-угсралтын  ажил  эхлэхээс  өмнө уг зураг төслийн зохиогчтой хамтран холбогдох  дамжуулагч,  түгээгчээр хянуулан экспертиз хийлгэнэ.  
 
Дамжуулагч, түгээгч нь зураг төслийн шийдэл, техникийн  нөхцөл,  цахилгаан тоног  төхөөрөмжийн  угсралтын болон барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан байдлыг шалгаж,  сүлжээнд холбогдох боломжтой эсэхийг зохих  үндэслэлтэйгээр  зааж 10 хоногийн дотор  мэдэгдэнэ. Хэрэв нэмэлт шалгалт  хийх шаардлагатай  бол хянах хугацааг нэг сар хүртэл  сунгаж  болно.
 
     11. Техникийн нөхцөл болон цахилгаан шугам сүлжээнд шинээр холбох зөвшөөрөл  авахад  захиалагч  буюу  хэрэглэгч нь холболтын заавраар тогтоосон үйлчилгээний төлбөр  төлнө.
 
12. Техникийн нөхцөлийг үндэслэл муутай олгосноос учирсан хохирлыг уг техникийн нөхцөлийг олгосон этгээд  хариуцна.
 
 
 

Гурав.  Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ

 
     13. Хангагч,  хэрэглэгч  нь  Эрчим  хүчний  тухай  хуулийн  28 дугаар зүйлд  заасны  дагуу  цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулна. Хэрэглэгч нь гэрээ байгуулсны дараа цахилгаан  эрчим  хүч  хэрэглэх  эрхээр  хангагдана.
 
14. Эрчим  хүчний  тухай  хуулийн 27.3-д заасны  дагуу Эрчим хүчний  зохицуулах  газраас  баталсан  зохицуулалтгүй  хангалтаар  үйлчлүүлэх  шалгуур  үзүүлэлтийг  хангасан  хэрэглэгч  зохицуулалттай  эсхүл  зохицуулалтгүй  хангалтын  алинаар  үйлчлүүлэхээ  сонгох  эрхтэй.
 
     15. Иргэн (айл  өрх)-тэй  байгуулах  цахилгаан  эрчим  хүчээр  хангах  тухай гэрээнд  хэрэглэх эрчим хүчний  чанар,  үнэ,  төлбөр тооцооны журам, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдал, талуудын болон  хангагчийн  эрх  бүхий  ажилтны  эрх,  үүрэг,  хариуцлага, алдангийн  хэмжээ,  хохирлыг тооцох  журам,  шаардлагатай  бусад  асуудлыг  тусгана.
 
16. Аж  ахуйн  нэгж,  байгууллагатай  байгуулах  цахилгаан эрчим хүчээр  хангах тухай гэрээнд  дараахь  зүйлүүдийг  тусгана:
 
1/ Энэ  дүрмийн  15-д  зааснаас гадна;
 
а/хэрэглэгчийн  зэрэглэл,  зэрэглэлийг  хангах  техникийн  боломж (бэлтгэл  тэжээл,  бэлтгэл  тэжээлийг  автоматаар  залгагч,  цахилгааны  бие  даасан  үүсгүүр);
 
б/цахилгаан  сүлжээнд  хэрэглэгчийн  холбогдсон чадал, хэрэглэх эрчим хүчний хэмжээ;
 
в/цахилгааны  таслалт,  гэмтэл  зөрчил,  төлбөр тооцооны тухай мэдээллийг хүлээж авах хангагч,  хэрэглэгчийн хаяг, утасны  дугаар;
 
г/төлбөр тооцооны хэлбэр;
 
д/төлбөрийн  барьцаа.
 
2/ Хангагчаас  шаардлагатай  гэж  үзвэл  гэрээнд дараахь зүйлийг тусгана:
 
а/захиалсан  дээд  чадал;
 
б/  энэ  дүрмийн  47-д  заасны  дагуу  реактив  чадлыг  зохицуулах  график;
в/ цахилгаан тоног төхөөрөмжид шуурхай ажиллагааны үйлчилгээ хийх эрх бүхий ажилтан /түгээгч ба хэрэглэгч/-тай  харилцах журам.
 
3/ Хэрэглэгч  дараахь зүйлийг  хангагчаар  хянуулан гэрээнд  хавсаргасан  байна:  
 
а/цахилгаан  шугам  сүлжээний  эзэмшлийн  зааг;
 
б/хэрэглэгчийн  эзэмшлийн  цахилгаан  сүлжээний  бүдүүвч,  техникийн  өгөгдөл;
 
в/хангагчтай зөвшилцсөн ажиллагааны горим, хамгаалалтын болон  автоматикийн  хэрэгслийн  тавил;
 
г/тооцооны хэмжих хэрэгслийн  байршил,  өгөгдөл;
 
д/эзэмшлийн  заагаас  хэрэглээг  тооцох  цэг хүртэлх шугамын алдагдлыг  тодорхойлох  томъёо (гаргалгааны  хамт);
 
         е/Эрчим  хүчний  тухай  хуулийн  30.1.11–д  заасны  дагуу  хэрэглэгчийн  цахилгаан  тоног  төхөөрөмжөөр  дамжуулан  бусад  хэрэглэгчид  цахилгаан  эрчим  хүч  дамжуулсан  үйлчилгээний  төлбөрийн хэмжээ;
 
     Үйлчилгээний  төлбөрийг тогтоохдоо тухайн хэрэглэгчийн ашиглах цахилгаан тоног  төхөөрөмжийн  элэгдэл  хорогдлын  шимтгэлийн  хэмжээг  баримтална.
 
4/ Дүрмийн 24-д заасан нөхцөлд өөрчлөлт орвол  хэрэглэгч  нь  3 хоногийн  дотор зохих  өөрчлөлтийг  тусган  хангагчаар  хянуулсан  байвал  зохино.
 
17. Шугам  сүлжээний  эзэмшлийн  заагийг   цахилгаан  тоног  төхөөрөмжийн  байршил,  нэр,  дугаар,  хүчдэл  зэргийг  тодотгон, гүйцэтгэлийн зургийг хийж дараахь  байдлаар  тогтооно:
 
1/ агаарын болон кабель шугамын эхний буюу эцсийн  холболтоор;
 
2/ трансформаторын дэд өртөө дэх самбарын шинийн  холболтоор;
 
3/ трансформаторын гаргалгаан  дээрхи  холболтоор; 
 
4/ хуваарилах  самбарын  салгуурын  үл  хөдлөх  хэсгийн  холболтоор;
 
5/ ил  хуваарилах  байгууламжийн  хөндлөвч  дээрхи  холболтоор.
18. Эзэмшлийн  заагийн  холболтын  бүрэн  бүтэн  байдлыг  дор  дурдсан  байдлаар хариуцна:
 
1/ эзэмшлийн зааг нь  агаарын  шугам, ил  хуваарилах  байгууламжийн  хөндлөвч   дээр  байвал  уг хөндлөвч,  гол  агаарын  шугамыг  эзэмшигч;
 
2/ эзэмшлийн  зааг  нь   дэд  өртөө,  хуваарилах  самбарын  дотор  байвал  уг  дэд  өртөө,  самбарыг  эзэмшигч;
 
3/ дундын  өмчлөлийн  орон  сууцны  ерөнхий  щитний   тэжээлийн  оролт, гаралтын  кабелийн  холболтыг  түгээгч.
 
     19. Эрчим хүчний зохицуулах газраас эрчим хүчний  үнэ,  тарифт орох өөрчлөлтийн талаар Эрчим  хүчний  тухай  хуулийн  27.5–д  заасны  дагуу  хэрэглэгчид  мэдэгдсэний дараа хангагч, хэрэглэгч гэрээндээ өөрчлөлт оруулна. Гэрээнд өөрчлөлт оруулаагүй нь  өөрчлөгдсөн үнэ тарифыг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
 
     20. Өмчлөгчтэй байгуулсан батлан даах гэрээг үндэслэн хангагч нь өмчлөгчийн байранд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, хашаа, орон сууцанд нь түр оршин суугч иргэнтэй цахилгаан эрчим  хүчээр  хангах  гэрээ  байгуулж  болно. Хэрэв ийнхүү батлан даах гэрээ байгуулаагүй бол цахилгаан эрчим хүчний  хангамжийг өмчлөгчтэй  байгуулсан  гэрээгээр  зохицуулна.
 
     21. Хангагч нь цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээний дагуу  хүлээсэн  үүргээ  биелүүлэхээс  татгалзах  эрхгүй.
 

Дөрөв. Хэрэглэгчийг цахилгаан шугам        сүлжээнд холбох

 
22. Хэрэглэгчийн шинээр барьсан буюу шинэчилж өөрчилсөн  цахилгаан тоног төхөөрөмж нь  цахилгаан тоног  төхөөрөмжийн угсралтын болон барилгын норм, дүрэм, өгөгдсөн техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан  байвал  зохино.
 
     23. Захиалагч (ашиглагч) нь холболт хийхийн өмнө эрчим  хүчний  тоног төхөөрөмж, шугам сүлжээг угсрах гүйцэтгэгчтэй хамтран шинэ  цахилгаан тоног төхөөрөмжид туршилт, сорилт хийж, акт, протокол үйлдэнэ. Хангагч, дамжуулагч  буюу  түгээгчийн төлөөлөгч дээрхи  акт,  протоколын  дагуу газар дээр нь шалгаж, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинээр   хийсний дараа хангагч цахилгаан тоног төхөөрөмжийг   хүчдэлд  залгах албан ёсны зөвшөөрлийг хэрэглэгчид  олгоно.
Дээрхи зөвшөөрлийг үндэслэн дамжуулагч буюу түгээгч  нь хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийг сүлжээнд   холбож хүчдэлд залгана.
 
     24. Хэрэв хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажилд  дутуу хийгдсэн зүйл илрэх буюу энэ дүрмийн 8, 13-т заасан шаардлага хангагдаагүй байвал сүлжээнд   холбохыг хориглоно. 
 

Тав. Хэрэглэгчийн эрх, үүрэг

 
25. Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаас гадна  дараахь эрх үүрэгтэй байна:
 
1/ өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг  хариуцсан ажилтныг  томилох;
 
2/ хангагчаас шалтгаалан цахилгаан эрчим хүч тасалдсан болон чанарын стандартын шаардлага хангаагүй цахилгаан эрчим хүчээр хангасан тохиолдолд хэрэглэгч энэ талаар  хангагчид цаг тухайд нь шуурхай мэдэгдэх;
 
3/ өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмж, хамгаалах багаж хэрэгсэлд ашиглалтын үеийн үзлэг үйлчилгээ, засвар, урьдчилан сэргийлэх ээлжит туршилтыг зохих норм, дүрмийн дагуу тогтоосон хугацаанд мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэх;
 
4/ хангагчаас зөвшөөрсөн хэрэглэгчийн сүлжээний  горим болон реле хамгаалалт, автоматикийн тавил, хугацааг  мөрдөх;
 
5/ цахилгаан тоног төхөөрөмжийн байрыг аваарь ослоос урьдчилан сэргийлэх, гал түймэр эсэргүүцэх хэрэгслээр хангах;
 
6/ цахилгаан тоног төхөөрөмж хариуцсан ажилтныг хамгаалах багаж хэрэгсэл  болон  угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, гарын авлагаар хангаж, дүрэм, зааврын мэдлэгийн  шалгалт авч,  мэргэжлийн зэрэг олгох;
 
7/ цахилгаан станц, шугам сүлжээнд аваарь гарсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн цахилгаан ачааллыг  бууруулах  талаар  өгсөн  дамжуулагч, түгээгч, хангагчийн  шийдвэрийг биелүүлэх;
 
8/ хяналтын болон хангагч байгууллагын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд  биелүүлэх;
9/ хангагчийн шаардлагаар ачааллын хэмжилт хийж дүнг мэдээлэх /ахуйн хэрэглэгчид хамаарахгүй/;
 
10/ жил бүрийн 7 дугаар сарын 20-ны дотор дараа жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний захиалгыг  хангагчид гаргаж өгөх;
 
11/ иргэн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж  ахуйн болон зуслангийн байрны цахилгаан шугам, дотоод  холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй  ажиллагаа,  галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн  хариуцах;
 
12/ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтлэгдсэн зохицуулалттай хангалтын төлбөрийн тарифаас хангагчтай тооцоо хийх тарифыг сонгох;
 
13/ хэрэглэгч нь  дараахь  нөхцөл байдал  үүссэн  тохиолдолд энэ тухай дамжуулагч, түгээгч, хангагчид  шуурхай  мэдээлж  байх:
 
     а/тооцооны хэмжих хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гарсан буюу гарч болзошгүй болсон;
 
     б/тэжээлийн шугам таслагдан хүчдэлгүй болсон, цахилгаан гүйдэлд хүн, амьтан нэрвэгдсэн буюу нэрвэгдэх нөхцөл  бүрдсэн;
 
     в/хэрэглэгчийн нутаг дэвсгэр, орчин тойронд орших хангагчийн мэдлийн цахилгаан тоног төхөөрөмжид гэмтэл гарсан  буюу  гарч болзошгүй болсон.
 
14/ Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг  хэрэгжүүлж, өөрийн эзэмшлийн газарт байгаа цахилгаан  тоног  төхөөрөмжийг хамгаалах, тэдгээрт очих замыг чөлөөтэй  байлгах, кабелийн болон агаарын шугамын хамгаалалтын  зурваст газар шорооны болон бусад ажлыг хангагч болон  эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийлгэхгүй байх;  
 
15/ бусад хэрэглэгчийн цахилгаан хангамж  тасалдаж, учирсан хохирлыг хангагч төлсөн тохиолдолд  буруутай  хэрэглэгч  уг  төлбөрийг  хангагчид  төлөх;
 
16/ өөрийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, дамжин нэвтрүүлэх дэд өртөөнд байгаа цахилгаан тоног төхөөрөмжид засвар хийхдээ сүлжээнээс таслах, сүлжээнд  залгахыг түгээгч, хангагч байгууллагын зөвшөөрлөөр  гүйцэтгэх;
 
17/ нутаг дэвсгэртээ байрлаж байгаа дэд өртөө, хуваарилах байгууламж, шугам сүлжээнд сэлгэн залгалт,  үзлэг үйлчилгээ, засвар хийхээр ирсэн дамжуулагч,  түгээгч,  хангагчийн  ажилтныг  ямар ч үед  саадгүй  оруулах;
 
18/ төрийн ёслол, олон улсын шинжтэй уулзалт, тэмцээн зэрэг арга хэмжээг тодорхой хугацаанд зохион  явуулах үед цахилгаан хангамжийн найдвартай байдлыг  онцгойлон анхаарах шаардлага гарвал 3–аас доошгүй хоногийн  өмнө хангагчид албан ёсоор мэдэгдэж, шаардлагатай арга  хэмжээг  хамтран  хэрэгжүүлэх;
 
19/ улирлын шинжтэй ажилладаг цахилгаан тоног  төхөөрөмжид хангагчаар үзлэг хэмжилт хийлгэн шалгуулсны үндсэн дээр сүлжээнд залгуулах;
 

Зургаа. Тооцооны хэмжих хэрэгслийн ашиглалт

 
     26. Цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хэмжээг тооцох зорилгоор хэрэглэгч бүрт тооцооны хэмжих хэрэгсэл тавьсан байна. Цахилгаан эрчим хүчний зарцуулалтад дотоодын хяналт тавих зорилгоор шаардлагатай нэгж, хэсэг болон цахилгаан  тоног төхөөрөмжид хэрэглэгч өөрөө хяналтын хэмжих хэрэгсэл тавьж болно.
 
27. Актив, реактив цахилгаан эрчим хүчний тооцооны хэмжих хэрэгсэл (тоолуур, хэмжүүрийн трансформатор гэх мэт)-ийг эрх олгогдсон этгээдийн лабораторид засвар, тохируулга хийж, эрх бүхий байгууллага шалгаж битүүмжилсэн байна.
 
     28. Тооцооны хэмжих хэрэгсэл, тэдгээрийн холболтын сүлжээ нь нэг щит, хайрцагт  байрласан байвал зохино. Щит  буюу хайрцгийг битүүмжилж, өндөрт хөдөлгөөнгүй байрлуулан  газардуулсан  байна.
 
29. Хэрэглэгч нь улсын стандарт болон цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын дүрмийн шаардлага хангасан щит,  хайрцаг  хэрэглэнэ.  Щит, хайрцаг нь дараахь иж бүрдэлтэй  байна:
          1/ оролтын салгуур;
 
     2/ цахилгаан эрчим хүчний тоолуур;
 
          3/ тоолуурын  холболтын  цуглуулга;
 
     4/ хэмжүүрийн трансформатор /шаардлагатай бол/;
 
     5/ ачаалалд тохирсон автомат буюу гал  хамгаалагч.
 
     30. Тооцооны нэг фазын болон 380 В-ын гурван фазын индукцийн цахилгаан тоолуурт 3 жил, 100 В-ын гурван фазын индукцийн цахилгаан тоолуурт 2 жил, нэг болон гурван  фазын  электрон тоолуурт 8 жил, нэг болон гурван фазын импульсийн тоолуурт 3 жилд нэг удаа тус тус ээлжит баталгаажуулах  шалгалт  хийнэ.
 
31. Тооцооны хэмжих хэрэгслийг тэжээж байгаа хэмжүүрийн  трансформаторыг солих, тооцооны тоолуурыг салгах, тавих ажлыг зөвхөн хангагчийн зөвшөөрлөөр түгээгч  гүйцэтгэнэ.
 
Тооцооны тоолуурыг сүлжээнээс салгах, холбох үед хэрэглэгчийн төлөөлөгчийг байлцуулна.
 
     32. Тооцооны хэмжих хэрэгслийг тэжээж байгаа хүчдэлийн  трансформаторын салгуурын бариул, түүний холболтын  цуглуулга зэргийг байрлуулсан щит, хайрцаг, тоолуурын таглаа зэргийг хангагчийн эрх бүхий ажилтан  битүүмжилсэн  байна.
 
     33. Хэрэглэгчийг төлбөр тооцооны хэмжих хэрэгслээр хангах, түүнийг баталгаажуулах, засварлах, солих, тоолуурыг  холболтын цэгт суурилуулах болон үүнтэй холбогдож гарах  зардлыг түгээгч  хариуцна.
 
Шинээр ашиглалтад орох орон сууц, барилга байгууламжийн тоолуурыг барилгын захиалагч, гүйцэтгэгч байгууллага тавина.
 
34. Тооцооны хэмжих хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг уг  хэмжих хэрэгслийн эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага,  иргэн  хариуцна.
 
35. Хангагч болон хэрэглэгчийн хооронд тооцооны хэмжих хэрэгслийн ажиллагаатай холбогдон гарсан маргааныг хэмжил зүйн эрх бүхий улсын байцаагч шийдвэрлэнэ.

  Долоо. Төлбөр тооцооны журам

 
     36. Тооцооны хэмжих хэрэгслийг дамжуулагч, түгээгч,  хангагч болон хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн  эзэмшлийн зааг дээр тавина.
 
Эзэмшлийн зааг дээр тоолуур тавиагүй тохиолдолд эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугам болон  трансформатор (ачааллын болон хоосон явалтын) дахь  алдагдлыг шугам сүлжээг эзэмшигч хүлээнэ.
 
Ийм алдагдлыг хүлээдэг үндсэн хэрэглэгчийн цахилгаан сүлжээгээр дамжин холбогдсон хэрэглэгч уг алдагдлаас өөрийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээнд ногдох хувийг  хариуцна.
 
Энэ нь айл өрх, иргэдэд хамаарахгүй бөгөөд тэдэнд ногдох алдагдлыг хангагч хариуцна.
37. Хангагч, хэрэглэгчийн хооронд хийх тооцоог хэмжих хэрэгслийн заалт (бусад тохиолдолд энэ дүрмийн 38 дугаар  заалт)-ыг үндэслэн, мөрдөж байгаа үнэ тарифийн дагуу бодно. Хэрэв цахилгаан тоолуур нь гүйдэл ба хүчдэлийн трансформатортой дамжин холбогдсон байвал хэрэглэсэн эрчим хүчний хэмжээг тоолуурын одоогийн болон өмнөх заалтын ялгаварыг трансформаторын итгэлцүүрээр үржүүлэн тодорхойлно.
 
38. Тооцооны хэмжих хэрэгсэл нь энэ дүрмийн  27, 32-т заасан шаардлагыг хэрэглэгчийн буруугаас шалтгаалан  хангаагүй тохиолдолд тооцоо хийхдээ хэрэглэгчид тавьсан  чийдэн, залгуурын тоог тоолуургүй үед тооцох тарифаар  үржүүлж,  эсхүл, цахилгаан тоног төхөөрөмжийн  суурилагдсан  чадлыг ажиллавал зохих цаг (сүүлийн удаа шалгалт хийснээс хойш тухайн зөрчлийг арилгах хүртэлх)-аар үржүүлж  тодорхойлно.
 
39. Тооцооны  тоолуур  нь энэ дүрмийн  27, 32-т заасан  шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй,   тооцооны хэмжих  хэрэгслийг  шалгаж засварлахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд түрүүчийн 3 сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоог хийнэ.
 
40. Тооцооны тоолуур, бусад хэрэгсэл эвдэрсэн (их бие, шил хагарсан, ороомог шатсан, холболт болон байршлыг өөрчилсөн гэх мэт) нөхцөлд тэдгээрийг сэргээн засварлах  зардлыг  буруутай  этгээд  хариуцна. 
 
     Тооцооны хэмжих хэрэгслийг сэргээн засварлах, хэвийн  ажиллагаанд оруулах ажлыг түгээгч, дамжуулагч 7 хоногийн  дотор хийх үүрэгтэй.
 
     41. Тооцооны хэмжих хэрэгсэл болон тооцоо хийдэг ажилтны буруугаас гарсан зөрүүг хангагч, хэрэглэгч хамтран шийдвэрлэж дараа сарын тооцоонд тусгана.
 
42. Хэрэглэгч тухайн байрнаасаа түр буюу бүрмөсөн нүүсэн, байраа бусдад шилжүүлсэн бол энэ тухай хангагчид   7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хийж  дуусгавар болгоно.
 
     43. Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусган, энэ  тухай  тодорхойлолтыг хангагчаас авсан байна. Энэ тодорхойлолтыг  тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч  иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч эрчим хүчний өрийг хариуцна.
 
44. Хангагч нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний  төлбөрийг сард нэгээс доошгүй удаа хянан тооцоолж байна. Хэрэглэгч  аж  ахуйн  нэгж,  байгууллага,  иргэн  цахилгаан  эрчим хүчний тооцоог урьдчилан төлөх хэлбэрээр хийж  болно.
 
     45. Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ.  Хэрэглэгч хангагчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандана.
 

Найм. Хэрэглэгчийн реактив чадлын зохицуулалт

 
     46. Үйлдвэрлэлийн  томоохон (холбогдсон чадал нь      250 кВА ба түүнээс дээш, реактив чадал нь холбогдсон чадлын  10-аас  доошгүй хувь байх)  хэрэглэгчид реактив  тоолуурыг тооцооны  зориулалтаар  дараахь тохиолдолд  тавина:
 
     1/  эзэмшлийн  заагаас  хэрэглээг  тооцох  цэг  хүртэлх  хэсэгт реактив  цахилгаан  эрчим  хүчний  үйлчлэлээр алдагдах  бодит  цахилгаан  эрчим  хүчний  хэмжээг  тодорхойлох;
 
     2/ хэрэглэгчийн  конденсатор, синхрон хөдөлгүүрийг  хангагчаас  тогтоосон  горимоор   ажиллуулж  байгаа  эсэхийг  хянах.
 
47. Хэрэглэгч нь конденсатор, синхрон хөдөлгүүрийг  дамжуулагч, түгээгчээс олгосон техникийн  нөхцөлийн  дагуу   цахилгаан шугам сүлжээнд  суурилуулна. 
 
Тэдгээрийн ажлын горимыг хангагч болон хэрэглэгч зөвшилцөн тогтооно. Эрчим хүчний зохицуулах газраас баталсан журмын дагуу уг горимыг мөрдсөн байдлаас  хамааруулан хэрэглэгчийг урамшуулах асуудлыг гэрээнд  тусгана.
 

Ес. Хангагчийн эрх үүрэг

 
      48. Хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлд  зааснаас гадна дараахь  эрх үүрэгтэй  байна:
 
1/ Эрчим  хүчний  тухай  хуулийн  32 дугаар  зүйлд  зааснаас бусад тохиолдолд цахилгаан эрчим хүчний хангамжийг халаалтын улиралд 4 цагаас илүү хугацаагаар таслахгүй байх;
 
2/ хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан тоног  төхөөрөмжид Эрчим хүчний тухай хуулийн 32.2–т заасан  нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл  хугацаагаар  түдгэлзүүлэх;
     Цахилгаан эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлж болохгүй хэрэглэгчийн жагсаалтыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  батална.
 
3/ үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчийн өмчлөл,  эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээнд  ноцтой  осол  гэмтэл  гарсан  үед  Эрчим  хүчний  тухай  хуулийн  6.1.4–т заасан журмыг баримтлан хэрэглэгчийн цахилгаан  эрчим хүчний хангамжийг зохицуулах; 
 
4/ хангагчийн  эрх  бүхий  ажилтныг  томилох.
 
Хангагчийн эрх бүхий ажилтан Эрчим хүчний тухай  хууль  болон эрчим хүчээр хангах гэрээнд тусгагдсан дараахь үүргийг  гүйцэтгэнэ:
 
     а/хэрэглэгчийн  эрчим  хүчний  тооцоог сар бүр газар дээр нь шалгаж  хянах;
 
     б/хэрэглэгчийн  цахилгаан  тоног  төхөөрөмжийн  бүрэн  бүтэн  байдлыг  шалгах;
 
     в/энэ дүрмийн 48.1-ийг  хэрэгжүүлэх;
 
     г/гэрээнд заасны дагуу хариуцлага тооцох, алданги  тооцох,  нөхөн  тооцоололт  хийх;
 
     д/тооцооны хэмжих хэрэгслийн битүүмжлэлийг шалгаж,  баталгаажуулалтаас бусад битүүмжлэлийг шинэчлэх, сэргээх.
 
        5/ цахилгаан сүлжээнд  холбох,  таслах, холболтыг өөрчлөх тухай хэрэглэгчийн захиалгыг хангагч судлан үзэж,  техникийн нөхцөлийн шаардлага хангасан гэж үзвэл 3 хоногийн дотор шийдвэрлэн уг ажлыг зохих төлбөртэйгээр  гүйцэтгэнэ;
 
        6/ эрчим хүчний төлбөрөө урьдчилан төлсөн хэрэглэгчид төлсөн  эрчим  хүчний  үнийн  тодорхой хувиар  хөнгөлөлт  үзүүлэх.
 
        7/ эрчим хүчний тухай хуулийн 32.2-т болон гэрээнд зааснаас өөр нөхцөл, болзол тавьж хэрэглэгчийн эрхийг  хязгаарлаж болохгүй.
 

Арав. Хохирлыг тооцох, төлөх

 
49. Цахилгаан эрчим хүч тасалдсанаас болон чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хэрэглэгч дээр тавигдсан өөрөө бичигч хэмжих хэрэгсэл болон түгээгчийн шуурхай ажиллагааны бичлэгийг баримтлан хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно. Актад цахилгаан эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд хохирлын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж гарын үсэг зуран, хангагч, хэрэглэгчийн холбогдох албан тушаалтнаар баталгаажуулсан байна. Актыг талууд 5 хоногийн дотор хамтран тогтоож, хохирлыг 1 сарын дотор буруутай тал хариуцан төлнө. Аль нэг талын  гарын үсэг зураагүй акт нь хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй.
 
50. Цахилгаан эрчим хүчний тасалдлаас учирсан хохирлыг дор дурдсан тохиолдолд хангагч хариуцахгүй:
 
          1/байгалийн гэнэтийн аюул /аянга, салхи, шуурга, мөстлөг, үер, гал түймэр гэх мэт/ тохиолдсон;
 
     2/хангагчтай тохиролцсон горимыг хэрэглэгч  мөрдөөгүйгээс  хэрэглэгчийн цахилгаан  хангамж  тасалдсан;
 
          3/Эрчим хүчний тухай хуулийн 29.1.2, 32.2-т заасны дагуу хэрэглэгчийн цахилгаан хангамжийг тасалсан,  түдгэлзүүлсэн;
 
     4/хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугамыг гуравдагч этгээд гэмтээж эрчим хүчээр тасалдуулсан.

  Арван нэг. Хяналт, хариуцлага

 
     51. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн биелэлтэд эрчим хүчний улсын хяналтын  байгууллага,  улсын  байцаагч болон хангагчийн  эрх  бүхий  ажилтан   хяналт тавина.
 
      Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага олон нийтийн хяналт тавина.
 
     52. Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчийг зөвшөөрөлгүй буюу тоолуураас гадуур хэрэглэсэн, тоолуурыг эвдэх,  тоолуурын холболтын бүдүүвчийг өөрчлөх, эргэлтийг удаашруулах,  зогсоох  зэргээр санаатайгаар цахилгаан эрчим хүчийг зүй бусаар ашигласан бол энэ  дүрмийн  38 дугаар  заалтын дагуу нөхөн тооцоололт хийх (сүүлийн удаа шалгалт хийснээс илрэх хүртэл хугацаанд)-ээс гадна буруутай хүмүүст  Эрчим  хүчний тухай хуулийн 37.1.5 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх буюу хуулийн байгууллагад шилжүүлнэ.
 
     53. Хангагч хэрэглэгч талууд хоорондоо зөвшилцөн  шийдвэрлэж чадаагүй цахилгаан эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбогдсон маргааныг Эрчим хүчний зохицуулах  газар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд  гомдол  гаргана.
 
 
____оОо_____