A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 263 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
 
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
(Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг.Нийтлэг үндэслэл

 
1. Эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхэд дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх,  хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид /цаашид дамжуулагч, түгээгч, хангагч гэнэ/, хэрэглэгчийн хоорондын харилцаа, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход энэхүү дүрмийн зорилт оршино.
 
2. Энэхүү дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгчид мөрдөнө.
    
3. Хангагч, хэрэглэгч нь хууль тогтоомжид нийцүүлэн дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулна.
 
4. Дулааны шугам сүлжээг барихад гаргасан хөрөнгийг үндэслэн уг шугам сүлжээний эзэмшлийн заагийг өмчийн харьяаллаар тогтооно.
 
5. Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг үйлчилгээ, засвар, шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ.
 
6. Дулааны шугам, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, дулааны эрчим хүчний борлуулалтад тавих хяналтыг эрчим хүчний хяналтын байгууллага, дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгчийн эрх бүхий  ажилтан гүйцэтгэнэ.
 
Хоёр. Хэрэглэгчийг  дулааны сүлжээнд
    холбох зөвшөөрөл олгох
 
7. Шинээр баригдах, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид  дулааны эрчим хүч авах, ачааллыг өөрчлөх  болон  дулааны, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын  системийн  техникийн шийдлийг өөрчлөх,  технологийн шинэчлэл  хийх  тухай бүрт  хэрэглэгч нь дамжуулагч,  түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна.
 
8. Дамжуулагч,  түгээгч нь  хэрэглэгчид техникийн нөхцөл олгохдоо эрчим хүчний  зохицуулах  газраас   баталсан  холболтын   зааврыг баримтлан тухайн  нутаг   дэвсгэрийн  хөгжлийн  хэтийн  төлөв, дулааны шугам  сүлжээ, эх үүсвэрийн техникийн  боломжийг  харгалзана.
 
9. Дамжуулагч,  түгээгч  нь   хэрэглэгчээс  техникийн  нөхцөл  авахаар  ирүүлсэн  хүсэлтийг  хүлээн  авснаас хойш 14 хоногийн  дотор  техникийн  нөхцөл  олгох эсэхийг шийдвэрлэнэ.  Техникийн  нөхцөлд   дараахь   асуудлыг  тусгасан  байна:
    
1/холбох  цэг  (дулааны станц, халаалтын зуух, дулаан хуваарилах  төв, дулаан  дамжуулах,  түгээх  шугам), дулаан  зөөгчийн температур, даралт;
 
2/хэрэглэгчийг  шинээр  холбох  болон  хэрэглээ  нь  нэмэгдсэнтэй  холбогдуулан  дулааны шугам сүлжээг  өргөтгөх  (хоолойн   хөндлөн  огтлолыг  ихэсгэх, дулааны станц, халаалтын зуух, дулаан хуваарилах төвийн  чадлыг  нэмэгдүүлэх гэх мэт)  шаардлага;
 
3/шинээр авах болон нэмэгдэх  дулааны  эрчим  хүчний  тооцоот ачаалал;
 
4/дулааны эрчим  хүчний  чанарыг  хянах хэмжих хэрэгсэл, чанарын үзүүлэлтийг  тогтворжуулах  төхөөрөмжийн  хэрэгцээ;
 
5/хэрэглэгчийн  дулааны тоног төхөөрөмжид  тавих  тусгай шаардлага  (ус цэвэрлэгээ, нөөц цахилгааны эх үүсвэр, нөөц тоног төхөөрөмж суурилуулах шаардлага гэх мэт);
 
6/ хэрэглэгчийн  сүлжээнд  холбох  бусад  хэрэглэгчийн  жагсаалт, тэдгээрийн  хэтийн  ачаалал,  дулааны  хэрэглээ.
 
10. Дамжуулагч,  түгээгчээс  олгосон холболтын техникийн нөхцөлийг зураг төслийн  байгууллага  болон  хэрэглэгч  заавал  биелүүлэх  үүрэгтэй.
    
11. Техникийн нөхцөлийн хүчин төгөлдөр байх хугацааг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулан 1-3  жилээр тогтооно.  Энэ хугацаанд дулаан хэрэглэх барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй бол техникийн нөхцөлийн хугацааг  түүнийг  дуусахаас 2 сарын өмнө сунгуулна.
 
12. Хэрэглэгч (захиалагч) нь зураг төслийн  байгууллагатай хамтран барилга-угсралтын  ажил  эхлэхээс  өмнө зураг  төслийг  дамжуулагч, түгээгч болон  холбогдох  бусад байгууллагаар  ажлын 10  хоногийн  дотор хянуулна.
 
13. Дамжуулагч, түгээгч зураг төслийн шийдэл нь техникийн нөхцөл, холбогдох норм дүрэм, дулааны тоног төхөөрөмжийн угсралтын  дүрмийн шаардлагыг хангасан  байдлыг  шалгаж, сүлжээнд холбогдох боломжтой эсэхийг зохих үндэслэлтэйгээр мэдэгдэнэ. Хэрэв нэмэлт шалгалт хийх  шаардлагатай  бол  хянах  хугацааг нэг сар хүртэл  сунгаж  болно.
 
14. Дулааны шугам сүлжээнд шинээр холбох техникийн нөхцөл авах үед хийсэн шугам сүлжээний  хайгуул, хэмжилт, тооцоо судалгаа зэрэг үйлчилгээний төлбөрийг захиалагч  буюу  хэрэглэгч  төлсөн байна.
 
15. Техникийн нөхцөлийг үндэслэл муутай, буруу өгснөөс учирсан аливаа хохирлыг техникийн нөхцөл олгосон этгээд хариуцна.
 

Гурав. Дулааны эрчим хүчээр хангах гэрээ

 
16. Хэрэглэгч нь дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ,  халаалтын системийн засвар үйлчилгээг иж бүрэн хийж зохих даралтаар шалгаж акт тогтоосон байна. Актыг үндэслэн хангагчтай гэрээ байгуулснаар хэрэглэгч дулааны эрчим хүч хэрэглэх эрхтэй болно.
 
17. Иргэнтэй байгуулах гэрээнд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр тооцооны журам, талуудын эрх, үүрэг, хариуцлага, алдангийн хэмжээ, хохирлыг тооцох журам болон шаардлагатай бусад асуудлыг тусгана.
 
18. Аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээнд энэ дүрмийн 17-д зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, төлбөрийн барьцаа зэрэг асуудлыг тусгана.
 
19. Хангагч нь хэрэглэгчид дулааны эрчим хүчийг уур, усаар тоолуургүй нийлүүлсэн нөхцөлд төлбөр тооцоо хийхдээ зураг төсөлд заасан дулааны ачааллыг үндэс болгоно.
 
20. Хангагч нь гэрээлсэн эрчим хүчний үнэ, тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй.
 
21. Хэрэглэгч нь энэ дүрмийн 20-д заасны дагуу мэдээлэл авснаас хойш хангагчтай байгуулсан гэрээнд 15 хоногийн дотор зохих өөрчлөлт оруулна. Гэрээнд өөрчлөлт оруулаагүй нь түүнийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
 
22. Хангагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулах болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй.
 
23. Дамжуулагч, түгээгчээс  зохих журмын дагуу техникийн нөхцөл авсан бусад хэрэглэгчийг үндсэн хэрэглэгч  өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд холбуулах үүрэгтэй.
 
24. Хангагч, хэрэглэгч нь гэрээний биелэлтийг уг гэрээнд тогтоосон хугацаанд дүгнэж дулааны эрчим хүчний тасалсан шалтгааныг тогтоон шийдвэрлэнэ.
 
25. Гэрээгээр хүлээсэн хангагчийн үүргийн биелэлтийг дүгнэхдээ нийлүүлсэн эрчим хүчний хэмжээ, чанарыг гэрээнд заасан хэмжээ, чанарын үзүүлэлттэй харьцуулна. Дулаан зөөгч (уур, усны)-ийн даралт,температурын хэлбэлзлийн зөвшөөрөгдөх хэмжээг гэрээнд тусгахдаа техник ашиглалтын дүрмийг баримтална.
 

Дөрөв. Хэрэглэгчийг  дулааны шугам       сүлжээнд холбох

 
26. Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний техник ашиглалт,  аюулгүй ажиллагааны дүрэм, зураг төсөл, техникийн нөхцөлийн шаардлага бүрэн хангагдсан нөхцөлд  шинээр барьсан буюу өргөтгөл, шинэчлэл хийсэн барилга байгууламжийг дулааны шугам сүлжээнд холбоно.
 
27. Барилга байгууламжийг дулааны шугам сүлжээнд холбоход хэрэглэгч дор дурдсан шаардлагыг хангасан байна:
 
1/ дамжуулагч, түгээгч, хангагчийн заасан хугацаанд багтаан тухайн шугамд холбогдвол зохих салаа шугамын холболт /огтолгоог/-ыг хийсэн байх;
 
2/ дулааны шугам, тоног төхөөрөмжид угаалт, даралтын туршилт хийхдээ холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчийг байлцуулан акт үйлдсэн байх;
 
3/ шалгаж баталгаажуулсан хянах хэмжих хэрэгсэл, автомат тохируулагчийг зураг төсөлд заасан цэгт тавих;
 
4/  дулааны шугам, тоног төхөөрөмжийг хэсэгчлэн хүлээн авсан акт, гагнуурын болон далд ажлын акт, техникийн бусад баримт бичгийг бүрдүүлсэн байх;
 
5/ дулааны шугамын гүйцэтгэлийн зургийг гаргаж     1 хувийг холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөх.
 
28. Хангагч нь энэ дүрмийн 26, 27-д заасан шаардлагыг хангасан  хэрэглэгчтэй гэрээ байгуулж дулааны эрчим хүчээр хангана. Техникийн нөхцөл, хянасан зураг төслийн дагуу бариагүй барилга байгууламжийг дулаанаар хангахгүй.
 
29. Зам талбайг сэтэлж дулааны шугам тавьсан тохиолдолд тэдгээрийг хэрэглэгчийн зардлаар сэргээн засаж хуучин байдалд нь оруулсны дараа дулааны шугам сүлжээнд холбох зөвшөөрлийг  хэрэглэгчид олгоно.
 
Тав.Хэрэглэгчийн эрх үүрэг
 
30. Хэрэглэгч  Эрчим хүчний тухай хуулийн 32.2; 32.3-т болон энэ дүрмийн 54-56-д зааснаас бусад үндэслэлээр  дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо төлүүлэх эрхтэй.
 
31. Өөрийн эзэмшилд байгаа дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангахтай холбогдсон дараахь үүргийг  хэрэглэгч  хүлээнэ:
 
1/ дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, засварыг  хариуцах мэргэжлийн ажилтантай байх, тэдгээрийн мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэх. Дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт, засварыг мэргэжлийн бус хүнд хариуцуулахыг хориглоно;
 
2/ дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж, дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ажлын зураг төсөл, гүйцэтгэлийн зураг, ашиглалтын паспорт зэргийг бүрдүүлэн жил бүр баяжилт хийх;
 
3/ дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их болон урсгал засварыг дамжуулагч, түгээгчийн  төв шугамын засвартай уялдуулан хугацаанд нь чанартай хийх;
 
4/ засвар хийсний дараа хангагчийн төлөөлөгчийг байлцуулан дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээндээ химийн болон механик угаалга, цэвэрлэгээ, даралтын туршилт хийж, илэрсэн гэмтлийг засварлаж  хамтарсан акт үйлдэж  байх;
 
5/ дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд тохируулга хийж барилга, орон сууцны өрөө тасалгааг жигд халаах нөхцөлийг хангах;
 
6/ барилга орон сууцыг халааж байгаа сүлжээний усыг бүрэн хэмжээгээр буулгах тохиолдолд хангагчаас албан ёсны зөвшөөрөл авах. Сүлжээний усыг асгах болон бусад зориулалтаар ашиглахыг хориглоно;
 
7/ өөрийн эзэмшлийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд хангагчид мэдэгдэж яаралтай засварлах арга хэмжээ авах;
 
8/ дулаан дамжуулах төв болон  зангилааг эмх цэгцтэй, цэвэр, байнгын гэрэлтүүлэгтэй байлгаж агуулах, орон байрны зориулалтаар ашиглахгүй байх;
 
9/ дулааны эрчим хүчийг хэмнэх, алдагдлыг хэвийн хэмжээнд байлгах, хувирсан усны буцалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, сүлжээний буцах усны халууныг бууруулах /эх үүсвэр нь дулаан цахилгааны төв байгаа тохиолдолд/-д чиглэсэн техник зохион байгуулалтын шуурхай арга хэмжээг төлөвлөгөөний үндсэн дээр  хэрэгжүүлэх;
 
10/ дулааны эрчим хүч хэрэглэсэн  тооцоог гэрээнд заасан хугацаанд хангагчтай хийж байх;
 
11/ хяналтын болон хангагч байгууллагын шалгалтаар илэрсэн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах,  шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх.
 
32. Хэрэглэгч ажил үүргээ гүйцэтгэж байгаа эрчим хүчний улсын байцаагч болон хангагчийн төлөөлөгчийг өөрийн эзэмшлийн газарт саадгүй нэвтрүүлж дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээгээ шалгуулах үүрэгтэй.
 
33. Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн газарт байрласан дамжуулагч, түгээгч болон бусад хэрэглэгчийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээний бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээ хийх бололцоо олгоно.
 
34. Хангагчтай тооцоо хийдэг тоолуурын бүрэн байдлыг хэрэглэгч  хариуцаж гэмтэл гарсан болон гарч болзошгүй тохиолдолд хангагчид яаралтай мэдэгдэнэ.
 
35. Хэрэглэгч нь гэрээнд заасан дулааны эрчим хүчийг хугацаандаа авахгүй болсон тухайгаа хангагчид 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.
 
36. Хэрэглэгч Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг мөрдөж ажиллана.
 
37. Эрчим хүчний улсын байцаагч болон хангагчийн эрх бүхий ажилтны хийсэн битүүмжлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
 

Зургаа. Хангагчийн эрх, үүрэг

 
38. Хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 29  дүгээр зүйлд зааснаас гадна дараахь  эрх үүрэг хүлээнэ:
 
1/ Эрчим хүчний тухай хууль, Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн заалтыг хэрэгжүүлж хэрэглэгчийг гэрээнд заасан горимын дагуу дулааны эрчим хүчээр хангах;   
 
2/ дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их болон урсгал засвар, туршилт тохируулгыг хугацаанд нь чанартай хийж халаалтын бэлтгэлийг хангах. Тоног төхөөрөмж, шугам сүлжээг засварт оруулахтай холбогдон дулааны эрчим хүчийг түр таслахаар бол энэ тухай хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж ажлаа зохицуулах боломж олгоно;
 
3/ дулаан хангамжийн системийн /эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгчийн хэрэглээг оруулан/ өвөл, зуны ажиллагааны горим тооцоог хийж батлуулан хэрэгжүүлэх;
 
4/ хэрэглэгчийн дулааны төв болон зангилааны зарцуулалтыг тохируулах хэрэгсэл /сопло, шайба/-ийг тооцож бэлтгэн, хэрэглэгчээр тавиулж  битүүмжлэх;
 
5/  хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, засварын байдал, аюулгүй ажиллагааны шаардлага, халаалт, хэрэгцээний халуун ус хангамжийн чанар, уур ус, хувирсан усны алдагдал зэрэгт өөрийн төлөөлөгчөөр хяналт тавиулж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
 
6/ сүлжээний буцах усны халууныг тогтвортой бууруулж хувирсан ус буцаалтыг нэмэгдүүлэн эх үүсвэрийн ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх;
 
7/ шинэ хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтад хяналт тавин, техникийн нөхцөл, зураг төслийн дагуу хийлгэж, ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд төлөөлөгчөө оролцуулах;
 
8/ хэрэглэгчийн захиалгаар дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд засвар, үйлчилгээ хийх үед нь түүний дулааныг тасалж өгөх;
 
9/ дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд ээлжит бус засвар хийх, шинэ хэрэглэгч холбох тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж хугацааг тохирсноор дулааныг түр таслах;
 
10/ дулааны эх үүсвэр болон дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гарсан ноцтой гэмтэл саатлыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагатай нөхцөлд дулаан хангамжийг шууд зогсоох эрхтэй бөгөөд зогсоосон шалтгаанаа хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй;
 
11/ Эрчим хүчний тухай хуулийн 32.2-д заасан хангагчийн эрх бүхий ажилтанг томилох.
 

Долоо.Төлбөр тооцооны хэмжих хэрэгсэлийн ашиглалт

 
39. Дамжуулагч, түгээгч  болон хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээг  Эрчим хүчний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан төлбөр тооцооны болон хянах хэмжих хэрэгсэл, тохируулах автоматаар тоноглосон байна.
 
40. Түгээгч болон хэрэглэгч нь хэрэглэгчийн эзэмшлийн тоног төхөөрөмжид дулааны тоолуур, хянах хэрэгсэл, тохируулах автомат тавих, тэдгээрийг ашиглах, засварлах, баталгаажуулах, бүрэн бүтэн байлгах асуудлыг хариуцна.
 
41.Хэрэглэгчийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд тавьсан хянах, хэмжих хэрэгсэл, автомат тохируулагч болон төлбөр тооцооны тоолуур нь хэвийн ажиллагаатай байгаа эсэхэд хангагч хяналт тавина.
 
42. Уур усаар түгээсэн дулааны төлбөр тооцоог хангагч болон хэрэглэгчийн шугамын зааг дээрээс эхлэн тооцно. Төлбөр тооцооны тоолуурыг шугамын заагаас зайтай байрлуулсан бол хэрэглэгчийн дулааны эрчим хүчний тооцоонд шугамын заагаас тоолуур хүртэлх шугамын алдагдлыг  хангагч болон  хэрэглэгч харилцан тохиролцож  оруулна.
 
43. Түгээгч нь төлбөр тооцооны тоолуурыг зөөж байрлуулах шаардлага гарсан тохиолдолд хэрэглэгч,  хангагчийн төлөөлөгчийг байлцуулан гүйцэтгэнэ.
 
44. Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байр, орон сууцны халаалт болон хэрэгцээний халуун усны төхөөрөмж дээр Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн шаардлагыг хангасан төлбөр тооцооны болон хянах хэмжих хэрэгсэл тавиулна. Эдгээр хэмжих хэрэгслийг ашиглахад хангагч дэмжлэг үзүүлж төлбөр тооцооны талаар гэрээнд өөрчлөлт оруулна.

  Найм. Төлбөр тооцоо

 
45. Хангагч, хэрэглэгчийн хооронд хийх төлбөр тооцоог тоолуурын заалт /бусад тохиолдолд гэрээ/-ыг үндэслэн мөрдөж байгаа үнийн дагуу хийнэ.
 
46. Дулааны эрчим хүч хэрэглэгчийн тоолуур гэмтэлтэй тохиолдолд төлбөр тооцоог зураг төслөөр тооцсон хүчин чадлыг  үндэслэн /задгайгаар/ хийнэ.
 
47. Хэрэглэгч нь хувирсан усыг гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр буцаасан тохиолдолд түүнд урамшуулал үзүүлэх бөгөөд дутуу буцаавал хангагчид торгууль төлнө. Шагнал болон торгуулийн хэмжээг гэрээнд тусгана.
 
48. Хэрэглэгчээс буцаасан хувирсан усны чанар нь гэрээнд заасан чанарын үзүүлэлтийг хангаагүй бол буцаагаагүйд тооцно. Үүнтэй холбогдон гарах төлбөрийн хэмжээг гэрээгээр зохицуулна.
 
49. Хэрэглэгч нь эрчим хүчээр хангах гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх дулааны эрчим хүчний үнийн     50 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны дотор урьдчилан төлнө.
 
50. Дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа хэрэглэгч нь сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш хэмжээгээр өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнийг тооцож төлнө.
 
51. Дулааны эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ. Тооцооны хэмжих хэрэгсэл болон тооцоо хийсэн ажилтны буруугаас гарсан тооцооны үнийн зөрүүг хоёр тал хамтран үйлдсэн актын үндсэн дээр дараа сарын тооцоонд тусгана.
 
52. Хэрэглэгчийг дулаанаар хязгаарласан буюу тасалсан эрчим хүчний хэмжээг тодорхойлохдоо хэрэглэгч болон дулаан үйлдвэрлэгчийн тооцооны тоолуурын заалт, ээлжийн диспетчерийн албан ёсны тэмдэглэлийг үндэслэнэ.
 
53. Хэрэглэгч тухайн байрнаасаа түр буюу бүр мөсөн нүүсэн, байраа бусдад шилжүүлсэн бол энэ тухай хангагчид    7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог хийж өр авлагыг барагдуулна.
 

Eс. Дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх

 
54. Эрчим хүчний улсын байцаагч хангагчийн эрх бүхий ажилтан нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан болон дараахь тохиолдолд эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ:
 
1/ дулааны эрчим хүчийг гэрээнд заагаагүй зориулалтаар ашигласан, ус, дулааны алдагдлыг нормд заасан хэмжээнээс хэтрүүлсэн;
 
2/ эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөл бүрдүүлээгүй буюу техникийн нөхцөлийн шаардлагыг зөрчсөн, зөвшөөрөлгүй барилга байгууламж холбож дулаан авсан;
 
3/  хангагчаас тооцоолж битүүмжлэн тавьсан, тохируулах хэрэгсэл /сопло, шайба/-ийг дур мэдэн өөрчлөх буюу авах замаар бусдын дулаан хангамжийг доголдуулсан;
 
4/ тооцооны хэмжүүрт оруулахгүй зүй бусаар холболт хийж дулаан /уур, ус/ авч ашигласан;
 
5/  хэрэглэсэн дулааны болон буцаагаагүй хувирсан усны төлбөрийг  дараа сарын 10-ны дотор төлөөгүй.
 
55. Улсын байцаагч болон хангагчийн эрх бүхий ажилтан  хэрэглэгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэртээ шалтгааныг  тодорхой зааж, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, тоолуур болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ.
 
56. Эрчим  хүчний хангамж, хэрэглээг нь түдгэлзүүлсэн тухай шийдвэрт заасан шалтгааныг хэрэглэгч арилгасан тухайгаа хангагчид мэдэгдэж шалгуулахаас өмнө уг тоног төхөөрөмж, шугам сүлжээг  ашиглахыг хориглоно.     
 

Арав.Хохирлыг тооцох, нөхөн төлөх

 
57. Хангагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрчим хүчийг тасалдуулсан тохиолдолд хэрэглэгч нь энэ талаар хангагчид цаг тухайд нь шуурхай мэдэгдэнэ.
 
58. Дулааны эрчим хүч тасалдсанаас болон чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно. Актад дулааны эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд бөгөөд шууд бус хохирлын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж гарын үсэг зуран, хангагч, хэрэглэгчийн холбогдох албан тушаалтан нар баталгаажуулсан байна. Актыг талууд 5 хоногийн дотор хамтран тогтоож, хохирлыг 2 сарын дотор буруутай тал хариуцан төлнө. Аль нэг талын гарын үсэг зураагүй акт нь хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй.
 
59. Хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээг гуравдагч этгээд гэмтээж хохирол учруулсан тохиолдолд /шинээр барилга барих, газар шорооны ажил хийх үед/ хэрэглэгч, хангагч хамтран акт тогтоож буруутай этгээдээр хохирлыг арилгуулах, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай болгох асуудлыг хамтран шийдвэрлэнэ.
 
60. Чанарыг бууруулан түгээсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог тухайн  хэрэглэгчийн хянах хэмжих хэрэгслийн  заалтаар тогтоож хийнэ.
 
61. Дулааны эрчим хүчний тасалдлаас учирсан шууд болон шууд бус хохирлыг арилгах талаар дулааны эрчим хүчээр хангах тухай хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгасан байна.
 
62. Хангагч, хэрэглэгч зөвшилцөлд хүрээгүй маргаантай асуудлыг шүүхэд тавьж  шийдвэрлүүлнэ.
 
63. Эрчим хүч ашиглах дүрэм, горим, гэрээг зөрчиж хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнийг хэрэглэгч нөхөн төлнө.
 
64. Дараахь тохиолдолд дулааны эрчим хүч тасалснаас хэрэглэгчид учирсан хохирлыг хангагч хариуцахгүй:
 
1/ байгалийн гэнэтийн аюул /усны үер, гал түймэр, газар хөдлөлт гэх мэт/ тохиолдсон;
 
2/ хэрэглэгч болон бусад байгууллага, хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас үүссэн;
 
3/ дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн.
 

Арван нэг. Хяналт, хариуцлага

 
65. Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн биелэлтэд эрчим хүчний улсын хяналтын байгууллага, түүний байцаагч болон үйлдвэрлэгч, хангагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохих албан тушаалтан хяналт тавина.
 
66. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж буй үнэ тарифийн үндэслэлд олон нийтийн хяналт тавина.
 
67. Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомж дүрмийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ. Гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэсэн эсэхийг үл харгалзан учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
 
 
 
  ___оОо___