A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОРОЛЦОХ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ЧИГ ҮҮРЭГ
Бүлэг: 1979
                           Засгийн газрын 2007 оны 80 дугаар                  
                           тогтоолын хавсралт
 
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОРОЛЦОХ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ  БАЙГУУЛЛАГУУДЫН ЧИГ ҮҮРЭГ
 
            1. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (цаашид "санаачилга" гэх)-ын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
1.1. санаачилгын тайлангийн маягт, түүнийг гаргах болон нийтэд мэдээлэх зааврыг батлах, түүнийг хэрэгжүүлэх арга зүйн талаар татварын болон орон нутгийн байгууллагад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
 
1.2. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн хөрөнгө оруулалттай, төрийн өмчийн оролцоотой, хамтарсан үйлдвэр зэрэг бүх хэлбэрийн аж ахуйн нэгж)-ээс улсын болон орон нутгийн төсөвт хүлээн авсан албан татвар, төлбөр зэргийг тайлангийн маягт, зааврын дагуу аж ахуйн нэгж бүрийн нэрээр болон нэгтгэн гаргасан мэдээг Үндэсний татварын ерөнхий газраас гаргуулан авч хянах;
 
1.3. мэдээ буруу гаргасан бол холбогдох байгууллага, албан тушаалтнаар дахин гаргуулах;
 
1.4. Үндэсний татварын ерөнхий газраас ирүүлсэн мэдээг үндэслэн санаачилгын Засгийн газрын тайланг маягтын дагуу аж ахуйн нэгж бүрийн нэрээр болон улсын хэмжээгээр эцэслэн хянан албажуулж, санаачилгын бие даасан ажлын албанд хүргүүлэх;
 
1.5. улсын болон орон нутгийн төсөвт олборлох үйлдвэрлэл эрхлэгчдээс хүлээн авсан албан татвар, төлбөрийн улсын хэмжээгээр гаргасан Засгийн газрын тайланг нийтэд мэдээлэх;
 
1.6. санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр Үндэсний зөвлөл, ажлын хэсэгт үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж ажиллах.
 
2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
2.1. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд санаачилгын зарчим, шалгуур, ач холбогдлыг сурталчлах, тайлбарлан таниулах, тэдгээрийг санаачилгад хамруулах;
 
2.2. санаачилгыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хуулийн төсөл боловсруулах;
 
2.3. санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр Үндэсний зөвлөл, ажлын хэсэгт бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж ажиллах.
 
3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
3.1. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувийг тусгай дансанд шилжүүлсэн эсэх, аж ахуйн нэгжээс байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа, байгаль орчинд учруулсан хохирол зэргийг ил тод нийтэд мэдээлэх.
 
4. Үндэсний татварын төв байгууллага санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
4.1. бүх шатны татварын байгууллага, татварын байцаагч, холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлага, ажилтан нарыг санаачилгын тайлан гаргах талаар мэргэжил арга зүйгээр хангах, зохион байгуулах;
 
4.2. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс улсын болон орон нутгийн төсөвт хүлээн авсан албан татвар, төлбөрийн талаархи мэдээг санаачилгын тайлангийн маягтад заасан үзүүлэлтийн дагуу аймаг, нийслэл, холбогдох төрийн захиргааны байгууллагаас орон нутгийн татварын байгууллага, байцаагчаар дамжуулан аж ахуйн нэгж бүрийн нэрээр хүлээн авч хянан нэгтгэх;
 
4.3. мэдээ буруу гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтнаар дахин гаргуулах;
 
4.4. аж ахуйн нэгж бүрийн нэрээр болон улсын хэмжээний  мэдээг санаачилгын холбогдох маягтын дагуу гаргаж Сангийн яаманд мэдээлэх;
 
4.5. санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр Үндэсний зөвлөл, ажлын хэсэгт үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх.
 
5. Гаалийн төв байгууллага санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
5.1. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс хүлээн авсан гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар болон үйлчилгээний хөлсний хэмжээг санаачилгын тайлангийн маягтад заасан үзүүлэлтийн дагуу аж ахуйн нэгж бүрийн нэрээр гаргаж Үндэсний татварын ерөнхий газарт мэдээлэх.
 
6. Ашигт малтмал, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
6.1. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид санаачилгын зарчим, шалгуур, ач холбогдлыг сурталчлах, тайлбарлан таниулах, тэднийг санаачилгад хамруулах;
 
6.2. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлага болон бүртгэл, санхүүгийн ажилтанг санаачилгын тайлан гаргах арга зүй, заавраар хангах;
 
6.3. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс хүлээн авсан тусгай зөвшөөрлийн болон бусад төлбөр, үйлчилгээний хөлсний талаархи мэдээг санаачилгын маягтад заасан үзүүлэлтийн дагуу аж ахуйн нэгж бүрийн нэрээр гарган Үндэсний татварын ерөнхий газарт мэдээлэх;
 
6.4. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний мэдээг улсын хэмжээгээр нэгтгэн холбогдох маягтын дагуу тайлан гаргаж, нийтэд мэдээлэх;
 
6.5. Ашигт малтмалын тухай хуулийн 48.10-ын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн тайлан, түүнийг нийтэд мэдээлсэн товч тайлангийн хамт аж ахуйн нэгж бүрээс гаргуулан авч санаачилгын бие даасан ажлын албанд хүргүүлэх;
 
            6.6. санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр Үндэсний зөвлөл, ажлын хэсэг, ажлын албанд үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх.
           
7. Төрийн өмчийн хороо олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
7.1. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хамтарсан үйлдвэрийн удирдлагад санаачилгын зарчим, шалгуур, ач холбогдлыг сурталчлах, тайлбарлан таниулах, тэднийг санаачилгад хамруулах;
 
7.2. санаачилгын тайлан гаргах арга зүй, заавраар аж ахуйн нэгжийн удирдлага болон бүртгэл, санхүүгийн ажилтныг хангах;
7.3. төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хамтарсан үйлдвэрийн газраас хүлээн авсан төрийн болон орон нутгийн өмчийн ногдол ашгийн тайланг аж ахуйн нэгж бүрийн нэрээр санаачилгын маягтад заасан үзүүлэлтийн дагуу гаргаж Үндэсний татварын ерөнхий газарт мэдээлэх.
 
8. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх байгууллага санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
8.1. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулсны ажлын байрны тухайн жилийн хүлээн авсан төлбөрийг аж ахуйн нэгж бүрийн нэрээр санаачилгын маягтад заасан үзүүлэлтийн дагуу гаргаж Үндэсний татварын ерөнхий газарт мэдээлэх.
 
9. Улсын мэргэжлийн хяналтын төв байгууллага санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
9.1. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахдаа санаачилгыг хэрхэн хэрэгжүүлж байгааг холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд шалгаж, нийтэд мэдээлэх.
 
            10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар санаачилгын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
           
10.1. олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх салбар зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулан оролцогч 3 талын ижил тэгш бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах;
 
10.2. нутаг дэвсгэртээ орших олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд санаачилгын зарчим, шалгуур, ач холбогдлыг сурталчлах, тайлбарлан таниулах, тэднийг санаачилгад хамруулан тайлан гаргуулах, нийтэд мэдээлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;
 
10.3. нутаг дэвсгэрт нь орших олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж санаачилгын тайлангаа гаргаж нийтэд мэдээлж байгаа байдалд хяналт тавих, энэ чиглэлээр аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
 
10.4. сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн сум, дүүрэгт хүлээн авсан албан татвар, төлбөр, үйлчилгээний төрөл бүрийн хөлс, үзүүлсэн аливаа мөнгөн болон биет (машин, өвс тэжээл зэрэг) дэмжлэгийн талаархи мэдээг санаачилгын тайлангийн маягтад заасан үзүүлэлтийн дагуу аж ахуйн нэгж бүрийн нэрээр гарган аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэдээлэх;
10.5. олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн аймаг, нийслэлд хүлээн авсан албан татвар, төлбөр, үйлчилгээний төрөл бүрийн хөлс, үзүүлсэн мөнгөн болон биет (машин, өвс тэжээл зэрэг) дэмжлэгийн талаархи мэдээг сум, дүүргээс ирүүлсэн энэхүү чиг үүргийн 10.4-т заасан мэдээтэй нэгтгэн санаачилгын тайлангийн маягтад заасан үзүүлэлтийн дагуу аж ахуйн нэгж бүрийн нэрээр гаргаж Үндэсний татварын ерөнхий газарт мэдээлэх;
 
10.6. санаачилгыг хэрэгжүүлэх, цаашид тогтворжуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах. 
 
 
 
 
 
 
 
-----оОо-----