- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСВӨӨС ХАЙГУУЛЫН АЖИЛД ГАРСАН ЗАРДЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ, ТӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2007 оны 81 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
УЛСЫН ТӨСВӨӨС ХАЙГУУЛЫН АЖИЛД ГАРСАН ЗАРДЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ, ТӨЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын бүх шатны ажил (цаашид "хайгуулын ажил" гэх)-ыг хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж (цаашид "аж ахуйн нэгж" гэх)-ээр уг зардлыг улсын төсөвт нөхөн төлүүлэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлүүлэхэд улсын төсвөөс ашигт малтмалын ордыг илрүүлэн нөөцийг тогтооход зарцуулсан нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын бүх шатны ажлын зардал (цаашид "хайгуулын ажлын зардал" гэх)-ууд хамрагдана.
3. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлыг судалж, зардлыг нөхөн төлүүлэх гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулан нөхөн төлүүлэх үйл ажиллагааг хангах үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх) хариуцна.
Хоёр. Хайгуулын ажлын зардлыг нөхөн төлүүлэх
үндсэн аргачлал
4. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлыг Геологийн мэдээллийн төвд хадгалагдаж байгаа тухайн ордын хайгуулын ажлын тайланд тусгасан зардлыг үндэслэн тогтооно.
5. Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон ордын хайгуулын ажлын нөхөн төлөх зардлын хэсэг болох нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын зардлыг тооцохдоо тухайн ордод хамрагдсан талбайд хийгдсэн эдгээр ажлын зардлын 1 гектарт ногдох зардлын хэмжээг тайланд тусгагдсан зардлыг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн нийт гектараар үржүүлэн тооцно.
6. 1991 оны 1 дүгээр сарын 16-наас өмнө төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг 3асгийн газрын 1991 оны 20 дугаар тогтоол гарсантай холбогдуулан цалинг 2 дахин, бусад материаллаг зардлыг 1.75 дахин нэмэгдүүлж тооцно.
7. Хайгуулын ажлын анхны зардлын доторхи цалингийн зардлыг 25 хувиар, материаллаг зардлыг 75 хувиар тооцож дараахь байдлаар хайгуулын ажлын зардлыг 1991 оны 1 дүгээр сарын 16-ны түвшинтэй харьцуулан шинэчлэн тогтооно:
1НЭЭҮХАШЗ1991=(2НЭЭҮХААЗ*0.25*2)+(НЭЭҮХААЗ*0.75*1.75)
8. Энэ журмын 7-д заасан аргачлалын дагуу тооцсон зардлыг 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг суурь болгон авч хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин (ЕТ)-гээр үржүүлэн хайгуулын ажлын шинэчилсэн зардлыг тооцно. Ерөнхий түвшинг тооцохдоо гэрээ байгуулахын өмнөх онд Үндэсний статистикийн газраас ирүүлсэн албан ёсны үнэ, тарифын индексийн мэдээллийг үндэслэнэ.
3НЭЭҮХАШНЗГБО= НЭЭҮХАШЗ1991* 4ЕТГБӨО
Гурав. Хайгуулын ажлын нөхөн төлбөр хийх аж ахуйн
нэгжийн эрх, үүрэг
9. Аж ахуйн нэгж нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш тусгай зөвшөөрлөөр олгосон талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал байгаа эсэхийг төрийн захиргааны байгууллагаар шалгуулж ажлын 30 хоногийн дотор гэрээ байгуулах хүсэлтээ гаргана.
10. Гэрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн дарга (захирал) гарын үсэг зурж баталгаажуулна.
11. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авч байгаа хуулийн этгээд нь хайгуулын ажлын нөхөн төлбөрийн өмнөх гэрээний биелэлтийг дүгнүүлж шинэчлэн гэрээ байгуулна.
12. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө барьцаалсан бол энэ тухай баримтыг ажлын 20 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Дөрөв. Төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг
13. Төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 9-д заасан гэрээ байгуулах хүсэлтийг хүлээн аваад ажлын 30 хоногийн дотор ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын хэмжээг энэхүү журмын 2-т заасан аргачлалын дагуу тооцон гаргана.
14. Төрийн захиргааны байгууллага энэхүү журмын хоёр дахь зүйлд заасан аргачлалын дагуу тооцон гаргасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөрийн гэрээ байгуулах аж ахуйн нэгжид танилцуулан гэрээ байгуулах саналыг тавина.
15. Төрийн захиргааны байгууллага гэрээ байгуулах санал тавьснаас хойш ажлын 30 хоногийн дотор гэрээг байгуулна.
16. Гэрээнд төрийн захиргааны байгууллагын дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
Тав. Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн
хэмжээг тогтоож гэрээ байгуулах үйл
ажиллагаанд тавих хяналт
17. Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцон тогтоож гэрээ байгуулах үйл ажиллагаа болон төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж хооронд байгуулсан гэрээний биелэлтэд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, улсын мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
Зургаа. Бусад
18. Гэрээний загварыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.
19. Гэрээг монгол хэл дээр үйлдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд англи хэл дээр орчуулан хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулна.
20. Гэрээг гурван хувь үйлдэж нэг хувийг төрийн захиргааны байгууллага, нэг хувийг гэрээ байгуулагч аж ахуйн нэгж, нэг хувийг мэргэжлийн хяналтын төв байгууллага хадгална.
21. Гэрээнд заасан үүргийн биелэлт болон бусад асуудлаар гарсан маргааныг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.
22. Аж ахуйн нэгж нөхөн төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 60.7, 60.9-д заасан хариуцлага хүлээнэ.
----оОо----
Тайлбар: 1 -Засгийн газрын 1991 оны 20 дугаар тогтоолын дагуу 1991 оны түвшинтэй харьцуулан шинэчлэн тогтоосон нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын шинэчилсэн зардал
2 -нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын анхны зардал
3-гэрээ байгуулсан оны нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын шинэчилсэн нийт зардал
4-гэрээ байгуулахын өмнөх оны ерөнхий түвшин
Текст томруулах
A
A
A