A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2007 оны 85 дугаар
             тогтоолын хавсралт
 
"ИОД ДУТЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ" III ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Иодын дутал нь хүний, ялангуяа бага насны хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамжийг 10-15 хувиар бууруулдгийг олон оронд хийсэн судалгаа, шинжилгээний дүн нотолжээ. Дэлхийн 100 гаруй орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан зорилтын нэг нь иод дутлын эмгэгтэй тэмцэх явдал болж байна. АНУ-д хуралдсан 2002 оны Дэлхийн хүүхдийн дээд хэмжээний уулзалтаас дэлхий дахинаа иод дутлын эмгэгийг устгах асуудлыг хүн төрөлхтний эрүүл мэндийн салбарын чухал зорилт болгон дэвшүүлсэн.
 
Монгол Улсын хүн амын 80 гаруй хувь нь иодын дуталтай бүс нутагт оршин суудаг. Ийм учраас Засгийн газраас иод дутлын эмгэгтэй тэмцэх хөтөлбөрийг 2 удаа батлан хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрүүдийн хүрээнд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн иод дутлын эмгэгтэй тэмцэх арга болох давсыг иоджуулан хүнс, малын тэжээлд хэрэглэх техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, иоджуулсан давсны үйлдвэрлэл, хангамж, хэрэглээг дэмжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, хянах, мэдээлэх тогтолцоог бий болгох, малын иод дутлын эмгэгийн тархалтыг аймаг бүрээр судлан тогтоож, иоджуулсан тэжээл бэлдмэлийн жорыг боловсруулах, иод дутлын эмгэгийн тархалтын бууралтыг үнэлэх, түүнтэй уялдуулан бүс нутгуудад шаардлагатай арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулсан болно.
           
2. Хөтөлбөр хэрэгжих явцад давсны 10 орд газрыг тодорхой эзэмшилтэй болгож тэдгээрийг түшиглэн иоджуулсан давсны  жижиг, дунд үйлдвэр 21-ийг байгууллаа. Тухайн ордын дэргэд бассейн байгуулан давсыг талстжуулж олборлох технологийг давсны 2 ордод туршсан нь амжилттай болсон. 2005 оны байдлаар дотоодын болон импортын 8.4 мянган тонн иоджуулсан давс хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн нь нийт хэрэглээний давсны 89 хувь болж байна. 1992 онд хүн амын иод дутлын эмгэгийн тархалт 29.2 хувь байсан бол хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд 2004 оны "Эх, хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх" үндэсний 3 дугаар судалгаагаар 13.8 хувь болж бууран, айл өрхийн 74.4 хувь нь иоджуулсан давс тогтмол хэрэглэж олон улсын жишиг үнэлгээгээр Монгол Улс иод дутлын эмгэгийн "дунд" зэргийн тархалттайгаас "хөнгөн" зэргийн тархалттай оронд хамаарах болоод байна.
 
 Малын иод дутлын эмгэгийн тархалтыг өмнө нь судлаагүй байсан бүх аймгийг судалгаанд хамруулан судалгааны материалтай боллоо. Мал иод дутлаас шалтгаалан гаж буруу хөгжилтэй буюу үхсэн төл гаргах, хээл хаях, сувайрах, ноос, ноолуур, сүү, махны ашиг шим нь 5-15 хувиар буурах, төл малын өсөлт, хөгжилт саатаж өвчинд нэрвэгдэмтгий болох зэрэг сөрөг үр дагавартай болох нь тогтоогджээ.
 
            Улсын дунджаар малын иод дутлын эмгэгийн тархалт 13.2 хувьтай байгаа боловч төвийн бүс, ялангуяа Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт энэ үзүүлэлт 24-30 хувьд хүрч байна. Судалгааны явцад иоджуулсан эрдэс долооц үйлдвэрлэн мал, амьтанд өгч туршсан нь үр дүнгээ өгч байна.
 
 
            3. Иод дутлын эмгэгтэй тэмцэх II хөтөлбөрийн зорилтууд 90 орчим хувиар биелж, тодорхой үр дүн гарсан боловч хүн амын дундах уг эмгэгийн тархалтыг 5-аас доош хувь хүртэл бууруулах, өрхийн иоджуулсан давсны хэрэглээг үндэсний хэмжээнд 95 хувьд хүргэх зорилтдоо хараахан хүрсэнгүй. Иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэлийн тоо хэмжээ өсч байгаа боловч орон нутгийн хэрэгцээг хангахаас хэтрэхгүй, хөрөнгө оруулалт, санхүүжилтээс хамаарч чанамал давс үйлдвэрлэх улсын хэмжээний томоохон үйлдвэр байгуулах зорилт хэрэгжсэнгүй.
           
Сум, хөдөөгийн айл өрхийг иоджуулсан давсаар хангах борлуулалтын сүлжээг орон нутагт зохион байгуулах асуудал харилцан адилгүй байгаагаас иоджуулсан давсны хэрэглээ жигд тогтмолжиж чадахгүй байна. Үүнээс шалтгаалан өрхийн түвшинд иоджуулсан давсны хэрэглээ баруун бүсэд 58 хувь ("Хүүхэд хөгжил–2005" судалгаа) байгаа нь улсын дунджаас 25 хувиар доогуур байна. Иоджуулсан давсны хэрэглээг тодорхойлох үндсэн шалгуур болох 7-11 насны хүүхдийн шээсээр ялгарах иодын хоногийн хэмжээ 100-200 мкг/л байвал тухайн хүний иодын хэрэглээг зохистой гэж үздэг. Гэтэл 2004 оны судалгаагаар энэ үзүүлэлт 96.6 мкг/л байгаа төдийгүй 52.9 хувьд нь иоджуулсан давсны хэрэглээ зохистой түвшинд хүрээгүй байна.
 
 
            4. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, иод дутлын эмгэгийг дэлхий нийтээрээ устгах тухай олон улсын байгууллагуудын өмнө Монгол Улсын авсан амлалт, 2003 оны Бээжингийн уулзалтаар иод дутлын эмгэгийг устгах ажлыг эрчимтэй зохион байгуулахаар хүлээсэн үүргээ биелүүлэх, 2006 оны 4 дүгээр сард хуралдсан "Иод дутлын эмгэгтэй тэмцэх ажлын хэрэгжилт, үр дүн" үндэсний бага хурал, төслийн хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээний зөвлөмжүүдийг ажил хэрэг болгох, Монгол Улс иод дутлын эмгэгийг устгасан орны тоонд дэвшин орж ард иргэдээ уг эмгэгийн хор хөнөөлөөс ангижруулах зорилгоор "Иод дутлын эмгэгтэй тэмцэх" III хөтөлбөрийг боловсруулав.
  Хоёр.  Хөтөлбөрийн үндсэн зорилго
 
            5. Хүн амыг чанартай, аюулгүй иоджуулсан үндэсний үйлдвэрлэлийн давсаар хангах хэмжээг нэмэгдүүлэх, хэрэглээг тогтмолжуулан хэвшүүлэх замаар иод дутлын эмгэгийн тархалтыг 5-аас доош, иоджуулсан давсны хэрэглээг 95-аас дээш хувьд хүргэх, иоджуулсан тэжээлийн үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар малын иод дутлын эмгэгийг бууруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилт, эдгээр зорилтыг
хэрэгжүүлэх арга хэмжээ
 
6. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
 
7. Нэгдүгээр зорилт: Давсны ордыг эзэмшилтэй болгох, иоджуулсан давс, эрдэс тэжээл, эм, бэлдмэлийн үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, техник, технологийн шинэчлэл нэвтрүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.
 
Энэхүү зорилтыг дараахь арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:
 
7.1. хүнс, малын тэжээлийн давсны ордуудыг түгээмэл тархацтай ашигт малтмалын жагсаалтад хамруулах;
 
7.2. тодорхой эзэмшилгүй болон хэсэгчилсэн эзэмшилтэй давсны ордын эзэмшилгүй хэсгээс давс олборлоход нутгийн захиргааны болон иргэдийн хяналт тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
 
7.3. судалгаа хийгдсэн давс, хужир, шүүний ордын ашиглалтын байдлыг судалж стратегийн ач холбогдол бүхий зарим ордод нарийвчилсан үнэлгээ хийлгэх;
 
7.4. малын тэжээлийн зориулалтаар давс, шүү, хужир олборлож, иоджуулан савлаж борлуулах үйлдвэрлэл эрхлэж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нутгийн захиргаанаас дэмжлэг үзүүлэх, хяналтыг сайжруулах;
 
7.5. иоджуулсан давс, малын эрдэс тэжээл, эм, бэлдмэлийн үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн үндэсний хэмжээний томоохон үйлдвэр байгуулах төсөл боловсруулан хандивлагчдад санал болгох, Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх;
 
 7.6. шаардлагатай бүх суманд иоджуулсан давсны борлуулалтын эргэлтийн санг байгуулан хөдөөгийн хүн амыг иоджуулсан давсаар тогтмол хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх.
 
8. Хоёрдугаар зорилт: Иоджуулсан хүнсний давс болон малын тэжээл бэлдмэлийн үйлдвэрлэл, хангамж, хэрэглээ, үйлчилгээг хянах, мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгоно.
 
Энэхүү зорилтыг дараахь арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:
 
 8.1. малын иоджуулсан тэжээлийн стандарт, техникийн нөхцөлийг боловсруулан мөрдүүлэх;
 
            8.2. иоджуулсан хүнсний давс, малын эрдэс тэжээлийн үйлдвэрлэл, импорт, тээвэрлэлт, хадгалалт, хангамж, хэрэглээнд тавих хяналтыг тогтмолжуулж, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх;
 
8.3. иоджуулсан давс, малын эрдэс тэжээл, эм, бэлдмэлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанарт тавих дотоодын болон хөндлөнгийн хяналтыг сайжруулах, тогтмолжуулах;
 
8.4. хөтөлбөрийн үр нөлөөллийг олон улсын шинжээчидтэй хамтран судалгаа хийж дүгнэлт гаргах.
           
9. Гуравдугаар зорилт: Хүн, малын иод дутлын эмгэгийг хянах тандалтыг тогтворжуулна.
 
Энэхүү зорилтыг дараахь арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:
 
9.1. үндэсний хэмжээнд иод дутлын эмгэг (бахлуур, шээсэн дэх иодын агууламж, нярайн цусан дахь бамбай эрчимжүүлэгч дааврын хэмжээ)-ийн тархалт, иоджуулсан давсны хэрэглээ, оюуны чадамж зэрэг үзүүлэлтийг хөтөлбөрийн эхэнд болон төгсгөлд бүсчилсэн судалгаагаар тодорхойлж, дүгнэлт өгч үр дүнг нийтэд мэдээлэх;   
 
9.2. иод дутлын эмгэгтэй тэмцэх орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, харъяа нутаг дэвсгэрийн хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалтыг хянах, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах ажлыг бүсийн оношилгоо эмчилгээний төвийг түшиглэн хийх, үйл ажиллагааг тогтворжуулах;
 
9.3. төл малын иод дутлын эмгэгийн тархалтыг 5 жил тутам бүсчилсэн түүвэр судалгаагаар тогтоож нийтэд мэдээлэх;
 
9.4. давсны орд, үйлдвэрлэл, хангамж, хэрэглээ, борлуулалт, иод дутлын эмгэгийн тархалтын талаар мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ВЕБ хуудас ажиллуулах.
 
10. Дөрөвдүгээр зорилт: Иод дутлын эмгэгийн талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг тогтмолжуулах, мэдээллийг хүртээмжтэй болгох замаар иоджуулсан давсны хэрэглээг хэвшүүлнэ.
 
Энэхүү зорилтыг дараахь арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:
 
10.1. хүн, малын мэргэшсэн эмч нар, давс, эрдэс тэжээлийн үйлдвэр, үйлчилгээний ажилтан, ажилчид, лабораторийн шинжээч, бүх шатны албан болон албан бус сургалтын сургагч багш, мэргэжлийн хяналтын байцаагч нарт зориулан төрөлжсөн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах;
 
10.2. иод дутлын эмгэг, иоджуулсан давсны талаар бүс нутаг, тодорхой бүлгийн хүн амд зориулан сургалт, сурталчилгаа хийх, мэдээллийн хүртээмжийг сайжруулан тэдгээрийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангах;
 
10.3. малын иод дутлын эмгэг, түүний хор уршгийн талаар мал аж ахуйн мэргэжилтэн, аймаг, сум, багийн удирдлага, малчдын дунд өргөн хүрээтэй сурталчилгаа зохион байгуулах;
 
            10.4. иоджуулсан давс, эрдэс тэжээлийг хэрэглэсний ач холбогдол, иод дутлын эмгэгийн хор хөнөөл, судалгааны үр дүнг тусгасан мэдээлэл болон сургалтын гарын авлага, сурталчилгааны материалыг боловсруулж түгээх;
 
            10.5. иод дутлын эмгэг, иоджуулсан давс, малын эрдэс тэжээл, эм бэлдмэлийн талаар гадаад болон дотоодын үйлдвэрүүд, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн, сургалт, семинар, уулзалт зохион байгуулах, гадаадын ижил төрлийн арга хэмжээнд оролцох, харилцан туршлага солилцох.
 
Дөрөв. Хөтөлбөр хэрэгжих хугацаа, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
 
11. Хөтөлбөрийг 2007 оноос эхлэн 4 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлнэ.
 
12. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг Хүнсний салбарын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороо улсын хэмжээнд удирдан зохион байгуулна.
 
13. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам эрхэлнэ.
 
14. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх жилийн ажлын төлөвлөгөөг Үндэсний хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
 
15. Аймаг, нийслэл бүр дэд хөтөлбөр боловсруулан Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллана.
 
16. Аймаг, нийслэлийн дэд хөтөлбөрийн зөвлөлийн дарга, бүрэлдэхүүн, жилийн ажлын төлөвлөгөөг Засаг дарга баталж биелэлтэд хяналт тавина.
 
17. Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүрийн 1 дүгээр сард багтаан Хүнс, хөдөө аж ахуйн яаманд тайлагнана. Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Эрүүл мэндийн яамтай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн тайланг гаргаж Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
 
18. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааг дор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
 
18.1. улсын болон орон нутгийн төсөв;
 
18.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
 
18.3. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
 
18.4. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж;
 
18.5. гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт.
 
Тав. Хамтын ажиллагаа, түншлэл, олон нийтийн оролцоо
 
19. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын бусад байгууллага, хандивлагч орны дэмжлэгийг авч, төрийн болон төрийн бус байгууллага, бусад оролцогч аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
 
20. Хөтөлбөр хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.
 
Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ,
    үр дүнгийн шалгуур үзүүлэлт
 
            21. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, үр дүнгийн үнэлгээг Эх хүүхдийн хоол тэжээлийн байдалд хийх үнэлгээгээр хийнэ.
 
          22. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин
 
 
¹
Шалгуур үзүүлэлт
Өнөөгийн түвшин
(2004, 2006)
Хүрэх
түвшин (2010)
Мэдээллийн эх
    үүсвэр
1
7–11 насны хүүхдүүдийн дундах бахлуурын тархалтын хувь
13.8
< 5.0
Судалгаагаар
НЭМХ, НҮБХС
2
7–11 насны хүүхдүүдийн шээсэн дэх иодын агууламж 100 мкг/л-ээс бага байх хувь
52.5
< 50.0
Судалгаагаар
НЭМХ, НҮБХС
3
Нярайн цусан дахь БЭД оун/мл-ээс их байх хувь
7.1
< 4.0
Судалгаагаар
НЭМХ, НҮБХС
4
Өрхийн түвшин дэх иоджуулсан давсны хэрэглээний хувь
74.4
95.0
Судалгаагаар
НЭМХ, НҮБХС
5
Иоджуулсан хүнсний давсны хангамж
90.0
100.0
ХХААЯ-ны тайлан мэдээ
6
Иоджуулсан эрдэс, тэжээлийн үйлдвэр
2.0
3.0
ХХААЯ-ны тайлан мэдээ
7
Малын иод дутлын эмгэгийн тархалт
13.2
10.0
Судалгаагаар ХААИС, МЭХ
 
 
23. Зорилтын шалгуур, хүрэх түвшин (аймаг, бүсээр)
 
 
 
¹
 
Аймаг, нийслэлийн нэр
Бахлуурын тархалтын түвшин
(2004)
Бахлуурын тархалтыг бууруулах түвшин
  (2010)
Өрхийн түвшин дэх иоджуулсан давсны хэрэглээний өнөөгийн байдал (%)
Өрхийн түвшин дэх иоджуулсан давсны хэрэглээний хүрэх түвшин (%)
Малын иод дутлын эмгэгийн тархалтын өнөөгийн түвшин
(2005)
Малын иод дутлын эмгэгийн тархалтыг бууруулах түвшин
  (2010)
1
Баян-Өлгий
14.4
8.3
44.1
80.0<
15.0
12.0
2
Говь-Алтай
10.2
<5.0
54.8
80.0<
10.2
8.0
3
Завхан
21.7
15.0
61.9
80.0<
11.6
7.0
4
Увс
18.4
12.4
25.0
80.0<
14.0
10.0
5
Ховд
11.1
<5.0
29.5
80.0<
13.5
10.0
 
Баруун бүс
 
 
42.2
80.0<
 
 
6
Дорнод
10.0
<5.0
71.4
95.0<
19.0
10.0
7
Хэнтий
10.0
<5.0
97.5
95.0<
24.0
20.0
8
Сүхбаатар
15.0
9.0
66.7
95.0<
9.0
5.0
 
Зүүн бүс
 
 
79.6
95.0<
 
 
9
Дорноговь
11.7
<5.0
90.5
95.0<
2.9
1.0
10
Дундговь
10.0
<5.0
90.5
95.0<
-
-
11
Өмнөговь
3.3
<5.0
70.0
95.0<
-
-
 
Говийн бүс
 
 
85.5
95.0<
 
 
12
Архангай
20.0
14.0
63.5
95.0<
20.0
15.0
13
Баянхонгор
8.3
<5.0
73.8
95.0<
12.8
8.0
14
Булган
13.3
7.3
67.4
95.0<
32.8
20.0
15
Говьсүмбэр
-
-
-
95.0<
8.7
5.0
16
Дархан-Уул
16.7
10.5
69.6
95.0<
30.0
20.0
17
Орхон
11.7
<5.0
80.5
95.0<
35.0
20.0
18
Өвөрхангай
13.3
7.0
66.1
95.0<
16.5
10.0
19
Сэлэнгэ
15.0
8.0
81.4
95.0<
34.0
25.0
20
Төв
13.3
8.0
86.4
95.0<
15.5
10.0
21
Хөвсгөл
25.6
18.0
54.8
95.0<
33.0
20.0
22
Улаанбаатар
12.5
<5.0
95.9
95.0<
0.2
<0.1
 
Төвийн бүс
 
 
82.3
95.0<
 
 
 
Улсын дундаж
13.8
<5.0
=74.4
95.0<
13.2
<10.0
 
 
 
 
 
 
 
-----оОо-----