- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2015 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2007 оны 96 дугаар
тогтоолын хавсралт
ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2015 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Оршил
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилт нь:
· хөрсний чийг, таримал болон бэлчээрийн ургамлын ургац, гол мөрөн, нуур, цөөрөм, усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх;
· цөлжилт, элсний нүүдэл, хөрсний эвдрэлийг багасгах;
· хүн, техник хүрэх боломжгүй ой хөвчийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх;
· таримал ургамлыг мөндрөөс хамгаалах;
· шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан цаг агаарт зориудаар нөлөөлөх арга технологийг боловсронгуй болгоход оршино.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улам бүр хувиран өөрчлөгдөж байгаа байгаль орчны уур амьсгал, усны нөөцийг нийгмийн хэрэгцээнд зүй зохистой ашиглах, байгаль, цаг агаарын гамшигт үзэгдлийн сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нөхцөлийг бүрдүүлэх болно.
Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл нь дараахь нөхцөл, байдлаас урган гарч байна:
1.1. Дэлхийн дулаарлын улмаас манай орны уур амьсгал эрс өөрчлөгдөж, байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засагт учрах хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Тухайлбал, сүүлийн жар гаруй жилийн дотор намар, өвлийн хур тунадасны хэмжээ бага зэрэг өсч, хавар, зуны хур тунадасны хэмжээ буурсны дотор ургамал ургалтын хугацаанд хур тунадастай өдрийн тоо бараг нийт нутгаар өссөн атал хур тунадасны хэмжээ 7.2 хувиар буурсан байна. Судалгаанаас үзэхэд зүс хур тунадасны тохиолдлын тоо цөөрч, аадар хур тунадасны давтамж өссөн байна.
1.2. Хур тунадасны горимын өөрчлөлттэй уялдан байгалийн төрх байдал, хөрс ургамлын бүтцэд өөрчлөлт гарч говь, хээрийн бүс хойд зүг рүү түрж, олон тооны нуур, тойром, булаг, шанд, голууд ширгэж байгаагаас цөлжилт эрчимжиж, гангийн давтамж ихэсч, хамрах талбай нь нэмэгдэж байна. Энэ нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, ард иргэдийн амьдрал, улмаар улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ авахын зэрэгцээ цаг агаарын тааламжтай нөхцөл, боломжийг ашиглан нөхцөл бүрдсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадасыг нэмэгдүүлэх нь ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах боломжтой юм.
Хоёр. Цаг агаарт зориудаар нөлөөлөх талаар
баримтлах чиглэл
2.1. Цаг агаарт зориудаар нөлөөлөх талаар дараахь чиглэлийг баримтална:
2.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг боловсронгуй болгох;
2.1.2. цаг уурын суурин болон хөдөлгөөнт радар, нисэх онгоц зэрэг цаг агаарт зориудаар нөлөөлөх орчин үеийн техник, технологи бүхий сүлжээ байгуулах;
2.1.3. цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын технологийг боловсронгуй болгох, үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлын хүрээг өргөтгөх;
2.1.4. цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны мэдээлэл дамжуулах, хүлээн авах нэгдсэн тогтолцоог бий болгох;
2.1.5. хур тунадас хэмжих улсын сүлжээг өргөтгөх;
2.1.6. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, төв, орон нутгийн байгууллага, сүлжээг боловсон хүчнээр хангах асуудлыг дэс дараатай шийдвэрлэх.
Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
Хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1.1. холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах;
3.1.2. цаг агаарт зориудаар нөлөөлөх аюулгүй ажиллагааны журам, технологийн зааврыг боловсруулж мөрдүүлэх.
3.2. Цаг уурын суурин болон хөдөлгөөнт радар, нисэх онгоц зэрэг цаг агаарт зориудаар нөлөөлөх орчин үеийн техник, технологи бүхий сүлжээ байгуулах чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.2.1. цаг агаарт зориудаар нөлөөлөх нөхцөл бүрдсэн үед тухайн бүс нутагт уг ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий бүсийн төв байгуулах;
3.2.2. цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд шаардлагатай үүлний тархалт, түүний физик үзүүлэлт болон хур тунадасны эрчимшил, нам өндрийн салхины орныг тодорхойлох радарын сүлжээг бүсчлэн байгуулах;
3.2.3. гол мөрөн, усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх, зохистой хэмжээнд байлгах зорилгоор зарим гол мөрний ай савын өндөрлөг газруудад хур тунадас нэмэгдүүлэх газрын генератор суурилуулах, шаардлагатай бүс нутагт хөдөлгөөнт экспедиц ажиллуулах;
3.2.4. хур тунадасны хэмжээ, тархацыг тодорхойлох зорилгоор физик газарзүйн онцлогтой уялдуулан хур тунадас хэмжих автомат болон энгийн ажиллагаатай цэг байгуулах.
3.3. Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын технологийг боловсронгуй болгох, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын хүрээг өргөтгөх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.3.1. Монгол орны үүлний нөөц, түүний бүтэц, физик үзүүлэлтүүдийг тогтоох зорилгоор үүлний бичил бүтцийг судлах лаборатори байгуулах;
3.3.2. судалгааны үр дүнг нэгтгэн цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлээр мэдээллийн сан байгуулах;
3.3.3. цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын үр дүнг үнэлэх аргачиллыг боловсруулж мөрдөх.
3.4. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны мэдээлэл дамжуулах, хүлээн авах нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.4.1. цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага болон орон нутаг дахь салбар, хөдөлгөөнт экспедицийн хооронд зураг, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд орчин үеийн холбоо, мэдээллийн технологи нэвтрүүлэх.
3.5. Хур тунадас хэмжих сүлжээг өргөтгөх чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.5.1. цаг уурын өртөө, харуул байхгүй газарт хур тунадас хэмжих автомат болон энгийн ажиллагаатай хэмжлийн багаж байрлуулан ашиглах;
3.5.2. цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутагт гол мөрөн, нуурын усны түвшний хэмжлийн цэгүүдийг байгуулах.
3.6. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, төв, орон нутгийн сүлжээг боловсон хүчнээр хангах асуудлыг дэс дараатай шийдвэрлэх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.6.1. цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлээр боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах тусгай сургалтыг зохион байгуулах, гадаад, дотоодын сургалтад хамруулах;
3.6.2. боловсон хүчний тогтвор суурьшил, нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, салбарын дундаж түвшингээс бууруулахгүй байх зарчим баримтлах.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага
зохион байгуулалт
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хөгжүүлэх үндсэн дээр бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, ган, цөлжилтийг бууруулах, гол мөрөн, усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх, хүн, техник хүрэх боломжгүй ой хөвчийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
4.1. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр Засгийн газарт танилцуулж байна.
4.2. Хөтөлбөрийг ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эрхлэх байгууллага хэрэгжүүлнэ.
4.3. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр зэрэг байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1.1. улсын төсөв;
5.1.2. орон нутгийн төсөв;
5.1.3. олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, төслийн хөрөнгө;
5.1.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээний дагуу төлсөн орлого;
5.1.5. улсын захиалгаар гүйцэтгэх цаг агаарт зориудаар нөлөөлөх шинжлэх ухаан-технологийн төслүүдэд олгох хөрөнгө.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
6.1. Хөтөлбөрийг дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:
- Нэгдүгээр үе шат (2007-2008 он)
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эхний ээлжинд хур тунадас нэмэгдүүлэх шаардлагатай байгаа газруудад цаг уурын хөдөлгөөнт радар, газрын генератор ажиллуулах, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа аймгуудад цаг агаарт зориудаар нөлөөлөх цэг, нэгж байгуулж, техник хэрэгслээр хангах ажлыг хэрэгжүүлнэ;
- Хоёрдугаар үе шат (2009-2012 он)
Цаг уурын суурин радар, газрын генератор, тодорхой бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх сүлжээний нэгжүүдийг нэмж цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутгийн 70-аас доошгүй хувьд хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах чадавхийг бүрдүүлнэ;
- Гуравдугаар үе шат (2013-2015 он)
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг газар болон агаараас явуулах чадавхитай болж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамруулна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A