- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолын хавсралт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1-д заасан "Байгаль, нийгмийн ухааны шагнал" болон "Технологийн дэвшлийн шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал" горилох бүтээлийг нэр дэвшүүлэх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, материал хүлээн авах, шалгаруулах, шагнал гардуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2."Байгаль, нийгмийн ухааны шагнал"-ыг жил бүр 2 хүртэл бүтээлд, "Технологийн дэвшлийн шагнал"-ыг 2 жил тутам 1 бүтээлд, "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-ыг 2 жил тутам 1 бүтээлд Засгийн газрын шийдвэрээр олгоно.
Хоёр.Шагналд нэр дэвшүүлэх бүтээлд тавигдах шаардлага
2.1.Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг байгаль, нийгмийн хууль, юмс үзэгдлийн зүй тогтол, мөн чанарыг нээн илрүүлэх замаар шинэ мэдлэг бий болгож, тухайн салбар, шинжлэх ухааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан иргэн, судлаачдын хамтлагт олгох бөгөөд уг бүтээл нь дор дурдсан шаардлага хангасан байна:
/Энэ хэсгийг ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./
2.1.1.зарчмын шинэ технологи, техник, багаж, тоног төхөөрөмж, материал, бодис бий болгох, ашиглах боломж бүрдүүлсэн, эсхүл урьд нь нээгдэж тайлбарлагдаагүй байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, зүй тогтлыг тодорхойлсон байх;
2.1.2.техник, технологийн хөгжилд шинэ чиглэл нээсэн буюу Патентийн тухай хуулийн 3.1.1, 4.3-т заасан шинэ бүтээлийн түвшин агуулсан байх;
2.1.3.шинжлэх ухааны холбогдох салбарын гадаад, дотоодын эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байх;
2.1.4.үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах замаар эдийн засаг, нийгэмд бодитой үр ашиг өгөх.
2.2."Технологийн дэвшлийн шагнал"-ыг өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашигласан иргэн, байгууллагад олгоно. Уг бүтээл нь дор дурдсан шаардлага хангасан байна:
2.2.1.олон улсын техник, технологийн хөгжлийн тэргүүний түвшинг хангасан байх;
2.2.2.экологийн хувьд цэвэр, эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь амьдрал дээр нотлогдсон байх.
2.3."Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-ыг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад олгох бөгөөд энэ шагналд дэвшүүлэхэд дор дурдсан шаардлага тавина:
2.3.1.Монгол Улсын иргэн, байгууллагад дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүний болон өндөр технологийн ололтыг эзэмшүүлэх, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан;
2.3.2.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан;
2.3.3.Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагын сорилт туршилтын баазыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан.
2.4.Энэ журмын 2.2, 2.3-т заасан шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн үр дүн нь уг бүтээлийг шагналд дэвшүүлэхээс нэг жилээс доошгүй хугацааны өмнө үйлдвэрлэлд (практикт) нэвтэрч бодитой үр дүн өгсөн байна.
Гурав.Шагналд нэр дэвшүүлэх
3.1."Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшүүлэх тухай зарыг тухайн жилийн 1 дүгээр сард багтаан шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, вэб сайтаар дамжуулан нийтэд зарлана.
3.2.Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд дор дурдсан байгууллага нэр дэвшүүлэх эрх эдэлнэ:
3.2.1.Төрийн захиргааны төв байгууллага;
3.2.2.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
3.2.3.Шинжлэх ухааны академи;
3.2.4.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 12.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл;
3.2.5.өмчийн хэлбэрээс үл хамааран 50-иас дээш ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын хамт олны хурал;
3.2.6.Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яам.
3.3.Хэд хэдэн байгууллага хамтарч шагналд нэр дэвшүүлж болно. Энэ тохиолдолд эдгээр байгууллагын аль нэг нь толгойлогч байгууллагын үүрэг гүйцэтгэнэ. Бусад нь хамтран нэр дэвшүүлэгч байна.
3.4.Төрийн шагнал болон түүнтэй дүйцэх шагнал авсан, эсхүл нэр дэвшүүлсэн бүтээлийг шинжлэх ухаан, технологийн шагналд давхардуулан нэр дэвшүүлэхгүй.
3.5.Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшүүлсэн, энэ журмын 4.7-д зааснаас бусад бүтээл, зохиогчдын талаархи мэдээлэл нийтэд нээлттэй байна. Бүтээлийг шагналд нэр дэвшүүлэхээр хэлэлцэхэд үр дүнг нь нэвтрүүлэн ашиглагч байгууллагуудын төлөөллийг заавал оролцуулсан байна.
3.6.Хамтын бүтээлийг нэр дэвшүүлэхэд зохиогчийн хамтлаг нь 5 хүнээс хэтрэхгүй байна. Зохиогчийн хамтлаг 5 хүнээс илүү байгаа тохиолдолд уг бүтээлийг бий болгоход гишүүн тус бүрийн оруулсан бодит хувь нэмэр, оролцоог байгууллагын эрдмийн зөвлөлийн хурал, эсхүл хамт олны хурлын нууц санал хураалтаар шийдвэрлэж шагналд нэр дэвшүүлэх зохиогчийг сонгоно. Эрдмийн зөвлөл (хамт олон)-ийн хурлыг түүний бүрэлдэхүүний дөрөвний гурваас доошгүй нь оролцож, олонхийн санал авсан дарааллаар хамтлагийн гишүүнийг нэр дэвшүүлнэ.
3.7.Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийг бий болгоход захиргааны буюу зохион байгуулалтын ажил эрхэлж байсан хүнийг зохиогчийн хамтлагийн бүрэлдэхүүнд оруулахгүй.
3.8.Хамтын бүтээлийн зохиогчдын бүрэлдэхүүн, оролцоог нэр дэвшигч бүхэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
3.9.Хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, гэрээний үндсэн дээр Монгол Улсын холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэсэн бүтээл нь шагналд нэр дэвшиж байгаа бол уг бүтээлийн зохиогчийн хамтлагийн бүрэлдэхүүнд гадаадын иргэнийг оруулж болно.
3.10."Технологийн дэвшлийн шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д байгууллагыг нэр дэвшүүлэх бол тухайн байгууллагын хамт олны хурлаас гаргасан шийдвэрийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага нь шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэвшүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
3.11.Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаархи материалыг тухайн жилийн 6 дугаар сарын 30-ны дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж бүртгүүлсэн байна. /Энэ хэсэгт ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./
3.12.Өмнө нь шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшин комиссын дүгнэлтээр дэмжигдээгүй бүтээлийг сайжруулан боловсруулж, 3 жилийн дараа шагналд дахин нэр дэвшүүлж болно. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор нэмсэн./
Дөрөв.Шагналд нэр дэвшүүлэхматериалыг бүрдүүлэх
4.1.Дор дурдсан материалыг 2 хувь бүрдүүлж, энэ журмын 4.5-д заасан дарааллаар байрлуулан тус бүрийг хавтаслан энэхүү журмын 3.11-д заасан хугацаанд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч бүртгүүлсэн тохиолдолд бүтээлийг "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-д нэр дэвшүүлсэнд тооцно: /Энэ хэсэгт ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./
4.1.1.шагналд нэр дэвшүүлэх тухай албан бичиг (журмын 1 дүгээр хавсралт);
4.1.2.хэвлэн нийтлүүлэх зөвшөөрлийн бичиг. Энэхүү зөвшөөрлийн бичгийг уг бүтээлийг шагналд дэвшүүлж байгаа байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр үйлдэж, тухайн байгууллагын дарга (захирал) гарын үсэг зурж, тамга (тэмдэг) дарж, огноо, дугаар тавьсан байна. Зөвшөөрлийн бичигт нэр дэвшүүлж байгаа бүтээлийн нэр, агуулга, зохиогчдын овог, нэр, тэдгээрийн албан тушаал, уг бүтээлийг хэвлэлд нийтлэх тухай тусгана;
4.1.3.шагналд нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл (хамт олон)-ийн хурлын тэмдэглэл (журмын 2 дугаар хавсралт);
4.1.4.тухайн бүтээлд зохиогчдын оруулсан бодит хувь нэмрийн тухай тодорхойлолт. Үүнийг зохиогчдын хамтлагийн гишүүн бүрээр гаргаж, зохиогчийн овог, нэр, одоогийн болон тухайн ажлыг гүйцэтгэх үед эрхэлж байсан ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, бүтээлд оруулсан хувь нэмрийг тусгана. Нэг зохиогчтой бүтээлийг дэвшүүлсэн бол зохиогчийн хувь нэмрийн тодорхойлолт шаардлагагүй;
4.1.5.зохиогчдын тухай танилцуулга. Нэр дэвшүүлж байгаа зохиогчдын тухай танилцуулгыг хамтлагийн гишүүн тус бүрээр, тэдгээрийн ажиллаж байгаа байгууллагын хэвлэмэл хуудсан дээр үйлдэж, нэр дэвшигчийн гарын үсгийг зуруулж, байгууллагын удирдах албан тушаалтан батламжилсан байна. Энэхүү танилцуулгад дор дурдсан мэдээллийг заавал тусгана:
4.1.5.1.овог, нэр (иргэний үнэмлэхтэй тохирч байх шаардлагатай), төрсөн он, сар, өдөр;
4.1.5.2.иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг;
4.1.5.3.ажиллаж байгаа байгууллагын нэр (байгууллагын нэрийг товчлохгүй);
4.1.5.4.эрхэлж байгаа ажил, албан тушаал;
4.1.5.5.эрдмийн зэрэг, цол;
4.1.5.6.алдар цол, шагнал (хэдийд ямар шагнал авсан);
4.1.5.7.тухайн байгууллагын шуудангийн хаяг, утасны дугаар;
4.1.5.8.гэрийн хаяг, утасны дугаар;
4.1.5.9.зохиогчийн 4х6 хэмжээний 2 хувь зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан).
Тайлбар:Шагналд нэр дэвшигч тэтгэвэрт гарсан бол уг ажлыг гүйцэтгэх үедээ ажиллаж байсан буюу толгойлогч байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсыг ашиглана.Нэр дэвшүүлснээс хойш зохиогчийн танилцуулгад өөрчлөлт (ажил, албан тушаал, хаяг, утас) орсон бол энэ тухай шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсэгт ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./
4.1.6.Бүтээлийн хоёр хувь үйлдсэн дэлгэрэнгүй тайлбар-танилцуулга. Танилцуулгад ажлын үндсэн агуулга, үр дүн, эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дүнг хэрэглэсэн байдал, цаашид ашиглагдах хэтийн төлөв, шинжлэх ухаан, технологийн болон техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг тусгана. Уг ажлыг улсын захиалгатай төсөл, хөтөлбөр, сэдэвт ажлын хүрээнд хэрэгжүүлсэн бол энэ тухай дурдана. Бүтээлийн дэлгэрэнгүй тайлбар-танилцуулгад шинэ технологи, техник, багаж, тоног төхөөрөмж, материал, бодисын үндсэн үзүүлэлт, ашиглалтын нөхцөлийг нээн харуулахаас гадна эх орны болон гадаадын ижил төрлийн бүтээлүүдтэй харьцуулсан дүгнэлт гаргаж, бүтээлийн үнэт чанарыг тусгасан байна. Шаардлагатай зураг, загвар, бүдүүвч зэрэг материалыг хавсаргаж, энэ ажлын хүрээнд нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт, авсан патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ, байгууллага, эрдэмтдээс өгсөн дүгнэлт, санал, шүүмжийг оруулна. Тайлбар-танилцуулгыг "Arial Mon"- 12-ын стандартаар 1.5 интервалаар А4-ийн цаасан дээр бичсэн байна.
4.1.7.Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийн товчоон. Товчоон нь А4 цаасан дээр бичсэн 10 хуудаснаас хэтрэхгүй байна. Товчооныг 5 хувь үйлдэж, тус бүрийг эмхтгэл хэлбэрээр бэлтгэнэ. Товчоонд ажлын товч агуулга, шинжлэх ухаан, практикийн үндсэн ололт, үр дүнг ашигласан хүрээ, эдийн засгийн үр ашиг, шинэлэг байдлын үнэлгээ, ижил төрлийн бүтээлтэй харьцуулсан дүн зэргийг тусгана. Товчооны эцсийн хуудсанд бүх зохиогчдын овог, нэрийг нэг баганад дэлгэрэнгүй бичиж гарын үсэг зуруулсан байна.
4.1.8.Хураангуй. Хураангуй нь 1 хуудас байна. Түүний нэг талд шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн нэр, байгууллагын нэр, зохиогчдын овог, нэр, ажлын газар, эрхэлж байгаа ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цолыг бичих бөгөөд удирдагчийг эхэнд нь бичиж тэмдэглэгээ хийнэ. Цаасны нөгөө талд бүтээлийн товч агуулга, түүний шинжлэх ухаан, технологийн үндсэн санаа, үр дүн, ач холбогдол, эдийн засаг, нийгмийн өгөөжийн талаар бичнэ.
4.1.9.Нэмэлт материал. Нэмэлт материалыг нэр дэвшигч үзэмжээрээ бэлтгэх бөгөөд түүнд техникийн зураг, бүдүүвч, зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг, сонин, сэтгүүлийн хайчилбар зэрэг байж болно. Энэхүү нэмэлт материалыг тусад нь хавсаргана.
4.1.10.Энэ журмын 3.9-т заасан бүтээлийг шагналд нэр дэвшүүлж байгаа тохиолдолд дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ:
4.1.10.1.тухайн бүтээлийг шагналд нэр дэвшүүлэхийг дэмжиж зөвшөөрсөн тухай төсөл хамтран хэрэгжүүлсэн байгууллагын албан бичиг;
4.1.10.2.тухайн бүтээлд нэр дэвшигчийн оруулсан бодит хувь нэмрийн талаарх төсөл хамтран хэрэгжүүлсэн байгууллагын тодорхойлолт;
4.1.10.3.оюуны өмчийн зөрчилгүй болохыг нотолсон холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт.” /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор нэмсэн./
4.2."Технологийн дэвшлийн шагнал"-д байгууллагыг дэвшүүлэх тохиолдолд энэ журмын 4.1.4, 4.1.5-д зааснаас бусад материал, баримт бичгийг энэхүү журмын шаардлагад нийцүүлэн бүрдүүлнэ.
4.3."Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д гадаадын иргэн, байгууллагыг дэвшүүлэхдээ дор дурдсан материал бүрдүүлнэ:
4.3.1.шагналд нэр дэвшүүлэх тухай албан бичиг. Уг албан бичигт шагналд дэвшүүлэх болсон үндэслэлийг товч тодорхойлж, холбогдох баримт материалаар нотолсон байна;
4.3.2.шагналд нэр дэвшүүлж байгаа байгууллагын хамт олны хурлын тэмдэглэл;
4.3.3.шагналд нэрийг нь дэвшүүлж байгаа гадаадын иргэн, байгууллагын тухай танилцуулга. Танилцуулгад аль улсын ямар байгууллага (иргэн) болох, үйл ажиллагааны чиглэл, манай улсын холбогдох байгууллагатай хамтран ажилласан туршлага, байгууллага (иргэн)-ын шуудангийн болон интернетийн хаяг, вэб сайтыг тусгасан байна;
4.3.4.шагналд нэр дэвшиж байгаа байгууллага (иргэн)-аас манай улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг энэ журмын 2.3-т заасан шаардлагын дагуу гаргасан дэлгэрэнгүй танилцуулга. Танилцуулгад тухайн байгууллага, иргэнээс манай улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн бодит үр дүн, өгөөжийг баримт материалаар нотлон харуулсан байхаас гадна уг үйл ажиллагааны үр дүнг хүртэгч монголын талын байгууллагуудын санал, үнэлгээ, дүгнэлтийг тусгасан байна.
4.4.Бүрдүүлсэн материалд байгаа бүтээлийн нэр, байгууллагын нэр, зохиогчдын овог, нэр, ажлын газар, эрхэлж байгаа ажил, албан тушаал зөрүүгүй байна.
4.5.Шагналд нэр дэвшүүлсэн материалыг энэ журмын 4.1.1-4.1.9-д заасан дарааллаар байрлуулна.
4.6.Бүрдүүлсэн материал нь монгол хэл дээр байх бөгөөд товчилсон үг хэрэглэхгүй, гадаад хэл дээр хэвлэгдсэн материалыг хавсаргах бол орчуулан нотариатаар баталгаажуулсан байна.
4.7.Нууцын зэрэглэлтэй бүтээлийг нэр дэвшүүлж байгаа бол бүрдүүлсэн материалд нууцын тэмдэг дарсан байна.
Тав.Бүтээлийг хүлээн авах, шалгаруулах
5.1.Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшүүлж, энэ журамд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн материал, баримт бичгийг зохиогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын 3.11-д заасан хугацаанд хүлээлгэн өгч бүртгүүлнэ. /Энэ хэсэгт ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./
5.2.Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй. Үнэлгээнд оруулсан материал, баримт бичгийг зохиогчдод буцаан олгохгүй, зохих журмын дагуу архивт шилжүүлнэ.
5.3.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бүтээлийн жагсаалтыг шагнал олгох өдрөөс 3 сараас доошгүй хугацааны өмнө зохиогчийн нэрийн хамт хэвлэлд нийтэлж, олон нийт, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн саналыг авна. Санал өгөх этгээд нь овог, нэр, эрхэлж байгаа ажил, албан тушаал, байгууллага, гэрийн хаяг, утасны дугаарыг гаргацтай бичиж ирүүлнэ. Нэр, хаяг тодорхойгүй буюу журамд заасан шаардлага хангаагүй саналыг хүлээн авахгүй. Энэ журамд заасан шаардлага хангасан саналыг шинжээчийн дүгнэлт гаргахад ашиглана.
/Энэ хэсэгт ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон./
5.4.Дэвшүүлсэн бүтээлд шинжээчийн дүгнэлт гаргаж шалгаруулах, шагнал олгох санал бэлтгэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дор дурдсан журмаар зохион байгуулна:
5.4.1.шагналд дэвшүүлсэн материалыг хүлээн авч энэ журмын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах;
5.4.2.шаардлага хангасан бүтээлд шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий холбогдох эрдэмтэн, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг сайдын тушаалаар томилно;
5.4.3.энэхүү журмын 5.4.2-т заасан шинжээчийн дүгнэлтийг төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл бүхий комиссын хурлаар хэлэлцүүлэн шагнал олгохоор дэвшүүлэх бүтээлийг сонгоно. Сонгосон бүтээлийн талаархи материалыг тухайн жилийн 10 дугаар сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ. Шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг нэр дэвшсэн бүтээлийн хамаарах салбарыг харгалзан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр томилно.
5.5.Энэ журмын 2-т заасан шаардлага хангасан бүтээл гараагүй тохиолдолд журмын 1.2-т заасан шагналуудыг олгохгүй.
5.6.Дэвшүүлсэн бүтээлд шинжээчийн дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур үзүүлэлтийг үндэс болгоно:
5.6.1.“Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын хувьд:
5.6.1.1.дэвшүүлсэн бүтээл нь энэ журмын 2.1.1-д заасан шаардлагыг хангаж байгааг шинжлэх ухааны холбогдох салбарын Бага чуулганаар хэлэлцэн дэмжсэн байх;
5.6.1.2.олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 2-оос доошгүй сэтгүүлд дэвшүүлсэн тухайн бүтээлийн сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байх;
5.6.1.3.дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын бүтээлд тухайн нэр дэвшигчийн бүтээлээс 100-гаас доошгүй удаа эшлэл авсан байх.
5.6.2.“Технологийн дэвшлийн шагнал”-ын хувьд:
5.6.2.1.бүтээгдэхүүн, технологи нь хууль тогтоомжийн дагуу оюуны өмчийн эрхийн хувьд баталгаажсан байх;
5.6.2.2.бүтээгдэхүүн, технологи нь олон улсын чанарын стандартын шаардлагыг хангасан, ижил төстэй бүтээгдэхүүн, технологитой харьцуулахад өрсөлдөх чадвараар давуу болох нь чанар, стандартын асуудал хариуцсан эрх бүхий байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2-оос доошгүй үйлдвэр, аж ахуйн нэгжийн тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байх;
5.6.2.3.тухайн технологийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлого 500.0 сая төгрөгөөс багагүй болох нь үйлдвэр, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангаар баталгаажсан байх.
5.6.3.“Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-ын хувьд:
5.6.3.1.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн болон нарийн мэргэшсэн 50-иас доошгүй мэргэжилтэнтэй байх;
5.6.3.2. 5-аас доошгүй төсөл хамтарч хэрэгжүүлсэн байх;
5.6.3.3.хамтарч хэвлүүлсэн эрдэм шинжилгээний 10-аас доошгүй бүтээлтэй байх;
5.6.3.4.оруулсан хөрөнгө оруулалт, хандив, тусламжийн хэмжээ нь 1.0 тэрбум төгрөгөөс дээш байх.
/Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор нэмсэн./
5.7.Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зэрэг төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл бүхий бүтээлийг хүлээн авах, шалгаруулахдаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн нууцыг хадгалах, хамгаалах асуудал хариуцсан эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.
/Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор нэмсэн./
Зургаа.Шалгарсан бүтээлийг баталгаажуулах, шагнал олгох
6.1.Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрөөр олгоно.
6.2.Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд ёслол хүндэтгэлтэй гардуулна.
6.3.Шагналын үнэмлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурна.
6.4.Шагналыг дагалдах мөнгийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохиогчийн багийн гишүүдэд энэ журмын 3.8-д заасан оролцооны хувь хэмжээгээр хуваарилж олгоно. Нас барсан хүний шагналыг хууль ёсны өв залгамжлагчид нь зохих хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. /Энэ хэсэгт ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./
6.5."Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-ыг гардан авах нэг хүний тухайн орноос Улаанбаатарт ирэх, буцах онгоцны билет, Улаанбаатарт 3 хоног байх зочид буудал, хоолны зардлыг Монголын тал хариуцана.
6.6.Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь шагнал хүртэгчдийн мэдээллийн санг бүрдүүлнэ.
6.7.Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зэрэг төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл бүхий бүтээл шалгарсан тохиолдолд уг бүтээлийн талаар нийтэд мэдээлэхгүй.
/Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 276 дугаар тогтоолоор нэмсэн./
-------оОо------
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмын 1 дүгээр хавсралт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЛБАН БИЧГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
1. Шинжлэх ухаан, технологийн шагналд нэр дэвшүүлэх албан бичгийг уг шагналд нэр дэвшүүлж байгаа байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр дор дурдсан загвараар 2 хувь үйлдэнэ:
"__________________байгууллагын эрдмийн зөвлөл (хамт олон)
(байгууллагын бүтэн нэр)
шинжлэх ухаан, технологийн салбарын 200.. оны шагналд "__________________________________________________________________________________________________________________________"
(ажлын нэр, түүний агуулгыг маш товч, оновчтой тусгана)
ажлыг дэвшүүлж байна. Энэ ажлын зохиогчдын хамтлагийн гишүүд нь:
1. _______________________________________________________
(Зохиогчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, ажилладаг байгууллага, албан тушаал)
2. _______________________________________________________
3. ___________________________________(гэх мэт) нар болно.
2. Нэр дэвшүүлэх албан бичигт зохиогчдын нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичих бөгөөд удирдагчийг нэрсийн жагсаалтын эхэн дээр "бүтээлийн удирдагч" гэсэн тодотголтойгоор бичнэ.
3. Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн зохиогч өндөр насны тэтгэвэрт гарсан бол түүний сүүлд ажиллаж байсан байгууллага, эрхэлж байсан албан тушаалыг бичнэ.
4. Нэр дэвшүүлэх албан бичигт дор дурдсан зүйлийг тусгасан байна:
· Бүтээлийн товч агуулга;
· Шагналд дэвшүүлэх болсон үндэслэл;
· Бүтээлийг боловсруулж (туурвиж) эхэлсэн болон дууссан хугацаа, үр дүнг нь практикт хэрэгжүүлсэн үе.
5. Шагналд нэр дэвшүүлэх албан бичгийг уг бүтээлийг дэвшүүлэгч байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр үйлдэж, тухайн байгууллагын дарга (захирал) гарын үсэг зурж баталгаажуулна.
------оОо------
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналолгох журмын 2 дугаар хавсралт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ (ХАМТ ОЛОН)-ИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Шинжлэх ухаан, технологийн шагналд нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл (хамт олон)-ийн хурлын тэмдэглэлийг дараахь загвараар 2 хувь үйлдэнэ:
"___________________" байгууллагын эрдмийн
(байгууллагын бүтэн нэр)
ЗӨвЛӨЛ (ХАМТ ОЛОН)-ИЙН ХУРЛЫН ТЭМдЭГЛЭЛЭЭС
200..оны..дугаар Улаанбаатар
сарын...-ны өдөр Дугаар хот
Зөвлөлийн бүрэлдэхүүн________хүн
Хуралд оролцсон _____________хүн
Шинжлэх ухаан, технологийн 200.. оны шагналд нэр дэвшүүлэх "------------------------------------------" бүтээл болон
(ажлын нэр)
түүний зохиогчдын бүрэлдэхүүний тухай сонсов.
Хэлэлцэж байгаа асуудлаар -------------------------------- нар үг хэлж, санал гаргав (Хүмүүсийн хэлсэн үг, гаргасан саналыг бичнэ).
Бүтээлийг шагналд нэр дэвшүүлэх болон түүний зохиогчийн бүрэлдэхүүнийг тогтоох талаар нууц санал хураалт явуулав. Нууц санал хураалтад ____хүн оролцов. Нууц санал хураалтын дүнг үндэслэн:
1."----------------------------------" бүтээлийг шинжлэх
(бүтээлийн нэр)
ухаан, технологийн салбарын 200.. оны шагналд нэр дэвшүүлэв.
Нууц санал хураалтын дүнгээр уг бүтээлийг шагналд нэр дэвшүүлэх саналыг дэмжсэн ____, дэмжээгүй ____, хүчингүй хуудас ____, санал хураалтын хувь _____.
2. Шинжлэх ухаан, технологийн 200.. оны шагналд нэр дэвшүүлж байгаа энэхүү бүтээлийн зохиогчийн багийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тогтов:
¹ |
Овог, нэр, эрдмийн зэрэг, цол |
Ажлын газар, албан тушаал |
Санал хураалтын дүн |
||
Дэмжсэн |
Дэмжээгүй |
Хүчингүй хуудас |
|||
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
Эрдмийн зөвлөл (хамт олон)-ийн дарга_________________
Эрдэмтэн нарийн бичгийн дарга________________________
Тайлбар: Энэхүү тэмдэглэлд тухайн байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна. Хэрэв зохиогчийн багийн бүрэлдэхүүнд өөр байгууллагын хүн орж байгаа бол түүний ажилладаг үндсэн байгууллага нь түүнийг дээрх маягаар дэвшүүлж баримт бичгийг бүрдүүлнэ.
Текст томруулах
A
A
A