- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2007 оны 150 дугаар
тогтоолын хавсралт
ҮНДЭСНИЙ СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Төв Азийн өргөн уудам нутагт монголчууд олон мянган жил амьдрахдаа байгаль, цаг улирал, ахуй нөхцөлдөө зохицсон биеийн тамир, спортын өвөрмөц төрөл, дасгалаар хичээллэн бие бялдар, хүч чадлаа хөгжүүлж, цэрэг, байлдааны бэлтгэлтэй эрүүл чийрэг, хүч чадалтай ард түмэн байсаар ирсэн.
Даяаршлын өнөө үед улс үндэстэн бүр уламжлагдан ирсэн үндэсний өвөрмөц спортын төрлийг хөгжүүлж, дэлхий нийтэд таниулахад анхаарч тодорхой бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын төр, засгаас үндэсний спортыг хөгжүүлэхэд анхаарч Үндэсний их баяр наадам болон үндэсний спортын их наадмыг зохион байгуулсны үр дүнд энэ спортоор хүн амын 12.7 хувь нь хичээллэж, үндэсний спортын холбоодын үйл ажиллагаа идэвхжин, үндэсний спортын уралдаан тэмцээнд оролцож байгаа гадаад, дотоодын тамирчид болон сонирхогчдын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Уламжлагдан хөгжиж ирсэн үндэсний спорт, тоглоом наадгай, шинээр хөгжиж байгаа спорт нь монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн олон сайхан өв уламжлалыг шингээсэн хурд хүч, хурц хараа, хүч чармайлт, эв дүй, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, бие бялдрын боловсрол соёлыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Иймээс үндэсний спортоор дамжуулан хүн амын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, ажиллах чадварыг дээшлүүлэн хувь хүний хөгжлийг хангахад иргэд, байгууллага, хамт олноос гарсан санаачилга, хүчин чармайлтыг дэмжин өргөжүүлэх, орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага болон үндэсний спортын холбоодын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, нөөц бололцоог зөв ашиглахад нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган хөгжүүлэх шаардлага бий болж байгаа юм.
Үндэсний спортыг зах зээлийн үед хүн амын эрүүл мэндийг сайжруулах, төрийн бус байгууллагын оролцоог дэмжих замаар хөгжүүлэх зорилгоор Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэнэ)-ийг боловсруулсан болно.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хугацаа,
зарчим, санхүүжилт
2.1. Монголчуудын уламжлалт болон шинээр хөгжиж байгаа үндэсний спортыг орчин үеийн шинжлэх ухааны ололт, уламжлалд тулгуурлан хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд өвлүүлэх, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, бусад улс оронд сурталчлахад хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийг 2007-2012 онд хэрэгжүүлэх бөгөөд дунд хугацааны үнэлгээг 2010 онд хийнэ.
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
2.3.1. үндэсний спортыг хөгжүүлэх үйл ажиллагаа нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамтын ажиллагаанд тулгуурлана;
2.3.2. уламжлагдан хөгжиж ирсэн үндэсний спортын төрөл (хурдан морь, бөхийн барилдаан, сурын харваа, жороо морь, шагайн харваа, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт)-ийг бүсчилэн хөгжүүлнэ;
2.3.3. үндэсний спортыг хөгжүүлэх үйл явц тасралтгүй залгамж шинжтэй байна.
2.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
2.4.1. улсын болон орон нутгийн төсөв;
2.4.2. эрүүл мэндийг дэмжих сангаас олгох хөрөнгө;
2.4.3. гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
2.4.4. олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив;
2.4.5. бусад эх үүсвэр.
Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны
чиглэл, хүрэх үр дүн
3.1. Зорилт 1. Үндэсний спортыг хүн амын дунд хөгжих таатай орчин бүрдүүлж, материаллаг баазыг бэхжүүлнэ:
3.1.1. аймаг, сум бүрт үндэсний спортын байр, талбайг орчин үеийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;
3.1.2. ерөнхий боловсролын сургууль болон амралт, хүүхдийн зусланг түшиглэн үндэсний спортын секц, дугуйланг тухайн спортын холбоодын оролцоотойгоор ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
3.1.3. хугацаат цэргийн албан хаагчдад үндэсний спортын талаархи мэдлэг олгох дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
3.1.4. төв, орон нутгийн "Олимп" сургалтын төвийг түшиглэн "Үндэсний спортын булан" байгуулж үндэсний спортоор хичээллэгчид болон хүн амд зориулж үндэсний спортын талаар сургалт, сурталчилгаа хийх;
3.1.5. үндэсний спортын холбоод, төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр үндэсний спортын талаархи сурталчилгааг сайжруулах;
3.1.6. үндэсний спортын хэрэглэл хэрэглэгдэхүүн нийлүүлэх, тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан санал санаачилгыг дэмжих.
Хүрэх үр дүн:
-үндэсний спортын төрөл хөгжих таатай орчин бүрдэж, уралдаан тэмцээнийн зохион байгуулалт сайжирна;
-үндэсний спортын хэрэглэгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрийн тоо нэмэгдэж, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон үндэсний спортын тоног төхөөрөмж, хэрэглэлээр хангагдана.
3.2. Зорилт 2. Үндэсний спортын уламжлалт заншил, зан үйлийг сэргээн сонирхогчдын хүрээг өргөжүүлнэ:
3.2.1. үндэсний спортын төрлийг спортын шинжлэх ухааны түвшинд судлан (түүх, удам, голомт, нутаг, биологи, анатоми, физиологи, морфологи, генетик, сэтгэл зүй, техник тактик, арга мэх, туршлага, үүлдэр угсаа, уяа сойлго г.м) хөгжүүлэх;
3.2.2. үндэсний спортын соёл, зан үйл, техник, арга барилын талаар сургалт, сурталчилгааны материал, гарын авлага, VCD, DVD бичлэг хийж түгээх;
3.2.3. Үндэсний их баяр наадам, Цагаан сар, Ахмадын өдрөөр ахмад болон залуу үеийнхнийг оролцуулан үндэсний спортын танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлж байх;
3.2.4. шинээр хөгжиж байгаа үндэсний спортын зарим төрлийг орон нутаг болон үндэсний хэмжээнд өвөрмөц сонирхолтой хэлбэрээр сурталчлах;
3.2.5. үндэсний спортын арга зүйч, багш, дасгалжуулагч, шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг авах.
Хүрэх үр дүн:
-үндэсний спортоор хичээллэгчдийн тоо нэмэгдэж, үндэсний спортын уламжлалт зан үйл, соёлын талаархи иргэдийн мэдлэг, хандлага сайжирна;
-шинээр хөгжиж байгаа үндэсний спортын зарим төрөл төв болон орон нутагт жигд хөгжих нөхцөл бүрдэнэ.
3.3. Зорилт 3. Үндэсний спортын төрлийг монгол туургатан, гадаад оронд түгээн дэлгэрүүлнэ:
3.3.1. үндэсний спортын төрлийг монгол туургатан, гадаад оронд сурталчлах зорилгоор сурталчилгааны материал, гарын авлага, VCD, DVD бичлэг гаргах;
3.3.2. гадаад оронд монгол үндэсний спортоор хичээллэгч, сонирхогчдыг зарим хэрэгсэл, материалаар хангах асуудлыг судлан шийдвэрлэх;
3.3.3. Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчдийн газрыг үндэсний спортын талаархи сурталчилгааны материал, мэдээллээр хангах;
3.3.4. орон нутгийн түвшинд хөгжсөн, үндэсний өвөрмөц спортын төрлөөр аялал жуулчлалын арга хэмжээний хүрээнд бэсрэг наадам зохион байгуулах;
3.3.5. үндэсний спортын асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах.
Хүрэх үр дүн:
-гадаад орнуудад монголын үндэсний спортыг сурталчлах сурталчилгаа сайжирсан байна;
-үндэсний спортын асуудлаар монгол судлаачдын бүтээл нэмэгдсэн байна;
-үндэсний спортоор хичээллэгч, сонирхогч улс орон, жуулчдын тоо нэмэгдэнэ.
3.4. Зорилт 4. Үндэсний спортын асуудлаар эрх зүйн таатай орчин бүрдүүлж, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоно.
3.4.1. биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомжид үндэсний спортын цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцсэн нэмэлт, өөрчлөлт оруулах;
3.4.2. үндэсний спортын холбоодын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлэлт өгөх асуудлыг судлан шийдвэрлэх;
3.4.3. үндэсний спортын төрлүүд, ялангуяа хурдан морины уралдаан, түүнд оролцогчдын хамгаалалт, аюулгүй байдал болон орчны стандартыг боловсруулан мөрдүүлэх;
3.4.4. үндэсний спортын холбоодыг магадлан итгэмжлэх замаар үйл ажиллагаанд нь хяналт тавьж биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр улсын болон бүсчилсэн уралдаан тэмцээнийг зохион байгуулах эрх олгож байх;
3.4.5. үндэсний спортыг хөгжүүлэх асуудлаар биеийн тамир, спортын бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий үндэсний спортын асуудал хариуцсан нэгжийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын орон тоо, бүтцэд багтаан ажиллуулах;
3.4.6. үндэсний спортын чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, багш, арга зүйч, дасгалжуулагч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
3.4.7. бүх шатны Засаг дарга нар үйл ажиллагааны хөтөлбөртөө үндэсний спортыг хөгжүүлэх асуудлыг тусган хэрэгжүүлэх.
Хүрэх үр дүн:
-үндэсний спорт хөгжих эрх зүйн таатай орчин бүрдэнэ;
-үндэсний спортын холбоодын үйл ажиллагаа идэвхжинэ.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг зохицуулах асуудлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
4.2. Хөтөлбөр хэрэгжуүлэхэд оролцогч байгууллагыг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хяналт-шинжилгээ хийх, мэдээллээр хангах, үр дүнг тооцох асуудлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
4.3. Орон нутгийн хэмжээнд бүх шатны Засаг даргын Тамгын газар, аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хороод хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үндэсний спортын салбар холбоодтой хамтран хөтөлбөрийн биелэлтийг тайлагнан ажиллана.
4.4. Үндэсний спортын хөтөлбөрийн үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хэрэгжүүлэх асуудлыг биеийн тамир, спортын бүх шатны байгууллага хариуцна.
4.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
¹
|
Шалгуур үзүүлэлт
|
Одоогийн түвшин 2006
|
Хүрэх үзүүлэлт
|
|
2010
|
2012
|
|||
1.
|
Үндэсний спортоор хичээллэгчдийн хувь
|
12.7
|
14
|
17
|
2.
|
Сурах бичиг, гарын авлага, сургалтын товхимолтой болсон спортын төрлийн тоо
|
4
|
8
|
10
|
3.
|
Үндэсний спортын төрлөөр мэдлэг, мэргэшлийг дээшлүүлсэн багш, арга зүйчдийн тоо
|
378
|
756
|
900
|
4.
|
Үндэсний уламжлалт спортын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр долоо хоногт нэвтрүүлсэн цагийн тоо
|
0
|
8
|
12
|
5.
|
Шинэ танхим, талбайтай болсон үндэсний спортын төрлийн тоо
|
4
|
6
|
10
|
6.
|
Үндэсний спортын төрлийн ордон, байр, талбайн тоо
|
4
|
5
|
8
|
7.
|
Үндэсний спортын талаар нийтээр дагаж мөрдөх стандартын тоо
|
0
|
5
|
10
|
-----оОо-----
Текст томруулах
A
A
A