A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
   Засгийн газрын 2007 оны 6 дугаар тогтоолын хавсралт
                                   
 
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
             
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа (цаашид "Засгийн газрын худалдан авах ажиллагаа" гэх) нь дотоодын нийт бүтээгдэхүүний  15-20 хувь, Засгийн газрын төсвийн зарцуулалтын 25-30 хувийг тус тус эзэлж байна.
 
Засгийн газрын худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан, худалдан авах ажиллагааны чиглэлээр ажиллах шинэ боловсон хүчин, их, дээд сургуульд худалдан авах ажиллагааны чиглэлээрх сэдвийг заах багш, тухайн асуудлаар мэргэших оюутан, бусад мэргэжилтэнг мэргэшүүлэх, холбогдох хууль, жишиг бичиг баримтыг амьдралд зохистой хэрэгжүүлэх, ашиглах чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх байнгын тогтолцоо бий болгох шаардлага хурцаар тавигдаж байна.
 
Үүний тулд худалдан авах ажиллагааны чиглэлээр багшлах боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургалтын хөтөлбөрийг гүнзгийрүүлж, хамрах хүрээг тодорхойлон Засгийн газар, хувийн хэвшил болон нийтийг хамруулсан сургалтыг системтэй болгож, чадварлаг сургалтын байгууллага бий болоход дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг бодлого, арга зүйгээр зохицуулах зорилгоор үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзсэн болно. 
 
Шинэчлэн батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан журам, заавар нь Засгийн газрын худалдан авах ажиллагааны төвлөрсөн бус тогтолцоог бэхжүүлж, захиалагч байгууллагууд өөрийн худалдан авах ажиллагааг удирдан зохион байгуулах, оролцогч талуудын үйл ажиллагааг зохицуулах механизмыг боловсронгуй болгосны үндсэн дээр мэргэшсэн байдлыг дээшлүүлэхийг шаардаж байна.
 
Хуульд зааснаар худалдан авах ажиллагааны нэгдсэн бодлого, арга зүй, зохицуулалтыг хариуцах болон захиалагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хүлээсэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам өөрийн үндсэн бүтцэд худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтыг хариуцсан нэгж байгуулан ажиллаж байна.
 
Засгийн газар худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлэх ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж уг тогтолцоог хөгжүүлэх шинэчлэлтийг засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд дэмжин ажиллаж байгаа юм.
 
 
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
 
Хөтөлбөрийн үйл ажиллагааг удирдан зохицуулах үүргийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл бүхий үндэсний зөвлөл гүйцэтгэнэ.
 
Үндэсний зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлэгч байгууллагад шаардлагатай бодлогын чиглэл өгч ажиллан, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд үнэлгээ дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээний талаархи саналыг Засгийн газарт танилцуулна.
 
Засгийн газрын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч сонгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагааны бодлого, арга зүй, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх өдөр тутмын ажлыг зохион байгуулна.
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааг чиглүүлж, дэмжин зохицуулж ажиллана.
 
Гурав. Зорилго
 
Засгийн газрын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үр ашигтай хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэшлийн боловсон хүчний оролцоог хангах замаар татвар төлөгчдийн хөрөнгө ил тод, шударга өрсөлдөөнийг дэмжсэн хэлбэрээр зарцуулагдаж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
 
 
Дөрөв. Зорилтууд, хүрэх үр дүн
 
Энэхүү хөтөлбөрийн зорилгод нийцүүлэн 2007-2010 онд Засгийн газрын худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэхэд дараахь 5 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд хөтөлбөрт заасан арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг тодорхойлов. Үүнд:
 
 
  4.1. Зарим үндсэн мэргэжлийн суурь боловсрол эзэмших шатанд Засгийн газрын худалдан авах ажиллагааны анхан шатны мэдлэг олж авах боломжийг бүрдүүлнэ.
 
                  Үр дүн: 5-аас доошгүй их дээд сургуулийн үндсэн болон сонгон суралцах хичээлийн хөтөлбөрт худалдан авах ажиллагааны чиглэлийн хичээл орсон байна.
 
                  Хууль, худалдаа, эдийн засаг, санхүү, инженер, удирдлагын чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн 20-иос доошгүй хувь нь худалдан авах ажиллагааны онол, эрх зүйн үндсийг үндсэн хичээлийн хүрээнд судалдаг болно.
 
Бодлогын арга хэмжээний чиглэл: Их, дээд сургууль, коллежийн багш, профессор болон бусад сургалтын байгууллагын багш нарын дунд худалдан авах ажиллагааны сургагч-багш бэлтгэх тусгайлсан программ бий болгон хэрэгжүүлнэ.
     
                  Бэлтгэгдсэн сургагч-багш нарын бие даасан үйл ажиллагаа, санаачилгыг дэмжиж, худалдан авах ажиллагааны чиглэлээр хичээл заах, туршлага, мэдээлэл солилцох зорилгоор багш нарын хамтран ажиллах аливаа хэлбэрийг дэмжинэ.
     
                  Худалдан авах ажиллагааны талаархи сэдвийг сургалтын программд шинээр оруулж байгаа сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хичээлийн багц, арга зүй боловсруулах, хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ.
 
4.2. Худалдан авах ажиллагаатай холбоотой  асуудал хариуцсан төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажиллах ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бүрдүүлнэ.
 
                  Үр дүн: Худалдан авах ажиллагааны сургагч-багшийн тоог  100-д хүргэж, орон нутагт ажиллах сургагч багш нарын тоог нэмэгдүүлж, улсын хэмжээнд сургалтын үндэсний тогтолцоо,  ажиллах боломжийг бүрдүүлнэ.
 
                  Төсвийн менежер, нягтлан бодогч, санхүүч болон хөрөнгө оруулалт, төсөв, барилга, худалдаа болон хуулийн мэргэжилтэн зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал хариуцсан ажилтнуудын 60-аас доошгүй хувь нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх шаардлагыг хангасан байна.
 
                  Худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалт явуулж, олон улсын жишигт нийцсэн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллага болон сургалтын байгууллага бий болсон байна.
 
 
  Бодлогын арга хэмжээний чиглэл: Худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал хариуцсан төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажиллах ажилтан нь энэ чиглэлээр мэргэшсэн байх шаардлагыг тусгасан журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулж мөрдүүлнэ.
 
        Худалдан авах ажиллагааны талаархи мэдлэг олж авах, мэргэших хэрэгцээг хангаж чадах байнгын үйл ажиллагаатай сургалтын төв байгуулна. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнуудыг сургалтад өргөнөөр хамруулна. Сургалтыг тогтмол зохион байгуулж шаардлагатай бол зардлыг нь төсвөөс санхүүжүүлнэ.
 
         Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд хүргэх, худалдан авах ажиллагааны тогтолцоог зөв хөгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
 
         Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжилтэн, багш нарын хамтын ажиллагаа, мэдлэг, дадлага, туршлага солилцох боломжийг хангана. Мэргэжилтэн, багш нар үр ашигтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.
 
         Засгийн газрын худалдан авах ажиллагааны чиглэлийн мэргэжлийн байгууллагатай хамтран төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтнаар хангах арга хэмжээ авна.
 
         Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хууль хяналтын байгууллагын ажилтнууд, ялангуяа санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын худалдан авах ажиллагааны талаархи мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч, сургалтад хамруулна.
 
 
4.3. Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид одоо ажиллаж байгаа хүмүүсийг худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх боломжийг бүрдүүлнэ.
 
      Үр дүн: Төсвийн байгууллагын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд шууд оролцож байгаа ажилтнуудын    80-аас доошгүй хувийг энэ чиглэлээр давтан мэргэшүүлж худалдан авах ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулна.
 
 
   Бодлогын арга хэмжээний чиглэл: Сангийн яам холбогдох бусад байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааны өнөөгийн тогтолцоог дэмжиж богино хугацааны сургалтын программ боловсруулж хэрэгжүүлнэ.
 
         Засгийн газрын худалдан авах ажиллагааны чиглэлээр төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагад зориулж тусгайлсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлнэ.
 
         Хөтөлбөрт хамрагдах ажилтнуудын хэрэгцээ, шаардлага, зардлын эх үүсвэр, салбарын болон үйл ажиллагааны онцлогийг тусгасан үр ашигтай хэрэгжүүлэх арга хэлбэрийг тогтоож холбогдох байгууллагуудыг татан оролцуулна.
 
         Засгийн газрын худалдан авах ажиллагаанд оролцож байгаа ажилтнуудын чадварын түвшинтэй уялдуулан хичээлийн багц, заавар, журмыг урьдчилан бэлтгэж, захиалагч нарт танилцуулж зөвшилцөнө.
 
         Засгийн газар болон хандивлагч орнуудын санхүүжүүлж байгаа техник туслалцааны төслийн хүрээнд хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллагын чадавхийг сайжруулж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.
 
       4.4 Худалдан авах ажиллагааны чиглэлээр хичээл заах сургалтын байгууллагын сургалтын чанар, стандартыг баталгаажуулах зорилгоор Боловсролын тухай хуулийн 22.1.4-т заасан шинжээчийн хэсгийг төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага томилж боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран магадлан итгэмжлэх олгоно.
 
      Үр дүн: Худалдан авах ажиллагааны чиглэлээр явуулах сургалтын чанарыг баталгаажуулж шаардлага хангасан 4-өөс доошгүй сургалтын байгууллагад магадлан итгэмжлэл олгоно.   
 
Бодлогын арга хэмжээний чиглэл: Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургагч-багшид тавигдах шалгуур, шаардлагыг хангасан хүмүүст сертификат олгох журам боловсруулж мөрдөнө.
 
         Засгийн газрын худалдан авах ажиллагааны чиглэлээр явуулах сургалтын түвшин, чанар, стандартыг тогтоож мөрдүүлнэ.
 
         Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах, боловсрол, сургалтын байгууллагуудад тавигдах шаардлагыг гаргаж, тухайн чиглэлээр магадлан итгэмжилнэ.
 
 
 
     4.5. Худалдан авах ажиллагааны бодлого, арга зүй, онол, практикийн талаархи мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлнэ.
 
      Үр дүн: Олон нийтэд зөв ойлголт өгөх, мэдээллээр хангах Засгийн газрын худалдан авах ажиллагааны зарчим, үйл ажиллагааг тусгасан олон улсын жишигт нийцсэн цахим хуудсыг ажиллуулна.
 
      Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааны хөгжлийг дэмждэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжинэ.
 
Бодлогын арга хэмжээний чиглэл: Засгийн газрын худалдан авах ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлтээ харилцан солилцох нээлттэй вэб хуудас ажиллуулна.
 
      Худалдан авах ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа багш, мэргэжилтэн, ажилтнууд нэгдэж худалдан авах ажиллагааны ойлголт, мэдлэгийг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхийг дэмжинэ.
 
         Худалдан авах ажиллагааны талаар олон улсын байгууллага болон гадаад оронтой байгуулах хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээрийг холбогдох ажилтнууд болон олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулна.
 
         Худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл авах боломжийг өргөжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалт явуулахыг дэмжинэ.
 
Тав. Зарчим, тавигдах шаардлага
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, ажилтны үйл ажиллагаа дараахь зарчимд нийцсэн байна:
 
Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, заавар, журамтай нийцсан байна. Олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байна. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд болох сонирхогч бүх талуудын хэрэгцээ шаардлагыг хангасан байна. Олон улсын түвшинд хүрсэн, оновчтой зохион байгуулалт, бүтэцтэй байна. Ил тод тайлагнагдаж байна. Хөтөлбөрийн үйл ажиллагааг тухай бүрт нь тодотгож, шаардлагатай бол өөрчлөлт оруулна.
 
 Хөтөлбөрийн зорилт, түүнд хүрэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дараахь шаардлагыг хангасан байх нь түүнийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болно:
 
        Худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнууд энэ чиглэлээр  бүрэн мэргэшсэн байна.
 
           Төрийн байгууллагад төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалт, гэрээ, хэлэлцээрийн асуудал хариуцсан ажилтнуудыг худалдан авах ажиллагааны чиглэлээр бүрэн мэргэшүүлж сертификат олгоно. Шинээр авах боловсон хүчинд тавигдах шалгуурыг холбогдох ажлын байрны шаардлагад оруулна.
 
            Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн хангалттай тооны сургагч-багш бэлтгэгдсэн байна.
 
      Худалдан авах ажиллагааны сургалтын нэгдсэн хөтөлбөр, аргачлал боловсруулж сургалтад нэвтрүүлэх, багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлж мэргэшүүлэх, сургагч-багш нарын тоог нэмэгдүүлнэ.
 
            Бүх түвшинд худалдан авах ажиллагааны сургалтыг тасралтгүй зохион байгуулах  "санхүүгийн болон шаардлагатай бусад нөөц"-тэй байна.
 
      Худалдан авах ажиллагааны мэдлэг олж авах, мэргэших эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангах үйл ажиллагааг төсвөөс бүрэн санхүүжүүлэх боломжгүй тул төрийн албан хаагчид болон олон нийтэд худалдан авах ажиллагааны сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны зардлаа нөхөх ашгийн бус хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна. Энэхүү шилжилтийн шатанд гадаадын техник туслалцааны төслийн хүрээнд санхүүгийн эх үүсвэрийг дайчлан ажиллах боломжийг хайх шаардлагатай байна.  
 
            Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, судлаач, зөвлөх, хуульч, шинжээч зэрэг хангалттай тооны боловсон хүчин бэлтгэж нарийн мэргэшүүлэн олон нийтийн сэтгэл зүй, төсөөлөл ойлголтыг зөв төлөвшүүлнэ.
 
      Хууль хяналтын байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, олон нийтийн дунд тендер шалгаруулалттай холбоотой ойлголт, мэдлэг, туршлага хангалтгүй байгаа тул өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээгээр хуримтлагдсан туршлагад суурилан худалдан авах ажиллагааг гүнзгий судлах, хууль тогтоомжийг зөв, зохистой хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх шаардлагатай. Иймд олон нийтэд зөв ойлголтыг хүргэх сургалт, сурталчилгаа, зөвлөгөөг өргөжүүлэх, хуулийг хэрэгжүүлсэн дадлага, туршлагыг хуваалцуулах, орон даяар түгээхэд Засгийн газрын бодлого, дэмжлэгийг чиглүүлэх шаардлагатай байна.
     
            Худалдан авах ажиллагааг хөгжүүлэх хувь хүмүүсийн үйл ажиллагаа, хүсэл сонирхлыг нэгтгэн чиглүүлэгч төв байгууллагатай болно.
 
      Худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж нийгэмд үйлчлэх төрийн бус болон сургалтын байгууллагууд худалдан авах ажиллагааны сургалт, сурталчилгааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах тул төрийн бус байгууллагуудыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэрэгжилтэд татан оролцуулж, үр ашигтай хамтран ажиллана. Энэ чиглэлийн зарим ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхэд анхаарна. Ингэснээр олон нийт худалан авах ажиллагааны талаар бүрэн зөв ойлголт авч, цаашид төсвийн хөрөнгийн зарцуулалт болон гэрээ, хэлцэл хийхдээ ухамсартайгаар зөв хяналт тавих чадвар нэмэгдэнэ.
 
Зургаа. Санхүүжилт
 
Засгийн газрын худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр нь олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хандивлагч орнуудын техник туслалцаа, төсвийн болон хувийн хөрөнгө, төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн хандив зэргээс бүрдэнэ.
 
Засгийн газрын захиалгаар хийгдэх худалдан авах ажиллагааны сургалтыг энэ чиглэлээр ажиллах чадвар, туршлага бүхий мэргэшсэн сургалтын байгууллага, төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх чиглэл баримтална.          
 
Цаашид худалдан авах ажиллагааны байнгын сургалтын программ бий болгож улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах байгууллага нь үйл ажиллагааны зардлаа сургалт, үйлчилгээний төлбөрөөр нөхөх зарчмаар ажиллах болно.
 
 
Долоо. Үр дүнг үнэлэх
 
Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын худалдан ава ажиллагааны бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь жил тутам энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүнг үнэлж дүгнэн Үндэсний зөвлөлд тайлагнах бөгөөд Үндэсний зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдон гаргасан чиглэл, шаардлагатай бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Түүнчлэн хөтөлбөрийн жилийн эцсийн тайланг худалдан авах ажиллагааны вэб хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
 
   Үндэсний зөвлөл нь 2009 оны эхний улиралд багтаан уг хөтөлбөрийн 2007-2008 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж тайланг Засгийн газарт танилцуулна. Эхний 2 жилд хүрсэн үр дүнг үнэлж, 2009-2010 онд энэхүү зорилт, үйл ажиллагааг тодотгон, шаардлагатай бол түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи саналыг уг тайланд тусгана.
 
    Үндэсний зөвлөл нь 2011 оны эхний улиралд багтаан 2007-2010 оны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн байгууллагаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, тайланг Засгийн газарт танилцуулна. Энэхүү бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтууд хэрхэн биелж ямар үр дүнд хүрсэн тухай үнэлгээ, дүгнэлтийг олон нийтэд мэдээлнэ.
 
 
 
 
                                                            -----оОо-----