A

A

A

Бүлэг: 1979
                                   Засгийн газрын 2007 оны 52 дугаар
                                   тогтоолын хавсралт
 
 
"НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ГУРАВ ДАХЬ ХӨТӨЛБӨР
 
 
Нэг. Хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага
 
     Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ХДХВ/ДОХ-ын халдварын тархалтыг зогсоохоор дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх.
 
     Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө болон нийгмийн эрүүл мэндийн салбарын бусад үндэсний хөтөлбөртэй уялдуулах.
 
     Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний судалгаа болон эхийн эндэгдэл, үр хөндөлт, охидын жирэмслэлт,   ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаар олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хийсэн судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх.
 
     Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал, тэдний энэ талаархи мэдлэг, зан үйл, эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн байнгын сургалт, сурталчилгаа хийх, мэдээллийг түгээх асуудалд онцгой анхаарах.
 
     Алслагдсан нутгийн болон эмзэг бүлгийн хүн ам, шилжин суурьшигчид, хувиараа алт олборлогчид зэрэг зорилтот бүлгийнхэнд илүү анхаарал хандуулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамт олон, гэр бүл, эрэгтэйчүүд, хувь хүний оролцоог нэмэгдүүлэх.
 
     Эх, нялхсын өвчлөл, эндэгдлийн түвшин зарим бүс нутаг, аймагт жигд буурахгүй, хөрш зэргэлдээ орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа зэрэг хэрэгцээ, шаардлагыг үндэслэн 2002-2006 онд амжилттай хэрэгжсэн "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийн туршлага, сургамжид тулгуурлан Үндэсний гурав дахь хөтөлбөрийг дараагийн 5 жилд хэрэгжүүлэхээр боловсрууллаа. 
 
 
Хоёр. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал, 
    хэрэгжүүлсэн хөтөлбөрийн ололт, амжилт
 
            Монгол Улс 2.562.000 хүн амтай, 1.566.460 хавтгай дөрвөлжин км газар нутагтай,  хангай, тал хээр, говь хосолсон өргөн уудам нутагт хүн ам нь тархай, сийрэг суурьшсан, цаг уурын хувьд жилийн дөрвөн улиралтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай орон юм.
 
Хүн амын 32.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 28.3 хувь нь 15-49 насны эмэгтэйчүүд бөгөөд 2005 оны байдлаар 1000 хүн амд ногдох төрөлт 17.8, нас баралт 6.1, цэвэр өсөлт 11.7 байна. Монгол хүний дундаж наслалт 65.2 болсон бөгөөд эмэгтэй хүний дундаж наслалт 68.6, эрэгтэй хүнийх 62.1 байна.
           
Улсын хэмжээнд эрүүл мэндийн 2100 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв 16, бүсийн оношилгоо, эмчилгээний төв 3, аймгийн нэгдсэн эмнэлэг 18, сум дунд болон сумын 321, өрхийн 231, эхчүүдийн амрах байр 335 байгаагаас гадна хувийн хэвшлийн 611 эмнэлэг ажиллаж байна.
 
            Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар сумаас дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэх эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан эхчүүдийн 40-60 хувийг шилжиж ирсэн эхчүүд эзэлж байна.
 
            2005 онд улсын хэмжээнд 45192 эх төрснөөс сумын эмнэлэгт 21.2 хувь, аймгийн нэгдсэн эмнэлэгт 39.2 хувь, Улаанбаатар хотод 39.1 хувь, гэртээ 0.7 хувь нь байна.
             
            Төрөх насны эмэгтэйчүүдийн 53.5 хувь жирэмслэхээс хамгаалах ямар нэг арга хэрэглэж байгаагийн 45.3 хувь нь орчин үеийн арга эзэлж байна.
           
            Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хоёр дахь хөтөлбөр 2002-2006 онд амжилттай хэрэгжсэнээр 2001 онд эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 169.0 байсан бол жил дараалан буурч 2005 онд 93.0 болж 1.8 дахин, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 30.4 байснаа 20.7 болж 9.7 пунктээр буурсан. Үүнээс үзэхэд Мянганы хөгжлийн зорилтод хүрэх боломж байна.
 
Дүрслэл 1: Эхийн эндэгдэл*


Дүрслэл 2: Хүүхдийн эндэгдэл


*Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн эрүүл мэндийн статистик үзүүлэлт болон тоон мэдээллээс багцлан авсан болно.

Жирэмсний хяналт сайжирч, амрах байранд амарсан эхчүүдийн тоо, жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээ, ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл заах багш нарын хүрэлцээ сайжирч, охидын төрөлт, жирэмсэн эхчүүдийн цус багадалт буурч Үндэсний хоёр дахь хөтөлбөрийн ихэнх шалгуур үзүүлэлт биелэгдсэн байна.

Энэхүү амжилтад хүрэхэд бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэг нэмэгдэж нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эмнэл зүйн удирдамжийг боловсруулан хэрэгжүүлэх, баг, сум, өрхийн эмч, эх баригч болон эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах, эрсдэл өндөртэй эхчүүдийг мэргэжлийн эмнэлэг, эмчийн хяналтад төрүүлэхээр дээд шатлалын эмнэлэгт хугацаа алдалгүй шилжүүлэх, нэн шаардлагатай эм, багаж хэрэгслээр хангах зэрэг олон чухал арга хэмжээ авсан нь таатай нөлөө үзүүллээ.

"Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжихэд НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын техникийн болоод санхүүгийн тусламж, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Дээрх түншлэгчдийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөд нөхөн үржихүйн эрүүл иэндийн анхан шатны болон мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч баг, сум, өрхийн болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг сургалтад хамруулан, тэдэнд ашиглах мэргэжлийн гарын авлага, эмнэл зүйн удирдамжаар ханган мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авлаа.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хүн амд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны материал, "НҮЭМ" болон "Үерхэл" улирал тутмын сонин хэвлэгдэн гарч, Үндэсний радио, телевизээр долоо хоног бүр нөхөн үржихүйн эрүүл иэндийн цуврал хичээл тогтмол явагдан, сурталчилгааны материалыг казах хэл дээр хэвлүүлэн Баян-Өлгий болон Ховд аймгийн зарим сумдад түгээсэн болно.

"Ирээдүйн босго" өсвөр үеийн эрүүл мэндийн төвийг зарим аймаг, нийслэлийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль (Цаашид "ЕБС" гэх), их, дээд сургуулиудын дэргэд байгуулан эмч, эмнэлгийн ажилтан нарыг сурган шаардлагатай багаж хэрэгсэл, сургалт сурталчилгааны техник төхөөрөмжөөр ханган ажиллуулж байгаа нь өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ бий болж, тэдний талархлыг хүлээсэн.

Ихэнх аймагт "Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад төр, иргэний нийгэм, хамт олон, гэр бүл, хувь хүний оролцоо" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж, орон нутгийн онцлогт тохирсон өвөрмөц зөвлөмж гарган ажиллаж байгаа нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн арга хэмжээ хэрэгжих таатай дэмжлэгт орчин бүрдэхэд үр дүнгээ өгч байна.

2002 онд Эрүүл мэнд, Батлан хамгаалах, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан шийдвэр гарч, хугацаат цэргийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсролын хичээл оруулсан бөгөөд боловсрол багатай, ажилгүй эрэгтэйчүүдэд хүрч ажиллахад чухал арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, "Гал голомт-Үндэсний хөдөлгөөн", "Монгол зөн" зэрэг төрийн болон төрийн бус байгууллага идэвхтэй оролцож, салбар дундын хамтын ажиллагаанд ахиц гарсан.

Хот, хөдөөгийн анагаах ухааны коллежид эх баригч бага эмч бэлтгэх сургалт 1992-2004 онуудад тасалдаж төвөөс алслагдсан аймаг, сумдад бага эмч нар дутагдаж эхэлснийг засах зорилгоор 2002-2005 онуудад дээрх коллежид дахин эх баригч бага эмчийн ангийг нээснээр эх баригч бага эмч төгсөж байгаа нь эх баригч бага эмчээр улсын хэмжээнд бүрэн хангагдах боломж бүрдэж байна.

Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээр тогтвортой хангах зорилгоор 2002 оноос бэлгэвч (Trust)-ийг, 2005 оноос зарим уух эмийг борлуулж байгаа байгууллага нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эхлэл тавигдлаа.

Үр хөндөлтийн цогц тусламж, үйлчилгээний улсын стандарт гарган мөрдүүлж, аймаг, нийслэлийн 100 гаруй эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт сургалт явуулж, орчин үеийн аргыг шинээр нэвтрүүлж, ажилбарын өмнөх, дараах зөвлөгөө өгдөг болсон.

Гурав. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн
тулгамдсан асуудал, сургамж

Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх явцад олон бэрхшээлтэй тулгарч байгаагийн нэг нь ХДХВ/ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар /Цаашид "БЗДХ" гэх/-ын тархалт нэмэгдэж, 2005 оны байдлаар БЗДХ нь нийт халдварт өвчний 47.4 хувийг эзэлж, эсэн мэнд амаржихад сөрөг нөлөө үзүүлж байна. 2005 оны харуулдан тандалтын судалгаагаар цусны донорын шинжилгээнд нийт хамрагдагсдын 2.7 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 2.0 хувьд нь тэмбүүгийн халдвар илэрсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь оршин суудаг хөдөө орон нутагт донорын цусанд ХДХВ болон тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ бүрэн хийгдэж чадахгүй байгаа нь лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур хүрэлцээгүй, олон улсын стандартын шаардлагыг хангаагүй, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаатай холбоотой.

Байгаль, цаг уурын бэрхшээл, ган зудын улмаас отор нүүдэл хийж яваа малчин өрх, шилжин суурьжиж засаг захиргааны бүртгэлээс завсардсан, ядуу болон амьдралын түвшин доогуур хүн ам нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдахгүй байна. Эндсэн эхчүүдийн 83.3 хувийг малчин, ажилгүй эхчүүд эзэлж байгаагийн дээр эндсэн эхийн эмнэлэгт хүрэх дундаж зай 61.8 км байна .

Нийслэл, төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөний үр дүнд Улаанбаатар хотын хүн ам механикаар өсч байна. Эрсдэлтэй жирэмсэн эхчүүдийг сумаас аймагт, аймгаас нийслэлд шилжүүлэх нь нэмэгдсэний улмаас аймаг, нийслэл дэх төрөлтийн тоо ихсэж аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, нийслэлийн амаржих газар ачааллаа даахгүй байдалд хүрээд байна. Тухайлбал, нийслэлд төрж байгаа эхчүүдийн тоо 10 жилийн өмнөхөөс 23.0 хувиар нэмэгдсэн байхад амаржих газруудын орны тоо 22 хувиар буурсан байна.

Эхийн эндэгдлийн шалтгаанд эрхтэн тогтолцооны өвчин 31 хувийг эзэлж, тэдгээрээс зүрх судасны өвчин, сүрьеэ зонхилох болов.

Эрүүл мэндийн боловсрол олгодог байгууллагад нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.

Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн түвшин 90.0-ээс дээш хувьтай байгаа хэдий ч зан үйлд нь ахицтай өөрчлөлт гарахгүй байна.

2000-2004 онд эндсэн эхчүүдийн 21.4 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй, 17.3 хувь нь өөрөө болон гэр бүлийн гишүүд жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн аюултай шинж, түүнээс хэрхэн сэргийлэх, тусламж хэрхэн авах мэдлэг хангалтгүйгээс шалтгаалан энджээ .


Эхийн нас баралтад нөлөөлсөн хүчин зүйл

-Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн аюултай шинж, түүнээс хэрхэн сэргийлэх, тусламж хэрхэн авах талаарх мэдлэггүйн улмаас жирэмсний хяналтад хожуу орсон эсхүл огт ороогүй, эмчийн зөвлөгөөг мөрдөөгүй, биеийн байдал хэт хүндэрсэн хойно эмнэлэгт хандсан, эхийн амрах байранд очоогүйгээс гэртээ төрж нас барсан тохиолдол байсаар байна

-Гэр бүлийн маргааны улмаас эмнэлэгт оройтож хандсан

-Ар гэр нь боломжгүйгээс дээд шатлалын эмнэлэгт хандаагүй

-Зүрхний төрөлхийн гажигтай гэдгээ эмч нараас нуусан

-Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүйгээс нэн ядуу эмэгтэйчүүд эрхтэн тогтолцооны эмгэгээ эмчлүүлж чаддаггүй, эмнэлэгт хандаагүй


2000 оны байдлаар 1000 амьд төрөлтөд перинаталь нас баралт 28.0 байсан бол 2005 онд 19 болсон хэдий ч нялхсын эндэгдлийн 40 гаруй хувийг эзэлсээр байна.

Өсвөр үеийнхний төрөлтийн тоо буурсан ч жирэмслэлт, үр хөндөлтийн тоо буурахгүй улам нэмэгдэх хандлагатай байна. Жирэмсний эхний 3 сарын дотор үр хөндөлтийг эмэгтэйчүүдийн хүсэлтээр хийж байгаа боловч хугацаа хэтрүүлэн хууль бусаар үр хөндүүлэх тохиолдол буурахгүй, түүний хүндрэлээр хэд хэдэн эх нас баржээ.
Эхийн нас баралтад нөлөөлсөн хүчин зүйл

-Үр хөндөх зорилгоор өөрөө дур мэдэж эм уусан
-Үр хөндүүлснээ ар гэрийнхэндээ хэлэлгүй хүндэрсний дараа эмнэлэгт хандсан эсхүл эмнэлэгт хандаагүй удсан
-Мэргэжлийн бус хүнээр гэрийн нөхцөлд жирэмсэнг таслах оролдлого хийлгэсэн зэрэг тохиолдол байсаар байна


Дэд бүтцийн хөгжил муу байгаа нь алслагдсан нутгийн хүн амд нөхөн үржихүйн эрүүл иэндийн мэдээлэл, зөвлөгөө, тусламж, үйлчилгээ хүргэхэд бэрхшээл учруулж байгаа бөгөөд хотын захын хорооллын хүн ам, түүний дотор шилжин суурьшигчдын үлэмж хэсэг нь нөхөн үржихүйн эрүүл иэндийн мэдээлэл, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар эхийн эндэгдлийн 15 хувь нь архидалт, ямар нэгэн хүчирхийлэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс үүдэлтэй гэж үздэг боловч манай оронд энэ талаар хийсэн тодорхой судалгаа, дүгнэлт байхгүй байна.

Өсвөр үеийнхний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг цөөхөн байгууллага ажиллаж байгаа нь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Нөхөн үржихүйн эрүүл иэндийн тусламж, үйлчилгээнд эрэгтэйчүүдийн оролцоо нэн хангалтгүй байгаа нь тэдний боловсрол, мэдлэг, зан үйлтэй холбоотой. Эрэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг цэгүүд хэдхэн газар байгуулагдаж, ажиллагаа нь эхлэлийн төдий байна.

Нөхөн үржихүйн эрүүл иэндийн чиглэлээр сургагдсан төрийн болон үйлчилгээний албан хаагчдын тогтвор суурьшил, үйл ажиллагааны залгамж холбоо хангалтгүйгээс нөхөн үржихүйн эрүүл мэнд, эсэн мэнд амаржихуйн чиглэлээрх байнгын дэмжлэг бүхий орчин, чадавх бүрдэх явц удаашралтай байна.

Өрх, сум, аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, ялангуяа эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч хүрэлцээгүй, тогтвортой ажиллах нөхцөл хангалтгүй, ажлын ачаалал харилцан адилгүй, тэдний ажлын үр дүнд тохирсон хөдөлмөрийн үнэлгээ (цалин, хангамж, урамшуулал)-ний тогтолцоо бүрдээгүй, мэргэжлийн ур чадварын үнэлэмж хангалтгүй, мэргэшлийн ур чадвар дутмаг, сургалтаас хүсэн хүлээсэн үр дүн жигд бус байна.

Эх, ураг, нярайд үзүүлэх яаралтай болон нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, түүний засвар үйлчилгээ хангалтгүй байна.

Судалгааны чадавхийг сайжруулах, шинэ технологийг нэвтрүүлэх, үргүйдэл, умайн хүзүү, хөхний хавдрын эрт оношлогоо, эмчилгээ, эмэгтэйчүүдийн цэвэршилт, эрэгтэйчүүд судлал, зайны оношлогооны асуудлыг дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байна.

Хувь хүн, гэр бүлийн гишүүд болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зан үйлийг төлөвшүүлэх ажлыг хүн амын бүлэг бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр явуулах хэрэгцээ хангагдаагүй байна.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүн,
хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1.Зорилго

Нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэсэн чөлөөт сонголт бүхий эрүүл мэндийн болон нийгмийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, баталгаатай үзүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдлыг сайжруулах замаар хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих, Мянганы хөгжлийн зорилтод хүрэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

4.2.Хөтөлбөрийн зорилт

Зорилт 1

Нөхөн үржихүйн эрүүл иэндийн хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, салбар хоорондын уялдаа нэгдсэн тогтолцоог бэхжүүлж, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, түншлэгчдийн үр бүтээлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх

Хүрэх үр дүн 1

Үр дүнд суурилсан удирдлага, мэдээллийн нэгдмэл тогтолцоо боловсронгуй болж бэхжинэ.

Түншлэгч болон оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа, зохицуулалт жигд сайжирна.

Нотолгоонд тулгуурласан удирдлагын оновчтой, үр дүнтэй шийдвэр гарч, нөөцийн зохистой хэрэглээ, хуваарилалт бий болно.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өмчийн бүх хэлбэрийн байгууллагын оролцоог дэмжсэн орчин бүрдэнэ.

Үйл ажиллагаа 1

1.1. Нөхөн үржихүйн эрүүл иэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоог бэхжүүлж, шинэчлэлийг гүнзгийрүүлэх чиглээр:

-эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандарт, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөрийн норм норматив, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн тогтоож, мөрдүүлэх;

-Эрүүл мэндийн яамны дэргэдэх нөхөн үржихүйн эрүүл иэндийн Үндэсний дэд хороо, аймаг, нийслэл дэх орон нутгийн Зохицуулах Зөвлөл, хэрэгжүүлэх багийн бүтцэд төрийн үйлчилгээний бусад байгууллагын төлөөллийг оролцуулан өргөжүүлж үйл ажиллагааг тогтмолжуулах;

-эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл иэндийн тусламж, үйлчилгээ, эмийн хангалтын талаархи мэдээллийн сан байгуулж цахим сүлжээнд оруулах, мэдээллийг бодлого боловсруулалт, удирдлага, төлөвлөлтөд ашиглах чиглэлээр арга хэмжээ авах;

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн үр дүнтэй үйлчилгээг нэвтрүүлэх удирдамж, гарын авлага гаргах, сургалт зохион байгуулж, үр дүнг тогтмол хянаж хэрэгжилтийг эрчимжүүлэх;

-бүх түвшний шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт зориулан сургалт сурталчилгаа явуулж нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын дэмжлэгт орчинг бүрдүүлэх;

-аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын түвшинд хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгтгэж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий ажилтан ажиллуулж, тэдгээрийн чадавхийг дээшлүүлэх;

-нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүдийн чадавхийг дээшлүүлж зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх.

1.2 Түншлэгч болон оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөтгөх чиглэлээр:

-мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эх, нярайн эндэгдлийг бууруулах, БЗДХ/ХДХВ/ДОХ болон сүрьеэ өвчнөөс сэргийлэхэд шаардагдах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Глобаль сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хандивлагч нартай хамтран ажиллах, орон нутгийн санаачлага, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх;

-хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж үр дүнг тооцох;

-тусламж, үйлчилгээг төлөвлөх, хүргэх, хянаж үнэлэх явцад орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэм болон хөтөлбөрийн үр дүнг хүртэгчид оролцох бололцоог нэмэгдүүлэх;

-жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд тусламж дэмжлэг үзүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан нийгмийн халамжийн байгууллага, хорооны дарга, нийгмийн ажилтанг хөхиүлэн дэмжиж хамтран ажиллах;

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн зарим үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай зардлыг төсөвт тусгах асуудлыг судлах;

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарим үйл ажиллагааг хувийн хэвшлийн эмнэлгээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах хэлбэрийг судлах.


Зорилт 2

Нөхөн үржихүйн эрүүл иэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын оношлогоо, эмчилгээний багаж, төхөөрөмж, эм, хэрэгслийн хангалтыг сайжруулж, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, зөв төлөвлөн байршуулж шаардлагатай мэргэжлийн эмч, мэргэжилтний хүрэлцээг нэмэгдүүлэх

Хүрэх үр дүн 2

-эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрийн стандартад заагдсан эх, ураг, нярайн бүрдмэл тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай багаж төхөөрөмж, эм, хэрэгслээр тогтвортой хангах орчин бүрдэнэ;

-нийслэлд үлгэр жишээ загвар бүхий амаржих газар шинээр байгуулагдсан байна;

-аймаг, нийслэлийн амаржих газар, тасгийн хүчин чадал нэмэгдсэн байна;

-нөхөн үржихүйн эрүүл иэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн (төгсөлтийн өмнөх, дараах, ажлын байрны) сургалтын хөтөлбөрийн чанар, уялдаа холбоо сайжран шинэчлэгдсэн байна;

-аймаг, нийслэл, сум, өрхийн эмнэлэг мэргэжлийн боловсон хүчнээр хангагдан тогтвор суурьшилтай ажиллах урамшууллын тогтолцоо бүрдсэн байна;

-"Эх, хүүхдэд ээлтэй эмнэлэг" бий болно.

Үйл ажиллагаа 2

2.1. Нөхөн үржихүйн эрүүл иэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, оношилгоо болон эмчилгээний багаж төхөөрөмж, эм, хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:

-Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилттой уялдуулан нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх;

-эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрийн стандартад заагдсан эх, ураг, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай багаж төхөөрөмж, эм, хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн баталж, хангах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эм, хэрэгслээр тасралтгүй хангах стратеги боловсруулж, хэрэгжүүлэх;

-амаржих эх, нярай хүүхэд бүрт эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг удаагийн хэрэглээний цомгоор хангах;
-Улаанбаатарт зориулалтын амаржих газар шинээр байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах;

-аймаг, нийслэлийн амаржих газар, төрөх тасаг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийг оношилгоо, эмчилгээний, ялангуяа эрхтэн тогтолцооны эмгэгтэй хосолсон жирэмсэн, төрөлтийн хүндрэлийг оношлох, эмчлэх орчин үеийн багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглох;

-аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнээр хангах арга хэмжээ авах;

-аймаг, дүүрэг, суманд жирэмсэн эхчүүдэд БЗДХ/ХДХВ/ДОХ, цусны бүлэг, резус фактор тодорхойлох шинжилгээ хийх нөхцлийг бүрдүүлж, лабораторийн хэрэгсэл, урвалжаар хангаж, лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулах;

-аймаг, сумын эмнэлгийн эрүүл мэндийн хяналт, тусламж үйлчилгээ, эмийн хангалтын цахим сүлжээг ажиллуулах боловсон хүчнийг сургах;

-аймаг, нийслэлд өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвийг байгуулж тогтвортой ажиллуулах;
-жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл, БЗДХ-ыг эмчлэх зарим төрлийн эмийг "нийгмийн зах зээл"-ээр борлуулах үйл ажиллагааг өргөжүүлэх, зардлыг нь нөхөх бусад ашигтай механизмыг нэвтрүүлэх.

2.2 Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж орон нутгийг эмч, мэргэжилтнээр хангах чиглэлээр:

-эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч бага эмч болон бусад мэргэжлийн эмч нарыг (төгсөлтийн өмнөх, дараахь ажлын байранд) бэлтгэх сургалтын хөтөлбөрийн уялдааг сайжруулан шинэчлэх;

-эрүүл мэндийн салбарын шатлал бүрийн хэрэгцээнд үндэслэн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг (эх барих, эмэгтэйчүүд, дотор, зүрх судас, мэдээгүйжүүлэгч, нярайн эмч) орон нутгийн захиалгаар бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллуулах;

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээрх сургалтын хэрэгцээг тогтоох, сургалтын дараах хяналт, үнэлгээг тогтмолжуулах.


Зорилт 3

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн ам, зорилтот бүлгийнхэнд цогц, тэгш, хүртээмжтэй үзүүлэх.

Хүрэх үр дүн 3

Хүн бүр, ялангуяа төвөөс алслагдсан нутгийн болон амьжиргааны түвшин доогуур хүн ам, шилжин суурьшигчид, өсвөр үеийнхний хэрэгцээнд нийцсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирсан байна.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу нөхөн үржихүйн эрүүл мэндийн стандарт, удирдамжийг боловсруулж хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа 3

3.1 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай, тэгш, хүртээмжтэй, үйлчлүүлэгчдэд ээлтэй үйлчилгээг бүрдүүлэх чиглэлээр:

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний стандарт, удирдамжийг хянаж, боловсронгуй болгох, шинээр боловсруулж хэрэгжүүлэх;

-аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг цэгээс авах асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах;

-эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс алслагдсан эх, нярай хүүхдэд яаралтай тусламжийг хугацаа алдалгүй хүргэх нөхцлийг бүрдүүлэх;

-амаржих газар, тасагт эх барихын яаралтай тусламж шаардлагатай үед хэрэглэх найдвартай, аюулгүй цусны нөөцийг байнга бэлэн байлгах;

-сум, аймгийн эмнэлгийн дэргэдэх эхийн амрах байрыг үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэнд ээлтэй байдлаар тохижуулж үйлчилгээний чанарыг сайжруулах;

-нийслэлээс аймагт, аймгаас суманд, сумаас багт үйлчлэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн явуулын үйлчилгээний загвар багийг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр ажиллуулж, алслагдсан нутгийн хүн амд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг улирал тутамд хүргэж байх;

-жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсээгүй болон амь насанд эрсдэлтэй жирэмслэлт, төрөлтөөс сэргийлэхэд нь хувь хүн, гэр бүлийн хосод туслах;

-"Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ"-ний шинэ стандартыг чанд мөрдүүлэх, тусламж, үйлчилгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээний чанарыг сайжруулах;

-цэвэршилтийн насныханд зориулсан бүх талын мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг одоогийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн багц тусламж, үйлчилгээтэй уялдуулан нэвтрүүлэх;
-эрэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч нарыг бэлтгэх, тасаг, кабинетийг байгуулах замаар тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх;

-бүх нарийн мэргэжил олгох сургалтын хөтөлбөрт өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нэмэлт оруулах;

-Цагдаагийн их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн их сургууль болон багш бэлтгэдэг хувийн их, дээд сургуулийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг тусгах;

-ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тооноос хамааран үе шаттайгаар /600-аас доошгүй/ эмчтэй болгох;

-ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн боловсрол олгож байгаа байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх.

3.2 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр:

-эмч, эмнэлгийн мэргэжилтний нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, тусламжийг багаар үзүүлэх үйл ажиллагааг чанаржуулах;

-эх барихын яаралтай тусламжийн байнгын бэлэн байдлыг хангах журмыг шинэчлэн боловсруулж, биелэлтийг тухайн эрүүл мэндийн байгууллага хяналтын хуудсаар тогтмол үнэлэх;

-эх барихын яаралтай тусламжийн хялбаршуулсан лавлагаа, эмнэл зүйн хөтөчийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх.

3.3 Эхчүүдийг шаардлагатай бичил элемент, эрдэс бодис, амин дэмээр хангах чиглэлээр:

-эх, нярай хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эх, бага насны хүүхдийг нэн шаардлагатай бичил элемент, эрдэс бодис, амин дэмээр (Амин дэм А, Д, С, төмрийн бэлдмэл, иод) хангах;

-жирэмсэн болон хөхүүл эх, нярайн хооллолт, эрүүл ахуйн дэглэмийн талаархи мэдээлэл бүхий гарын авлага боловсруулан тараах;

-эрүүл, зохистой хооллолтын талаар олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;

Зорилт 4

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжид орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх


Хүрэх үр дүн 4

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдсан асуудлаар судалгаа хийж үр дүнг практикт нэвтрүүлсэн байна;

-яаралтай тусламж шаардлагатай үед алсын зайнаас оношлох, зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлнэ;

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжид орчин үеийн дэвшилтэт технолог нэвтэрсэн байна.

Үйл ажиллагаа 4

4.1 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр:

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх чиглэл, хэрэгцээг тодорхойлж, судлах;

-ВЭБ хуудаст судалгааны тайлан, дүнг байрлуулах.

4.2 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжид орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр:

-Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн дэргэд перинатологийн оношилгоо, эмчилгээний нэгж байгуулах;

-перинатологч эмчийг бэлтгэх;

-ургийн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах (Доплерийн ЭХО, цусанд даавар тодорхойлох эм урвалж гэх мэт);

-удам зүйн шинжилгээний лаборатори байгуулах;

-үргүйдэл, цэвэршилт, хөхний болон өндгөвч, умайн хүзүүний эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр давтан сургах (эндокринологч, дурангийн эмч, лабораторийн эмч, урогинеколог гэх мэт);

-үргүйдлийг оношлох, эмчлэх лаборатори байгуулах;

-ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эхийн эндэгдлийг судлах судалгааны шинэ аргыг хэрэглэж үр дүнг тооцох;

-алсын зайнаас оношлох тоног төхөөрөмжөөр хангаж, зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлэх.

Зорилт 5

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар өсвөр үеийнхэн, нөхөн үржихүйн насны, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн тархалтыг хязгаарлах.

Хүрэх үр дүн 5

Өсвөр үе, нөхөн үржихүйн насны, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, халдварыг илрүүлэх, эмчлэх, зөвлөгөө өгөх сайн дурын үйлчилгээнд бүрэн хамрагдах боломж, нөхцөл бий болно.

Үйл ажиллагаа 5

5.1 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр:

-нийт хүн амд, ялангуяа өсвөр үеийнхэн, залуучууд, бусад зорилтот бүлгийнхэнд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг нотолгоонд тулгуурласан шинэлэг, оновчтой арга, хэлбэрээр явуулах;

-ХДХВ, тэмбүүгийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх талаар нэгдсэн стандарт, удирдамж гаргаж мөрдүүлэх;

-ХДХВ, тэмбүүгийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх шат дараалсан сургалтыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулах.

5.2. ХДХВ/ДОХ/БЗДХ-ыг илрүүлэх, эмчлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр:

-жирэмсний үеийн хяналтыг ХДХВ/ДОХ/БЗДХ-ыг илрүүлэх, эмчлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээтэй уялдуулах;

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгжүүдэд эмэгтэйчүүд, залуучуудад ээлтэй БЗДХ-ын тусламжийг үзүүлэх.

5.3. Халдвар, хамгаалал, аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:

-Эмнэлгээс шалтгаалсан халдвартай тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх журмыг шинэчлэн боловсруулж, мөрдөж ажиллах;

-эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулж эмнэлгээс шалтгаалсан халдвар болон халдвар хамгааллын дэглэмийн талаарх сургалтыг тогтмолжуулах.

Зорилт 6

Хүн ам, зорилтот бүлгийнхний соёл, зан заншил, шашин шүтлэг орчин үеийн хэрэгцээнд тулгуурласан жендерийн мэдрэмжтэй, зан үйлийг өөрчлөх мэдээлэл сурталчилгааг явуулж, хувь хүн, гэр бүл, хамт олны оролцоог нэмэгдүүлэх.

Хүрэх үр дүн 6

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд хувь хүн, гэр бүлийн гишүүд, олон нийт, хамт олны оролцоо, техникийн болон санхүүгийн дэмжлэг нэмэгдсэн байна.

Үйл ажиллагаа 6

6.1. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиглэлээр:

-зорилтот бүлгийнхний (жирэмсэн эмэгтэй, түүний гэр бүлийнхэн, шилжин суурьшигчид, малчин, сургууль завсардсан өсвөр үеийнхэн болон ажилгүй залуучууд, жижиг бизнес эрхлэгчид, хувиараа алт олборлогчид, цэргийн албан хаагчид гэх мэт) нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээрх хэрэгцээг тодорхойлох, тогтмол сурвалжлан тандах;

-зорилтот бүлгийн хэрэгцээ, зан үйлийг өөрчлөх онол болон нотолгоонд тулгуурласан мэдээлэл сурталчилгааны гол агуулга, (Эсэн мэнд амаржихуй, аюултай үр хөндөлт, БЗДХ-аас сэргийлэх, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс сэргийлэх гэх мэт) хэлбэр загварыг (компьютер, зайны сургалт, FM, орон нутгийн мэдээллийн хэрэгсэл, бүтээгдэхүүн гэх мэт) боловсронгуй болгох;

-нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр бичих зэргээр түгээх;

-сургууль завсардсан хүүхэд, ажилгүй залуучуудад зориулсан сургалтын өвөрмөц арга хэлбэрийн загвар бий болгож хэрэгжүүлэх;
өсвөр үеийнхэнд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалыг нэмэгдүүлэх;

-эцэг, эхчүүдэд зориулсан гарын авлагыг хүүхдийн насны онцлогт тохируулан гаргах;

-гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, энэ чиглэлээрх сургалт сурталчилгааг өргөжүүлэх, нууцыг хадгалсан үйлчилгээ үзүүлэх;

-хүчирхийлэлд өртсөн хүмүүст жендэрт суурилсан зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх аргачлал боловсруулж, нэвтрүүлэх, илрүүлэх, бүртгэх, мэдээлэхэд дэмжлэг үзүүлэх;

6.2 Ухуулга сурталчилгааны чиглэлээр:

-эх, нярайд нэн шаардлагатай бичил элемент, эрдэс бодисоор баяжуулсан хүнс, амин дэмийн (Аминдэм А, Д, С, төмрийн бэлдмэл, иод) хэрэглээг өргөжүүлэх сурталчилгаа хийх;

-ухуулга сурталчилгааны нэгдсэн чиглэл, удирдамж бий болгох.

6.3 Оролцоо, дэмжлэгийн чиглэлээр:

-эх, хүүхдэд ээлтэй үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хамт олон, иргэнийг урамшуулан сурталчлах, цаашид хамтран ажиллах;

-эхийг нярайлах үед түүний "Сайн дурын туслагч", ар гэрийнхний аль нэгийг хамт байлцах боломжийг өргөжүүлэх;

-эрүүл мэндийн сайн дурын идэвхтний чадавхийг дээшлүүлж, урамшуулах, нэгдсэн гарын авлага материалаар хангах;


Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт,
хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа


5.1 Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, түншлэлийг өргөжүүлэх, оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих, хэрэгжилтийн явцыг Засгийн газарт тайлагнах асуудлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцна.

Хөтөлбөрт заагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр батлан хэрэгжүүлнэ.

"Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк бусад хандивлагчдын дэмжлэгийг авч ажиллана.

5.2 Хөтөлбөрийн санхүүжилт

Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

-төсвөөс олгох хөрөнгө;

-хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив;
төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачлагаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;

-гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

-бусад эх үүсвэр.



5.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

"Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний гурав дахь хөтөлбөрийг 2007-2011 онуудад хэрэгжүүлнэ.


Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн
хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн Үндэсний дэд хороо, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбар хороод гүйцэтгэнэ.

6.2. "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг 2009 онд хийж шаардлагатай бол зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулж болно.


Долоо. "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийн
шалгуур үзүүлэлтүүд

 
¹
 
Үзүүлэлт
2005 оны
түвшин
2011 онд хүрэх       түвшин
Мэдээллийн эх үүсвэр
 
 
1
 
Эхийн эндэгдэл                                  100 000 амьд төрөлтөд 
93.0
65.0
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
2
 
Нялхсын  эндэгдэл                         1000  амьд  төрөлтөд 
20.7
18.0
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
3
 
Перинаталь эндэгдэл 1000 төрөлтөд
28
 
20
 
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
4
 
Жирэмсний эрт үеийн хянал6т /хувь/
73
79
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
5
 
 
 
Жирэмсний хяналтад байх хугацаандаа 6 болон түүнээс дээш удаа үзүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь
 
79.7
 
 
87
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
6
 
Гэр бүл төлөвлөлтийн  орчин үеийн аргын хэрэглээний хувь
45.0
51.0
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
7
 
Эхчүүдийн амрах байранд амарвал зохих эхчүүдийн хувь
40
65
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
8
 
Эмнэлэгт төрсөн эхчүүдийн эзлэх хувь
 
98.0
99.7
 
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
9
 
 
Үр хөндөлт 1000 төрөлтөд
200.0
160.0
 
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
10
 
 
Жирэмсний цус багадалт /хувь/
13.8
10.0
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
11
Төрсний дараахь 42 хоног дотор тавих идэвхтэй хяналт
74
80.0
 
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
12
20 хүртэлх насны охидын төрөлтийн түвшин
7.4
6.0
Эрүүл мэндийн статистик
үзүүлэлт
 
 
13
Хяналтад хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс тэмбүүгийн шинжилгээнд хамрагдсан хувь
62
80
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
14
Хяналтад хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдсан хувь
46
80
Эрүүл мэндийн статистик үзүүлэлт
 
 
15
 
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн тоо
0
50-иас дээш
Гэрээ, бусад материал