A

A

A

Бүлэг: 1979
                                  Засгийн газрын 2007 оны 92 дугаар
 тогтоолын 1 дүгээр хавсралт
 
     ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ДҮРЭМ  
 
     Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.21-д заасан Эрүүл мэндийг дэмжих сан (цаашид "сан" гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах харилцааг зохицуулахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
 
            1.2. Сангийн хөрөнгө нь Тамхины хяналтын тухай хуулийн 10.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21.2-т заасан зориулалтаар зарцуулна.
 
            1.3. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
 
            1.4. Сангийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удирдлага болгоно.
 
Хоёр. Сангийн эх үүсвэр
 
2.1. Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
 
-улсын төсвийн хөрөнгө;
 
-гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
 
-гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл;
 
-тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгө;
 
-архи согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь;/ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор нэмсэн/
           
-эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгө./ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор нэмсэн/
 
Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт
 
3.1. Сангийн удирдлага нь орон тооны бус Сангийн зөвлөл байх бөгөөд сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж хариуцан гүйцэтгэнэ.(ЗГ-ын 2009-12-09-ний өдрийн 366, 2012-11-10-ны 123-р тогтоолоор өөрчлөлт орсон).
 
  Дөрөв. Сангийн хөрөнгийг зарцуулах нөхцөл
 
4.1.     Сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
 
4.1.1. Тамхи, архины болон эмийн зохисгүй хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
 
                       
            4.1.2. тамхи, архины хор хөнөөлтэй тэмцэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа  явуулах, хяналт тавих;
 
            4.1.3. тамхи, архинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх;
           
            4.1.4. тамхи, архинаас гаргах эмчилгээ болон түүнд шаардлагатай эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх;
                                   
            4.1.5. тамхи, архины болон эмийн зохисгүй хэрэглээнээс хүн амын эрүүл мэнд, эдийн засагт учрах хор холбогдлыг судлах;
 
            4.1.6. архинд  донтох өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;
 
            4.1.7. архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажилд идэвхтэй оролцож үр дүнд хүрсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн  үйл ажиллагааг дэмжих;    

/ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор 4.1.1, 4.1.5, 4.1.7 дахь заалтад өөрчлөлт орсон/


            4.1.8. хүн амын эрүүл мэндийг хамгаалах бусад үйл ажиллагааг дэмжих.


            4.1.9. нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх;

 

            4.1.10. нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;

 

            4.1.11. эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл, арга хэмжээг орон нутгийн захиалгаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

 

            4.1.12. анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих;

 

            4.1.13. эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах. /ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор 4.1.9-4.1.13 заалтыг нэмсэн/

 
            4.2. Сангаас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хөрөнгө гаргана.
 

            4.3. Тухайн санхүүгийн жилд зарцуулагдаагүй Сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараа жилийн төсөв дээр нэмж батлуулна. /Энэ хэсгийг ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 
Тав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах,
 тавих хяналт
 
5.1. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана.
 
5.2. Төрийн аудитын байгууллага сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
 
5.3. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.(ЗГ-ын 2009-12-09-ний өдрийн 366, 2012-11-10-ны 123 дугаар тогоолоор өөрчлөлт орсон). 
 
 
 
---------оОо---------