A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2007 оны 92 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
 
 
      ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН  ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ  
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг удирдах байгууллага нь 11 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус сангийн зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ) байна. /ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор өөрчлөлт орсон/
 
1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг удирдлага болгоно.
 
      Хоёр. Зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт
 
2.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зөвлөлийг тэргүүлэх бөгөөд зөвлөлийн саналыг үндэслэн сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргана. Зөвлөлийн даргын эзгүйд зөвлөлийн хурлыг зөвлөлийн орлогч дарга удирдана.
 
2.2.     Зөвлөлийн ажлын албаны үүргийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж гүйцэтгэнэ.
 (Энэ заалтад 2009-12-09-ний өдрийн 366, 2012-11-10-ны 123 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).

2.3.     Сангийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр хувь нь оролцсоноор хурлыг хүчинтэйд тооцно.

 
2.4.     Зөвлөл нь сангийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбоотой        асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргана. Асуудлыг оролцсон гишүүдийн дөрөвний гурвын саналаар шийдвэрлэнэ. Хурлын тэмдэглэлийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд хурлын дарга гарын үсэг зурна.
 
2.5. Тухайн хурлаар хэлэлцэх асуудлаар зөвлөлийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчилтэй бол хуралд санал өгөх эрхгүй орох буюу хуралд оролцохгүй.  
 
                             Гурав. Зөвлөлийн бүрэн эрх 
 
3.1. Сангийн зөвлөл нь дараахь үүрэг хүлээнэ:
           
     3.1.1. сангийн хөрөнгийн төлөвлөлтийн талаар эрүүл мэнд болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хуулиар тогтоосон төсвийн цаглабарын хугацаанд саналаа тавих;/ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор өөрчлөлт орсон/
 
     3.1.2. сангийн хөрөнгийн орлого, зарлагын  байдалд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;
 
     3.1.3. сангийн хөрөнгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг идэвхжүүлэх;   
 
     3.1.4. сангийн үйл ажиллагаа болон сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээний жилийн төлөвлөгөө,  төсвийг хэлэлцэн батлах;
 
     3.1.5. сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөрийн талаар санал өгөх;
 
     3.1.6. сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үйл ажилллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах;
 
     3.1.7. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд удирдлага, арга зүйн туслалцаа үзүүлэх./ЗГ-ын 2012-11-10-ны 123-р тогтоолоор өөрчлөлт орсон/  
 
3.2. Сангийн зөвлөл дараахь эрх эдэлнэ:
 
     3.2.1. сангийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаархи тайланг хэлэлцэн дүгнэлт өгөх;
 
     3.2.2. сангийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах асуудлаар зөвлөмж гаргах;   
 
    3.2.3. сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг даалгавар өгөх;
 
     3.2.4. сангийн үйл ажиллагааны тайлан, үр дүн, холбогдох мэдээ, мэдээлэл, судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргуулан авах; 
 
3.2.5. олон  улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус  байгууллага, бусад сантай хамтран ажиллах;    
 
3.2.6. сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан байгууллага, иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх.
 
 
 
 
--------оОо-------