- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЦАХИМ НЭГ ЦОНХ” ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2007 оны 131 дүгээр
тогтоолын хавсралт
"ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЦАХИМ НЭГ ЦОНХ" ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Оршил
Дэлхий нийтэд гадаад худалдааны цар хүрээ улам өргөжин тэлэхийн зэрэгцээ гадаад худалдааг зохицуулах дүрэм, журмыг хялбарчлах, шат дамжлагыг цөөрүүлэх, бичиг баримтын уялдаа холбоог сайжруулах, ил тод байдлыг дээшлүүлэх, мэдээллийн солилцоог хурдан болгох шаардлага улам бүр нэмэгдэж байна. Гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал чухал шаардлагатай байгааг дэлхийн худалдааны байгууллагын удаа дараагийн чуулга уулзалтаар хэлэлцэн, энэ хүрээнд "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг дэлхийн 30 гаруй орон амжилттай хэрэгжүүлж ихээхэн үр өгөөжтэй болохыг харуулаад байна.
Монгол Улсад гадаад худалдааг хөнгөвчилснөөр гадаад худалдааны үйл ажиллагааны саад тотгорыг багасгах, бүс нутгийн болон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, улмаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх таатай орчинг бүрдүүлж өгөх юм.
2. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны
үзэл баримтлал
2.1. Гадаад худалдааны цахим нэг цонхны тухай ойлголт.
Гадаад худалдаа эрхлэгч нь экспорт, импорт, дамжин өнгөрүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан дүрэм, журам, стандартын шаардлагыг мөрдөхийн тулд олон тооны мэдээлэл, бичиг баримтыг эрх бүхий байгууллагуудад цахим болон цаасан маягтаар бүрдүүлж өгдөг. Эдгээр давхардсан бичиг баримт, дагалдан гарах зардал нь хил, гааль, хяналтын зэрэг холбогдох байгууллага болон бизнесийн хүрээнийхэн (худалдаач, тээвэр, тээвэр зууч, гаалийн зууч гэх мэт)-д ихээхэн хүндрэл учруулдаг. Энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдэх нэг арга бол гадаад худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцогч талуудад стандартчилагдсан мэдээлэл, бичиг баримтыг нэгдсэн цахим орчинд төвлөрүүлэх "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ыг бий болгох явдал юм.
2.2. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг нэвтрүүлснээр гарах үр дүн.
Холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа, бичиг баримтын уялдаа холбоо сайжирч, үйл ажиллагааны давхардал арилан, үр ашиггүй зардал багасах, мэдээлэл солилцоог сайжруулснаар эрсдэлийн менежмент боловсронгуй болж, ил тод байдал дээшлэх, авлигал буурах, татвар, хураамж, төлбөрийг шуурхай, найдвартай аргаар хураан авч орлого нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид гадаад худалдаа хийхэд шаардагдах бичиг баримт, мэдээллийг нэг удаа, нэг цэгт бүрдүүлэх боломжтой болж цаг болон зардал хэмнэж, мэдээлэл тодорхой болсноор бизнесийн эрсдэл багасч, хугацаа хожимдлыг багасгаснаар түншийн итгэлийг олох, бизнесийн үйл ажиллагаагаа тогтворжуулан, бараа эргэлт хурдсах, ил тод байдал сайжирч, аливаа дарамт, шахалтад өртөх боломж буурч бизнесийн үйл ажиллагааны нийт зардал буурна.
3. Хөтөлбөрийн үндэслэл
3.1. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага.
Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улс 2005 оны байдлаар дэлхийн 180 орноос нийт экспортын хэмжээгээр 131, импортын хэмжээгээр 150 дугаар байранд орсон байна. Дэлхийн зах зээлд Монгол Улсын эзлэх жин бага ч, гадаад худалдааны цар хүрээ сүүлийн жилүүдэд ихээхэн хурдацтай тэлж, улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр нь жилээс жилд өсч байна. Манай улс 2006 он гэхэд дэлхийн 109 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт эргэлт 3 тэрбум америк долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад экспорт 55.9, импорт 54.4 хувьтай тэнцэж байна. 2006 оны байдлаар 70 оронд бараа экспортолж, 98 орны бараа импортолсон байна. 2005 он гэхэд Монгол Улсад 32870 экспортын, 79860 импортын гаалийн бүрдүүлэлт хийгджээ. 2006 онд Дэлхийн банкнаас 175 орныг хамарсан "Бизнес хийх орчны судалгаа" хийснээс бизнесийг хөнгөвчлөх үзүүлэлтээр Монгол Улс 45 дугаар байр эзэлж бүсийн хэмжээнд үнэлсэн 10 үзүүлэлтээс 6 үзүүлэлтэд нь хөрш орнуудтайгаа харьцуулахад маш сайн үнэлгээ авчээ. Харин 4 үзүүлэлтээр доогуур үнэлгээ авснаас "хил дамжсан худалдаа" гэсэн үзүүлэлтээр 175 орноос 162 дугаар байрт орсон байна.
Манай орны далайд гарцгүй байршил, хүн амын тархай суурьшил, эдийн засгийн жижиг цар хүрээ, дэд бүтцийн сул хөгжил, үр ашиггүй зохион байгуулалт зэрэг нь хувийн хэвшил хөгжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Гадаад худалдаанд тулгарч байгаа зохион байгуулалт, дэд бүтэц, хүний хүчин зүйлсээс хамааралтай хүндрэлийг цахим нэг цонхны үйлчилгээ гэх мэт худалдааг хөнгөвчлөх шинэлэг аргуудыг нэвтрүүлэх замаар шийдвэрлэх шаардлага гарч байна.
Засгийн газар сүүлийн жилүүдэд худалдааг хөнгөвчлөх, бизнесийг дэмжих зорилгоор эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тарифын болон тарифын бус хязгаарлалтыг тодорхойлох, гаалийн бүрдүүлэлт болон хяналт шалгалтын үйл ажиллагаанд орчин үеийн технологийн ололт амжилтыг ашиглах, тусгай зөвшөөрөл олгох болон бүртгэх шат дамжлагыг багасгах зорилгоор "нэг цэгийн үйлчилгээ"-ний зарчмыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа ч эрх бүхий байгууллагуудаас баталж гаргадаг төвөгтэй дүрэм, журам, олон шат дамжлага одоог хүртэл оршиж бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулсаар байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт,
үйл ажиллагаа, хамрах хүрээ
4. Хөтөлбөрийн зорилго
4.1. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг нэвтрүүлэн Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад худалдааны үйл ажиллагаанд учирч байгаа саад тотгор, давхардлыг арилгаж, үргүй зардлыг багасгах замаар бизнесийг хөнгөвчлөх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
5. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа
Хөтөлбөрийн зорилгыг дор дурдсан зорилт, тэдгээрт хамаарах үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ:
5.1. Нэгдүгээр зорилт
"Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх" хөтөлбөрийг нийтэд тайлбарлан таниулах, боловсрол олгох олон талт ажил зохион байгуулах.
Энэ зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1.1. гадаад худалдааны цахим нэг цонхны тухай ойлголтыг олон нийтэд сурталчлах, боловсрол олгох мэдээлэл харилцааны стратегийг боловсруулах;
5.1.2. Нээлттэй Засаг болон бусад веб сайт, телевиз, радио, сонин зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжуулан гадаад худалдааны цахим нэг цонхны тухай мэдээ, материалыг түгээх, цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах;
5.1.3. шийдвэр гаргах түвшний ажилтнуудад цахим нэг цонхны тухай мэдээлэл өгөх;
5.1.4. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны тухай ойлголт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийнхэнд зориулсан хэвлэлийн бага хурлуудыг зохион байгуулах.
5.2. Хоёрдугаар зорилт
"Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх.
Энэ зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.2.1. гадаад худалдааны зохицуулалтын талаар одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд дүн шинжилгээ хийх, цахим нэг цонхыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн орчин бүрдүүлэх;
5.2.2. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйл ажиллагааг удирдан явуулах, улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий бие даасан хуулийн этгээд байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх;
5.2.3. цахим зөвшөөрөл, гэрчилгээ, гарын үсэг, төлбөр, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсруулж батлуулах.
5.3. Гуравдугаар зорилт
Оролцогч талуудын мэдээллийн технологийн дэд бүтцийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг нягтлан судлах.
Энэ зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.3.1. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны оролцогч талуудыг цахим сүлжээнд бүрэн холбоход шаардагдах техник, технологийн шаардлага, хэрэгцээг тодорхойлох;
5.3.2. Стандартчилал, хэмжил зүйн төв болон Улсын мэргэжлийн хяналтын газрын мэдээллийн технологийн дотоод дэд бүтцэд үнэлгээ хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, үйлдлийн систем, хэрэглээний программ хангамжийг тодорхойлох.
5.4. Дөрөвдүгээр зорилт
"Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдуулан техник, эдийн засгийн дүн шинжилгээ хийх.
Энэ зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.4.1. оролцогч яам, агентлагаас гадаад худалдааны бичиг баримтад тавьж байгаа шаардлага, байгууллагын дотоод болон байгууллага хоорондын мэдээлэл солилцох журмыг судалж тэдгээрийн уялдааг хангах, хялбаршуулах хэрэгцээг тодорхойлох;
5.4.2. үндэсний стандартыг олон улсын стандарттай нийцүүлэх хэрэгцээ, шаардлагыг судлах;
5.4.3. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг удирдан явуулах улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээдийг байгуулахад шаардагдах хөрөнгийн хэрэгцээ, дотоод, гадаадын боломжит хөрөнгө оруулагчдыг судлах.
5.5. Тавдугаар зорилт
Улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хамтарсан хуулийн этгээдийн хэлбэр, бүтцийг тогтоох, хөрөнгө оруулагчид, стратегийн түншийг сонгох.
Энэ зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.5.1. улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хамтарсан хуулийн этгээдийн дүрэм, бүтэц, хөрөнгө оруулагчид, стратегийн түнштэй хийх гэрээний загварын боломжит хувилбаруудыг судлах;
5.5.2. дотоод, гадаадын хувийн хөрөнгө оруулагч, стратегийн түншид зориулж хөрөнгө оруулалтын санал, нууцлалын гэрээ зэрэг баримт бичгийн төсөл боловсруулах, тэднийг шаардлагатай мэдээллээр хангах;
5.5.3. улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хамтарсан хуулийн этгээдийн хөрөнгө оруулагчид, стратегийн түншийг сонгох, хөрөнгийн хувь хэмжээг тогтоох;
5.5.4. улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээдийн хэлбэр, бүтэц, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар оролцогч талууд, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын стратегийн түнштэй хамтран ажиллах.
5.6. Зургадугаар зорилт
Улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх.
Энэ зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.6.1. улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээдийн албан ёсны нээлтийг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг боловсруулан гаргах;
5.6.2. улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг эхлүүлэх.
6. Хөтөлбөрийн хамрах хүрээ
6.1. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны хөтөлбөрт дараахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамрагдана.
6.1.1. төрийн байгууллага:
-санхүү, үйлдвэр худалдаа, байгаль орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, зам, тээвэр, аялал жуулчлал болон хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, мэргэжлийн хяналт, стандарт, хэмжил зүйн асуудал хариуцсан Засгийн газрын агентлаг, тэдгээрийн орон нутаг дахь салбар, харъяа байгууллагууд, лабораториуд.
6.1.2. төрийн бус байгууллага:
-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим.
6.1.3. аж ахуйн нэгж:
-экспорт, импорт, банк, тээвэр зуучлал, лабораторийн шинжилгээ, тээвэр болон гаалийн зууч, логистикийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон бусад.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх
үе шат, зарчим
7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
"Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх" хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлнэ.
1 дүгээр үе шат: "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг байгуулах бэлтгэл ажил (2007 он). Энэ үе шатанд 1-4 дүгээр зорилт, түүнд хамаарах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2 дугаар үе шат: Улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээдийн хэлбэр, бүтцийг тогтоох (2008 оны 1-6 дугаар сар). Энэ үе шатанд 1, 5 дугаар зорилт, түүнд хамаарах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3 дугаар үе шат: Улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх (2008 оны 7 дугаар сар) Энэ үе шатанд 1, 6 дугаар зорилт, түүнд хамаарах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
8.1. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
8.1.1. улс төрийн хүсэл сонирхол (Засгийн газар, бизнес эрхлэгчид аль аль нь "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг хэрэгжүүлэх хүчтэй сонирхолтой байх);
8.1.2. мэдээлэл сурталчилгаа ("Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг хэрэгжүүлэх тухай сурталчилгааг хөтөлбөрийн бүх үе шатанд явуулж оролцогч талуудад хөтөлбөрийн зорилго, зорилт, чиглэл, явц, бэрхшээлийн талаар мэдээлж байх);
8.1.3. эрх зүйн таатай орчин (эрх зүйн орчинг бүрдүүлэх нь "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг хэрэгжүүлэх үндсэн угтвар нөхцөл мөн);
8.1.4. олон улсын шилдэг туршлага, технологи, стандарт, зөвлөмж (бичиг баримт, мэдээллийн загварыг олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн боловсруулах, туршлагаар батлагдсан технологи, загварыг сонгон авч хэрэглэх);
8.1.5. бизнесийн, бие даасан, хамтарсан компани ("Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг хэрэгжүүлэх хуулийн этгээд нь төрийн байгууллагуудын зохицуулалтыг хялбаршуулсан, улс төрийн нөлөөллөөс харьцангуй ангид, бие даасан байх нь амжилтад хүрэх гол хүчин зүйл гэдгийг олон улсын туршлага нотолж байгаа);
8.1.6. Засгийн газар болон хувийн хэвшлийн түншлэл (улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээдийг байгуулах замаар дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татан, цахим нэг цонхны хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг санхүүжүүлэх боломжийг нээх, одоо ашиглаж байгаа мэдээллийн технологийн дэд бүтцийг төрийн өмчийн оролцоо болгон ашиглах);
8.1.7. "Байгуул, ажиллуул, шилжүүл" нөхцөл (улсын болон хувийн хэвшлийн түншлэл бүхий хуулийн этгээд нь цахим нэг цонхны үйл ажиллагааг тодорхой хугацаанд үр дүнтэй, үр нөлөөтэй ажиллуулсны дараа Засгийн газарт хүлээлгэн өгөх, энэ нь цахим нэг цонхыг байгуулахад шаардагдах төсвийн ачааллыг багасгах, дэвшилтэт ноу-хау технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх нөхцөл болно);
8.1.8. хэрэглэхэд хялбар байдал ("Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг ашиглах талаар хэрэглэгчдэд зориулсан ойлгомжтой заавар, зөвлөмжийг гаргах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хэрэглэгчдэд туслах үйлчилгээг бий болгох).
Дөрөв. Үр дүн
9. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх" хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл, бэлтгэл ажил хангагдаж дараахь үр дүн гарна.
9.1. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээний талаар оролцогч талууд болон олон нийтийн ойлголт бий болж түүнийг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдэнэ.
9.2. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүй, зохион байгуулалтын орчин бүрдэж, хөрөнгө оруулагч, гадаад түншээ сонгосон байна.
9.3. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйл ажиллагааг удирдан явуулах бизнесийн, бие даасан, улсын болон хувийн хэвшлийн хамтарсан хуулийн этгээд байгуулагдана. Энэ нь цахим нэг цонхны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох, тогтворжуулах бүхий л ажлыг компани бие даан хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
9.4. "Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх"-ны үйлчилгээг байгуулснаар оролцогч талууд нь мэдээлэл шууд солилцох, бичиг баримтыг нэг цэг дээр, нэг удаа бүрдүүлж өгөх, зөвшөөрөл, гэрчилгээг цахим байдлаар олгох, хяналтыг шууд хийх боломжтой болж цаасан дээрх худалдаанаас хил дамжсан цаасгүй худалдаанд шилжинэ.
------оОо-----
Текст томруулах
A
A
A