A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, СУВИЛАХ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
                             Засгийн газрын 2007 оны 133 дугаар
           тогтоолын хавсралт
 
НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, СУВИЛАХ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг санхүүжүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
 
1.2.          Цэрэг, цагдаагийн албан хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг  төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Батлан хамгаалахын сайдын жил бүрийн төсвийн багцад тусган хэрэгжүүлнэ.
 
1.3. Сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлын хэмжээг цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
1.4. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчийн ажиллагааны явцад олсон өвчин эмгэг, гэмтлийг эмчлэх зорилгоор үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн тухай Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулна. Энэ тохиолдолд цэрэг, цагдаагийн албан хаагчийн өөрөө төлбөл зохих эмнэлгийн ор хоног, оношилгооны зардлыг энэхүү журмын 1.2-т заасан зардлаас гаргана.
 
Хоёр. Зардлын төрөл
 
2.1. Бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардал дараахь төрөлтэй байна:
 
2.1.1. Сэтгэл заслын сувилгааны зардал. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцоод ирсэн цэргийн албан хаагчид сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх, тайвшруулах, алжаал тайлахад шаардагдах зардлыг үүнд хамруулна.
 
     2.1.2. Бие бялдрыг нөхөн сэргээх зардал. Цэргийн албан хаагчийн бие бялдрыг нөхөн сэргээх зорилгоор бүх төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, сувилах, амраахад шаардагдах зардлыг үүнд хамааруулна.
 
            2.2. Сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах үйлчилгээнд хамрагдах бие бүрэлдэхүүн:
 
-НҮБ-ын  энхийг   сахиулах   ажиллагаанд  оролцсон  цэрэг,
цагдаагийн албан хаагч;
 
            -олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагч.
 
2.3. Энэ журмын 2.2-д заасан цэргийн албан хаагчийг сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлын аль төрөлд хамруулах, тэднийг амраах хугацаа, сувилах үйлчилгээний хэмжээг цэргийн эмч нарын комисс тогтооно.
 
Гурав. Зардлын хэмжээ
 
3.1. Энэхүү журмын 2.1.1, 2.1.2-т заасан зардлын хэмжээг  улсын эмнэлэг, сувилал, амралтын газраар үйлчлүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын дундаж хэмжээг үндэслэнэ.
 
3.2      Хэрэв цэргийн албан хаагчид өндөр өртөгтэй нарийн мэргэшлийн оношилгоо, шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай бол цэргийн албан хаагчийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн дэргэдэх цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гаргуулж зардлын хэмжээг тодорхойлно.
 
3.3. Нэг цэргийн албан хаагчид зарцуулах зардлын нийт хэмжээ нь тухайн цэргийн албан хаагчийн сүүлийн 3 сарын албан тушаалын дундаж цалингаас хэтрэхгүй байна. Зардлын нийт хэмжээнд өндөр өртөгтэй нарийн мэргэшлийн оношилгоо, шинжилгээний зардлыг оруулж тооцно.
 
Дөрөв. Зардлыг олгох
 
4.1. Бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг тухайн цэргийн албан хаагч нь энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцоод ирсэний дараа 3 сарын дотор багтаан батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
 
4.2. Бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх зардлыг амралт, сувилал, эмнэлгийн байгууллагад шууд шилжүүлнэ. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд уг зардлыг цэргийн албан хаагчид мөнгөн хэлбэрээр олгож болно.
 
 
 
-----оОо-----