- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН СУУЦ” ДЭД ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2007 оны 221 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага
Сүүлийн жилүүдэд барилгын салбарын хөгжил эрчимжиж, хот байгуулалтын ажил өргөжин, иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага өөрсдийн хүч хөрөнгөөр орон сууц барьж, энэ чиглэлээр гадаад, дотоодын зарим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч нийт хүн амын дийлэнх хэсэг, түүний дотор залуу гэр бүл, ядуу, нэн ядуу өрх болон ахмад настан, төрийн албан хаагчид зэрэг бага, дунд орлоготой иргэд орон сууц барих, худалдан авах, орон сууцныхаа нөхцөлийг сайжруулах боломж хязгаарлагдмал байна.
Нийт 120.6 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 20.9 хувь нь нийтийн зориулалттай орон сууцанд, 14.8 хувь нь амины орон сууцанд, 48.5 хувь нь гэрт, 15.8 хувь нь өөрийн орон сууцгүй байна.
Иргэд орон сууц худалдан авах, нөхцөлөө сайжруулахад орон сууцны урт хугацааны зээл авах эрх зүйн орчин хараахан бүрдээгүй, төрийн албан хаагчдын сарын дундаж орлого бага, орон сууц худалдан авахад нь зориулж татаас, хөнгөлөлт зэрэг санхүүгийн тогтолцоо, төрийн бодлогоор үзүүлэх дэмжлэг туслалцаа үгүйлэгдэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27.1.5-д "Төрийн албан хаагч нь төрөөс орон байраар хангагдах эрхтэй" гэж заасан, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд төрийн ажилтан, албан хаагчдын орон сууцны хангамжийг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулахаар тусгагдсан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх үндэслэл болж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчдын орон сууц худалдан авах төлбөрийн чадварыг нь сайжруулах зорилгоор тэдэнд зориулж тусгайлан орон сууц барих, санхүүгийн зарим хөнгөлөлт үзүүлэх зэргээр төрөөс тодорхой дэмжлэг үзүүлж, төрийн албан хаагчдын орон сууцны хангамжийг сайжруулахад оршино.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт,
үйл ажиллагааны чиглэл
Хөтөлбөрт дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
3.1. Төрийн албан хаагч орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх:
3.1.1. орон сууцны урт хугацааны бага хүүтэй зээлд хамруулах;
3.1.2. орон сууцны урт хугацааны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлж болно;
3.1.3. Засгийн газрын тусгай сан дахь зориулалтын хөрөнгөөс төрийн албан хаагчдад зээл олгох, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх;
3.1.4. орон сууц барихад нь зориулж төрийн албан хаагчдад зээл олгох асуудлыг төрийн байгууллага зохион байгуулж болох;
3.1.5. зээлээр орон сууц барихад зориулж төрийн байгууллагаас зээлийн баталгаа гаргаж болно;
3.1.6. орон сууцны зориулалттай газрыг зохих журмын дагуу олгох.
3.2. Төрийн албан хаагчдад зориулан орон сууц барихад дэмжлэг үзүүлэх:
3.2.1. орон сууцны зориулалтаар гаргасан бондын хөрөнгөөр орон сууц барих;
3.2.2. улсын төсвийн хөрөнгөөр түрээсийн орон сууц барих;
3.2.3. төрийн албан хаагчдад зориулж нэгдсэн журмаар барьж байгаа орон сууцны гаднахь инженерийн шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих.
3.3. Төрийн албан хаагчдын төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх:
3.3.1. төрийн албан хаагчдын цалинг эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, амьжиргааны өртөгтэй уялдуулан орон сууцны урт хугацаатай зээл авахад хүрэлцэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэх;
3.3.2. төрийн албан хаагчдыг орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрөө төлөхөд нь зориулж 3 хүртэл жилийн цалинтай тэнцэх хэмжээний цалингийн зээлийг ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох нөхцөл бүрдүүлэх.
Дөрөв. Төрийн албан хаагчдыг орон сууцны
хөнгөлөлтөд хамруулах зарчим
4.1. Төрийн албан хаагчдыг орон сууцны хөнгөлөлтөд хамруулах журмыг барилга, хот байгуулалтын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран дараахь зарчмыг баримтлан боловсруулж, батална:
4.1.1. төрийн албанд 5-аас дээш жил ажилласан байх;
4.1.2. төрийн албан хаагчдын төрийн албанд ажилласан жил, амьдралын нөхцөл, ажлын үр дүн, бүтээлч байдал, манлайлал, ур чадвар зэргийг харгалзан хөнгөлөлтийг сонгох;
4.1.3. нэг гэр бүлд хэд хэдэн төрийн албан хаагч амьдарч байгаа бол гэр бүлийн зөвхөн нэг гишүүнийг нь энэ журамд заасан хөнгөлөлтөд хамруулах;
4.1.4. тухайн төрийн байгууллага нь албан хаагчдыг орон сууцны хөнгөлөлтөд хамруулахдаа хамт олонд нээлттэй, ил тод, шударга байх зарчим баримтлах.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2015 он хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ. Эхний үе шат 2008-2009 он, хоёрдугаар үе шат 2010-2015 он.
5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
5.2.1. улс, орон нутгийн төсвийн хөрөнгө;
5.2.2. хөрөнгө оруулалтын бонд;
5.2.3. Засгийн газрын Тусгай сангийн зориулалтын
хөрөнгө;
5.2.4. Монгол Улсыг хөгжүүлэх сан;
5.2.5. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө;
5.2.6. бусад эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон сууцны бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллах бөгөөд орон сууцны бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
6.2. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, туршлага, анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг холбогдох байгууллагад тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг орон сууцны бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран эрхлэн гүйцэтгэнэ.
6.4. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр гаргана:
6.4.1. хөтөлбөрийн хүрээнд орон сууцтай болсон төрийн албан хаагчдын тоо;
6.4.2. орон сууцны нөхцөлөө сайжруулсан төрийн албан хаагчдын тоо;
6.4.3. орон сууцны урт хугацааны зээлийн хөнгөлөлтөд хамрагдсан төрийн албан хаагчдын тоо, улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
6.4.4. орон сууцны урт хугацаатай зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдсан төрийн албан хаагчдын тоо, улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
6.4.5. төрийн албан хаагчдад зориулан барьсан орон сууцны тоо;
6.4.6. төрийн албан хаагчдад зориулан барьсан түрээсийн орон сууцны тоо;
6.4.7. төрийн албан хаагчдын дундаж цалингийн өсөлт.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
"Төрийн албан хаагчдын орон сууц" дэд хөтөлбөр хэрэгжсэнээр:
7.1. Төрийн албан хаагчдад урт хугацаатай, бага хүүтэй зээлээр орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулах боломж бүрдэж амьдрах орчны нөхцөл сайжирна;
7.2. Орон сууцны эрэлт, хэрэгцээг дэмжиж, нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр орон сууцны зах зээлийн үнэд эерэг нөлөө үзүүлнэ;
7.3. Төрийн албан хаагчдын орон сууцны хангамж сайжирна;
7.4. Төрийн албан хаагчдын төлбөрийн чадвар нэмэгдэнэ.
------оОо-------
Текст томруулах
A
A
A