- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2007 оны 225 дугаар
тогтоолын хавсралт
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948)-д заасан хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (1966), Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (1966), Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (1979), энэхүү конвенцийн нэмэлт протокол (1999), Хүүхдийн эрхийн тухай конвенц (1989), Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол (2000), түүнчлэн Хүний эрхийн талаархи 1993 оны Венийн, Хүн ам ба хөгжлийн асуудлаархи 1994 оны Кайрын, Эмэгтэйчүүдийн байдлын тухай 1995 оны Бээжингийн бага хурлуудын шийдвэрүүдэд тусгагдсан гэр бүлийн гишүүн бүр аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дарамтаас ангид байх эрхийг хангахад чиглэгдэнэ.
1.1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар олсон амжилт
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи асуудлыг төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгайлан тусгаж, холбогдох олон улсын гэрээ, конвенциудад нэгдэн орсны зэрэгцээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шинээр баталсан нь төрөөс энэ асуудлыг ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хохирогчийг хамгаалах арга, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах журам зэрэг асуудлыг зохицуулсан болно.
Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого (2003)-ын баримт бичигт гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үндсэн чиглэлийг тодорхойлсон байна.
Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2004)-т гэр бүлд хууль зүй, сэтгэл зүйн болон амьжиргаагаа дээшлүүлэх зөвлөгөө өгөх, шаардлагатай үед гэр бүлийн гишүүдийг хүчирхийллээс хамгаалах түр байр ажиллуулах зэрэг үйлчилгээний сүлжээ бий болгох нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах нэг үр дүн байхаар заасан.
Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (2003)-т эмэгтэйчүүд гэр бүлийн харилцаанд тэгш оролцоход нь үзүүлэх нөлөөллийг үнэлэх шалгуурыг боловсруулан нэвтрүүлэх, байнгын хүчирхийлэлд өртөж болзошгүй эмэгтэйчүүд, хүүхдийг асран хамгаалах талаар гүйцэтгэх эрх мэдлийн зохих байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхээр заасан.
Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо байгуулагдан, орон тооны ажлын албатайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд үүсэн байгуулагдаж, энэ чиглэлээр хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, зарим төрлийн үйлчилгээг үзүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж байна.
Хүчирхийлэлд өртөгсдийг түр хамгаалах байрны зарим үйлчилгээг төрийн бус байгууллага бие даан хэрэгжүүлж, төрийн байгууллага үүнийг нь санхүүжүүлж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төрийн болон төрийн бус байгууллага хамтдаа тэмцэж эхэлсэн зэрэг нааштай алхмууд хийгдэж байна.
1.2. Хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлага
Хүн амьдралынхаа анхдагч орчин болох гэр бүлдээ айх аюулгүй, аливаа хүчирхийлэл, дарамтаас ангид, эрүүл саруул, аюулгүй орчинд эрх тэгш амьдрах эрхтэй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн.
Гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг шуурхай таслан зогсоох нь хохирогчийн аюулгүй байдлыг хангахаас гадна хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхэд зохих нөлөө үзүүлэх болно. Хүчирхийлэл бүхий нөхцөлд байгаа хохирогчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд анхааран үзэж гэр бүлийн хүчирхийллийн уршигт үр дагаврын нэг болох эрүүл мэнд, эрхтэн тогтолцооны бүрэн бүтэн байдал алдагдах, ойр дотны хүмүүсийнхээ гарт амь үрэгдэх явдлаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Гэр бүлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хувь хүнийг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, гэр бүлийн нөхцөл байдалд тохирсон тусламж, дэмжлэг үзүүлэх зэрэг нийгмийн ажлын үйлчилгээг гэр бүлийн гишүүдийн нас, хүйс, хөгжлийн онцлогийг харгалзсан өвөрмөц хэрэгцээнд тохируулахын зэрэгцээ тэдний нийтлэг эрх ашигт суурилсан цогц үйлчилгээг хүртээмжтэйгээр, мэргэжлийн түвшинд үзүүлэх шаардлагатай юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинээр батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа боловч уг хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт ороогүйн улмаас эрх зүйн иж бүрэн зохицуулалт бүрдээгүй байна.
Хууль тогтоомжийн харилцан уялдааг ханган, бие биеэ дэмжсэн цогц зохицуулалт бий болгох нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бүхий л үйл ажиллагааны хүрээнд үр дүнгээ үзүүлэх юм. Иймээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн болон хувь хүний ухамсар, хүмүүжил, үзэл хандлагатай шууд хамааралтай бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн зарим үйлдлийг нийгмийн аюултай үзэгдэл бус зөвхөн тухайн гэр бүлийн дотоод асуудал, гарцаагүй хэрэглэх арга мэтээр хүлээн авах явцуу ойлголт нийгэмд тодорхой хэмжээнд оршсоор байна.
Эрх нь зөрчигдөж байгааг хохирогч тэр бүр ухамсарлахгүй, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр, хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлагын талаархи мэдлэг дутмаг байна. Гэр бүлийн хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэх гол хүчин зүйл нь өрх гэрийн ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг эрхэмлэх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, бие биенээ хүндлэх замаар гэр бүлийн гишүүдийн ухамсар, соёлыг дээшлүүлэхэд оршино.
Иймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг өргөн хүрээнд авч үзэн эцэг, эхийн үүрэг, хариуцлага болон хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулах, гэр бүлийн боловсрол олгох, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх чиглэлээр нухацтай анхааран ажиллах шаардлага тулгарч байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох талаар гол үүрэг хариуцлага хүлээх төрийн байгууллагуудын тусгай үүрэг хариуцлагыг тодорхой заасан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бүтэц, механизм хангалттай бүрдээгүй, энэ төрлийн хүчирхийлэл бий болж байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах арга зүй, чадавхи дутмаг, үндэсний бусад төрөлжсөн хөтөлбөр, төсөл зэрэг баримт бичгүүдтэй уялдуулах нэгдмэл удирдлага, зохицуулалт бүрдээгүйгээс салбар хоорондын ажлын уялдаа холбоо хангагдаж чадахгүй байгаа тул гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих асуудал чухлаар тавигдаж байна.
Хүчирхийллийн тархалтын талаархи судалгаа, статистикийн мэдээ баримтжуулалт хангалтгүй байгаа нь хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны хүчин чармайлтыг сааруулахад нөлөөлж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлыг бүртгэх тодорхой журам, стандартыг цагдаа, шүүх, эрүүл мэндийн байгууллагад мөрдүүлж, мэдээллийг тогтмол цуглуулж, эргэн мэдээлэх мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх талаар хамтран ажиллах нь үр дүнтэй юм.
Хуулийн болон эрүүл мэндийн байгууллага, нийгмийн ажилтнуудын гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидтой ажиллах ур чадвар дутмаг, эерэг хандлага төлөвшөөгүй, чирэгдэл ихтэй зэрэг нь хохирогчид холбогдох байгууллагуудад хандахгүй, гэр бүлийн хүчирхийлэл дарагдан өнгөрөх нөхцөлийг бүрдүүлдэг тул хүний нөөцийг чадавхижуулах хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийлэл нь нийгмийн хурц асуудал болохын хувьд түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд төрийн оролцооноос гадна иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн хүчин чармайлт нэн чухал болно.
Хоёр. Хөтөлбөрийн эрхэм зорилго, тэргүүлэх
чиглэл, үндсэн зарчим
2.1. Хөтөлбөрийн эрхэм зорилго нь гэр бүлийн гишүүд хүчирхийллээс ангид амар амгалан, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлийн харилцаанд хүчирхийллийн бус арга, хэлбэрийг нэвтрүүлэх замаар хүний эрх, эрх чөлөөг хангаж, гэр бүлийн хүчирхийлэл үүсэн гарч байгаа шалтгаан нөхцөл болон нийгмийн сөрөг үзэгдлийг арилгахад оршино.
2.2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь хоорондоо харилцан уялдаа бүхий дараахь тэргүүлэх чиглэлтэй байна.
2.2.1. Хамгаалах
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэний дараа өртөх эрсдэл, болзошгүй аюул заналаас хохирогч болон гэр бүлийн бусад гишүүдийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүний эрхэд суурилсан эрх зүйн таатай орчин, бодлого, удирдамжийг боловсруулан хөгжүүлэх.
2.2.2. Үйлчилгээ үзүүлэх
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн хэрэгцээ, сонирхол, насанд тохирсон цогц үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх нийгмийн ажлын үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулан хөгжүүлэх.
2.2.3. Урьдчилан сэргийлэх
Олон нийтэд урт болон богино хугацааны боловсрол олгох албан ба албан бус хөтөлбөрөөр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэх, үл тэвчих ойлголт, мэдлэг, үүрэг хариуцлагыг дээшлүүлж, зан үйл, хандлагын эерэг өөрчлөлтийг бий болгохыг дэмжих.
2.3. Хөтөлбөрийг дор дурдсан үндсэн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ.
2.3.1. Аюулгүй байдлыг дээдлэн хангах зарчим
Гэр бүлийн гишүүд аюулгүй орчинд, айдасгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг тэргүүн ээлжинд анхаарч үзнэ.
2.3.2. Нийтлэг эрх, онцлог хэрэгцээнд суурилах зарчим
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэр бүлийн бусад гишүүдийн нийтлэг эрх ашиг болон онцлог хэрэгцээнд нийцсэн байна.
2.3.3. Салбар хоорондын зохицуулалтаар хангах зарчим
Харилцан хамааралтай, уялдаа холбоотой нь авч үзсэн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхдээ салбар хоорондын зохицуулалтаар хангана.
2.3.4. Оролцооны зарчим
Хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг бүхий л үйл ажиллагаа нь гэр бүлийн гишүүд болон олон нийтийн оролцоонд тулгуурлана.
Гурав. Хөтөлбөрийн хамрах хүрээ, зорилт,
хүрэх үр дүн, арга хэмжээ
А. Гэр бүлийн хүчирхийллийг шуурхай таслан зогсоох механизмын хүрээ
Зорилт 1
Хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг шуурхай таслан зогсоох механизмыг бий болгон хөгжүүлнэ.
Хүрэх үр дүн 1.1
Хохирогч болон гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд мэргэжлийн түвшинд шуурхай хамгаалагдах баталгаа бүрдсэн байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
1.1.1. Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах тухай шүүхийн шийдвэрийг шүүхээс нэн даруй гаргах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;
1.1.2. Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг тодорхой, боловсронгуй болгон хөгжүүлэх.
Хүрэх үр дүн 1.2
Гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг шуурхай таслан зогсоох үйл ажиллагаа нь стандартчилагдан журамлагдсан байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
1.2.1. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдтэй ажиллах удирдамж, стандартыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд дангаараа болон хамтран боловсруулж, мөрдөх;
1.2.2. Алслагдсан бүс нутгийн ард иргэд болон үндэстний цөөнхийн дунд гарч буй гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний онцлог хэрэгцээг судалсны үндсэн дээр холбогдох удирдамжийг боловсруулж мөрдүүлэх.
Хүрэх үр дүн 1.3
Хохирогчийн хэрэгцээнд тулгуурласан гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг таслан зогсоох мэргэжлийн үйлчилгээг үндэсний хэмжээнд шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлдэг болсон байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
1.3.1. Хохирогчийн аюулгүй байдлыг хангасан түр хамгаалах байрны сүлжээг үндэсний хэмжээнд бий болгох ажлыг зохион байгуулах;
1.3.2. Гэр бүлд мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа өгөх зорилгоор 24 цагийн утасны үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох;
1.3.3. Нийгмийн ажил, сэтгэл зүй, эрх зүйн үйлчилгээг нэг цэгийн буюу хамтарсан багийн хэлбэрээр хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;
1.3.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх асуудлыг иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор судалж, турших.
Б. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нийгмийн
ажлын үйлчилгээний хүрээ
Зорилт 2
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид болон тэдний гэр бүлд зориулсан нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгон хөгжүүлнэ.
Хүрэх үр дүн 2.1
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэх төр ба иргэний нийгмийн байгууллагын салбар хоорондын сүлжээт тогтолцоо бий болж, хамтран ажиллах чадавхи, бүтэц, зохион байгуулалтын механизм бэхжиж, боловсронгуй, тодорхой, хүртээмжтэй болно.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
2.1.1. Гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлыг эрхлэх төрийн бус байгууллага, ажилтныг зохих шалгуур үзүүлэлт, нөхцөл, болзлын дагуу сонгон шалгаруулах тогтолцоог бий болгож, эдгээр байгууллага, ажилтны ажлын байрны тодорхойлолт, эрх, үүргийг баталгаажуулан магадлан итгэмжлэх;
2.1.2. Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах замаар чадавхижуулж нийгмийн амьдралд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх;
2.1.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нийгмийн ажлын үйлчилгээний үр нөлөөний судалгааг хийх.
Хүрэх үр дүн 2.2
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүчирхийллээс ангижрах урт, богино хугацааны нийгэм, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээг хүртэх таатай орчин бүрдсэн байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
2.2.1. Хохирогчид шаардлагатай урт, дунд ба богино хугацааны нийгмийн ажлын үйлчилгээг ялгамжтайгаар тодорхойлох талаар судалж, удирдамж, заавар боловсруулан үндэсний хэмжээнд нэгдсэн журмаар мөрдүүлэх механизм бий болгох;
2.2.2. Хохирогч, тэдний гэр бүлийнхэнд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийг давтан бэлтгэх, их, дээд сургуулийн хичээлд нэмэлт хөтөлбөр боловсруулж оруулах талаар судалж, шийдвэрлэх.
Зорилт 3
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх нийгмийн ажлын үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлнэ.
Хүрэх үр дүн 3.1
Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх замаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид эерэг зан үйл төлөвшүүлэх арга, хэлбэр тодорхойлогдож, тодорхой загвар бий болсон байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.1.1. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
3.1.2. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сэтгэл засал, зөвлөгөө өгөх, чадавхижуулахад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжин хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
Зорилт 4
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн эрх ашигт нийцсэн нийгмийн ажлын үйлчилгээг хөгжүүлнэ.
Хүрэх үр дүн 4.1
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд тусгайлсан цогц үйлчилгээг хүргэж, хүчирхийллээс хамгаалах нөхцөл боломж бүрдэнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
4.1.1. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тархац, тандалтын талаархи судалгааг тогтмол хийх;
4.1.2. Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг бууруулахын тулд уг асуудлын учир шалтгаан, хүрээ, нийгэм, эрх зүйн үйлчилгээг хэрхэн хүртэж байгаа талаархи мэдээлэл судалгааны санг үндэсний хэмжээнд бүрдүүлэх;
4.1.3. Хүүхэд хамгааллын чиглэлээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, өмгөөлөгч, цагдаа, прокурор, шүүгч, багш гэх мэт холбогдох мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн бэлтгэж, хүний нөөцийг чадавхижуулах;
4.1.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд зохицуулан нийгмийн ажлын болон нөхөн сэргээх сэтгэл зүйн үйлчилгээний удирдамж, зааврыг тусгайлан боловсруулах, гарын авлага, зөвлөмжөөр хангах.
Зорилт 5
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн нийгмийн ажлын үйлчилгээг хөгжүүлнэ.
Хүрэх үр дүн 5.1
Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх замаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл бүхий бүлгийг тусгайлан хүчирхийллээс хамгаалах нөхцөл бүрдэнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.1.1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албан хаагч болон нийгмийн ажилтан тухайн гэр бүлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэхийг тодруулж, тэдэнд шаардлагатай нийгмийн ажлын үйлчилгээг тусгайлан үзүүлэх арга хэмжээ авах;
5.1.2. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээний удирдамж, стандартыг боловсруулж мөрдүүлэх.
В. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн
орчны хүрээ
Зорилт 6
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлнэ.
Хүрэх үр дүн 6.1
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж харилцан уялдаж, боловсронгуй болсон байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1.1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчийн эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэх зэрэг шаардлагын үүднээс зарим нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх;
6.1.2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний, Захиргааны хариуцлагын, Иргэний бүртгэлийн болон Тэмдэгтийн хураамжийн зэрэг бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх;
6.1.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээрх олон улсын баримт бичгүүдийг судалсны үндсэн дээр Монгол Улс нэгдэн орох талаар санал, дүгнэлт боловсруулан шийдвэрлүүлэх.
Хүрэх үр дүн 6.2
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн талаар нэгдсэн ойлголт бий болж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажил тогтмолжсон байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.2.1. Холбогдох хуулиудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор тогтмол зохион байгуулах;
6.2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр хуулийн хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудлын талаархи зөвлөмж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;
6.2.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн шинжлэх ухааны тайлбар гаргаж нийтийн хүртээл болгох арга хэмжээг зохих байгууллагуудын оролцоотой хэрэгжүүлэх.
Г. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх ажиллагааны хүрээ
Зорилт 7
Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих нийгмийн ухамсрыг дээшлүүлнэ.
Хүрэх үр дүн 7.1
Гэр бүлийн гишүүд бие биенээ хүндэтгэх, хүчирхийлэлгүй аж төрөх хандлага нийгэмд тодорхой хэмжээнд төлөвшинө.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
7.1.1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар олон нийтэд зориулсан ухуулга сурталчилгааны стратегийг боловсруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлэх;
7.1.2. Олон нийтэд зориулсан албан бус сургалт, сурталчилгааны ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулах;
7.1.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ойлголт, мэдлэг, хандлага, ухамсрыг дээшлүүлэх, энэ талаархи хууль тогтоомжийг сурталчлахад зориулсан зөвлөмж, гарын авлага, материалуудыг боловсруулах чиглэлээр төрөл бүрийн мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн баг бүрдүүлэн ажиллах;
7.1.4. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх;
7.1.5. Гэр бүлийн харилцааны болон гэр бүлийн хүчирхийллийн тархалтын судалгааг хийх;
7.1.6. Монгол гэр бүлийн дэвшилтэт өв уламжлал, ёс заншлыг өвлүүлэн гэр бүлийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах.
Хүрэх үр дүн 7.2
Хамт олон, хөрш зэрэг нийгмийн бичил хэсэг нь хүчирхийлэлд өртөгсдөд мэдрэмжтэй, хариуцлагатай хандах ухамсар төлөвшинө.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
7.2.1. Хүчирхийллээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлаар зорилтот бүлэг, олон нийтэд зориулсан гарын авлагыг бэлтгэн түгээх;
7.2.2. Эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг сонгон хэрэгжүүлэх;
7.2.3. Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад хүчирхийлэл, жендэрийн талаархи судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулах, сурталчлах зэрэг арга замаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хандлагыг төлөвшүүлэх;
7.2.4. Шинээр гэр бүл бологсдод зориулан гэр бүлийн үүрэг, хариуцлага болон жендэрийн харилцааны чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
7.2.5. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт гэр бүлийн хөгжил, хүчирхийлэлгүй аж төрөх харилцааны асуудлыг тусгах.
Хүрэх үр дүн 7.3
Гэр бүлд хүний эрхийг хүндэтгэн үзэх хандлага төлөвшин гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
7.3.1. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид эерэг зан үйл төлөвшүүлэх зорилго бүхий ухуулга, сурталчилгаа, сургалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;
7.3.2. Хохирогчийг чадавхижуулахад чиглэсэн ухуулга, сурталчилгаа, сургалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулах.
Д. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан
сэргийлэх үндэсний чадавхийн хүрээ
Зорилт 8
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд салбар хоорондын зохицуулалтыг хангах үндэсний чадавхийг бэхжүүлнэ.
Хүрэх үр дүн 8.1
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаархи салбар хоорондын зохицуулалтыг хангахад чиглэсэн болон мэргэшсэн үндэсний тогтолцоо бүрдсэн байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
8.1.1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг дагнан хариуцаж, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нэгжийг Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны бүтцэд үүсгэн байгуулах;
8.1.2. 8.1.1-д заасан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх орон тооны бүтцийг Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албанд бий болгох;
8.1.3. Гэр бүлийн хэргийг шийдвэрлэх чиглэлээр шүүгчдийг мэргэшүүлэх, дагнасан шүүхийг бий болгох асуудлыг судлах;
8.1.4. Цагдаагийн байгууллагын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгжийг бий болгох асуудлыг судлах.
Зорилт 9
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр салбарын болон орон нутгийн хооронд мэдээлэл байнга солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.
Хүрэх үр дүн 9.1
Мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээ, материалыг холбогдох эх сурвалжаас цуглуулах, хэрэглэгчдэд мэдээлэх боломжтой болсон байна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
9.1.1. Гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийг цуглуулж сан бүрдүүлэх, статистик мэдээллийг боловсронгуй болгох замаар мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгон хөгжүүлэх;
9.1.2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд шаардлагатай маягт, бүртгэлийг эрх бүхий байгууллагуудаас баталж мөрдүүлэх;
9.1.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенциудын хороодоос өгсөн зөвлөмж болон түүнийг хэрэгжүүлэх ажлын үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх ажлыг тогтмолжуулах.
Зорилт 10
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ.
Хүрэх үр дүн 10.1
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар төрийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирч, хүний нөөцийн чадавхи дээшилнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
10.1.1. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
10.1.2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх шүүгч, прокурор, цагдаа, өмгөөлөгч, сэтгэл зүйч, эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилтан болон салбарын бодлого боловсруулагч мэргэжилтнүүдэд хууль тогтоомжоор хүлээлгэсэн нийтлэг болон тусгай үүрэгтэй нь холбогдуулан цогц сургалтыг тогтмол зохион байгуулах;
10.1.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаархи судалгааны ажлыг хөгжүүлэн, эрдэмтэд, судлаачдыг өргөнөөр оролцуулах;
10.1.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаархи төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, санхүүжүүлэх арга хэрэгслийг бүрдүүлэх;
10.1.5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил, үйлчилгээний чанарт хяналт тавьж, үр дүнг нь үнэлж дүгнэн, сайжруулах нэгдсэн стандарт боловсруулж мөрдөх;
10.1.6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн санал санаачилгыг дэмжин, хөрөнгө нөөцийг бүрдүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
4.1. Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо нь хөтөлбөрийн хэрэгжилтийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргасан бусад хөтөлбөртэй уялдуулан зохицуулна.
4.2. Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр салбарын яамд, холбогдох бусад байгууллагын хийх ажлыг тусгасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг жил бүр баталж, хэрэгжилтийг удирдан зохион байгуулна.
4.3. Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын ба бусад түншлэлийн байгууллага, иргэдтэй энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
4.5. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого болон Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилттой нийцүүлэн улс орны нийгэм, эдийн засгийн нөөц боломж, хамтын ажиллагааны хүрээнд үе шаттайгаар зохион байгуулна.
4.6. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа хүн ам, нийгмийн бүлгүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, нийгмийн халамж, хамгаалал, өсвөр үеийн оролцоо, хүний эрх, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн бусад хөтөлбөр, төсөлтэй уялдуулан зохицуулна.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа,
санхүүжилт, тайлан мэдээлэл
5.1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт болон Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогын хугацаатай уялдуулан хөтөлбөрийг 2007-2015 онд 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
5.1.1. Эхний үе шат нь 2007-2009 оныг хамаарах бөгөөд энэ үеийн үнэлгээгээр хөтөлбөрт зарим нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
5.1.2. Хоёр дахь үе шат нь 2010-2012 оныг хамаарах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийн завсрын үнэлгээг хийж, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хөтөлбөрт зарим нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
5.1.3. Гурав дахь үе шат нь 2013-2015 оныг хамааруулан хэрэгжүүлж, хөтөлбөрийн эцсийн үр дүнг тооцно. Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг үндэсний болон орон нутгийн хэмжээнд нэгтгэн гаргаж, олсон амжилт, туршлага, авсан сургамжид үнэлгээ өгнө.
5.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
5.2.1. Улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
5.2.2. Хандивлагч орон болон олон улсын байгууллагын тусламж, хандив;
5.2.3. Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;
5.2.4. Хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
5.3. Хөтөлбөрийн санхүүжилт:
5.3.1. Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд зориулсан төвлөрсөн арга хэмжээний санхүүжилтийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
5.3.2. Санхүүжилтийг Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны төсөвт тусгана.
5.4. Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, хандивлагч орны шугамаар олгосон хандив, тусламж, түүнчлэн гэр бүл, олон нийт, иргэдийн үүсгэл санаачилга, оролцоотойгоор хуримтлуулсан хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой хөтөлбөрийн санхүүжилтийн тайланг сум, дүүрэг, аймаг, нийслэл болон үндэсний хэмжээнд тогтмол мэдээлж, хандивлагч, гүйцэтгэгчийн үйл ажиллагааг жил тутам шударгаар үнэлэн урамшуулах ажлыг зохион байгуулна.
Зургаа. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Яамд болон бусад байгууллага нь энэхүү хөтөлбөрийн холбогдох арга хэмжээ тус бүрийнхээ хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороонд хүргүүлснээр тус хороо хөтөлбөрт бүхэлд нь нэгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
6.2. Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тайланг жил бүр Засгийн газарт танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгнө.
6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд иргэний нийгмийн байгууллага, иргэдийг өргөнөөр оролцуулна.
-------оОо-------
Текст томруулах
A
A
A