- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОХИРЛЫГ ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР БАРАГДУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2007 оны 242 дугаар
тогтоолын хавсралт
ХОХИРЛЫГ ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР БАРАГДУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн 5.1, 5.2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлын бодит хэмжээг нь тогтоосон хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлын 50 хувийг улсын төсвийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах, улсын төсвийн хөрөнгийг нөхөн бүрдүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахад энэхүү журмыг баримтална.
Хоёр. Улсын төсвийн хөрөнгөөр хохирлыг барагдуулах
2.1. Улсын төсвийн хөрөнгөөр хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах ажлыг Хохирол барагдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг (цаашид "ажлын хэсэг" гэх) гүйцэтгэнэ.
2.2. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан шийдвэрээр байгуулна.
2.3. Ажлын хэсэг нь хохирол барагдуулах мөнгийг зөвхөн шүүхийн шийтгэх тогтоолд нэр нь орсон хохирогч (цаашид "төлбөр авагч" гэх)-д олгоно.
2.4. Улсын төсвөөс олгосон хөрөнгийг тэргүүн ээлжинд буцаан олгох гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгийг тухайн хохирогчийн хадгаламжийн данс (харилцах данс)-д шилжүүлнэ.
2.5. Хэрэв төлбөр авагч нь хуулийн этгээд бол тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын хэсэгт нотариатаар баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, банкны тодорхойлолт бүхий харилцах дансны дугаарыг эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй хүсэлтийн хамт ирүүлнэ.
2.6. Төлбөр авагч нь хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас мөнгийг өөрөө хүлээн авах боломжгүй болсон тохиолдолд мөнгө хүлээн авах эрхийг нь нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийг үндэслэн бусад этгээдэд олгож болно.
2.7. Ажлын хэсэг нь төлбөр авагчдын нэрс, тэдэнд олгохоор шийдвэрлэсэн мөнгөний хэмжээг жагсаалтаар гарган тухайн хоршооны хадгаламж эзэмшигч нарт урьдчилан танилцуулна.
2.8. Ажлын хэсэг нь энэ журмын 2.4-т заасан гэрээний нөхцөл болон хохирол барагдуулахтай холбогдсон бусад үйл ажиллагааны талаар төлбөр авагчаас гаргасан санал, гомдлыг хүлээн авч, судлан шийдвэрлэнэ. Маргаан үүссэн тохиолдолд уг маргаан шийдвэрлэгдэх хүртэл тухайн төлбөр авагчтай холбоотой хохирол барагдуулах, мөнгө олгох ажиллагааг түдгэлзүүлнэ.
Гурав. Хохирол барагдуулах ажиллагаанд
төлбөр авагч оролцох
3.1. Албадан дуудлага худалдаа, үнэ хаялцуулах худалдаа болон хохирол барагдуулах бусад ажиллагаанд төлбөр авагчдын төлөөлөл болгон тухайн хадгаламж зээлийн хоршооноос томилсон 3 хүртэл хүнийг ажиглагчаар оролцуулж болно.
3.2. Ажиглагчаар оролцох төлбөр авагчдын төлөөлөгч нь зөвхөн тухайн хоршооноос төлбөр авахаар шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан хадгаламж эзэмшигч байна.
Дөрөв. Битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хүлээлцэх
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь битүүмжлэгдсэн хөдлөх эд хөрөнгийг зориулалтын агуулахад, үл хөдлөх эд хөрөнгийг газар дээр нь зохих журмын дагуу баримтжуулан шүүхийн болон цагдаагийн байгууллагаас хүлээн авна.
4.2. Эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын хэсэг шүүх болон мөрдөн байцаах газрын ажлын хэсэгтэй харилцан хүлээлцэнэ. Ингэхдээ тухайн хөрөнгийн чанар, тоо, хэмжээг нарийвчлан тусгасан тэмдэглэл хөтөлж, талууд гарын үсэг зурна.
Тав. Битүүмжлэгдсэн эд хөрөнгийг худалдан борлуулах
5.1. Битүүмжлэгдсэн хөдлөх эд хөрөнгийг дэлгүүрийн журмаар болон үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаагаар, үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар тус тус худалдан борлуулна.
5.2. Битүүмжлэгдсэн эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дуудлага худалдааны комисс (цаашид "комисс" гэх) хийж гүйцэтгэнэ.
5.3. Комисс дараахь үйл ажиллагааг явуулна:
5.3.1. дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн жагсаалтыг батлах;
5.3.2. дуудлага худалдааны бэлтгэл ажлыг хангах, зар гаргах;
5.3.3. дуудлага худалдааг зохион байгуулах;
5.3.4. дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа худалдагдсан эд хөрөнгийг шилжүүлэх, үнийг бэлэн болон бэлэн бусаар төвлөрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх;
5.3.5. дуудлага худалдаатай холбогдон гарсан санал, гомдолд албан ёсоор хариу өгөх.
5.4. Комиссын шийдвэрт комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зургаа. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан
дуудлага худалдаа
6.1. Комисс нь дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтыг баталж, холбогдох мэдээллийг дуудлага худалдаа явагдахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
6.2. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар зохицуулна./Энэ хэсгийг 2012-12-22-ны 187-р тогтоолоор өөрчилсөн/
6.3. Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт албадан дуудлага худалдаагаар худалдана.
6.4. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцох этгээд саналын хуудас бөглөж, иргэн бол иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг комисст бүртгүүлж оролцох эрх авна. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байна.
6.5. Оролцогч нь худалдах үл хөдлөх эд хөрөнгийг дуудах анхны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зохих дансанд тушааж, баримт авсан байна.
6.6. Дуудлага худалдаанд оролцох эрх авсан этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явагдахаас өмнөх өдрийн 18.00 цагаас өмнө энэ журмын 6.4, 6.5-д заасан баримт бичгийг дугтуйлан битүүмжлэгдсэн хайрцагт хийснээр дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх ажиллагаа дуусгавар болно.
6.7. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцсон ялагчийн дэнчингийн мөнгийг худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнд оруулан тооцно. Бусад оролцогчийн дэнчингийн мөнгийг дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа 24 цагийн дотор буцаан олгоно.
6.8. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч дуудлага худалдаа явагдаж дууссанаас хойш 7 хоногийн хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд дэнчингийн мөнгийг улсын орлого болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг дахин дуудлага худалдаанд оруулна.
6.9. Хоёр дахь дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.
Долоо. Хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах
7.1 Дуудлага худалдаанд оруулах хөдлөх эд хөрөнгийн талаархи мэдээлэл, анхны үнэ, холбогдох материалын жагсаалтыг шийдвэр гүйцэтгэгч бүрдүүлэн комиссоор хэлэлцүүлнэ.
7.2. Комисс хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой материалыг хэлэлцэж, худалдан борлуулахаар шийдвэрлэсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж 7 хоногийн дараа дэлгүүрийн журмаар 1 сарын дотор худалдан борлуулна.
7.3. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийг “Үнэлгээний комисс” дахин үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар зохицуулна./Энэ хэсгийг ЗГ-ын 2012-12-22-ны 187-р тогтоолоор өөрчилсөн/
7.4. Үнийг тогтоох “Үнэлгээний комисс”-ыг Хууль зүйн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулна. /Энэ хэсгийг ЗГ-ын 2012-12-22-ны 187-р тогтоолоор нэмсэн/
Найм. Үнэт цаас, эрхийн гэрчилгээ, тусгай
зөвшөөрлийг худалдан борлуулах
8.1. Үнэт цаас болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаанд холбогдох хуулиар тогтоосон журмыг баримтална.
Ес. Эд хөрөнгийг худалдан борлуулсан
орлогыг хуваарилах
9.1. Хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчийн хохирлыг улсын төсвийн хөрөнгөөр барагдуулсан мөнгөний үнийн дүнгийн хэмжээгээр тухайн хоршооны эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос тэргүүн ээлжинд улсын төсвийн зохих дансанд нөхөн төвлөрүүлнэ.
9.2. Энэ журмын 9.1-д заасны дагуу улсын төсөвт төвлөрүүлсний дараа үлдсэн орлогыг тухайн хоршооны хохирогчдод хөрөнгө оруулсан болон хадгалуулсан хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно.
Арав. Худалдан борлогдоогүй эд хөрөнгийн талаар
10.1. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хохирлыг барагдуулсан мөнгийг нөхөн бүрдүүлээгүй тохиолдолд үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд борлогдоогүй эд хөрөнгийг эргэн төлөгдөөгүй хэмжээгээр Төрийн өмчийн хороонд шилжүүлж болно.
10.2. Төрийн өмчийн хороо эд хөрөнгийг шилжүүлэн аваагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг тухайн хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдод хувь тэнцүүлэн буцаан олгох ажиллагааг зохион байгуулна.
----оОо----
Текст томруулах
A
A
A