A

A

A

Бүлэг: 1979
                         Засгийн газрын 2007 оны 255 дугаар                 тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ЦАА БУГЫН АЖ АХУЙГ СЭРГЭЭХ, ЦААЧДЫН АМЬДРАЛЫН ТҮВШИНГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР 
       Нэг. Гэрийн тэжээвэр цаа бугын аж ахуй болон                     цаачдын өнөөгийн байдал
 
1. Цаа буга маллаж тайгад амьдардаг уйгар угсааны Тувачуудыг 1955 онд өөрсдийнх нь хүсэлтээр албан ёсоор Монгол Улсын харъяат болгосон бөгөөд үндэстний цөөнх юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1985 онд загасны арвин нөөцтэй Цагаан нуурыг түшиглэн ангийн аж ахуй байгуулж    Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдад харьяалагдаж байсан цаа буга бүхий иргэдийг нэгтгэн нэг сум болгосон юм. Тухайн үед төр, засгаас цаачдын ахуй амьдралыг тусгайлан анхаарч цаа малласны хөлсийг бусад малынхаас харьцангуй өндөр тогтоон, хүнсэнд нь зориулан бусад малын мах өгч байсны зэрэгцээ сар тутам өрх бүрт 210 төгрөгийн тэтгэмж олгож байжээ.
 
2. Хөвсгөл аймгийн хойд хэсгийн ой, тайга бүхий нутагт гэрийн тэжээвэр цаа бугыг үржүүлдэг бөгөөд 2006 оны байдлаар нийт 859 цаа буга тоологдсоны 726 нь Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад амьдардаг тува иргэд                   (цаашид "цаачин" гэх)-ийн өмчлөлд байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур сум нь аймгийн төвөөс 300 км-т Оросын Холбооны Улстай хил залгаа оршдог бөгөөд 338 өрх, 1400 гаруй хүн амтай, төвийн болон хөдөөгийн гэсэн 2 багтай, цаа бугаас гадна 10 мянга орчим малтай байна. Тус суманд үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгж байхгүй, иргэдийн дийлэнх нь амьжиргааны доод түвшинд байна. Цагааннуур сумын хэмжээнд     75 өрхөд 336 цаачин иргэн амьдарч байгаагийн 49 нь            0-8 хүртэлх, 80 нь 8-16 насны хүүхэд, 176 нь 16-55 насны,     31 нь 56-аас дээш насны хүмүүс байна. Эдгээр өрхийн       74.7 хувь буюу 37 нь нэн ядуу, 19 нь ядуу амьдралтай юм. Өрх толгойлсон эмэгтэй 34 байна. Одоогийн байдлаар Цагааннуур сумын баруун тайгад 28 өрхийн 132, зүүн тайгад 24 өрхийн   111 бүгд 243 хүн урцанд амьдарч байгаагийн 112 нь эрэгтэй, 131 нь эмэгтэй юм. Эдгээр иргэдийн хамгийн өндөр настай нь 65-тай бөгөөд цаг агаарын хүнд нөхцөл болон амьдрах орчноос шалтгаалан тэдний дундаж наслалт улсын дундажаас нилээд доогуур байна. Улаан-Уул, Хатгал сумдад тус бүр нэгээс хоёр өрх цөөн тооны цаа буга малладаг. Цаа буга нь жилийн турш хөвдөөр хооллодог тул түүнийг малладаг иргэд цаагаа дагаж далайн түвшнөөс 2500-3500 метр өндөрт өргөгдсөн сарьдаг уул бүхий нутагт урцанд сууж, ан гөрөө хийж, байгалийн баялаг ашиглан амьдарсаар өдийг хүрчээ. Өвлийн улиралд 29-53 хэм хүртэл хүйтэрч, зун нь 12-23 хэм дулаардаг эрс тэс уур амьсгалтай.
 
3. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад ангийн аж ахуй нь бие даан үйл ажиллагаа явуулж чадахгүй болж цаа бугыг нь хувьчилж, төрөөс тэдэнд тэтгэмж олгохоо больсон тул цаачдын амьдрал ихээхэн хүндэрч, цаа бугаа хүнсэнд хэрэглэх, цусан эврийг нь борлуулах зэргээс шалтгаалан цааны тоо нь эрс цөөрч 2003 онд 600 орчимд хүрч цөөрсөн хэдий ч сүүлийн жилүүдэд өсөх хандлага ажиглагдах боллоо. Одоо байгаа цаа бугын сүргийн бүтцийг нь авч үзвэл этэр (хээлтүүлэгч)-20, мянд (хээлтэгч)- 238, зарь (агталсан эр цаа)-236, бусад нь өсвөр насных бөгөөд хээлтэгчийн хувийн жин 32.8 хувь байна.
 
4. Хөрөнгийн хомсдлоос шалтгаалан мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ  зохих хэмжээнд бүрэн хийгдээгүйгээс цаа буганы цус ойртон давжаарах, ашиг шим нь буурах, өвчин, эмгэгт өртөмтгий болох шинж тэмдгүүд илэрч байгааг мэргэжлийн байгууллага, судлаачид тогтоосон болно. Одоо тайгад амьдарч байгаа нийт 52 өрхийн ерөнхийдөө амьдралын түвшин ихээхэн доогуур, үүнээс 26 буюу 50 хувь нь           1-10 цаатай, 10 нь 11-20 цаатай, хамгийн олон буюу         53-68 цаатай өрх 3 байна. Эдгээрийн дийлэнх нь гадаад орон, олон улсын байгууллага, сайн санаат хүмүүсийн тусламжинд тулгуурлан амьдардаг. Сүүлийн жилүүдэд зарим хэсэг нь ямаа, сарлаг, адуу зэрэг цөөн тооны малтай болж тайгаасаа бууж ирэх эхлэл ажиглагдаж байна.
 
Хоёр. Хөтөлбөрийг боловсруулах шаардлага,          үндэслэл, хамрах хүрээ
 
5. Үндэстний цөөнх болсон цаачин иргэдийг анхаарах, ялангуяа цаа буга маллан тайгад амьдардаг хүмүүсийн нийгмийн асуудлыг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
 
6. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 51.1-д "монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх" тухай, "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн                  4.2.2, 4.2.3-д Засгийн газар нь "мал сүргийг ... өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, ашиг шим, удамшлын чадавхийг сайжруулна" "төрөл зүйлийн хувьд мөхөхөд хүрч байгаа мал, тэжээвэр амьтдыг тусгайлан хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ" гэж тус тус заасан байна. Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Духа ястны нийгмийн болон эрүүл мэнд, соёл иргэншлийн асуудлыг цаа бугын аж ахуйг сэргээн хөгжүүлэхтэй хамт иж бүрэн шийдвэрлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх"-ээр тусгагдсан. Дээрх нөхцөл байдал нь хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх үндэслэл шаардлага болж байна.
 
7. Хөтөлбөрийн хамрах хүрээ: Хөтөлбөрт Хөвсгөлийн тайгад гэрийн тэжээвэр цаа буга маллан амьдардаг иргэдийг хамруулна.
 
 
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
 
8. Гэрийн тэжээвэр цаа бугын удмын сан, эрүүл мэндийг нь хамгаалж өсгөх, ашиг шимийг нь зохистой ашиглах замаар цаачдын ахуй нөхцлийг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
 
9. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж байна:
 
9.1. Цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
 
9.2. Цаа бугын аж ахуй эрхэлж амьдардаг цаачин иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
 
9.3. Цаачин иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
 
10. Хөтөлбөрийн 9.1-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
10.1. Цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн мал эмнэлэг, үржлийн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэх;
 
10.2. Цаа буга үржүүлдэг бусад орноос үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч авч цааны үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах;
 
10.3. Цаа бугын удмын санг хамгаалж, сонгон үржүүлэх, үржил ашиг шимт чанарыг нь бататган сайжруулах чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх;
 
10.4. Цаа бугын арчилгаа маллагааны технологийг боловсруулж мөрдүүлэхийн зэрэгцээ эрдэс тэжээлийн хангамжийг сайжруулах;
 
10.5. Цаа бугаа өсгөн үржүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
 
10.6. Цаа буга маллаж тайгад амьдардаг иргэдийн хүүхдүүдээс сонгон шалгаруулж малын эмч болон мал зүйч мэргэжилтэн бэлтгэж, орон нутагтаа тогтвор сууршилтай ажиллах нөхцөл бүрдүүлэх;
 
10.7. Цаа бугыг үржлийн чиглэлээр өсгөн бойжуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжид гадаадын байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
 
11. Хөтөлбөрийн 9.2-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
11.1. Цаа буга маллан амьдардаг иргэдийн нутагт нь соёл, үйлчилгээний төв бий болгож, тэнд сургалт зохион байгуулах, худалдаа, үйлчилгээ явуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх, жуулчин хүлээн авах нөхцөл бүрдүүлэх;
 
11.2. Цаачин иргэдийн уламжлалт ёс, зан үйл, соёлын байдлыг судлан тогтоох;
 
11.3. Эхний ээлжинд Цагааннуур сумын баруун, зүүн тайгын цаа малладаг тус бүр 2 өрхөд өвлийн байр барьж өгч, тухайн нөхцөлд амьдрах боломжийг нь туршиж, үр дүнтэй бол бусад цаачдыг ээлж дараалан хамруулах;
 
11.4. Цаачдыг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамруулах, үнэ төлбөргүй эмчлэн сувилах;
 
11.5. Цаачдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах;
 
11.6. Цаачин иргэдэд үйлчлэх багийн эмчийг унаагаар хангах, баруун, зүүн тайгын иргэдийн ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдээс сонгон шалгаруулж хүний эмчийн мэргэжил эзэмшүүлж, орон нутагт нь тогтвор суурьшилтай ажиллуулах;
 
11.7. Баруун болон зүүн тайгад амьдардаг цаачин өрх бүрийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болгох;
 
11.8. Тайгын соёл, үйлчилгээний төвийг сум, аймгийн төвтэй харилцах холбоотой болгох;
 
11.9. Тайгад амьдардаг цаачдыг хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжинд хамруулах;
 
11.10. Цөөн цаатай өрхийг бусад төрлийн мал маллах буюу өөр ажил эрхлэхийг дэмжих;
 
12. Хөтөлбөрийн 9.3-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
12.1. Цаачдад амьдрах ухаан олгох, тэдгээрийн боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэх чиглэлээр албан бус дараахь сургалтыг зохион байгуулах:
 
12.1.1. цаачдад аялал жуулчлалын анхан шатны мэдлэг болон жуулчидтай харилцах арга барил эзэмшүүлэх, цаа бугын гаралтай түүхий эдээр бэлэг дурсгалын болон ахуйн хэрэгцээний эд зүйлс хийх ур чадварт сургах;
 
12.1.2. цаа буганаас өөр төрлийн мал аж ахуй эрхлэх, бүтээгдэхүүн боловсруулах арга технологийн сургалтанд хамруулах;
 
12.1.3. экологи, эрүүл мэндийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах.
 
12.2. Цаачдын хүүхдийг боловсролд тэгш хамруулж, сургууль завсардалтаас сэргийлэх дараахь арга хэмжээг хэрэгжүүлэх:
 
12.2.1. сургуулийн өмнөх насны хүүхдийн хувилбарт сургалтуудыг баруун, зүүн тайгад тогтмол зохион байгуулж, бага насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, хамрагдалтад онцгой анхаарах;
 
12.2.2. ерөнхий боловсролын сургуулийн бага ангид тува хэлний хичээлийг сургалтын төлөвлөгөөн дэх сургуулийн мэдлийн цагийн хүрээнд зохицуулан оруулах;
 
12.2.3. сурах бичиг, сургалтын зарим хэрэглэгдэхүүнийг тува хэл дээр орчуулах ажлыг дэмжих, энэ чиглэлээр Оросын Холбооны Улсын Тува Улсын Кызылийн багшийн их сургуультай хамтран ажиллах;
 
12.2.4. ерөнхий боловсролын дунд сургуульд сурдаг цаачдын хүүхдийг үнэ төлбөргүй сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцасаар хангах арга хэмжээ авах;
 
12.2.5. Цагааннуур сумын сургуулийн дотуур байрыг өргөтгөн тохижуулах замаар цаачдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангах, улмаар сургуульд тэгш хамруулах асуудлыг шийдвэрлэх;
 
12.2.6. Цагааннуур сумын сургууль, цэцэрлэг, "Гэгээрэл" төвийн багш нарын мэргэжил, заах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн болон төвлөрсөн сургалтад тогтмол хамруулах;
 
12.2.7. цаачдын оролцоотойгоор урлагийн бэсрэг наадмыг сум, аймагт зохион байгуулж байх;
 
12.3. тайгад амьдардаг цаачдын ерөнхий боловсролын сургууль төгсөгч хүүхдийг тасралтгүй суралцах, мэргэжил эзэмших боломжоор хангах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
12.3.1. цаачдын хүүхдийг сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцуулж тэдэнд мэргэжил эзэмшүүлэх;
 
12.3.2. тайгад амьдардаг цаачдын хүүхдийг их, дээд сургуульд элсэн суралцах сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаас, тэдгээрийн амьдрах дотуур байрны төлбөрийг төрөөс хариуцах;
 
12.3.3. цаачин өрхөөс их, дээд сургууль төгссөн мэргэжилтнийг орон нутагтаа ажиллах нөхцөл бүрдүүлж, орон гэрээр хангах;
 
12.4. Цаачдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах.
  Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
 
13. Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын  амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 2015 оныг хүртэл хэрэгжүүлнэ:
 
13.1. Хөтөлбөрийн I үе шат–2007-2011 он: Цаа буганд хийх мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах нөхцөл бүрдүүлж, иргэдэд амьдрал ахуйгаа дээшлүүлэх чиглэлээр цаачдад зориулан сургалт явуулж, эдийн засгийн дэмжлэг үзүүлж чадавхижуулах;
 
13.2. Хөтөлбөрийн П үе шат–2012-2015 он: Цөөн цаатай цаачин иргэд цаа бугаа өсгөн үржүүлэхийн зэрэгцээ өөр төрлийн мал аж ахуй болон бусад төрлийн бизнес эрхлэх, аялал жуулчлал хөгжүүлэх замаар бие даан ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх.
 
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
14. Хөтөлбөрийг улсын хэмжээнд зохицуулах үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох яам, Хөвсгөл аймгийн Засаг даргатай хамтран ажиллана.
 
15. Хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд ахлах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, холбогдох яамдын албан тушаалтан, Хөвсгөл аймгийн Засаг дарга, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна.
 
16. Хөвсгөл аймагт хөтөлбөрийн салбар зөвлөлийг байгуулан аймгийн Засаг даргаар ахлуулж, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллийг бүрэлдэхүүнд оруулна.
 
17. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Үндэсний зөвлөл; орон нутгийн түвшинд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тухайн шатны Засаг дарга батална.
 
18. Арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг улсын хэмжээнд Үндэсний зөвлөл; салбарын хүрээнд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; орон нутгийн түвшинд салбар зөвлөл, аймаг, сумын Засаг дарга ханган ажиллана.
 
19. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, мэргэжлийн болон эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага оролцоно.
 
Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт
 
20. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
 
20.1. тухайн иргэн, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө;
 
20.2. улсын төсөв;
 
20.3. орон нутгийн төсөв;
 
20.4. урт хугацааны зээл;
 
20.5. олон улсын болон дотоодын байгууллага, аж нэгжийн буцалтгүй тусламж;
 
20.6. байгууллага, иргэдийн хандив.
 
21. Улсын төсвөөс гаргах хөрөнгийг тухайн асуудлыг хариуцсан сайд нарын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
 
Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
 
22. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:
 
22.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичиг, түүний хэрэгжилтийн талаарх үнэлгээ;
 
22.2. Улсын хэмжээний цаа бугын тооны өсөлт, сүргийн бүтцийн зохистой харьцаа;
 
22.3. Тайгын "Соёл үйлчилгээний төв"-д түшиглэн зохион байгуулсан сургалтын төрөл түүнд хамрагдагсад, худалдаа, үйлчилгээний цэгийн үйл ажиллагааны үр дүн, хүлээн авч үйлчилсэн жуулчны тоо;
 
22.4. Цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах болон цаачдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлсэн гадаад, дотоодын төсөл, гарсан үр дүн;
 
22.5. Цаа бугын аж ахуй эрхлэгчдийн орлого болон амьжиргааны түвшингийн өсөлт, эрүүл мэнд, боловсролын үзүүлэлт;
 
22.6. Цаачдын хүүхдийн сургууль завсардалт буурсан хувь, тэднээс сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд суралцагчдын тоо, мэргэжил эзэмшиж орон нутагтаа ирж ажиллагсдын тоо;
 
22.7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт, бууралт, хөрөнгө оруулалтын нийгмийн үр ашиг болон иргэдийн санал, гомдлын байдал;
 
22.8. Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдвал зохих иргэдийн хамрагдалтын хувь хэмжээ.
 
 
 
 
 
 
---------оОо--------