A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2007 оны 256 дугаар
                                                 тогтоолын хавсралт
 
 
ГАН, ЦӨЛЖИЛТ, ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ БОЛОН ЭНЭ ҮЕД МӨРДӨХ УСНЫ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
     1. Зарим бүс нутагт тохиолдсон ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэл тогтоох болон энэ үед мөрдөх усны нөөц ашиглалтын горимыг тодорхойлоход энэхүү журмыг мөрдөнө.
 
     2. Журмын зорилго нь ган, цөлжилт, хуурайшилт зэрэг уур амьсгалын сөрөг үзэгдлийн үед хүн ам, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн ус хангамжийг зохицуулан хангах, усны нөөцийг хадгалах замаар байгалийн тухайн үзэгдлийг хохирол багатай даван туулахад оршино.
 
     3. Ган, цөлжилт, хуурайшилтын үед баримтлах усны нөөцийн менежментийн журмыг нийслэл, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга харъяа нутаг дэвсгэртээ  хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
 
     4. Ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэлийг холбогдох мэргэжлийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон нийслэл, тухайн аймгийн Засаг даргын хамтарсан шийдвэрээр тогтооно.
           
 
Хоёр. Цөлжилт, цөлжилтийн зэрэглэл тогтоох
 
            1. Цөлжилт гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутгийн хөрсний үржил шим устаж доройтсоныг хэлнэ.
 
            2. Монгол орны зарим бүс нутагт тохиолдож байгаа цөлжилтийн эрчийг дараахь зэрэглэлд хуваана.
 
                        2.1.сул цөлжилттэй нутаг;
 
2.2.хүчтэй цөлжилттэй нутаг;
 
                        2.3.нэн хүчтэй цөлжилттэй нутаг.
 
            3. Цөлжилтийн зэрэглэл тогтоох саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга боловсруулан байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина.
           
            4. Цөлжилтийн зэрэглэл тогтоох тухай саналд дараахь мэдээлэл, судалгааг хавсаргана.
 
               4.1. цөлжилтөд өртсөн нутгийн хил хязгаарыг харуулсан газрын зураг;
 
   4.2. тухайн нутагт сүүлийн 5 жилд унасан хур тунадасны тухай мэдээлэл  (жилийн болон улирлын дүнгээр);
 
    4.3. сүүлийн 5 жилийн байдлаар салхи шуургатай байсан өдрийн тоог олон жилийн дундажтай харьцуулсан судалгаа (хувиар);
 
   4.4.тухайн нутгийн ургамлын бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлтийн судалгаа;
 
               4.5.гадаргын усны нөөцийн хувирал, өөрчлөлтийн судалгаа;
 
               4.6.газрын доорхи усны түвшингийн судалгаа.
 
5. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, цөлжилтийн зэрэглэл тогтоохоор гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг хүлээн авч дараахь арга хэмжээг авна.
 
               5.1. цөлжилтийн зэрэглэлийг нь тогтоохоор санал болгож байгаа бүс нутагт газар зүй, хөрс, ус, цаг уурын чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг эрдэмтэд, ус, цаг уурын мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажиллуулна;
                       
       5.2. цөлжилтийн зэрэглэл тогтоох ажлын хэсгээс цөлжилтийн зэрэглэл тогтоосон дүгнэлтэнд үнэлгээ өгөх шинжээчдийн баг томилон үнэлгээ хийлгэнэ;
 
               5.3. ажлын хэсгийн дүгнэлт болон үнэлгээний дүнг үндэслэн тодорхой бүс нутгийн цөлжилтийн зэрэглэлийг тогтооно.
 
            6. Цөлжилтөд өртсөн бүс нутагт усны нөөц ашиглалт, хамгаалалтын дараахь горимыг мөрдөнө.
 
            6.1. Сул цөлжилттэй нутагт:
 
               6.1.1.           хүн амын унд, ахуйн болон мал, сүрэг, тэжээвэр амьтдын усны хэрэглээг зохистой шаардлагын хэмжээнд зөвшөөрнө.
               6.1.2.           аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд ашиглаж болох усны дээд хэмжээг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аж ахуй нэгж бүрээр хянан, зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хязгаарлалтыг тогтооно.
 
               6.1.3. усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны албанаас гаргасан ус ашиглуулах мэргэжлийн дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга, аж ахуйн нэгж бүртэй ус ашиглуулах  гэрээ байгуулж ажиллана.
 
            6.2. Хүчтэй цөлжилттэй нутагт:
                       
               6.2.1.           энэ журмын 6.1.-д заасан ус ашиглалтын горимыг мөрдөнө.
       
        6.2.2. шаардлагатай бол энэ журмын 6.1.1-д заасан зориулалтаар гадаргын ус ашиглуулахыг хориглох, хэсэгчлэн хязгаарлах горимыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны алба гаргаж мөрдүүлнэ.
 
            6.3. Нэн хүчтэй цөлжилттэй нутагт:
                       
               6.3.1. нэн хүчтэй цөлжилттэй нутагт энэ журмын     6.1.1-д заасан зориулалтаар ашиглах усны хэмжээнд хязгаарлалт тогтоох эсэх асуудлыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны алба зохицуулан шийдвэрлэнэ.
 
               6.3.2. аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар ус ашиглуулахыг тодорхой хугацаагаар хориглох шийдвэрийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гаргана.
 
            7.         Энэ журмын 6.2, 6.3.-д заасан зэрэглэлийн цөлжилттэй нутагт газрын доорхи усны хайгуул, судалгаа хийх, уст цэг гаргаж тоноглох ажлын талаар  аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тодорхой санал боловсруулан улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
8. Цөлжилтөнд өртсөн нутгийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын үүрэг:
 
   8.1.  хүчтэй болон нэн хүчтэй цөлжсөн нутагт  хиймэл цөөрөм, хөв байгуулах, булаг шандын эх, баянбүрдийг хамгаалан тохижуулах, ойжуулах ажил зохион байгуулах.
 
   8.2.  хүчтэй болон нэн хүчтэй цөлжсөн нутагт ус ашиглалтын горимын хэрэгжилтийг хянан зохион байгуулах.
    
      8.3.           цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутагт усыг хэмнэлттэй, дахин ашиглах технологи, усан орчинг нөхөн сэргээсэн үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан, зохицуулалтын арга хэмжээ авах.
 
                  8.4. цөлжилтийг идэвхижүүлэх нөлөө бүхий мал сүргийн төрөл, тоо хэмжээг тодорхой хугацаагаар хязгаарлах, зохистой байршуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох талаар холбогдох арга хэмжээ авах.
                                                                                  
 
Гурав. Ган
 
            1.         Ган гэж ургамал ургах хугацаанд удаан хугацаагаар хур тунадас ороогүйн улмаас ус зүйн тэнцвэр алдагдан, газрын гадарга хатаж ургамлын нөмрөг мөхөж байгаа улирлын давтамжтай үргэлжлэх байгалийн үзэгдлийг хэлнэ.
 
            2.         Ганг дараахь зэрэглэлээр ангилна.
                       
               2.1. гандуу;
 
               2.2. гантай;
 
               2.3. улаан ган.
 
            -Дулааны улиралд орох хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 30-аас дээш хувиар багассан бүс нутгийг гандуу;   
 
-Дулааны улиралд орох хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 50-иас дээш хувиар багассан бүс нутгийг гантай;
 
            -Дулааны улиралд хур тунадас огт ороогүйн улмаас ургамлын ургалт зогсож, булаг шанд, цөөрөм, баянбүрд зэрэг гадаргын усны эх үүсвэр ширгэснийг улаан ган гэнэ.
 
            3.         Гангийн зэрэглэл тогтоох тухай саналыг аймаг нийслэлийн Засаг дарга боловсруулан байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина. Гантай нутаг нь хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарч байвал эдгээр аймгийн Засаг дарга нар саналаа хамтран тавьж болно.
 
            4.         Гангийн зэрэглэл тогтоох тухай саналд дараахь мэдээлэл, судалгааг хавсаргана:
 
               4.1. гантай байгаа нутгийн хил хязгаарыг харуулсан газрын зураг;
 
    4.2. тухайн жилийн дулааны улиралд гантай гэгдэж байгаа нутагт орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулсан судалгаа;
 
               4.3. ургамалжилтын байдал, байгалийн ургамлын ургалтын үе шатны тухай мэдээлэл;
 
    4.4. гол мөрөн, нуур зэрэг гадаргын усны түвшин, урсацад гарсан өөрчлөлт зэрэг гадаргын усны байдлын судалгаа;
 
               4.5. хатаж ширгэсэн булаг шанд, нуур, цөөрмийн тоо, багассан хэмжээний тухай мэдээлэл.
 
            5. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг судалж гангийн зэрэглэл тогтоох нөхцөл байдал бий болсон гэж үзвэл гангийн байдлыг судлах ажлын хэсгийг тухайн нутагт томилон ажиллуулна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох албан тушаалтан болон цаг уур, ус, хөрс, ургамал судлалын мэргэжилтнүүдийг  оруулна.
                         
            Гангийн зэрэглэл тогтоохоор томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тодорхой бүс нутагт гангийн зэрэглэл тогтооно.
 
     6. Гантай нутагт мөрдөх ус ашиглалт, хамгаалалтын бүсийн дэглэм тогтоосон журмыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн байгаль орчин болон хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батлан мөрдүүлнэ.
                                                                                  
            7. Гантай нутагт усны нөөцийг их хэмжээгээр ашигладаг аж ахуйн нэгж байгууллагын ус ашиглалтыг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг аймаг, нийслэлийн  Засаг дарга гаргаж болно.
 
           
Дөрөв. Хуурайшилт
 
            1.         Хуурайшилт гэж хур тунадасны хэмжээ болон ургамал, хөрсний нийлбэр чийгшлийн ууршилтын хоорондын харьцаа нь   0.05-0.65 хооронд хэлбэлзэж, агаарын чийглэг эрс багассан улирлын давтамжтай үзэгдлийг хэлнэ.
 
            2. Хуурайшилтын индекс тодорхойлох аргачлалыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
 
            3. Хуурайшилтын зэрэглэлийг дараахь байдлаар тогтооно:
 
               3.1. Хуурайшилтын индексийн утга нь 0.05-аас бага байгаа тохиолдлыг хэт хуурайшилттай;
 
               3.2. хуурайшилтын индексийн утга нь 0.05-0.20 бол хуурайшилттай;
 
               3.3. хуурайшилтын индексийн утга нь 0.20-0.50 бол хуурайвтар;
 
               3.4. хуурайшилтын индексийн утга нь 0.50-0.65 бол чийг дутагдалтай гэж үзнэ.
 
            4. Хуурайшилттай нутгийн зэрэглэлийг цаг уур, орчны шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар томилогдсон шинжээчдийн баг тодорхойлон тогтооно.
           
            5. Тандан судалгаа хийх, дээж сорьц шинжлэх, харуул ажиглалтын дүн мэдээг нэгтгэн судлах аргаар шинжээчдийн баг хуурайшилтын зэрэглэлийг аймаг бүрээр жил бүрийн 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 1, 9 дүгээр сарын 1-нээс        11 дүгээр сарын 1-ний хооронд 10 хоног тутам тодорхойлно.
 
            6. Шинжээчдийн багийн дүгнэлтээр хуурайшилттай болон хэт хуурайшилтын зэрэглэлд хамрах хээрийн, ойт хээрийн бүс нутгийг сум бүрээр тодорхойлж, хуурайшилтаас үүсэх үр дагавраас сэрэмжлүүлэх арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэх үүргийг цаг уур, орчны шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
 
            7. Хуурайшилттай үед мөрдөх усны нөөц ашиглалтын нийтлэг горимыг хуурайшилтын зэрэглэл, бүс нутгийн онцлог, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулж усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны алба батлан мөрдүүлнэ.
           
            8. Хуурайшилтын үед мөрдөх усны нөөц ашиглалтын нийтлэг горимыг үндэслэж хуурайшилттай нутгийн онцлог, гал түймрээс хамгаалах шаардлага, хүн ам, мал сүргийн усан хангамжийн хэвийн нөхцлийг алдагдуулахгүй байхад чиглэгдсэн усны нөөц ашиглалтын тодорхой горимыг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоож болно.
 
            9.  Хуурайшилттай үед хүн амын унд ахуйн болон мал сүрэг, ан амьтны усан хангамжийг хэвийн хангах зорилгоор  тодорхой аж ахуйн нэгжүүдэд ус ашиглуулахыг сараас илүүгүй хугацаагаар хязгаарлах, хориглох шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга гаргаж болно.
 
            10. Хуурайшилттай болон хэт хуурайшилттай зэрэглэлд хамаарч байгаа нутгийн иргэдэд усны нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах, ой хээрийн түймэр гарах зэрэг болзошгүй хүндрэлээс сэрэмжлүүлэх арга хэмжээг тухайн нутгийн баг, хорооны Засаг дарга хариуцан зохион байгуулна.    
 
 
 
 
-----оОо----