- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАЙГУУЛАХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолын хавсралт
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАЙГУУЛАХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР
Нэг. Өнөөгийн байдал
1. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хугацаанд нийгэм дэх төрийн үйлчилгээний хүрээ, нэр төрөл өргөжин төрийн захиргааны байгууллагад үйлчилгээний төвлөрөл, давхардал, шат дамжлага нэмэгдэж, сөрөг үр дагавар бий болгож байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 35 дугаар тогтоол гарч иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний эрх зүйн орчин бүрдэж хууль, бусад эрх зүйн акт амьдралд хэрэгжсэн ч төрийн үйлчилгээ шуурхай бус, шат дамжлага, чирэгдэл ихтэй, хяналтын механизм боловсронгуй бус хэвээр байна.
2. Ийнхүү төрийн үйлчилгээ шат дамжлага, хүнд суртал ихтэй, шуурхай биш, тэгш бус, ард иргэдэд чирэгдэл учруулж байгаа нь үйлчилгээний хэм хэмжээг зөрчих, улмаар хууль завхруулахад хүргэж, нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлсээр байна. "Нэг цэгийн үйлчилгээ"-г нэвтрүүлэх талаар гарсан Засгийн газрын 2007 оны 3 дугаар тогтоолын дагуу "Нэг цэгийн үйлчилгээ"-ний талаар баримтлах бодлого, авах арга хэмжээг энэхүү дунд хугацааны хөтөлбөрт тусгалаа.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3. Нэг цэгийн үйлчилгээг байгуулах дунд хугацааны хөтөлбөрийн гол зорилго нь төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрөл бүрийн үйлчилгээний шат, дамжлагыг цөөрүүлж, "Нэг үйлчилгээний олон хаалгыг олон үйлчилгээний нэг хаалга"-аар солиход оршино.
4. Нэг цэгийн үйлчилгээг байгуулах дунд хугацааны хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтоор хэрэгжүүлнэ:
4.1. нэг цэгийн үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэх;
4.2. нэг цэгийн үйлчилгээг аймаг, дүүрэг, суманд үе шаттайгаар зохион байгуулах;
4.3. Нэг цэгийн үйлчилгээний ач холбогдол, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэдэд сурталчлах.
5. Нэг цэгийн үйлчилгээг байгуулах дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
5.1. Энэхүү хөтөлбөрийн 4.1 дэх зорилтыг дараахь үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ:
5.1.1. дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжид тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, гэрчилгээ бий болгосон байдлыг судлах;
5.1.2. хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулах;
5.1.3. боловсруулсан хууль тогтоомжийн төсөлд иргэний нийгэм, хуулийн этгээд, төрийн захиргааны бүх шатны байгууллагаас санал авч хэлэлцүүлэх;
5.1.4. хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх.
5.2. Энэхүү хөтөлбөрийн 4.2 дахь зорилтыг дараахь үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ:
5.2.1. нэг цэгийн үйлчилгээг нийслэлийн Сүхбаатар дүүрэгт жишиг байдлаар зохион байгуулах;
5.2.2. нэг цэгийн үйлчилгээг Төв аймгийн Зуунмод хотод жишиг байдлаар зохион байгуулах;
5.2.3. нэг цэгийн үйлчилгээг бусад дүүрэг, аймагт үе шаттайгаар зохион байгуулах;
5.2.4. нэг цэгийн үйлчилгээг суманд нэвтрүүлэх хэрэгцээ, боломжийг судлах, томоохон суманд туршилтын журмаар зохион байгуулах.
5.3. Энэхүү хөтөлбөрийн 4.3 дахь зорилтыг дараахь үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ:
5.3.1. нэг цэгийн үйлчилгээний зорилго, ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах;
5.3.2. нэг цэгийн үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа туршлагыг сурталчилж, энэ чиглэлээр гарын авлага гаргаж нэг цэгийн үйлчилгээ хариуцсан ажилтнуудад хүргэх;
5.3.3. нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар төрийн захиргааны байгуулагын ажилтнуудад зориулсан сургалт, семинар зохион байгуулах.
Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6. Нэг цэгийн үйлчилгээний дунд хугацааны хөтөлбөрийг улсын хэмжээнд Үйлдвэр, худалдааны яам хариуцна.
7. Нэг цэгийн үйлчилгээний дунд хугацааны хөтөлбөрийг Үйлдвэр, худалдааны сайд ахалсан Үндэсний хорооны өдөр тутмын удирдлагаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ.
8. Нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулах байр, ажиллах нөхцлийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.
9. Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдал, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.
Дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт
10. Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар хэрэгжүүлнэ.
11. Нэг цэгийн үйлчилгээг байгуулах дунд хугацааны хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
11.1. улсын болон орон нутгийн төсөв;
11.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын дэмжлэг, тусламж;
11.3. гадаадын хөрөнгө оруулалт.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
12. Хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд дараахь үе шатаар хэрэгжүүлнэ:
12.1. Хөтөлбөрийн эхний үе шат: 2007 оны 10 дугаар сарын 1-ээс 2008 оны 9 дүгээр сарын 31-ний дотор хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
12.1.1. 2007 оны 10 дугаар сард нэг цэгийн үйлчилгээг нийслэлийн Сүхбаатар дүүрэгт жишиг байдлаар зохион байгуулж, улмаар Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт байгуулна.
12.1.2. 2008 оны 3 дугаар сард нэг цэгийн үйлчилгээг Төв аймгийн Зуунмод хотод жишиг байдлаар зохион байгуулж, улмаар Дархан, Сүхбаатар, Мандалговь, Даланзадгад, Сайншанд, Баруун-Урт, Чойбалсан, Өндөрхаан, Эрдэнэт болон Чойр хотуудад байгуулна.
12.1.3. нэг цэгийн үйлчилгээний талаархи эрх зүйн болон санхүүгийн орчинг боловсронгуй болгох ажлыг эхлүүлнэ.
12.2. Хөтөлбөрийн хоёр дахь үе шат: 2008 оны 10 дугаар сарын 1-ээс 2009 оны 9 дүгээр сарын 31-ний дотор хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
12.2.1. Нэг цэгийн үйлчилгээг нийслэлийн Хан-Уул, Налайх, Багануур болон Багахангай дүүрэгт байгуулна;
12.2.2.нэг цэгийн үйлчилгээг Булган, Баянхонгор, Мөрөн, Улиастай, Алтай, Улаангом, Ховд, Өлгий, Цэцэрлэг, Арвайхээр болон Хархорин хотод байгуулна.
12.2.3. "Нэг цэгийн үйлчилгээ"-ний эрх зүйн болон санхүүгийн орчинг боловсронгуй болгож дуусгана.
12.3. Хөтөлбөрийн гурав дахь үе шат. 2009 оны 10 дугаар сарын 1-ээс 2010 оны 9 дүгээр сарын 1-ний дотор хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
12.1. Нэг цэгийн үйлчилгээг суманд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг судалж, 1-2 суманд жишиг байдлаар зохион байгуулна.
12.2. нэг цэгийн үйлчилгээгээр үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
12.3. эрх зүйн болон санхүүгийн орчинг улам боловсронгуй болгон "Нэг цэгийн үйлчилгээ"-ний загварыг бататгана.
Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
13. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
13.1. Нэг цэгийн үйлчилгээг байгуулах дунд хугацааны хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцын болон үр дүнгийн тайлан, судалгаа;
13.2. дүүрэг, аймаг, суманд байгуулсан нэг цэгийн үйлчилгээний тоо, тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний талаархи иргэдийн гомдол, саналын тоо, агуулга;
13.3. холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд судалгааны байгууллагаас өгсөн үнэлгээ, дүгнэлт;
13.4. нэг цэгийн үйлчилгээний талаар иргэд, аж ахуйн нэгжийн дунд явуулсан санал асуулгын дүн.
----оОо----
Текст томруулах
A
A
A