A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2007 оны 283 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
МАЛЫН ТЭЖЭЭЛ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
    1. Сүүлийн жилүүдэд манай улсын мал сүргийн тоо өссөн ч бэлчээрийн маллагааны нөхцөлд малын биологийн нөөцийг бүрэн ашиглаж бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь тэжээлийн нөөц, хангамжтай шууд холбоотой юм. Эрдэмтдийн тооцоолсноор манай улсын нийт бэлчээрийн 70.0 шахам хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтолд орж бэлчээрт ургах ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөн, малд шингэц муутай ургамал нэмэгдэж тэжээллэг чанар нь муудсаар байна. Бэлчээрийн ургамлын биомассын хэмжээ 30.0 хувиар буурсны дээр хотжилт, зам харилцаа болон ашигт малтмалын олборлолтоос шалтгаалан бэлчээрийн талбайн хэмжээ жилээс жилд хумигдсаар байна. Бэлчээрийн ургамлын шимт чанар өвөл, хаврын улиралд зуныхаас 2-3 дахин, шингэх протеины агууламж 3-4 дахин буурдгаас мал сүрэг жилийн 180-200 хоног дундуур идэштэй байдаг.
 
2006 онд 3850.5 га-д тэжээлийн ургамал тариалж 10.2 мянган тонн ургац хураан авсан нь 1996-1990 оны дундаж үзүүлэлтээс 25 дахин буурсан байна. Иймд мал сүрэг өсөх, үржих болон нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх баталгаа нь байгалийн бэлчээрээс гадна хүрэлцэх хэмжээний тэжээл бэлтгэж, хангамжийг нэмэгдүүлэх явдал мөн. 
 
    Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл шаардлага
 
     2. Монголын уламжлалт мал аж ахуйг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэх, хүн ам олноор төвлөрсөн томоохон хот, суурин газрын ойролцоох эрчимжсэн мах, сүүний фермерийн аж ахуй болон гахай, шувууны аж ахуйг чанартай, тухайн мал, амьтны ашиг шимийг нэмэгдүүлэхэд тохирсон тэжээлээр хангах тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.
 
           Таван төрлийн малыг хонин толгойд шилжүүлснээр 57.8 сая малын жилийн хэрэгцээг тооцож үзвэл 37.0 сая тонн өвс (1 кг өвсийг 0.45 тэжээлийн нэгж гэж тооцов)-тэй тэнцэхүйц тэжээл хэрэгцээтэй юм. Эрдэмтэд энэхүү хэрэгцээт тэжээлийн 70 орчим хувийг байгалийн бэлчээрээс, үлдэх хувийг хадлан, ногоон тэжээл болон үйлдвэрийн аргаар бэлтгэсэн тэжээл хангана гэж тооцдог.
                                                                                         
Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-д байгаль, эдийн засгийн бүс бүрт малын тэжээлийн хэрэгцээг дотоод нөөцөөр хангах нөхцөлийг бүрдүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, тэжээл үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар уураг, энергийн агууламж өндөртэй хүчит тэжээлийн эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэхээр заасан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "...малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх... замаар уламжлалт мал аж ахуйн байгалийн эрсдэл даах чадавхийг бэхжүүлнэ" гэж заасан. Дээр дурдсаныг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
 
                Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
 
3. Мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор хадлан, тэжээл бэлтгэлийн хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэн байгалийн болзошгүй эрсдэлээс мал сүргийг хамгаалах, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
 
4. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
 
4.1. Тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах эдийн засаг, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
 
4.2. Хадлан бэлтгэх, тэжээл үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, төрөл бүрийн тэжээл бэлтгэх арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх;
 
4.3. Байгалийн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах;
 
4.4. Малчин өрх, аж ахуйн нэгж бүр малын тэжээлийн нөөц бүрдүүлэх, тэжээлийг зохистой ашиглах чадавхийг дээшлүүлэх.
 
Дөрөв. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх                     
      үйл ажиллагаа, үндсэн чиглэл
 
      5. Хөтөлбөрийн 4.1 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
5.1. Мах, сүүний үхэр, хонь болон гахай, шувууны эрчимжсэн аж ахуй бүрт зориулалтын багсармал, холимог тэжээл үйлдвэрлэх стандарт, ашиглах технологи боловсруулж мөрдөх;
 
            5.2. Уураг-витаминт, багсармал, холимог, зоодойлсон болон хорголжин тэжээл үйлдвэрлэх бага, дунд оврын цех байгуулах, өргөтгөх малчин өрх, аж ахуйн нэгжийн санаачилгыг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих;
 
      5.3. Бүсийн төв, томоохон хот, суурингийн ойролцоох мал, амьтны төрөл, нас хүйст тохирсон уураг, энергийн агууламж өндөртэй, бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр байгуулах иргэн, аж ахуйн нэгжид тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх арга хэмжээ авах;
     
      5.4. Малын тэжээлийн шимт чанарыг олон улсын жишгийн дагуу солилцлын энергиэр үнэлэх аргад шилжих;
 
      5.5. Тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр үржүүлэх аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх;
     
5.6. Давс, хужир, шүү, ясны гурил, шохой, аргалын үнс, цеолит ашиглан олон найрлагат эрдэс тэжээл бэлтгэж ашиглах санаачилгыг урамшуулах;
     
  5.7. Бэлчээр ашиглах, тэжээл үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, технологийн удирдлагаар хангах;
 
5.8. Тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, түүний чанарыг сайжруулах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
 
6. Хөтөлбөрийн 4.2 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
6.1. Хадлангийн талбайг сайжруулж, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн оролцоонд тулгуурлан нэг га-гаас авах ургацын гарц, чанарыг тогтвортой нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
 
6.2. Гадаад, дотоодын зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар тэжээл үйлдвэрлэл, хадлангийн орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, сэлбэг хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх;
 
6.3. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хадлан бэлтгэх аймаг, сум дундын хоршсон үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэх;
 
6.4. Бэлтгэх тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор услалтын систем болон худаг, булаг шанд, цас, борооны ус ашиглаж тэжээлийн ургамал тариалж хадлан авч байгаа иргэн, аж ахуйн нэгжид санхүү болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх;
 
      6.5. Бэлчээр усжуулах, усалгаатай нөхцөлд тэжээлийн олон наст ургамал тариалах, тэжээл бэлтгэх чиглэлээр аж ахуйн нэгж, иргэдийн дунд уралдаан зарлан шалгаруулж урамшуулах, тэргүүн туршлагыг сурталчилж бүх нийтийн хүртээл болгох.
 
      7. Хөтөлбөрийн  4.3 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
      7.1. Малчин өрхөд бэлчээр эзэмшүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, бэлчээр ашиглалтад тавих хамтын хяналтыг бий болгох;
 
7.2. Бүс нутгийн онцлог, үржүүлэх малын төрлөөс хамааруулан малчин өрхөөс бэлчээр ашигласны төлбөр авч тусгай сан бүрдүүлэн бэлчээр сайжруулахад ашиглах эрх зүйн орчин бий болгох;
 
7.3. Мах, сүүний үхэр болон хонь, гахай, шувуу зэрэг эрчимжсэн суурин аж ахуй эрхлэгчдэд таримал бэлчээр, хадлангийн талбай эзэмшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
 
      7.4. Бэлчээрийн удирдлагыг боловсронгуй болгож, бэлчээрийн кадастрын зураглал, мэдээллийн сан бий болгох;
 
      7.5. Хонин толгойд шилжүүлснээр нийт малд шаардагдах бэлчээрийн зохистой хэмжээг байгаль, цаг уурын бүсээр тогтоох, бэлчээрийн газрын төлөв байдлын ашиглалтын үнэлгээг жил бүр хийж байх;
 
      7.6. Бэлчээр, хадлангийн эдэлбэр газрыг доройтол, цөлжилтөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг улс, орон нутгийн газрын нэгдмэл сангийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх;
     
      7.7. Газрын нэгдмэл сангийн ангиллаар хөдөө аж ахуйн эдэлбэрээс бусад ангилалд хамаарагдаж байгаа газрыг тодорхой нөхцөл, болзолтойгоор бэлчээрийн зориулалтаар ашиглуулах асуудлыг судалж шийдвэрлэх;
 
      7.8. Бэлчээрт байгаа задгай ус, булаг шанд болон худаг, хөв, усан санг тохижуулах, засварлах, хашиж хамгаалах, шинээр худаг гаргаж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх.
 
      8. Хөтөлбөрийн 4.4 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
8.1. Шимт чанар сайтай тэжээлийн ургамлыг хадаж өвс, өвсөн дарш, багсармал, холимог тэжээл, гар тэжээл бэлтгэх арга технологид малчдыг сургах чиглэлээр сургалт явуулах, гарын авлага, сурталчилгааны материал бэлтгэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол гаргах;
 
   8.2. Өвөлжөө, хаваржааны орчны 1-2 га талбайд цас тогтоож, хөрсөнд чийг хуримтлуулан тэжээлийн ургамал тариалж таримал хадлан бий болгох арга дадалд малчин өрх бүрийг сургах;
 
8.3. Малчид, аж ахуйн нэгжийг хадлан, тэжээл бэлтгэх бага оврын техник, тоног төхөөрөмжтэй болоход дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн техникийн засвар, үйлчилгээний цэгийг бүсчилэн байгуулж ажиллуулах;
 
      8.4. Өвс, гар тэжээл бэлтгэн өвөл, хаврын улиралд зориулан нөөцлөх ажлыг мал бүхий өрхийн түвшинд хэрэгжүүлэх;
 
      8.5. Малчид, мал бүхий иргэн, аж ахуйн нэгжийг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн чанартай, хямд үнэтэй төрөл бүрийн тэжээлээр хангах зах зээлийн сүлжээ бий болгож, борлуулалтын цэгүүдийг аймаг, суманд бий болгох.
 
                     Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
 
9. "Малын тэжээл" хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 2015 оныг хүртэл хэрэгжүүлнэ:
 
9.1. I үе шат-2008-2011 он. Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, тэжээл үйлдвэрлэлийн техник, технологийг сайжруулах;
 
9.2. II үе шат-2012-2015 он. Малчин, мал бүхий өрхийн малын тэжээлийн нөөц бүрдүүлэх, бэлчээр, тэжээлийг зохистой ашиглах чадавхийг дээшлүүлэх, бэлчээрийн ашиглалтын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох.
 
     Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
10. Хөтөлбөрийг улсын хэмжээнд Үндэсний зөвлөл зохицуулж, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжилтийг зохион байгуулна. Аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар зөвлөл хариуцна.
 
11. Хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга нь хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд байна. Салбар зөвлөлийг тухайн шатны Засаг дарга ахлаж, гишүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл тус тус орсон байна.
 
12. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Үндэсний зөвлөл; орон нутгийн түвшинд хийх ажлын төлөвлөгөөг тухайн шатны Засаг дарга батлан хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
 
                       
                        Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх
                                                              үүсвэр, санхүүжилт
            13. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
 
            13.1. Иргэн, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө;
            13.2. Улсын төсөв;
            13.3. Орон нутгийн төсөв;
            13.4. Урт хугацааны зээл;
            13.5. Олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламж;
            13.6 Байгууллага, иргэдийн хандив.
 
            14. Улсын төсвөөс гаргах хөрөнгийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
 
            15. Хөтөлбөрийн хүрээнд бий болсон санхүүгийн эх үүсвэрийг "Мал хамгаалах сан"-д төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулна.
 
   Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмжих
                 шалгуур үзүүлэлт
 
            16. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:
 
16.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан эрх зүйн баримт бичгүүд, түүний хэрэгжилтийн талаархи үнэлгээ;
 
16.2. Улсын хэмжээнд жил бүр бэлтгэсэн хадлан, хураан авсан таримал тэжээл, үйлдвэрлэсэн тэжээлийн нийт хэмжээ, тэдгээрийн нэр төрөл, үүний дотор шинээр байгуулагдсан тэжээлийн үйлдвэрийн тоо, үйлдвэрлэсэн тэжээлийн нэр төрөл, хэмжээ, шимт чанарыг солилцлын энергиэр нэгтгэж үнэлсэн үнэлгээ, тэжээлийн чанарын үнэлгээ 1 кг сүү, 1 кг мах, 10 ширхэг өндгөнд зарцуулсан тэжээлийн хэмжээ, шимт  чанар;
 
            16.3. Хадлан тэжээл бэлтгэх бага оврын техник хэрэгсэлтэй болсон малчин өрх, аж ахуйн нэгжийн тоо, хашсан, сайжруулсан бэлчээрийн хэмжээ, га;
 
            16.4. Тэжээл үйлдвэрлэл, бэлчээр сайжруулахад оруулсан улсын төсвийн хөрөнгө болон энэ чиглэлээр хэрэгжиж байгаа төслөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, түүний үр дүн;
 
            16.5. Малын тэжээл бэлтгэх, бэлчээр сайжруулах, мал тэжээх талаар зохион байгуулсан сургалт, хамрагдагсдын тоо.
 
 
 
 
-----оОо-----