- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2007 оны 294 дүгээр тогтоолын хавсралт
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн сургалт эрхэлдэг байгууллага1 (цаашид "сургууль" гэх)-д мэргэжлийн анхан, дунд шатны сургалтаар мэргэжил эзэмших 24 хүртэлх насны суралцагчдад тэтгэлэг олгоход энэхүү журмыг баримтална.
Хоёр. Тэтгэлэг олгох нөхцөл
2. Тэтгэлгийг мэргэжлийн боловсролыг анх удаа эзэмшиж байгаа суралцагчдад олгоно.
3. Сургууль нь суралцагчдын тэтгэлгийг сар бүрийн 3 дахь долоо хоногт бэлэн бусаар олгоно.
4. Суралцагч хичээлдээ суугаагүй хугацаанд тэтгэлэг олгохгүй.
5. Суралцагч нь сургуулиа орхисон, сурахаа зогсоосон тохиолдолд тухайн суралцагчийн тэтгэлгийг зогсооно. Энэ тохиолдолд сургуулийн захирал албан ёсны шийдвэр гаргасан байна.
Гурав. Бусад
6. Тэтгэлгийг тухайн жилд суралцах хүний дундаж тоонд үндэслэн тооцож холбогдох сургуулийн жилийн төсөвт тусгана.
7. Тэтгэлэгт хамрагдаж байгаа суралцагчийн бүртгэлийн маягтыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
8. Сургууль нь тэтгэлэг олгож байгаа байдлын эхний 6 сарын тайланг 7 дугаар сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор энэхүү журмын 7-д заасан маягтын дагуу гаргаж боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
1Энэ журамд хамаарах сургууль нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв
байгууллагаас мэргэжлийн анхан, дунд шатны сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.
9. Суралцаж байгаа хүний тооноос хамааран санхүүжилтийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд зөрүүг төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл тухайн жилийн төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх арга хэмжээг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
10. Суралцагчдад олгох тэтгэлгийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, мэдээ тайланг зөв гаргаагүй албан тушаалтанд Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
------оОо------
Текст томруулах
A
A
A