- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2007 оны 307 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
1. Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, үнэ тарифыг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд 1997 оноос хойш бүх төрлийн бараа, үйлчилгээний үнэ тарифын чөлөөт тогтолцоонд шилжсэн. Засгийн газар иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор үнэ, тарифын өсөлтийг инфляциас хамгаалах ажлыг шууд бус замаар хэрэгжүүлж ирсэн байна. Аливаа бараа, үйлчилгээний үнэ, тарифыг Засгийн газраас зохицуулах, хянах эрх зүйн үндэс одоогоор хангалтгүй байна.
2. Дотоодын зах зээлд өрсөлдөөнийг зохицуулах эрх зүйн орчин бодит амьдралд нийцэхгүй байгаагаас зах зээлд дангаар болон хамтдаа давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн үнийг харилцан тохиролцох эрх мэдэл өсөж, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байна. Энэ нь өргөн хэрэглээний барааны үнэ зохиомлоор өсөх шалтгааны нэг болж байна.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна." гэж заасныг үндэслэн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс хамааран үнэ бүрдэх нөхцөлийг хангаж, бизнесийн орчныг эрүүлжүүлэхэд "Хэрэглэгч-Бизнес-Засгийн газар" гэсэн гурвалсан оролцоог хангах зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
4. Хөтөлбөрийн зорилго нь бараа, бүтээгдэхүүний огцом өсөлтийг хязгаарлах, хүн амын худалдан авах чадварыг инфляцийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг хангах нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжүүлэхэд оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ
5. Нэгдүгээр зорилт. Үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалахад Засгийн газар болон хэрэглэгчийн зүгээс зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх.
5.1. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.1.1. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд ойрын хугацаанд хэлэлцүүлэх асуудал:
5.1.1.1. импортын гурил, улаан буудайн гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар, эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаархи хууль тогтоомжийн төслийг энэ оны 12 дугаар сарын 10-ны дотор хэлэлцүүлэх арга хэмжээ авах;
5.1.1.2. импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах албан татварыг тодорхой хугацаагаар хойшлуулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг энэ оны 12 дугаар сарын 10-ны дотор хэлэлцүүлэх арга хэмжээ авах.
5.1.2. Засгийн газраас боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл:
5.1.2.1. Улсын нөөцийн тухай хуульд заасны дагуу стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлийг тогтоох асуудлыг боловсруулж энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5.1.2.2. зах зээлийн монополь давамгайлсан байдлыг хянан зохицуулах, хэрэглэгчдийг үнийн зохиомол өсөлтөөс хамгаалах чиглэлээр Шударга бус өрсөлдөөний тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5.1.2.3. газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл боловсруулж шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх саналын хамт энэ оны 12 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5.1.2.4. бараа, түүхий эдийн биржийн харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар 2008 оны 2 дугаар сард багтаан хэлэлцүүлэх;
5.1.2.5. худалдааны харилцааг зохицуулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар 2008 оны 2 дугаар сард багтаан хэлэлцүүлэх;
5.1.2.6. хэрэглэгчдийг үнийн зохиомол өсөлтөөс хамгаалах чиглэлээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар 2008 оны 2 дугаар сард багтаан хэлэлцүүлэх;
5.1.2.7. улаан буудай тариалах болон усалгаатай газар тариалан эрхлэх үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтыг орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж санал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар 2008 оны 2 дугаар сард багтаан хэлэлцүүлэх.
5.1.3. Ойрын хугацаанд Засгийн газраас шийдвэрлэх асуудал:
5.1.3.1. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 13-т заасны дагуу компанийн нөөц бүрдүүлэх журам, компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар 2007 оны 12 дугаар сарын 20-ны дотор хэлэлцүүлэх;
5.1.3.2. үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, үйлдвэржүүлэх бодлогыг кластер загвараар боловсруулж Засгийн газрын хуралдаанаар 2008 оны 1 дүгээр сард багтаан хэлэлцүүлэх.
5.1.4. Ойрын хугацаанд Сангийн яамнаас хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.1.4.1. үнийг тогтвортой байлгах зорилгоор төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийг үр өгөөжтэй болгох, холбогдох компаниудтай гэрээ байгуулахдаа бүтээгдэхүүний тоо, чанар, хэмжээ, үнэ, хугацааг тохирох ажлыг 2008 оны эхнээс хэрэгжүүлэх;
5.1.4.2. Засгийн газрын худалдан авах ажиллагааг зах зээлийн үнэ бага байгаа нөхцөлд ашиглах механизмыг бүрдүүлэх арга хэмжээ авах.
5.1.5. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.1.5.1. бензин, шатахуун, гурил, улаан буудай, цагаан будаа зэрэг импортын барааг эхний ээлжинд саадгүй, шуурхай тээвэрлэх үүргийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн удирдлагад өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллах;
5.1.5.2. хилийн боомтууд дахь авто болон төмөр замын тээврийн нэвтрүүлэх чадвар, ачаа ачиж буулгах, шилжүүлэн ачих байгууламжийг цаашид өсөн нэмэгдэх импортын болон экспортын хандлагад нийцүүлэн хурдацтай хөгжүүлэх.
6. Хоёрдугаар зорилт. Стратегийн ач холбогдол бүхий зарим бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлогыг хэрэгжүүлэх.
6.1. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1.1 Засгийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1.1.1. Монгол Улсын эдийн засаг, дотоод хүчин зүйлээс үл хамаарах, импортын бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл, импортлогч улс орнуудад өссөн тохиолдолд үнийн өсөлтөөс эдийн засагт учрах сөрөг үр дагаврыг сулруулах, зөөлрүүлэх арга хэмжээг урьдчилан авч байх;
6.1.1.2. импортоор авах шатахуун, гурил, улаан буудайн хэмжээ, үнийн талаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийх.
6.1.2. Засгийн газраас дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1.2.1. төмөр замын тарифыг бууруулах чиглэлээр Оросын Холбооны Улс болон бусад орнуудтай яриа хэлэлцээ хийх;
6.1.2.2. Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулах "Транзит тээврийн тухай" 3 талт Хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг эцэслэн шийдвэрлэх;
6.1.2.3. Оросын Холбооны Улс болон бусад орноос авч байгаа бензин, шатахуун, улаан буудай, гурилын экспортын татварыг хөнгөвчлөх асуудлаар холбогдох улстай яриа хэлэлцээ хийх;
6.1.2.4. бензин, шатахуун, улаан буудай, гурилын улсын нөөц бүрдүүлэх, нөөцийн сан байгуулахад Оросын Холбооны Улс болон бусад орнуудаас дэмжлэг авах.
6.1.3. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1.3.1. газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээж, гурилын хэрэгцээг дотоодын улаан буудайгаар хангах цогц бодлогын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх.
6.1.4. Үйлдвэр, худалдааны яамнаас дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1.4.1. газрын тос боловсруулах, нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах төслийг төрийн оролцоотой хэрэгжүүлэх санал боловсруулж 2008 оны 1 дүгээр улиралд Засгийн газарт танилцуулах;
6.1.4.2. Засгийн газраас тогтоосны дагуу компанийн заавал байлгах нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, 2008 оны 1 дүгээр сараас эхлэн компаниудаар нөөц бүрдүүлэх.
6.1.5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1.5.1. нийтийн тээврийн парк шинэчлэлийн бодлого боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
6.1.5.2. нийтийн тээврийн автобус, таксийг хийн түлшинд шилжүүлэх ажлыг дэс дараалалтайгаар зохион байгуулах;
6.1.5.3. нийтийн тээврийн үнийг судалж үнэ өсөх шалтгааныг тогтоож нийтэд мэдээлж байх.
7. Гуравдугаар зорилт. Иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор бараа, үйлчилгээний үнэ, тарифын өсөлтийн судалгаа, урьдчилан тандалт хийж, олон нийтэд шуурхай мэдээлэх.
7.1. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
7.1.1. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр, худалдааны яамнаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
7.1.1.1. хэрэглэгчийн гар дээр очиж байгаа 1 литр шатахуун, 1 кг мах, гурил, 1 ширхэг талх болон өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, өөрийн өртгийн тооцоог үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн оролцоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байх;
7.1.1.2. газрын тосны бүтээгдэхүүн, улаан буудай, гурил үйлдвэрлэгч, импортлогч, хэрэглэгчдийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байх.
7.1.2. Сангийн яамнаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
7.1.2.1. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Үндэсний татварын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүр дээр гарч байгаа үнийн өсөлтийг судлах ажлыг сар бүр хийж, үр дүнг нийтэд мэдээлж байх;
7.1.2.2. бензин, шатахуун, улаан буудай, гурил зэрэг стратегийн гол барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа иргэд, хуулийн этгээдийг албан ёсны бүртгэлд оруулж, мэдээ, мэдээлэл харилцан солилцох, үнийн өсөлтийг хязгаарлахад хяналт тавих механизмыг бүрдүүлэх.
7.1.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:
7.1.3.1. 2008 оны хавар, зуны хэрэгцээнд зориулж нөөцлөх мах бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, түүний хадгалалт, борлуулалтад үйлдвэрчний эвлэл, хэрэглэгч, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хяналт тавьж нийтэд мэдээлж байх;
7.1.3.2. махны нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн нэр, гэрээний нөхцөл, нөөцөлсөн махны хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж иргэд, олон нийтийн хяналт тавих таатай орчинг бүрдүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
8. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Зөвлөл хэрэгжүүлнэ.
9. Зөвлөл нь дор дурдсан ажил, үүргийг хэрэгжүүлнэ:
9.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
9.2. Үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллах;
9.3. Зөвлөл нь сар бүр хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулж болно;
9.4. Зөвлөлийн үйл ажиллагааг Зөвлөлөөс баталсан дүрмээр зохицуулна.
10. Хөтөлбөрт заасан үйл ажиллагааг тухайн асуудлыг эрхэлсэн сайд хариуцан хэрэгжүүлнэ.
11. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
11.1. Улсын болон орон нутгийн төсөв;
11.2. Монгол Улсыг хөгжүүлэх сан;
11.3. Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
11.4. Компанийн хөрөнгө оруулалт, өөрийн хөрөнгө.
Тав. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
12. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
12.1. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт;
12.2. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, бууралтын хувь;
12.3. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ бүрийн хэрэгжилтийн байдал, түүнд өгсөн үнэлгээ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A