- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ШИЙДВЭРИЙГ ЦЭГЦЛЭХ АЖЛЫН УДИРДАМЖ
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 324 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ШИЙДВЭРИЙГ ЦЭГЦЛЭХ АЖЛЫН УДИРДАМЖ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санг цэгцлэх, хуульд заасан нийтээр дагаж мөрдөх зарим шийдвэр батлагдсан эсэхийг нягтлах, тодорхой зөрчил бүхий шийдвэрийг хянаж, хүчингүй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү удирдамжийг баримтална.
Хоёр. Улсын нэгдсэн бүртгэлийн санг цэгцлэх арга хэмжээ
2.1. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэлтэй шийдвэрийг баталсан албан тушаалтнаар нь ангилан холбогдох байгууллага, албан тушаалтанд жагсаалтаар хүргүүлнэ.
2.2. Бүтцийн өөрчлөлтийн улмаас тухайн байгууллага, албан тушаал байхгүй болсон тохиолдолд эрх залгамжилсан, чиг үүргийг нь шилжүүлэн авсан байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
2.3. Хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь жагсаалтад заасан шийдвэрүүдийг дараахь чиглэлээр хянан үзэж хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хариу мэдэгдэнэ:
2.3.1. хүчингүй болсонд тооцсон шийдвэр байгаа эсэх;
2.3.2. хуучирч ач холбогдлоо алдсан, дагаж мөрдөгдөх шаардлагагүй болсон шийдвэр байгаа эсэх;
2.3.3. нэмэлт, өөрчлөлт буюу хөдөлгөөн хийгдээгүй шийдвэр байгаа эсэх;
2.3.4. нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй шийдвэр байгаа эсэх;
2.3.5. хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн шийдвэр байгаа эсэх;
2.3.6. эх хувь болон цахим хэлбэрээр хадгалагдаж үлдээгүй шийдвэр байгаа эсэх.
2.4. Энэхүү удирдамжийн 2.3.4–т заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй шийдвэр гэдэгт дараахь шийдвэрүүд хамаарна:
2.4.1. гадагш (нийтэд) чиглээгүй буюу албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой шийдвэр;
2.4.2. зөвлөмжийн шинж чанартай буюу заавал дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй заавар, аргачлал, удирдамжийг баталсан шийдвэр;
2.4.3. нэг удаагийн шинжтэй асуудлыг зохицуулсан шийдвэр.
2.5. Энэхүү удирдамжийн 2.3.2, 2.3.5, 2.3.6-д заасан шийдвэрийн талаархи мэдээллийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхдээ эрх бүхий албан тушаалтан тэдгээрийг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргаж хавсаргана.
2.6. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдээллийн дагуу улсын нэгдсэн бүртгэлийн санд зохих хөдөлгөөн хийнэ.
Гурав. Хүчингүй болсонд тооцох шаардлагатай нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн талаар авах арга хэмжээ
3.1. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь зөрчил бүхий шийдвэрийн жагсаалтыг гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ:
3.1.1. эх хувь нь хадгалагдаж үлдээгүйн улмаас дагаж мөрдөх боломжгүй болсон шийдвэр;
3.1.2. хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хүчингүй болгох тухай дүгнэлт хүргэгдсэн боловч хүчингүй болгоогүй шийдвэр.
3.2. Байгууллага, албан тушаалтан нь энэхүү удирдамжийн 3.1-д заасан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох, хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 2008 оны 1 дүгээр сард багтаан хүргүүлнэ.
3.3. Холбогдох байгууллага, албан тушаалтан шийдвэрээ хүчингүй болсонд тооцоогүй, хүчингүй болсонд тооцох үндэслэл байхгүй гэж үзсэн тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн яам асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж эцэслэн шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Хуульд заасан нийтээр дагаж мөрдөх зарим шийдвэр батлагдсан эсэхийг нягтлах
4.1. Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нь энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтад заасан шийдвэр батлагдсан эсэхийг эрхлэх ажил, чиг үүргийнхээ хүрээнд хянан үзэж, шаардлагатай бол дараахь арга хэмжээний аль нэгийг авч хэрэгжүүлнэ:
4.1.1. батлагдаагүй бол зохих журмын дагуу баталж, нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэх;
4.1.2. батлагдсан боловч улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй бол зохих журмын дагуу хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх.
------оОо-------
Текст томруулах
A
A
A