A

A

A

Бүлэг: 1979
  Засгийн газрын 2007 оны 358 дугаар
                                тогтоолын хавсралт
                                
          АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ЕРӨНХИЙ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Монгол Улсын агаарын зайн ангиллыг тогтоох, түүний ашиглалтад зохицуулалт хийх, агаарын зайн хяналт, аюулгүй байдлыг хангуулах, агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл  ажиллагаанд зориулан ашиглуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
1.2. Энэхүү журмыг Монгол Улсын агаарын зайг ашиглаж байгаа улсын болон иргэний нисэхийн байгууллага үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
 
Хоёр. Агаарын зайн ангилал
 
2.1. Монгол Улсын агаарын зайг ашиглах зориулалтаар нь улсын болон иргэний нисэхэд ашиглах агаарын зай гэж тогтооно.
 
2.2. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал нь Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран аюултай, хязгаарлалттай, хориотой болон цэргийн зориулалтын бүсийг тогтооно.
 
2.3. Цэргийн зориулалтын агаарын бүсийн ашиглалтын төлөвлөлтийг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал Иргэний нисэхийн ерөнхий газарт урьдчилан мэдэгдэнэ. Тухайн агаарын бүсийг иргэний нисэхэд ашиглах тохиолдолд Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын зөвшөөрлийг авна.
 
2.4. Аюул тулгарсан агаарын хөлгийн нислэгт цэргийн зориулалтын агаарын бүсийг ашиглах шаардлага гарах тохиолдолд Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалаас зөвшөөрөл авна.
 
2.5. Энэхүү журмын 2.3, 2.4-т зааснаас бусад тохиолдолд цэргийн зориулалтын агаарын бүсийг иргэний нисэхэд ашиглахыг хориглоно.
 
2.6. Иргэний нисэхийн ерөнхий газартай зөвшилцөөгүй бол иргэний нисэхэд ашиглах агаарын зайд сургууль-байлдааны нислэг хийхийг хориглоно.
 
2.7. Агаарын хаалга болон агаарын зам нь нэр, дугаартай байна.
                    Гурав. Агаарын зайн хяналт
 
3.1. Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж байгаа бүх агаарын хөлгийн нислэгийн төлөвлөлт, хөдөлгөөн, удирдлага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг агаарын зайн хяналтаар тодорхойлно.
 
3.2. Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах хяналтыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах хяналтыг Иргэний нисэхийн ерөнхий газар холбогдох журмын дагуу тус тус гүйцэтгэнэ.
 
3.3. Иргэний нисэхийн ерөнхий газраас хэрэгжүүлэх агаарын зайн хяналт нь агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох, агаарын хөлгүүд хоорондын аюулгүйн зайг хангуулах, нислэгийн хөдөлгөөнийг хянах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах,  нислэгийн зөрчлийг илрүүлж таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
 
3.4. Агаарын хөлгийн эзэмшигч радиолокацийн ялган таних төхөөрөмжөөр тоноглогдоогүй агаарын хөлгөөр нислэг үйлдэх тохиолдолд энэ тухай нислэгийн төлөвлөгөөнд урьдчилан зааж, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалд мэдэгдэнэ.
 
Дөрөв. Агаарын зайн аюулгүй байдал
 
4.1. Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдэнэ.
 
4.2. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал болон Иргэний нисэхийн ерөнхий газар нь агаарын зайн аюулгүй байдлыг хангах түвшинд шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчинтэй байна.
 
4.3. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал нь агаарын зайн аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын болон иргэний агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох, зөрчил гаргасан агаарын хөлгийн нислэгийг таслан зогсоох үйл ажиллагааг зохицуулах журмыг Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран баталж мөрдөнө.
 
4.4. Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлын зөрчлийг арилгах арга хэмжээг улсын болон иргэний нисэхийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
 
         
 
               Тав. Агаарын зайн ашиглалтын зохицуулалт
 
5.1. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал нь агаарын зайн аюулгүй байдлыг хангах болон батлан хамгаалах зохицуулалтыг гүйцэтгэнэ.
 
5.2. Иргэний нисэхийн ерөнхий газар нь агаарын зайд нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах болон улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор агаарын зайг үр өгөөжтэй ашиглах зохицуулалтыг гүйцэтгэнэ.
 
5.3. Монгол Улсын агаарын хилийн бүсийн ашиглалтын зохицуулалтыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран гүйцэтгэнэ.
 
          Зургаа. Монгол Улсын агаарын зайг хүмүүнлэгийн
              олон улсын үйл ажиллагаанд зориулан ашиглуулах
              
6.1. Монгол Улсын агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд зориулан ашиглуулахыг Монгол Улсын олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
 
6.2. Агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд зориулан ашиглуулах асуудлыг Батлан хамгаалахын сайд,  Зам,  тээвэр, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмаар зохицуулна.
 
 
 
 
 
-----оОо-----