- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСАГ ЗАХИРГААНЫ АНХАН ШАТНЫ НЭГЖ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 7 дугаар тогтоолын
хавсралт
ЗАСАГ ЗАХИРГААНЫ АНХАН ШАТНЫ НЭГЖ
"БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР"
Нийтлэг үндэслэл
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсад нийт 1539 баг, үүний дотор хөдөөгийн 1066 баг үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөдөөгийн нэг багт дунджаар 250 орчим өрх айл, хөдөлмөрийн насны 489 хүн, сургуулийн насны 274 хүүхэд, сургуулийн өмнөх насны 143 хүүхэд ажиллаж, амьдарч байна.
Хөдөөгийн багийн 80.0 орчим хувь нь эрчим хүчний ямар нэгэн эх үүсвэргүй, 66.6 хувь нь холбоотой боловч дийлэнх хэсэг нь тогтмол ажиллахгүй болсон, багийн Засаг дарга нарын 41.3 хувь нь ажиллах байргүй, 32.6 хувь нь иргэддээ хүрч үйлчлэх унаагүй байна.
Багийн Засаг дарга нарын 19.1 хувь нь дээд боловсролтой, 30.5 хувь нь тусгай дунд, 30.9 хувь нь бүрэн дунд, 19.5 хувь нь бага боловсролтой байна.
Ихэнх баг нь Засаг дарга, эмчийн цалингаас өөр төсөвгүй тул бие даан үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байна.
Баг өөрийн хэмжээнд төрийн үйлчилгээ явуулах байргүй, албан хаагчдын ажиллах нөхцөл муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлын үр дүн өнөөгийн шаардлагад хүрэхгүй байна.
Хөдөөгөөс суурин газарт чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хотжих үйл явц эрчимтэй явагдаж байгаа нь багийн бүтэц зохион байгуулалтыг хянан үзэх шаардлагатай байгааг харуулж байна.
Хөтөлбөрийн зорилго
Засаг захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох, багийн чадавхийг бэхжүүлэх, баг, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэн тэдгээрийн эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Багийн хөгжлийг дэмжих үндсэн зорилтууд
"Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь гол зорилтуудыг дэвшүүлж байна:
1. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.
2. Багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх.
3. Багийн удирдлага, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлж тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх.
Багийн хөгжлийг дэмжих үндсэн зорилтуудыг
хэрэгжүүлэх арга хэмжээ
1.1. Багийн эмчийг үйл ажиллагаа явуулах байртай болгох, эмнэлгийн анхан шатны тусламжийг чанартай хүргэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ-оношилгооны багаж, тоноглолын хангамжийг сайжруулах;
1.2. Хөдөөгийн багийн Засаг дарга, хүний эмч багийн төвд байршин ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
1.3. Багт улирлын сургалт зохион байгуулах, явуулын багш ажиллуулах замаар багийн хүүхэд, залуучуудын бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, сургуулийн насны хүүхдийг сургууль завсардуулахгүй байх, малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, малын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах, татварын орлого бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх;
1.4. Багийн хүн амын тоог харгалзан улирлын чанартай гэр-цэцэрлэг ажиллуулах зэргээр сургуулийн өмнөх насны хүүхдийн сургуульд орох бэлтгэлийг хангах арга хэмжээ авах;
1.5. Сум, багаас багийн иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан явуулах.
2.1. Багийн Засаг дарга нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академийн зайны сургалтын төвийг түшиглэн 3-5 жил тутам тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлж давтан сургалтад хамруулах арга хэмжээ авах;
2.2. Багт зайлшгүй шаардагдах хөрөнгийг сумын жил бүрийн төсөвт тусган батлуулж, багийн Засаг даргын хяналт, оролцоотойгоор зарцуулах;
2.3. Багийг соёл, хүмүүжил, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулахад шаардагдах байр, техник хэрэгсэл болон хуулийн эмхтгэл, гарын авлагаар хангах;
2.4. Тухайн орон нутгийн онцлогт тохируулан багийн Засаг дарга иргэдэд хүрч ажлаа явуулахад шаарлагатай унаа (морь, мотоцикль)-тай болгох;
2.5. Багийн Засаг даргын үйл ажиллагаанд шаардагдах шатахууныг нутаг дэвсгэрийн хэмжээ, ажлын ачааллыг харгалзан олгож байх;
2.6. Боломжтой эх үүсвэрүүдийг ашиглан багийн төвийг эрчим хүчээр хангах арга хэмжээ авах;
2.7. Багийг холбоожуулах, ашиглалтгүй байгаа холбооны хэрэгслийг засч сэлбэн ажилд оруулах.
3.1. Багийн иргэдийн мэргэжлийн болон ерөнхий боловсрол, хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дэмжлэг туслалцаа авч зохион байгуулах;
3.2. Багийн иргэдэд төр, засгийн бодлого, нутгийн удирдлагын байгууллагаас гаргасан шийдвэр, бусад мэдээллийг хүргэх зорилгоор ухуулагч ажиллуулах, "аялах хайрцаг" явуулах зэрэг хэлбэрийг ашиглах, багт шуудан хүргэх ажлыг тогтмол болгох;
3.3. Малтай өрхийн малчидтай хөдөлмөрөө хорших гэрээ, түрээсийн хэлбэрийг нэвтрүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг замаар малгүй буюу цөөн малтай багийн өрхийг орлогын эх үүсвэртэй болгож, ядуурлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
3.4. Багт нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг томилон ажиллуулах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
3.5. Багийн хэмжээнд малчдын бүлэг, хэсэг байгуулж ажиллуулах замаар байгаль орчныг хамгаалах, малын хулгайгаас сэрэмжлэх арга хэмжээ авах.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт, санхүүжилт, хугацаа:
Удирдлага, зохион байгуулалт
"Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, орон нутгийн түвшинд аймаг, сумын Засаг даргын Тамгын газар хамтран хариуцаж, үр дүнг Засгийн газарт тайлагнана.
Сумын Засаг дарга, багийн Засаг дарга хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.
Нийт аймгийн Засаг даргын Тамгын газар орон нутгийнхаа нөхцөлд тохирсон жишиг багийг 2008 онд сум болгонд бий болгож, багаа ээлж дараатай тохижуулах арга хэмжээг авна.
Багийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, холбооны техник хэрэгслийг зайгаар хангаж, засварлан ашиглалтад оруулах ажлыг 2008 онд багтаан хийж гүйцэтгэнэ.
Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг "Тогтвортой амьжиргаа" төсөлтэй нягт уялдуулан зохион байгуулж гадаадын зээл, тусламжийн хөрөнгө, иргэд, төрийн бус байгууллагын хандив оролцоо, хувийн хэвшлийн идэвх санаачилгад тулгуурлан хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хуралд тус тус тайлагнаж ажиллана.
Хөтөлбөрийн хугацаа
Засаг захиргааны анхан шатны нэгж "Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг 2008-2015 онд хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлт
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багийн хөгжилд ахиц гарч, дараахь үр дүнд хүрсэн байна:
-Багийн Засаг дарга нарын мэдлэг боловсрол дээшилж, ур чадвар ахина.
-Багийн Засаг дарга ажлаа явуулах байр, техник хэрэгсэл, ажиллах нөхцөлөөр хангагдаж, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, түүний нээлттэй, хүртээмжтэй, шуурхай байдал дээшилнэ.
-Хөдөөгийн баг бүр төвтэй болж, засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн нэр хүнд дээшилж, багийн ажилд оролцох иргэдийн үйл ажиллагаа сайжирч, иргэний үүргээ биелүүлэн багийг хөгжүүлэхэд тэдгээрийн оролцоо нэмэгдэж, иргэд төрсөн нутагтаа ая тухтай амьдарч, хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаархи мэдээллийг шуурхай хүлээн авах боломжоор хангагдана.
-Хөдөөгийн хүүхэд, залуучуудын сурч, мэдэх нөхцөл сайжирч, хүүхдийн сургууль завсардалт багасна.
-Багийн эмчийн үйл ажиллагаа сайжирч, багийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхны тусламж ойртож, тэдгээрийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулна.
-Багийн иргэд хөдөлмөрөө хоршиж орлогын эх үүсвэртэй болж, ажлын байр нэмэгдэн малчдын амьжиргааны түвшин дээшилнэ.
Хөтөлбөрийн үр дүн нь үйл ажиллагааны үндсэн зорилтуудыг хэрэгжүүлсэн дараахь үзүүлэлтээр хэмжигдэнэ:
¹
|
Үндсэн зорилтууд
|
Хөтөлбөрийн хэрэгжилт,
хувиар
|
||
2008-2010
|
2011-2013
|
2014-2015
|
||
1
|
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
|
38.0
|
80.0
|
100.0
|
2
|
Багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх
|
35.0
|
70.0
|
95.0-100.0
|
3
|
Багийн удирдлага, иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалах, эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх
|
38.0
|
80.0
|
100.0
|
Хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт-шинжилгээ
Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймгийн Засаг даргын Тамгын газарт хоёр жил тутамд хийж, дүнг Засгийн газарт танилцуулна.
------оОо------
Текст томруулах
A
A
A