A

A

A

Бүлэг: 1979
                                                                                Засгийн газрын 2008 оны 11 дүгээр
тогтоолын хавсралт   
   
                       
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Улсын онцгой комисс /цаашид "комисс" гэх/ Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, мал, амьтан, хүрээлэн байгаа орчныг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутгийн хүчээр хэрэгжүүлэх бололцоогүй болж тусламж, дэмжлэг үзүүлэх талаар албан ёсны хүсэлт тавьсан буюу өөрийн санаачилгаар хүн хүч, техник хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/
 
1.2. Комисс нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
 
1.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн шатны Засаг дарга батална.
 
1.4. Комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ. Комиссын даргын түр эзгүйд түүний үүргийг комиссын орлогч дарга орлоно. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 152-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
 
1.5. Комиссын хурал нийт гишүүдийн 50-иас доошгүй хувийн ирцтэй бол хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
 
1.6. Комисс нь хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол, албан даалгавар гаргана.
 
1.7. Комисс нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
1.8. Комиссоос гаргасан шийдвэрийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.
 
1.9. Комиссын ажлын албаны үүргийг Онцгой байдлын ерөнхий газар гүйцэтгэнэ. Комиссын өдөр тутмын ажлыг орон тооны нарийн бичгийн дарга эрхэлнэ. Нарийн бичгийн даргыг комиссын даргын зөвшөөрснөөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга томилно.
 
1.10. Комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, хурандаа буюу түүнээс дээш цолтой алба хаагчийг томилно. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 152-р тогтоолоор нэмсэн/
 
 
1.11. Комиссын ажлын алба нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд энэ нь Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 152-р тогтоолоор нэмсэн/
 
Хоёр. Комиссын бүрэн эрх
 
2.1. Комисс дараахь үүрэгтэй байна:
 
2.1.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний бэлтгэлийг хангуулах ажлыг төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаар гүйцэтгүүлэх, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Ерөнхий сайдаас энэ чиглэлээр тусгайлан өгсөн үүргийг хэрэгжүүлэх;
 
2.1.2. гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
 
2.1.3. гамшигтай тэмцэх асуудлаар гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, арга туршлагаа харилцан солилцох;
 
2.1.4. гамшгийн цагийн байдалд өгсөн дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай яам, Засгийн газрын агентлагийн илтгэл мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах;
 
2.1.5. гамшиг бүхий нутаг дэвсгэр, бүс нутгийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас дайчлан гаргасан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн асуудлаар  гамшиг үүссэн тухайн аймаг болон яамны гаргасан тооцоог үндэслэн санал боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;
 (Энэ заалтад 2010-11-10-ны 284-р тогтоолоор  нэмэлт,өөрчлөлт орсон).
 
2.1.6. гамшгийн цагийн байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллага, шинжээчдээр хийлгэх, бий болсон нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлагуудын шуурхай албад, аймаг нийслэл, орон нутгаас ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж, эрх бүхий байгууллага болон холбогдох албан тушаалтанд танилцуулж тэдгээрийг бодит мэдээллээр хангах. Үүнд:
 
-Ердийн үед Засгийн газрын шуурхай мэдээллийн алба өдөр тутмын мэдээллийг яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн шуурхай албад, жижүүрээс хүлээн авч нэгтгэн Улсын онцгой комиссын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай мэдээллийн албанд холбоо, мэдээллийн техник хэрэгслээр болон бичгээр танилцуулна. Засгийн газрын бусад гишүүдэд цахим сүлжээгээр дамжуулан хүргэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай мэдээллийн алба нь дагаж мөрдөж байгаа журам, зааврын дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болон ажлын албанд танилцуулна;
 
-Онцгой нөхцөл байдал үүссэн үед бүх мэдээллийг Улсын онцгой комиссын ажлын алба нэгтгэн дүгнэж, удирдлагыг нэг цэгийн шуурхай мэдээллээр тухай бүр хангаж нөхцөл байдлын талаар хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэдэд мэдээлэх ажлыг хариуцна.
 
2.1.7. гамшгийн голомтод Засгийн газраас олгосон бараа, материал болон олон улс, хүмүүнлэгийн тусламж хүргэх  тээвэрлэх явцад хяналт тавих;
 
2.1.8. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, нэрвэгдэгсдэд шуурхай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх ажилд шаардагдах хүн хүч, техник хэрэгслийг зохих журмын дагуу дайчлан гаргах асуудлыг төрийн захиргааны болон бусад байгууллага, албан тушаалтантай хамтран шийдвэрлэж зохицуулах, шаардлагатай нэмэгдэл хүн хүч, техник хэрэгсэл дайчлан гаргах санал боловсруулан зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
 
2.1.9. комиссоос олон нийтэд хүргэх анхааруулга, санамж болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлж байх;
 
2.1.10. аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын ажиллах үлгэрчилсэн журмыг батлах.
 
2.2. Комисс дараахь эрхтэй байна:
 
2.2.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
 
2.2.2. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын аж ахуйн нэгж, иргэдийг хууль тогтоомжийн дагуу өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан татан оролцуулах;
 
2.2.3. холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах, мэдээлэл, илтгэлийг хэлэлцэж, шийдвэр гарган биелүүлэхийг шаардах;
 
2.2.4. гамшгийн голомтод хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шалгаж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
 
2.2.5. гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин болон бусад хүчний байгууллагуудын анги, салбарын бие бүрэлдэхүүн, тусгай зориулалтын техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дайчлан ажиллуулах;
 
2.2.6. гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах,  нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд шаардагдах нэмэлт зардал болон бараа материал, тоног төхөөрөмж гаргах, яаралтай авах арга хэмжээний талаархи асуудлыг зөвхөн Сангийн яам болон Хууль зүй дотоод хэргийн яамны саналыг   нэн даруй авч Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
 (Энэ хэсэгт 2010-11-10-ны 284-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
 
2.2.7. комиссоос олон нийтэд хүргэх анхааруулга, санамж болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийхдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг холбогдох журмын дагуу оролцуулах.
 
2.2.8. гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий шуурхай бүлгийг томилон ажиллуулах. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 152-р тогтоолоор нэмсэн/
    
2.3. Комиссын гишүүн дараахь үүрэгтэй байна:
 
2.3.1. хуралд биечлэн оролцож бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн эрхлэх ажлын хүрээнд шийдвэрлэх асуудлаар санал оруулах, гамшгийн голомт буюу хорио цээрийн дэглэм тогтоосон газарт зохих журмын дагуу нэвтэрч үйл ажиллагааг нь шалгаж, заавар зөвлөгөө өгөх;
 
2.3.2. гамшгаас хамгаалах хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журам Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хянаж шалгах;
    
2.3.3. орон нутагт ажиллахдаа тухайн аймаг, сумын Онцгой комиссын ажлыг шалган танилцаж, заавар зөвлөгөө өгөх, тавьсан санал хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, Онцгой комиссын чиглэлээр гүйцэтгэсэн ажлынхаа талаар комиссын даргад албан ёсоор танилцуулах.
 
2.4. Комиссын гишүүн дараахь эрхтэй байна:
 
2.4.1. улсын болон аймаг, нийслэлийн гамшгийн нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, зайлшгүй сэргээн босгох арга хэмжээнд ашиглах техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, шаардлагатай бол комиссын хуралд асуудал танилцуулж авах арга хэмжээний талаар санал оруулж шийдвэрлүүлэх;
 
2.4.2. гамшгаас хамгаалах хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гаргасан дүрэм журам, Онцгой комиссын  шийдвэр, албан даалгаврыг хэрэгжүүлэх асуудлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэх.
 
Гурав. Орон нутгийн онцгой комисс
 
3.1. Улсын онцгой комиссоос баталсан үлгэрчилсэн журмыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын ажиллах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
 
3.2. Тухайн шатны онцгой комиссын дарга нь Засаг дарга, уг комиссын орлогч дарга нь аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсийн дарга, сум, дүүрэгт холбогдох ажилтан байна.
 
3.3. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь нутаг дэвсгэртээ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулж  хэрэгжүүлэх, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хангах үүрэгтэй ажиллана.
 
3.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс нь энэ дүрмийн 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.7, 2.1.8-д заасан үүргийг биелүүлэн, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.2.7-д заасан эрхийг эдэлнэ.
 
3.5. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь гамшгийн үед зохион байгуулсан арга хэмжээ, үр дүнг гамшгийн нөхцөл байдал дууссан тухай бүр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ тайланг Улсын онцгой комисст танилцуулна.
 
Дөрөв. Комиссын зардал
 
4.1. Комиссын үйл ажиллагааны зардлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гамшиг үүссэн яамны гаргасан тооцоо, Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр санхүүжүүлнэ.
 (Энэ хэсэгт 2010-11-10-ны 284-р тогтоолоор өөрчлөлт орсон).
 
4.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс нь нутаг дэвсгэртээ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган, зориулалтын дагуу зарцуулна.
 
4.3. Энэ журмын 4.1-д заасан шийдвэр гармагц түүнийг тухайн өдөрт нь багтаан албажуулж, Сангийн яаманд хүргэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулна.

4.4. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн хөрөнгийг Сангийн яам ажлын 24 цагийн дотор холбогдох байгууллагад багтаан олгох арга хэмжээ авна.(4.3, 4.4 дэх хэсгийг 2010-11-10-ны 284-р тогтоолоор нэмсэн)
 
4.5. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудал тавихдаа тухайн онд батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шатны материалыг Улсын онцгой комисст хүргүүлнэ. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 152-р тогтоолоор нэмсэн/
 
Тав. Бусад зүйл
 
5.1. Комисс нь ажлын тайлангаа жил бүрийн 1 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулна.
 
5.2. Комиссын тогтоол албан даалгаврыг хэрэгжүүлээгүйн улмаас их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан бол буруутай байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд захиргааны шийтгэл ногдуулах саналаа комисс эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
 
 
 
  
-----оОо----