- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БӨӨНИЙ ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ КОМПАНИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар тогтоолын 1 дүгээр
хавсралт
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БӨӨНИЙ ХУДАЛДАА,
ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ
КОМПАНИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 13 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэх, улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөц (цаашид "компанийн нөөц" гэх)-ийг бүрдүүлэх, түүний хадгалах, сэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Энэхүү журмыг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх) дагаж мөрдөнө.
Хоёр. Компанийн нөөц бүрдүүлэлт
3. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг заавал бүрдүүлнэ.
4. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь компанийн нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршлыг тусгасан гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулна. Гэрээний үлгэрчилсэн загварыг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс хойш хоёр сарын дотор компанийн нөөцийг тогтоосон нэр төрөл, хэмжээгээр өөрийн эзэмшлийн агуулахад бүрдүүлэн, цаашид заасан хугацаанд сэлгээ хийж хадгална.
6. Компанийн нөөцөд дор дурдсан байдлаар хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн орохгүй:
6.1. Савнаас гарахгүй үлдэгдэл бүтээгдэхүүн;
6.2. Дамжуулах хоолой дахь бүтээгдэхүүн;
6.3. Гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байгаа бүтээгдэхүүн.
Гурав. Компанийн нөөцийн хэмжээ
7. Компанийн нөөцийн нэр төрөл, хэмжээ, сэлгээ хийх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 10 дугаар сард тогтооно.
8. Тухайн жилийн явцад шинээр тусгай зөвшөөрөл авсан этгээдийн бүрдүүлэх компанийн нөөцийн байршил, хэмжээ, сэлгэх хугацааг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага түр тогтооно.
9. Компанийн нөөцийг тогтоохдоо газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн өмнөх онд импортоор оруулсан буюу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг үндэслэн газрын тосны бүтээгдэхүүний төрөл тус бүрээр нь тооцно.
Дөрөв. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнээр компанийн нөөцийг бүрдүүлэх, технологийн дагуу хадгалах үүргийг хүлээнэ.
11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн нөөцөд байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг Даатгалын тухай хуулийн 5.1, 17.1-д заасны дагуу даатгуулна. Даатгалын хураамжийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
12. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн нөөц бүрдүүлэх, хадгалах болон компанийн нөөцөд хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг чанд мөрдөн ажиллаж, гарах зардал, эрсдэлийг бүрэн хариуцна.
13. Зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлыг үндэслэн компанийн нөөцийг зөвхөн Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу борлуулна. Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татварыг төлнө.
14. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн нөөц бүрдүүлэх үүргээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад компанийн нөөцийн тогтоосон байршлыг өөрчлөх, нөөцийг өөр зорилгоор ашиглах, зарцуулахыг хориглоно.
Тав. Мэдээ, тайлан
15. Компанийн нөөцийн мэдээ, тайлан гаргах маягтыг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
16. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн нөөцийн талаархи сарын мэдээ, тайланг дараа сарын 5-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор гарган газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.
17. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн сарын мэдээ, тайланг нэгтгэн сар бүрийн 15-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор санхүүгийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
18. Импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний сар, жилийн мэдээ, тайланг Улсын гаалийн ерөнхий газар тусгай зөвшөөрөл эзэмшигч нэг бүрээр гаргаж газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагад сар бүрийн 15-ны дотор хүргүүлж байна.
Зургаа. Хяналт тавих
19. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй компанийн нөөц бүрдүүлэх талаар байгуулсан гэрээний биелэлтэд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж санхүүгийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлж байна.
20. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Стандартчилал, хэмжил зүйн төвөөс баталсан "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал" стандартын дагуу компанийн нөөцийн хэмжээ, чанарын шинжилгээг хийж бүртгэл хөтөлнө.
21. Засгийн газрын шийдвэрээр тогтоосон компанийн нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, сэлгээ хийх хугацаа, бүтээгдэхүүний чанарт газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A