- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ,ЦӨМ ТЕХНОЛОГИЙГ ТОДОРХОЙЛОХ,ТОДОТГОЛ ХИЙХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 359 дүгээр тогтоолын
хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭХ
ЧИГЛЭЛ,ЦӨМ ТЕХНОЛОГИЙГ ТОДОРХОЙЛОХ,ТОДОТГОЛ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл (цаашид "Тэргүүлэх чиглэл" гэнэ), цөм технологи (цаашид "Цөм технологи" гэнэ)-ийг тодорхойлох, тэдгээрт тодотгол хийх ажлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхой үе шаттайгаар тодотгож байх нь шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын салшгүй хэсэг болно. Улсын Их Хурлын 1998 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 2.1.5-д "шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх ... тэргүүлэх чиглэлүүдийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатны зорилттой уялдуулан байнга өөрчлөн тодотгож байх...", Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2-т "шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлон батлах" гэж заасан нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлон хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болно.
1.3. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, өндөр технологийг нутагшуулах, хөгжүүлэх, технологийн аюулгүй байдлыг хангах зорилготой шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг уялдуулан тодорхойлж хэрэгжүүлэх нь эрдэм шинжилгээний ажлыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтод нийцүүлэх, түүнд зарцуулж байгаа төсвийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх нэг чухал хөшүүрэг мөн.
1.4. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлж байх нь шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөр, онцгой ач холбогдол бүхий инновацийн төсөл боловсруулж хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлнэ.
1.5. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тэдгээрт тодотгол хийх ажлыг 4 жил тутамд гүйцэтгэнэ.
Хоёр. Нэр томъёо
Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1. "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл" гэж технологийн бааз, шинжлэх ухааны багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх үндсэн дээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний болон технологийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах, аль нэг салбарын болон салбар дундын ач холбогдолтой шинжлэх ухаан, технологийн сэдэвчилсэн чиглэлийг;
2.2. "Монгол Улсын цөм технологи" гэж тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлсон сэдэвчилсэн чиглэлийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангахуйц, эдийн засгийн төрөл бүрийн салбарт инновацийн шинэ ололтыг нэвтрүүлэх өргөн боломжтой, тухайн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулах салбар дундын шинжтэй технологийн шийдлийн цогцыг.
Гурав. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг
тодорхойлох ажлын үе шат
3.1. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тэдгээрт тодотгол хийх ажлыг дор дурдсан үе шатаар гүйцэтгэнэ:
3.1.1. Зохицуулах зөвлөл байгуулах;
3.1.2. шинжээчдийн баг бүрдүүлэх;
3.1.3. шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;
3.1.4. мэдээллийн бааз бүрдүүлэх;
3.1.5. тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох үйл ажиллагаа явуулах;
3.1.6. тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэлэлцүүлж баталгаажуулах.
Дөрөв.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох
үйл ажиллагааг зохион байгуулах
4.1. Зохицуулах зөвлөл, гүйцэтгэгч-байгууллага
4.1.1. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох ажлын бүх үе шатыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор шийдвэрлэх асуудлын хүрээг тодорхойлох, уг ажлын гүйцэтгэгч, оролцогчдыг сонгох, зохион байгуулалтын орчинг бүрдүүлэх арга хэмжээ авна. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тэдгээрт тодотгол хийх ажлыг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, яам, бусад байгууллагатай зохицуулалт хийх, ажлын үр дүнг эрх бүхий байгууллагад өргөн барих үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.
4.1.2. Зохицуулах зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдана. Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, холбогдох яам, агентлаг, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сан, эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, аж үйлдвэрийн холбоод, томоохон компанийн төлөөллийг оруулна.
4.1.3. Зохицуулах зөвлөл дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.3.1. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох үйл ажиллагаа, гүйцэтгэгч, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах нөөц, хүлээгдэж байгаа үр дүнг багтаасан зохион байгуулалтын ажлын төлөвлөгөө боловсруулах;
4.1.3.2. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох гүйцэтгэгч-байгууллага, шинжээчдийг томилох, тэдгээрийн үүрэг, хүлээх хариуцлагын хүрээг тогтоох;
4.1.3.3. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох үе шат, түүнд татан оролцуулах хүний болон бусад нөөцийг тогтоох;
4.1.3.4. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг гаргах;
4.1.3.5. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх санал боловсруулах;
4.1.3.6. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох ажлыг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийн хэмжээг тодорхойлох;
4.1.3.7. Тэргүүлэх чиглэл бүрээр шинжээчдийн баг бүрдүүлэх;
4.1.3.8. Тэргүүлэх чиглэл, цөм технологийн саналыг дүгнэлтийн хамт шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгөх.
4.1.4. Дор дурдсан үүрэг бүхий гүйцэтгэгч-байгууллагыг Зохицуулах зөвлөлийн шийдвэрээр томилно:
4.1.4.1. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл бүрдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний болон үйлдвэр, аж ахуйн байгууллага, эрдэмтэн, судлаачдын дунд санал асуулга явуулах;
4.1.4.2. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлоход шаардагдах инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийн үндсэн шинж чанарын тодорхойлолтыг бэлтгэх;
4.1.4.3. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлоход шаардагдах мэдээллийн бааз бүрдүүлэх, бусад анхдагч материал бэлтгэх, арга зүйн баримт бичгийг боловсруулах;
4.1.4.4. Тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтын төсөл бэлтгэх;
4.1.4.5. Тухайн үед шаардагдах бусад асуудлыг зохион байгуулах.
4.2. Шинжээчдийн баг бүрдүүлэх
4.2.1. Дор дурдсан үүрэг бүхий шинжээчдийн багийг гүйцэтгэгч-байгууллагын саналыг үндэслэн Зохицуулах зөвлөлийн шийдвэрээр байгуулна:
-Гүйцэтгэгч-байгууллагын явуулсан судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийх;
-Тэргүүлэх чиглэл, цөм технологийн томъёоллыг нарийвчлах санал боловсруулах;
-Инновацийн бүтээгдэхүүнийг үнэлэх;
-Цөм технологийн карт бүрдүүлэх;
-Тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх арга хэмжээний саналд дүн шинжилгээ хийх.
4.2.2. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд яам, агентлаг болон Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, үйлдвэрийн газрын эрдэмтэн, тэргүүлэх мэргэжилтнийг оруулна.
4.3. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох шалгуур үзүүлэлт
4.3.1. Тэргүүлэх чиглэлийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратегийн дараахь зорилтуудтай нягт уялдаатай сонгоно:
4.3.1.1. үндэсний эдийн засгийн хөгжлийн тогтвортой өндөр хурдыг хангах;
4.3.1.2. хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх;
4.3.1.3. хүн амын эрүүл мэнд, амьдралын нөхцөлийг сайжруулах;
4.3.1.4. эдийн засгийн өсөлтийн салбарын бүтцийн хязгаарлалтыг арилгах;
4.3.1.5. үндэсний аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоод, гадаадын зах зээлд байр суурийг нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.3.1.6. Монгол Улсын бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх;
4.3.1.7. дэлхийн эдийн засагт Монгол Улсын зохистой интеграцчиллыг хөгжүүлэх;
4.3.1.8. экологийн тэнцвэрт байдлыг хангах.
4.3.2. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн дээр дурдсан стратегийн зорилтуудын хүрээнд Тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо дараахь шалгуур үзүүлэлтийг ашиглана:
Шалгуур үзүүлэлт 1. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хурдасгах, түүний бүтцийг сайжруулах, үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тухайн тэргүүлэх чиглэлийн оруулах хувь нэмэр. Үүнийг дараахь үзүүлэлтээр тодорхойлно:
-дотоод, гадаадын зах зээлд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар (гадаадын адил төстэй бүтээгдэхүүний чанарын болон бусад үзүүлэлттэй харьцуулсан дүн; технологийн түвшин, агууламж, нэмүү өртөг бүтээх боломж, үйлдвэрлэлийн зах зээлд нэвтрэх саад бэрхшээл гэх мэт);
-цөм технологийг ашиглан бий болгосон бүтээгдэхүүний дотоод, гадаадын зах зээлийн борлуулалтын одоогийн болон цаашдын боломжит хэмжээ, тэдгээрийн үзүүлэлт (тогтвортой байдал, өсөлтийн хурдац гэх мэт);
-дотоод, гадаадын зах зээл дэх борлуулалтын хүлээгдэж байгаа өсөлт.
Шалгуур үзүүлэлт 2. Монгол Улсын үндэсний болон технологийн аюулгүй байдлыг хангахад тухайн Тэргүүлэх чиглэлийн оруулах хувь нэмэр. Үүнийг дараахь үзүүлэлтээр тодорхойлно:
-нэн шаардлагатай бүтээгдэхүүн, технологийн импортын хамаарлыг даван туулахад үзүүлэх нөлөө;
-учирч болзошгүй техногенийн аюул, эрсдэл (үнийн болон технологийн үзүүлэлтээр)-ийг бууруулахад оруулах хувь нэмэр.
Шалгуур үзүүлэлт 3. Оюуны багтаамжийн үзүүлэлт:
-шинэ бүтээлийн түвшинд хийгдсэн технологийн тооны өсөлт;
-нийт боловсруулсан технологийн дотор дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн үзүүлэлттэй технологийн эзлэх хувийн жингийн өсөлт.
4.3.3. Тэргүүлэх чиглэл тус бүрийн хүрээнд хөгжүүлэх цөм технологийг тодорхойлохдоо дараахь шалгуур үзүүлэлтийг ашиглана:
Шалгуур үзүүлэлт 1. Үйлдвэрлэл, үйлчилгээний аль болох олон салбарт өргөн ашиглах болон шинэ хэрэгцээ, хэрэглээг үүсгэх боломж.
Шалгуур үзүүлэлт 2. Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтууд, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмэр.
Шалгуур үзүүлэлт 3. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологийн болон бусад хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх боломж.
4.3.4. Цөм технологийг сонгохдоо энэ журмын 4.3.3-т дурдсан шалгуур үзүүлэлтээс гадна тухайн технологийн хэрэглээний дор дурдсан нөхцөлийг харгалзан үзнэ:
-боломжит хэрэглэгчийн өсөлт;
-технологийн шийдлийн үзүүлэлт;
-боловсруулалтын түвшин, зэрэг;
-бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц;
-үйлдвэрлэлийн баазын байдал, төлөв;
-үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ;
-эрсдэлийн үнэлгээ.
4.3.5. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг сонгохдоо зөвхөн нэг салбарын шинжтэй чиглэл, технологийг оруулахаас аль болох зайлсхийж санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах, технологийн салбар дундын ашиглалтын боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулахад оруулах хувь нэмрийг харгалзан хамгийн цөөн тоотой байх зарчим баримтална. Тэргүүлэх чиглэл, цөм технологийн томъёолол нь маш оновчтой, товч тодорхой байна.
4.4. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлоход ашиглах мэдээллийн бааз бүрдүүлэх
4.4.1. Тэргүүлэх чиглэл болон цөм технологийг тодорхойлох, тэдгээрийг тодотгоход дараахь мэдээллийн баазыг бүрдүүлж ашиглана:
4.4.1.1. мөрдөж байгаа тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт;
4.4.1.2. төрийн захиргааны төв байгууллага, Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, мэргэжлийн байгууллага, холбоодоос ирүүлсэн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодотгох тухай санал;
4.4.1.3. инновацийн ирээдүйтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай технологийн талаар гүйцэтгэгч-байгууллагаас явуулсан санал асуулгын нэгдсэн дүн;
4.4.1.4. шинжлэх ухаан, технологийн болон нийгэм, эдийн засгийн хөгжлийг прогнозчилох, цөм технологийг сонгох талаар хийсэн дотоод, гадаадын судалгаа шинжилгээний ажлын үр дүн;
4.4.1.5. шинжлэх ухааны тухайн салбарт хэрэгжүүлж байгаа судалгаа, боловсруулалтын ажлын түвшин, олон улсын түвшинд Монголын шинжлэх ухааны эзлэх байр суурь;
4.4.1.6. Монголын эрдэмтдийн хэвлүүлсэн бүтээл, түүний ишлэл, олон улсын хамтын ажиллагааны талаархи ном зүйн дүн шинжилгээ.
4.5. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох үйл ажиллагаа
4.5.1. Шинжээчдийн санал асуулга явуулах
4.5.1.1. Цөм технологийн үндсэн дээр үйлдвэрлэж болох ирээдүй бүхий инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг бий болгоход шийдвэрлэх ач холбогдолтой технологийн талаар цуглуулсан мэдээллийг баяжуулах зорилгоор шинжээчдийн дунд санал асуулга явуулна (Энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу явуулна).
4.5.1.2. Санал асуулгаар гүйцэтгэгч-байгууллагын бэлтгэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтад үнэлгээ, дүгнэлт гаргаж, шинжээчид мэргэжлийн чиглэлээр онцгой чухал гэж үзсэн гадаадын тэргүүний технологийн ололт болон үндэсний шинжлэх ухаан, технологийн зэхцийг ашиглан ойрын 10 жилд үйлдвэрлэх боломжтой инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэрлэж, тэдгээрийг үйлдвэрлэхэд шийдвэрлэх үүрэгтэй технологийн жагсаалтыг бэлтгэсэн маягтын дагуу гаргана (журмын 1 дүгээр хавсралт).
4.5.1.3. Санал асуулга явуулахдаа журмын 4.3.3, 4.3.4-т заасан шалгуур үзүүлэлт, нөхцөлийг баримтална.
4.5.1.4. Санал асуулгын дүнг шинжээчдийн багууд бүлэглэн нэгтгэн боловсруулж, давхардлыг арилгана. Энэ үндсэн дээр тэргүүлэх чиглэл, цөм технологи, тэдгээрийг ашиглан бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн жагсаалтыг гаргана. Энэ жагсаалт нь тэргүүлэх чиглэл бүрийн үйлдвэрлэл, технологийн бүхий л үндсэн чиглэлийг багтаасан бүтээгдэхүүн, үйлчилгээний үндсэн бүлгүүдийг хамарсан цөөн тоотой байна.
4.5.2. Бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулах
4.5.2.1. Энэ журмын 4.5.1.4-т заасан жагсаалтыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл тус бүрээр байгуулсан өндөр мэргэшлийн, нэр хүнд бүхий шинжээчдээс бүрдсэн бүлгүүдээр хэлэлцүүлнэ.
4.5.2.2. Бүлэг нь цөм технологийг ашигласнаар бий болох инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзүүлэлтүүдийг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу үнэлж уг цөм технологийн инновацийн чадавхийг илрүүлнэ. Инновацийн бүтээгдэхүүнийг үнэлэхэд 4.3.3, 4.3.4-т заасан шалгуур үзүүлэлт, нөхцөлийг ашиглана.
4.5.2.3. Бүлгийн хэлэлцүүлгээр чухал ач холбогдолтой инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай технологийн жагсаалт, тэргүүлэх чиглэл, цөм технологид оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал гаргана.
4.5.2.4. Бүлгийн хэлэлцүүлгээр энэ журмын 4.5.2.3-т заасан бичиг баримтыг бэлтгэсний дараа цөм технологийн инновацийн чадавхийг үнэлэхэд ашиглах "Цөм технологийн карт"-ыг энэхүү журмын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу бэлтгэнэ.
4.5.3. Тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг эцэслэн боловсруулах, баталгаажуулах
4.5.3.1. Бүлгийн хэлэлцүүлгийн ажлын үр дүнд сонгосон тэргүүлэх чиглэлийн жагсаалт, цөм технологийн томъёолол, тэдгээрийн хүрээнд бий болгох бүтээгдэхүүн, үйчилгээний үзүүлэлтийг үнэлэх, онц чухал ач холбогдолтой инновацийн бүтээгдэхүүний жагсаалтад нэмэлт оруулах зорилгоор шинжээчдээр хянан магадлагаа хийлгэнэ.
4.5.3.2. Хянан магадлагаа хийсэн шинжээчид бүлгийн хэлэлцүүлгээр бэлтгэсэн чухал ач холбогдолтой инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний болон тэдгээрийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай технологийн жагсаалт, тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналаа нэгтгэн боловсруулж Зохицуулах зөвлөлд ирүүлнэ.
4.5.3.3. Зохицуулах зөвлөл нь энэ журмын 4.5.3.2-т заасан саналыг хүлээн авч тэргүүлэх чиглэл, цөм технологийн бүтцийн тухай санал, цөм технологийн картууд, онц чухал инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт, шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлэх инновацийн төсөл, арга хэмжээний санал зэргийг эцэслэн боловсруулж, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.
4.5.3.4. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сонгосон тэргүүлэх чиглэл, цөм технологид нэгдсэн үнэлгээ хийх, эцсийн жагсаалтад орхигдсон болон шинээр үүсэн хөгжиж байгаа онцгой чухал, шинэ чиглэлүүдийг илрүүлэх зорилгоор бусад яам, Шинжлэх ухааны академи, их сургуулиуд, мэргэжлийн холбоодын саналыг авч эцэслэн боловсруулна.
4.5.3.5. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тэдгээрт тодотгол хийх ажлын үр дүнд дор дурдсан бичиг баримтын эцсийн хувилбар гарна:
-Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл;
-Цөм технологийн тодотгосон жагсаалт;
-Онц чухал ач холбогдолтой инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт;
-Цөм технологийн картууд.
4.5.3.6. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.5.3.5-д дурдсан баримт бичгийг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулна.
4.5.3.7. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.
4.6. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх арга хэмжээ
4.6.1. Тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц хөрөнгө, эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага холбогдох яам, Засгийн газрын агентлагтай хамтран тодорхойлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
4.6.2. Энэ журмын 4.3.1-д заасан улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратегийн зорилтуудад нийцэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний бүлгүүдээр инновацийн хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
4.6.3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний бусад бүлгээр тэдгээрийн практик хэрэгжилтэд зайлшгүй шаардлагатай технологийн жагсаалт гаргаж, түүнийг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн хүрээнд боловсруулах арга хэмжээ авна.
Дөрөв.Тэргүүлэх чиглэл, Цөм технологийг
тодорхойлох ажлын санхүүжилт
4.1. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тэдгээрт тодотгол хийх үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тухайн жилийн төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A